| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 150/2023/00224/И |
| Дугаар | 001/ХТ2024/00235 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2024/00235
“П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2024/00063 дугаар шийдвэртэй,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2024/00039 дүгээр магадлалтай
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Ц ” ТӨХК-д холбогдох,
Гэрээний үлдэгдэл 171,991,929 төгрөг, алданги 85,995,964 төгрөгт 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл 171,991,929 төгрөг, алданги 85,995,964 төгрөгт 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2024/00063 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар “П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдох гэрээний үлдэгдэл 257,987,893 төгрөгийг 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг “Ц” ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,447,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2024/00039 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2024/00063 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,447,889 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.1. Хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон талаар: “Ц ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... энэ асуудлаар 921,420,000 төгрөгийн гэрээ байгуулаад үлдэгдэл 171,000,000 төгрөг болсон. Энэхүү асуудал нь “Ц ” ТӨХК, “Х” ХК, “П ” ХХК-ийн гурвалсан гэрээтэй холбоотой асуудал учраас тус гэрээг гаргуулах, Авлигатай тэмцэх газраас тодруулга авах хүсэлтүүдийг шүүх хуралдаанд удаа дараа гаргасан боловч хангахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ.” гэж заасныг зөрчсөн.
4.2. Тооцооны үлдэгдлийн баталгаа нь нягтлан бодогчийн гарын үсэгтэй, өглөг үүссэн учраас үлдэгдэлтэй гэдгийг зөвшөөрсөн баримт юм. “Ц ” ТӨХК-ийн 2022.12.15-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч компанид үлдэгдэл төлбөрт 2022 онд багтааж цемент авах боломжтой гэж өглөгөө хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.3. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Гурвалсан гэрээ гээд байгаа хоёр гэрээ байгуулсан. Эхнийх нь 1,200,000,000 төгрөгийн гэрээг байгуулаад “Х” буюу “Б” ХХК нь Хөгжлийн банкны барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг “П” ХХК-д худалдах, худалдаж чадахгүй, шилжүүлж чадахгүй тохиолдолд “Ц” ТӨХК-аас цементээр төлбөрийг гаргуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлийн барьцааны хөрөнгийг худалдаж төлбөрийг шилжүүлж чадахгүйн төлөө “Ц” ТӨХК-аар төлүүлэх гэрээ байгуулагдаад тэр гэрээнийх нь дагуу 1,200,000,000 төгрөгийн төлбөрийг цементээр “П” ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн төлөөлөгчийн энэ тайлбарыг “Ц” ТӨХК нь гурвалсан гэрээний үүргээ биелүүлээд цаашид биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн нотлох баримт гэж үзнэ. Хувьцаат компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөн байгуулагдсан эсэх, компанийн удирдлага, эцсийн өмчлөгч өмчийн хэлбэр хэрхэн өөрчлөгдсөн, солигдсон эсэхээс үл хамааран тухайн компани бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01104 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл 171,991,929 төгрөг, алданги 85,995,964 төгрөгт 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “... “Ц” ТӨХК-аас 921,240,151 төгрөгийн авлагатай байсан бөгөөд 2021 оны 10 сард задгай цемент авснаар 171,991,929 төгрөгийн үлдэгдлийг 2 компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлэн баталгаажуулсан, “Ц ” ТӨХК 2022 оны цементийн үнээр тооцон хоорондын тооцоог дуусгахаар тохиролцсон боловч хугацаандаа биелүүлээгүй, 2022.12.15-ны өдрийн 01/1198 дугаар албан бичигт 2022 оны цементийн үнээр тооцохоор дурдсан....” гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч, “...171,991,929 төгрөгийн өр төлбөр нь “П ” ХХК, “Ц ” ТӨХК, “Х” ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээ болох худалдах-худалдан авах гэрээний асуудлыг Авлигатай тэмцэх газар эрүүгийн журмаар шалгаж байгаа. Нэхэмжлэгч гэрээ болон түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй.” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Тооцооны үлдэгдлийн баталгаагаар “Ц” ТӨХК нь “П” ХХК-д 171,991,929 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан зөвшөөрсөн баримт гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлийг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй, “Ц” ТӨХК-ийн 2022.12.15-ны өдрийн 01/1198 дугаартай албан бичигт “... танай компани гэрээний үнийн үлдэгдэлд дүйцэхүйц хэмжээний цементийг 2022 онд багтаан албан гэрээнд заасан үнээр авах боломжтой.” гэж дурдсан бөгөөд 2023.01.01-ний өдрөөс эхлэн цементийн борлуулалтын үнэ нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... тооцооны үлдэгдлийн баталгаа нь хуулбар хувь байх ба уг хуулбар хувь дээр зөвхөн өөрийн компанийн тамгыг дарж баталгаажуулсан, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргуулах боломжтой байхад ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай цемент худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч тухайн үндсэн гэрээг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс талуудын хооронд хэзээ ямар нөхцөлөөр ямар төрлийн гэрээ байгуулсан талаар тодорхой дүгнэлт хийх боломжгүй төдийгүй хариуцагчийг гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, талууд гэрээндээ анзын талаар тохиролцсон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх, хариуцагчийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй...” гэж үзжээ.
10. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгааг талуудын хооронд өглөг байгааг хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх уг баримт бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тус тус зөрүүтэй дүгнэсэн ба хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүхээс дүгнэж эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
11. Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч “Ц” ТӨХК-тай өмнө нь байгуулсан гэрээг дүгнээд тооцоо нийлсэн гэж тайлбарласан бол хариуцагч “Ц” ТӨХК “...энэ гэрээтэй холбоотой маргаан холбогдох байгууллагуудад гомдол гаргаад явж байгаа нөхцөл байдлыг мэдэхгүйгээр тухайн үед тооцооны нягтлан бодогч энэ тооцоог гаргаж үлдэгдлийг баталгаажуулсан...” гэж тайлбарласнаас үзэхэд талуудын хооронд тооцоо нийлэхээс өмнө ямар гэрээний харилцаа үүссэн, энэ гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр эсэх, улмаар уг гэрээний үндсэн үүргийг тодорхойлох, тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.
12. Талуудын шаардлага, татгалзлын үндэслэлд зааж байгаа худалдах-худалдан авах гэрээ хэн алинд нь байхгүй учраас худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа Авлигатай тэмцэх газраас уг гэрээг гаргуулахаар хариуцагч талаас хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч тал үүнийг зөвшөөрч уг баримтыг Авлигатай тэмцэх газраас гаргуулж авахаар тайлбараа гаргасан байна. (ХХ-ийн-122)
13. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж байгаа шүүх хуралдааны явцад гаргасан дээрх хүсэлтийг “... “Ц” ТӨХК хохирогчоор тогтоогдсон... хүсэлтэд дурдсан нотлох баримтаа өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэсэн үндэслэл зааж хангахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэл болно.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд анхан шатны шүүхийн алдааг залруулаагүйгээс гадна талуудын маргаагүй тооцоо нийлсэн үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.
Иймд хяналтын шатны шүүхээс “П” ХХК, “Х” ХК, “Ц” ХК-уудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах эсхүл өөр төрлийн гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2024/00039 дүгээр магадлал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2024/00063 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “П” ХХК нь 2024.07.09-ний өдөр 1,447,889 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД