Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2021/00081

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр 136/ШШ2021/00081 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1966 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Мааньзавын 7-96 тоотод оршин суух, Аюуш овогт Ерөөлтийн Бадамгэрэл /РД:ЕЮ66041007 /-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Е.Бадамгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 жил нарийн боовны цехэд нормчноор ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул 1994 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоох боломжгүй байгаа тул хүнсний үйлдвэрт ажилласан 3 жилийг тогтоож өгнө үү. Ажилд орсон болон гарсан тушаал олдохгүй байгаа. гэжээ

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е.Бадамгэрэл нь 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэр-т ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Е.Бадамгэрэл нь 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэр-т ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Е.Бадамгэрэлийн 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нээгдсэн 129044 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 227485 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/74 бүртгэлийн дугаартай Ерөөлт овогтой Бадамгэрэл /РД:ЕЮ66041007/-ийн хүсэлтийн дагуу хэлтсийн архивд хадгалагдаж байгаа баримтаас шүүн үзэхэд Хүнсний үйлдвэр нь 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов. гэх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Гараа сунгаад гурил тасалж байгаа нь Е.Бадамгэрэл би мөн болно. гэх тайлбартай гэрэл зураг, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаартай Цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай тодорхойлолтоор Е.Бадамгэрэлийн Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрээс чөлөөлөгдсөн тухай өөр тушаал байхгүй болох нь тогтоогдож байна.

 

Гэрч Ш.Оюунцэцэг, Э.Гэрэлтуяа нар Е.Бадамгэрэлтэй нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамт ажиллаж байсныг гэрчлэн мэдүүлэг өгсөн боловч гэрч Ш.Оюунцэцэг нь хүнсний үйлдвэрт хэдий хугацаанд ажилласан нь тодорхойгүй /хх-14/, гэрч Э.Гэрэлтуяа нь хүнсний үйлдвэрээс 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн /хх-17/ байх тул гэрчийн мэдүүлгүүд нь үнэн зөв, эргэлзээгүй байх хуульд заасан шаардлагыг хангахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэвч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Е.Бадамгэрэлийг 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэр-т нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Е.Бадамгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Аюуш овог Ерөөлтийн Бадамгэрэл /РД:ЕЮ66041007/-г Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэр-т 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.Бадамгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА