Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2021/00090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр 136/ШШ2021/0090 Дорноговь аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Б.Гончигсумлаа би, С.Одвалын нэхэмжлэлтэй, Ш.Нарангэрэлд холбогдох 1 263 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С.Одвал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн Сайншанд сумын 2-р баг, Ялалтын гудамжны 119-р байр /хуучнаар 12 айл орон сууц/ 02 тоотод байршилтай байрыг хариуцагч Ш.Нарангэрэл нь дэлгүүрийн зориулалтаар нэг хэсэг сарын 250 000 төгрөгөөр хөлсөлж байгаад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлөөгүй үлдэгдэл 3 сарын төлбөр болох 750 000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор тохирч хэлцлийг бичгээр үйлдэж, гарын үсэн зурсан. Гэтэл хэлцлээр тохирсон ёсоор 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх алданги 1 хоногийн 2 250 төгрөг, хугацаа хэтэрсэн 225 хоногийн 513 000 төгрөг, үндсэн төлбөр 750 000 төгрөг, нийт 1 263 000 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү. гэжээ.

 

Хариуцагч Ш.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн С.Одвалын байрыг Хүнс, барааны дэлгүүр-ийн зориулалттай түрээсэлж байгаад /2018.12.28-2020.05 сар хүртэл/ гарсан нь үнэн. Иргэн С.Одвал бид хоёрын хооронд хийсэн гэрээ байхгүй. Сард 250 000 төгрөгөөр төлж байгаад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гарсан. 2020 оны 3, 4, 5 дугаар сарын төлбөр төлөөгүй нь үнэн. 3 сарын төлбөр болох 750 000 төгрөгийг төлнө. Би өөрөө Нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг-т хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг хялбарчилсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Одвал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Одвал нь Ш.Нарангэрэлд холбогдуулан түрээсийн төлбөр 1 263 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ш.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Үлдсэн 513 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Одвал нь хариуцагч Ш.Нарангэрэлд холбогдуулан 1 263 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.Нарангэрэл нь 750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгч С.Одвал нь хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн байна.

 

Талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Одвал болон хариуцагч Ш.Нарангэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 862 төгрөгийн 17 431 төгрөгийг хариуцагч Ш.Нарангэрэлээс, 17 431 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Одвалд олгосугай.

 

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА