| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
2024 02 28 2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Г.Цогтмагнай,
хохирогч А.О, түүний өмгөөлөгч Г.А,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ш.Ч нарыг оролцуулан эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.М-д хамт хонохдоо …… дүүргийн … дугаар хороо, … дүгээр байр, … дугаар орцны … тоот буюу түүний гэрээс хохирогч А.О өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 2.418.750 төгрөгийн үнэлгээ бүхий бөгж (3 цэнгийн цул алтан, 11,25 грамм), 2.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж (Солонгос монетон /18к/ кулонтойгоо 20 грамм), 469.800 төгрөгийн үнэлгээ бүхий хослол (Солонгос монетон бөгж, кулонтойгоо, чулуун шигтгээтэй), 4.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж (20 граммын алтан), 348.000 төгрөгийн үнэлгээ бүхий ээмэг (Сувдан шигтгээтэй монетон), бэлэн 300 рубль, 20 доллар, 250.000 вон, 100.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 11.266.857 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Э нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.М хамт хонохдоо ……. дүүргийн … дугаар хороо, … дүгээр байр, … дугаар орцны … тоот буюу түүний гэрээс хохирогч А.О өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 2.418.750 төгрөгийн үнэлгээ бүхий бөгж (3 цэнгийн цул алтан, 11,25 грамм), 2.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж (Солонгос монетон /18к/ кулонтойгоо 20 грамм), 469.800 төгрөгийн үнэлгээ бүхий хослол (Солонгос монетон бөгж, кулонтойгоо, чулуун шигтгээтэй), 4.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж (20 граммын алтан), 348.000 төгрөгийн үнэлгээ бүхий ээмэг (Сувдан шигтгээтэй монетон), бэлэн 300 рубль, 20 доллар, 250.000 вон, 100.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 11.266.857 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-ийн хохирогч А.О 11.266.857 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Би хохирогч О хүүтэй найзууд байсан. Тухайн өдөр хүүтэй нь хамт хонохоор тохиролцоод очсон. Хамт хоночхоод өглөө нь ажилдаа явсан байхаар нь гэрийг нь сонирхож байгаад тийм үйлдэл хийсэн. Шүүгээнд нь олон үнэртэй ус байсан. Тэдгээр үнэртэй уснуудыг сонирхож байгаад нэг сейфний түлхүүр олсон. Сейфийг нь онгойлгоод дотроос нь нэг ширхэг бөгж, 2 ширхэг гинж, вон авсан. Тухайн авсан зүйлс нийлээд 7.000.000 төгрөг болсон. Хохирогч намайг нэмж ээмэг, рубль авсан гээд байгаа. Би тэдгээр зүйлсийг аваагүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үнэртэй ус түрхэх гэж байгаад сейфийн түлхүүр олсон... сейфийг онгойлгоод 1 алтан бөгж, 1 алтан гинж, монетан гинж, Монгол төгрөгөөр 340,000 төгрөгийн вон авсан. Тэгээд би алтан бөгжөө "......" /…../-н хажуу талын “........” ломбардад 1.200.000 төгрөгөөр тавьж өөрийн …… банкны …………дансаар авсан Алтан гинжийг би "....." худалдааны төвийн алт, мөнгө авдаг хүнд 3,000,000 төгрөгөөр өгсөн монетан гинжийг өөр алт, монет авдаг хүнд 2.800.000 төгрөгөөр өгсөн. "........... "....... банканд хэд гэдгийг нь санахгүй байна ямартай ч 340.000 төгрөг болж байсан... ээж рүүгээ 1.700.000 төгрөг шилжүүлсэн... хүүхэд, ээж рүүгээ хувцас авч өгөөд замын унаанд дайсан... ……… дүүргийн ……. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. дүгээр хороололд ….. дугаар байрны … дүгээр орцны … давхрын бор өнгийн хаалгыг түрээслээд мөнгөгүй болсон.. хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Намайг харахад эмэгтэй хүний гоёл, чимэглэлүүд байсан. Би нүдэнд туссан үнэ хүрэхүйц зүйлсийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сарын 29,30 ны үед хөдөө яваад ирсэн чинь гэрийн зүйлүүд хөдөлгөөнд орчихсон байсан. Том улаан цүнхэндээ сейфийн түлхүүр хийчихсэн байсан. Цүнхээ онгойлгоод үзэхэд бүх зүйл хөдөлсөн нь мэдэгдэж байсан. Тэгээд би сейфээ онгойлгоод үзэхэд манай хадам ээжийн өгсөн гурван цэнгийн алтан бөгж, 18 крантын чулуун шигтгээтэй цэнхэр бөгж, 24 граммын алтан гинж, сувдан ээмэг, монет ээмэг зэрэг зүйлсийг авсан байсан. Би олон жил хүний нутагт ажилласан хөрөнгөө хулгайд алдсан. Өдийг хүртэл шокоосоо гарч чадахгүй байгаа. Сая манай гэр шатаад би 20,000,000 төгрөгөөр хохирсон. Хэрэв тэдгээр зүйлс байсан бол аваачиж зараад мөнгө олох байсан. Би хүмүүсээс байраа засах гэж 10.000.000 гаруй сая төгрөгийн өр тавьсан. Миний өнгөтэй өөдтэй бүх зүйлийг аваад явсан байсан. Үнэлгээ нь маш бага гарсан байна билээ. Дөнгөж 10.000.000 гаруй төгрөгөөр үнэлэгдсэн би маш их хохиролтой байна. Би ханиа алдаад 1 жил гаруй хугацаа өнгөрөөд сэтгэл санаа хүнд байхад дээрээс нь энэ хэргээс болж маш ир сэтгэлээр унаж бие өвдсөн. Сэтгэл санааны хохирлоо бас нэхэмжилмээр байна. Авсан зүйлээ буцаагаад өгөх боломж байсан 6,7 сар гаруй хугацаанд харсан. Хаана зарж, ломбардад тавьснаа хэлээгүй. Мөн миний нүдний шилийг хулгайлсан байсан. Би хөгшин хүн учраас зарим алдсан зүйлсээ тухайн үед санахгүй байсан. Зөндөө жижиг зүйлс алга болсон байсан. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө аяллаар явсан ба 2023 оны 07 дугаар сарын 02-ны орой ирээд унтаад амарсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өглөө босоод гэр орны эд зүйл хөдөлгөөнд ороод өөрчлөгдсөн, аяллаар авч яваад байдаг том чемоданы ам онгорхой, чемоданы урд талын жижиг хэсэг нь онгорхой, цахилгаан нь задарсан байсан. Тэгээд би гайхаад хартал тэр чемодан дотор үлдээсэн сейфийн түлхүүр байхгүй байсан... сейфийн түлхүүрээ хайсан чинь шкаф дотор байсан... түлхүүрээ аваад сейфээ онгойлгоход миний үнэт эдлэл хийдэг хийц бүгд хөдөлгөөнд орсон, урагшаа ороод ирсэн байрлалтай байсан. Тэгээд би хүү рүүгээ "Чи гэрт хүн оруулж ирсэн юм уу" гээд залгахад "За ээжээ байж байгаарай, би очлоо, цагдаа дууд" гээд тасалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс миний үнэт эдлэл болох 3 цэнгийн алтан бөгж, 20 орчим граммын алтан гинж, Солонгосын монетон гинж 18к /20 гаран граммтай/, Солонгосын монетон том цэнхэр шигтгээтэй кулон бөгж хосоороо, сувдан шигтгээтэй монет нь том ээмэг, грамм мэдэхгүй байна, 250.000-300,000 орчим вон байсан. Яг хэдэн вон байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 250,000 воноос дээш байсан. Тэгээд 300 рубль, 20 доллар, 100,000 төгрөг байсан ба эдгээр зүйл алга болсон. Өөр юм хулгайд алдагдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Э.Э гэх охин залгаад "Хонох газар алга, танайд хоночихъё...” гэсэн. Цаг харахад 23 цаг 55 минут болж байсан. Тэгээд би Э.Э тосож аваад хамт хоносон юм Тэгээд би өглөө ажилтай байсан болохоор 08.00 цаг өнгөрөөд гэрээс гараад явсан...Ажил дээрээ байж байгаад 11.00 цагийн үед үдийн цайны цагаараа гэртээ ирээд 15 минут орчим байж байгаад гадаа “Дэлгүүрээс юм аваад орох гэсэн түлхүүр байхгүй байна” гэхлээр нь би гэр лүү оруулж өгчхөөд явсан. Ажил дээрээ байж байгаад 14 цаг 30 минут орчимд гэртээ ирсэн. Би түлхүүрээ үлдээсэн байсан Э.Э "Гадуур явж байна" гээд 30 орчим минут би хүлээсэн. Тэгээд Э.Э бид 2 гэртээ орсон. Э.Э ороод гарсан. 28-ны 21.00 цагийн үед гэрт орж ирээд хамт хоносон. Өглөө нь би ажилдаа яваад орой Э.Э бид 2 цуг орж ирсэн. Тэгээд хамт байж байгаад 21.00 цаг орчим бид 2 маргалдаад Э.Э "Явлаа" гээд явсан. Тэгээд тэрнээс хойш инстаграмаар чаталдаг холбоотой байсан. Би Э.Э-ийг манай гэрээс алдагдсан зүйлсийг авсан байх гэж сэжиглэж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Э-тэй хамт ………дэлгүүрээр хамт үйлчлүүлсэн. "Гутал авах гэсэн юм. Та ойрхон байвал хүрээд ирээч" гэхээр нь "Ойрхон байна" гээд очсон. Тэгээд Э.Э өөртөө болон хүүхдэдээ пүүз авсан. Өөр зүйл миний хажууд аваагүй. Надад хэлэхдээ “Цалин буусан түүгээрээ авч байна" гэсэн. Би тухайн үед үнэтэй пүүзнүүд аваад байхаар нь "Чи ямар ажил хийсэн болоод ийм үнэтэй пүүз аваад байгаа юм бэ" гэхэд "Зүгээр л" гэж хэлсэн. Тухайн үедээ би ажил хийгээд мөнгөтэй болсон юм байлгүй дээ гэж бодсон...Надад барьцаалан зээлдүүлэх газар эд зүйл тавьсан гэж хэлээгүй. "Миний цалин буусан" гэж хэлээд байсан. Би хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдэхгүй байсан. Э.Э тухайн үед надаас "....... банкны картаа өгчих" гэхээр нь өгөхөд 2.000.000-3.000.000 төгрөг шилжигдээд гарсан байсан... асуухад "Зүгээрээ л" гээд байдаг байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12/,
Хөрөнгийн үнэлгээний "......" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн ……… дугаар "Үнэлгээний дүн: 10,436,550 төгрөгөөр үнэлэгдэв…” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.М-д хамт хонохдоо …….. дүүргийн … дугаар хороо, … дүгээр байр, … дугаар орцны … тоот буюу түүний гэрээс хохирогч А.О өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 2.418.750 төгрөгийн үнэлгээ бүхий бөгж (3 цэнгийн цул алтан, 11,25 грамм), 2.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж (Солонгос монетон /18к/ кулонтойгоо 20 грамм), 469.800 төгрөгийн үнэлгээ бүхий хослол (Солонгос монетон бөгж, кулонтойгоо, чулуун шигтгээтэй), 4.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий гинж (20 граммын алтан), 348.000 төгрөгийн үнэлгээ бүхий ээмэг (Сувдан шигтгээтэй монетон), бэлэн 300 рубль, 20 доллар, 250.000 вон, 100.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 11.266.857 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Э.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийн улмаас нийт 10.436.550 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.О 1.200.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс 9.236.550 төгрөг гаргуулж хохирогч А.О олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Э.Э нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 300.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Э.Э-ээс 8.936.550 төгрөг гаргуулж хохирогч А.О олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч А.О нь сэтгэл санааны хохиролд 3.293.400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь 2023 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд үйлдэгдсэн. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна. Иймд 3.293.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч …… овогт Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э 10 /арав/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа газар буюу ….. аймгийн …… сумын нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 8.936.550 төгрөгийг гаргуулж хохирогч А.О олгосугай.
5.Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР