| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0063/э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2017-05-01 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.Цид холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Э.Ц
Шүүгдэгч Э.Ц нь Сайншанд сумын АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУИС-ийн спорт заалан дотор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед иргэн Б.Үийн халааснаас ХААН банкны виза картыг хулгайлан уг картнаас 350.000 төгрөг авч хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 04 сарын 08-ны өдөр Ү бид хоёр сургуулийнхаа спорт зааланд тэмцээн үзэж байсан. Бид хоёр АТМ орчихооод буцаж зааландаа ирсэн. Үгийн халааснаас карт нь уначихаар нь авсан. Тэгээд би гараад Эргэл захын АТМ-нээс нэг танихгүй охиноор картыг нь уншуулаад 350.000 төгрөг авсан. Тэр үед манай охин хүнд өвдсөн уушигны хатгалгаа туссан байсан учраас надад мөнгө хэрэгтэй байсан. Үгээс өмнөх өдөр нь мөнгө зээлэх үү гэж гуйсан боловч өгөөгүй. Тэрнээс өөр арга байгаагүй“ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Үийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017.04.08-ны өдөр найз Б, Ц нарын хамт сургууль дээрээ бие даалтаа хийж дуусгаад 12 цагийн үед АШУҮИС-ийн спорт зааланд тэмцээн үзэхээр Ц бид хоёр явсан Б гэртээ харьсан. Зааланд тэмцээн үзэж байхал Ц “би гарч ариун цэврийн хэрэгсэлээ солиод ирье” гээд гараад явсан би тэнд ганцаараа тэмцээн үзээд Цийг ирэхгүй болохоор нь за за гэртээ харъя гээд заалнаас гараад байрны хажуугийн дэлгүүр ороод өөрт байсан мөнгөөрөө юм аваад гэрлүүгээ явж байхад Ц гэрийн цонхны доор зогссон миний нэрийг дуудсан. Би очоод “чи ямар мурай юм бэ” гэсэн чинь Ц харин тиймээ би гэрт очиж ариун цэврийн хэрэгсэлээ солиод хоол идээд ирлээ гэсэн. Тэгээд буцаад зааланд тоглолт үзээд сууж байхад ойролцоогоор 18 цагийн үед байх Ц орой болчихлоо манай нөхөр орой болсон гэртээ харихгүй бол загнаад байдаг юм гээд түрүүлээд гараад явсан. Тэгээд надтай хамт тоглолт үзэж байсан А дэлгүүр орж юм авъя гэхээр нь би виза картаа үзтэл алга байсан тэгээд зааланд сууж байсан газраа буцаж очоод хайхад олдоогүй Ц руу залгаад “миний картыг харсан уу, чи аваагүй юу ээж төлбөр явуулсан байгаа” гэсэн чинь өө тийм үү тэгвэл картаа хаалгачих гэж хэлсэн. Орой 18:00 цагт ХААН банкны лавлах 18001917 гэсэн тусгай дугаарлуу залгаад өөрийн картаа хаалгахад надад 650.000 төгрөгөөр хаалаа гэж хэлсэн. Яагаад 650.000 төгрөгөөр хааж байгаа юм бэ гэсэн чинь өөр хүн мөнгө гаргасан байх 1 дэх өдөр ирээд камер шүүгээд харчих гэсэн...би Ц руу дахин залгахад миний утсыг аваагүй байж байгаад гар утсаа хаачихсан...Ц миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг,
Эд зүйл хураан авсан тогтоол /хх-ийн 10/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ц нь АШУҮИС-ийн Доноговь аймаг дахь салбар АУИС-ийн спорт заалан дотор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед иргэн Б.Үийн халааснаас ХААН банкны виза картыг хулгайлан уг картнаас 350.000 төгрөг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн шүүгдэгч Э.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 04 сарын 08-ны өдөр Ү бид хоёр сургуулийнхаа спорт зааланд тэмцээн үзэж байсан. Үгийн халааснаас карт нь уначихаар нь би авсан. Тэгээд би гараад Эргэл захын АТМ-нээс нэг танихгүй охиноор картыг нь уншуулаад 350.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Үийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Орой 18:00 цагт ХААН банкны лавлах 18001917 гэсэн тусгай дугаарлуу залгаад өөрийн картаа хаалгахад надад 650.000 төгрөгөөр хаалаа гэж хэлсэн. Яагаад 650.000 төгрөгөөр хааж байгаа юм бэ гэсэн чинь өөр хүн мөнгө гаргасан байх 1 дэх өдөр ирээд камер шүүгээд харчих гэсэн...би Ц руу дахин залгахад миний утсыг аваагүй байж байгаад гар утсаа хаачихсан...Ц миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Үд 350000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Цаас гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч Б.Үийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн “ Ц бид хоёр эвлэрсэн, миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ц нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Э.Цийг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э.Цид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН