Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2021/00089

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр Дугаар 136/ШШ2021/00089 Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр дов гудамжны 1-7 тоотод оршин суух, Ёндон овогт Ганболдын Урангэрэл /РД:ЕС93113009/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампил гудамжны 13-15 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинжамцын Батлхам /РД:ЕС88101653/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Урангэрэл, хариуцагч Д.Батлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Урангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Урангэрэл миний бие нь 2014 онд Д.Батлхамтай танилцаад 2015 оноос эхлээд хамтран амьдарсан. Гэр бүл байх хугацаандаа 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Сондор төрсөн. Манай нөхөр бид хоёр 2020 оны 08 дугаар сараас эхлэн хэрүүл маргаантай байж байгаад 2020 оны 11 дүгээр сард салсан юм. Иймд охинд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

 

Хариуцагч Д.Батлхам шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Дамдинжамцын Батлхам миний бие нь нэхэмжлэгч Т.Урангэрэлийн нэхэмжлэлийн дагуу охин Б.Сондортоо хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Тэтгэлгийн хэмжээг хуульд заасан хэмжээний дагуу тогтоолгох хүсэлтэй байна. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Урангэрэл нь хариуцагч Д.Батлхамд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Урангэрэл, хариуцагч Д.Батлхам нар нь 2014 оноос 2020 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байна. Зохигчийн дундаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Сондор /РД:ЕЮ15301408/ төрсөн болох нь 4401000537 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-5/

Хариуцагч Д.Батлхам нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэмж гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн эцэг болох талаараа болон хүүхдийн асрамжтай холбоотой маргаагүй болно.

Иймд Гэр бүлийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Сондорыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Д.Батлхамаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /207400/2=103700*12=1244400-650,000=594400*2,4=14265.2+20150=34415.6/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 34 416 /гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Батлхамын Сондор/РД:ЕЮ15301408/-ыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Д.Батлхамаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Урангэрэлд үүрэг болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Батлхамаас 34 416 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА