Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1042

 

    2020          8              18                                         2020/ДШМ/1042

 

 

Г.Тд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Тд холбогдох эрүүгийн 2003 00209 0157 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Угалз овгийн  Г.Т, 1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тнгри инвест” ХХК-д ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

      Г.Т нь 2020 оны 2 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны замд “Тоёота приус-20” загварын, 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ” а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэж,

б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэж,

            г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчин, явган зорчигч М.Оийг дайрч амь насыг нь хохироож, зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Угалз овогт Г.Т-г авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 60 хоногийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, Г.Т-г биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 1 жил 60 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Т-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж, 807724 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх, “Тоёота приус-20” загварын, 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02535394 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17-306 тоотод хадам эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань ажилгүй, гэртээ бага насны хүүхдээ асардаг. Миний бие “Тнгри инвест” ХХК-д ахлах инженер ажилтай, өрхийн амьжиргаагаа залгуулдаг байсан. Би гэр бүлээ толгойлон ид хийж бүтээх насандаа санамсар болгоомжгүйгээс тухайн үеийн газар орчны байдал, цаг агаарын байдлаас болж ийм хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байгаа бөгөөд одоо ч, цаашдаа ч хохирогчийн ар гэрийнхэнтэй байнга холбоотой байж туслан дэмжиж явахаа илэрхийлж байна. Иймд та бүхэн дээр дурдсан байдлуудыг эерэгээр хүлээн авч, миний гэмшиж байгааг ойлгож, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-н өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хэргээ хүлээж, прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан шийдвэр үйл ажиллагааг бүрэн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж ирсэн тул шүүхээс тогтоосон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр ямар нэг маргах зүйлгүй байдаг. Харин ял шийтгэл оногдуулсан тухайд өмгөөлөгч миний бие дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхээс түүнд дээр дурдсан байдлаар 1 жил 60 хоног хорих ял оноосон нь хуульд заасан ялын хэмжээ хязгаарын хүрээнд тогтоосон мэт боловч уг ял нь шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигт хүргэсэн сэтгэхүйн хандлага, шүүгдэгчийн хувийн байдал, ял хариуцлага хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл зарчимд бүрэн нийцэж чадсангүй. Өөрөөр хэлбэл, хорих ял оноохгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоох боломжтой байсан гэж үзэж байна.

1.1. Хэрэг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны харалдаа уулнаас уруудсан жалгын сөрөг урсгалгүй, ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй уруу, налуу, цасан бүрхүүл тогтон хатуурч, халтиргаа үүссэн /гэр хорооллын дундах/ замын баруун ховилын 20 см хонхор хэсэгт гарсан байдаг.

Жолооч Г.Т “Машиныг жолоодон хойноос урагш чиглэлд 20-30 км цагийн хурдтай, хаазгүй, машин өөрийн инерцээр уруудан орж ирэхэд тухайн замын баруун ховилын хэсэгт хар ууттай хог мэт зүйл байхад нь хүн гэж мэдэлгүй зам халтиргаатай тул тэр чигтээ дээгүүр нь гараад цааш явчихсан. Хүн дайрснаа мэдээгүй” гэж мэдүүлдэг. Тухайн үед 21 цаг өнгөрч үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй, цаг агаар хүйтэн, цасан бударгаатай, хэрэг болсон газрын орчимд айлууд шуудайтай хогоо энд тэнд хаяж орхисон, тухайн зам дээр байсан хар зүйл нь хүн гэж мэдэгдэхээргүй байсан зэрэг нөхцөлүүд хэрэгт авагдсан Г.Т-н удаа дараагийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, хэрэг гарсан газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн байцаалтын туршилтын үр дүн, тухайн үеийн цаг уурын станцын мэдээ баримт зэргээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, үзэгдэх орчин, газар орны нөхцөл, зам орчны байдал зэрэг нь энэ хэрэг гарахад нөлөөлөх хүчин зүйл болсон нь тодорхой байна. Энэ хэрэг тохиолдлын нөхцөл байдлаас үүссэн гэж үзэх, ял хариуцлага тогтооход энэ байдлуудыг харгалзах нэг үндэслэл гэж үзэж байна.

             1.2. Хохирогч М.О нь оюун ухааны хомсдолтой, 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группын бүртгэлтэй, 41 настай хүн байдаг. М.О нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн, цусандаа 2.1 хувийн алкахолын агууламж бүхий согтолттой, тухайн замын зорчих хэсгийн баруун ховилын төвшинөөс доош 20 см гүн бүхий хонхор хэсэгт хэвтэж байсан нь жолоочид хүн гэж танигдаагүй, жолоочид аюул хор уршиг учрах нөхцөл үүссэнийг ухамсарлан ойлгоогүй байж болох нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

             1.3. Хохирогч ийнхүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж, замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан талаар Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 205 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...талийгаач М.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт “явган зорчигчид дараах зүйлийг хориглоно б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр ...тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн буруутай” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хэрэг гарах, хохирогчийн амь хохирох хор уршигт хохирогчийн өөрийнх нь буруутай хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, шүүгдэгчид ял оногдуулахад энэ байдлыг харгалзах нөхцөл үүссэн гэж үзэж байна. Шүүх энэ тал дээр огт дүгнэлт хийгээгүй.

             1.4. Шүүгдэгч хэргээ анхнаас нь хүлээж, хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй байгаа. Тэрчлэн хохирогчийн оршуулгын зардалд 200.000 төгрөг хандивлаж, хохирол төлбөрийг 7.863.362 төгрөгийн дүнгээр бүрэн барагдуулсан. Цаашид гарах хохирлыг баримтыг үндэслэн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх үндэслэл гэж үзэж байна.

            1.5. Шүүгдэгч Г.Т нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ар гэртээ 2 бага насны хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн ажилгүй, анх удаа хөнгөн ангилалд хамаарах хэргийг тохиолдлын нөхцөл бүхий байдлаар үйлдсэн зэрэг хувийн байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахаар байна. Эдгээр байдлыг харгалзан Г.Т-н Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хэрэгт шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль нэгийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “ хэд хэдэн хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулна” гэж заасан. Шүүх Г.Т-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэгт тусад нь 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа уг ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлж, хорих ялд шилжүүлж, шүүгдэгчийг 1 жил 60 хоног хорих ял эдлүүлэхээр тогтоосон нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солино” гэж заасан байна. Г.Т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй байгаа гэж дүгнэх үндэслэл бий болоогүй тул шүүх 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...нэмж нэгтгэн ялын төрөл хэмжээг тогтооно” гэсэн нь ялыг өөр ялд шилжүүлэх агуулгыг илэрхийлээгүй гэж үзэж байна. Ер нь тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулах заалт байхгүй. Нөгөө талаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа уг ялыг хүндрүүлж, хорих ял болгож өөрчилж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж байгаа хууль бус ажиллагаа гэж үзэхээр байна.

Иймд хэргийг хянаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хэргийг тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэгт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн, тэр хэлбэр төрлөөр нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оршуулгын зардал болох 7 сая гаруй төгрөгийг шүүх хурал болохын өмнөх өдөр өгсөн. Шүүгдэгч Г.Т нь ажил явдал дээр ирж, 200.000 төгрөгийг өгсөн. Шүүгдэгч Г.Т нь залуу хүн, 2 хүүхэдтэй, бага хүүхэд нь 1 нас 3 сартай. Иймд үр хүүхдүүдийг нь бодоод, залуу хүнд юу ч тохиолдож болно гээд бидний зүгээс гомдолгүй. Тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой бол тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:        

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Г.Т нь 2020 оны 2 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны замд “Тоёота приус-20” загварын, 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан М.Оийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг,

мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.” а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэж,

б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэж,

            г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчин М.Оийг дайрч амь насыг нь хохироосон зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оийн “...Осол болдог өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 40 минутын үед гэмтлийн эмнэлгээс манай ахыг осолд орсон байсан гэж бидэнд хэл хүргэж, би гэмтлийн эмнэлэг дээр очиход талийгаач амилахуйн тасагт ухаангүй байсан ба ямар ч байсан амьсгаатай байсан. ...” /хх 44/,

            гэрч З.Ч-гийн “...20 цаг өнгөрч байхад ...гэр рүүгээ алхаад иртэл манай хашааны баруун урд талын шороон зам дээр нэг хүн хамар амнаас нь цус гарсан гэмээр байдалтай толгой нь баруун тал руу харсан, хажуулдсан гэмээр байдалтай хэвтэж байсан. ...” /хх 76/,

            гэрч Ш.Ц-ийн “...Авирмэдийн гэрт золгохоор орсон чинь өвөө 2 хүүхэдтэйгээ сууж байсан бөгөөд “манай хүүхдүүд нэг айлд ороод ирнэ” гэсэн гэж хэлээд байж байтал гаднаас хүүхдүүд нь орж ирээд “доор зам дээр хүн дайрчихсан юм шиг байна, хажууд нь машинууд зогсож байна, зөрөөд гар гэж хэлээд байсан” гэж ярьсан. Нэг охин нь “манай урд амьдардаг Оогий гэдэг залуутай адилхан хүн байна” гэж байсан. ...” /хх 79/,

            гэрч Х.Б-гийн “...тэгээд дээшээ өгстөл зам дээр хүн хэвтэж байх шиг байхаар нь хажуугаар нь тойрч гараад дээд талд нь очиж зогсоод, өөрийн 86850052 дугаараас цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд байж байсан. ...” /хх 82/,

            гэрч Б.Б-лын “...манай нөхөр машинаа бариад би нэг настай охиноо урдаа авч суугаад, 3 настай хүүгээ хойно суулгаад хөдлөөд удаагүй уруудаад явж байхад зам дээр хар өнгөтэй зүйл байсан. Яг юу байсныг мэдэхгүй байна, манай нөхөр Г.Т сая юу байсан бэ гэж хэлэхэд би нохой шиг амьтан байсан гэж хэлсэн. ...” /хх 88/,

            гэрч Ж.Г-рын “...миний хүү манай гэрээс явснаас хойш 20-30 минутын дараа ээжийнхээ утас руу залгаад “би танай гэрээс гараад явж байгаад машинтайгаа аваар хийчих шиг боллоо” гэж хэлсэн чинь манай эхнэр “юу яриад байгаа юм бэ, үнэн юм уу” гэж асуусан чинь “тиймээ, үнэн би хүн дайрчих шиг боллоо” гэж хэлээд уйлж байгаад утсаа салгачихсан. ...” /хх 90/,

            гэрч П.С-рын “...аавынхаасаа гарч яваад нэг хар юм дайрчихлаа, юу байсныг нь мэдсэнгүй, танайд очиж юм асуух гэсэн юм” гэж ярьсан. Би хадам ээжийндээ Тахилтад хүмүүстэй байна, болгоомжтой явахад яадаг юм бэ гэж хэлсэн чинь “за, за ахаа” гээд утсаа салгасан. ...” /хх 98/,

            шүүгдэгч Г.Т-н “...Тэгээд Зүүн нарангийн гудамжаар уруудаад явж байтал замын голд бөөрөнхий хар юм байсан ба би тоормос гишгээд гулгаад уг зүйлийн дээгүүр гараад зогсолгүй шууд явсан. ...” /хх 208/ гэх мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж, мөчдийн хавсарсан гэмтэл, уушигны няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /200гр/, баруун 2-5, зүүн 2-10 дугаар хавирганы шууд хугарал, өвчүү ясны хугарал, сээрний 6-10, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын сэртэн ясны хугарал, зүүн шилбэ ясны ил хугарал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, нүүр, хүзүүний зулгаралт, өгзөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай гэмтэл ба гэмтлийн авсан дарааллыг нарийчлан тогтоох боломжгүй, шинэ гэмтлүүд байна. Талийгаачид учирсан зүүн шилбэ ясны ил хугарал нь босоо болон хэвтээ байрлалын аль ч үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь хэвтээ болон босоо байрлалын аль ч үед учирсан байх боломжтой. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач нь цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас уушигний өөхөн бөглөөдсөөр хүндэрч нас баржээ. Талийгаач нь 2020 оны 2 дугаар сарын 25-нд нас баржээ. Талийгаач нь В3-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...” /хх 157/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд 10,5х6,5см, футболканд 35х30мм, 8х40мм, жинсэн өмдөнд 18х23см, бүсний арал эвдэрсэн, саарал дотуур өмдөнд 24х22см, оймсонд 14х8см, гутланд бОмм, 9x1,3см, 6,5x2,6см хэмжээтэй хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр шинэ зулгаралт, эвдрэл байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Хатуу мохоо үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хүрмэнд 5мм, Змм, 46х25мм, 26х50мм, 34х40мм, 20х10мм, 5мм, хар жинсэн өмдөнд 20х56мм, 25х26мм, 25x10мм, 10x10мм, дотуур өмдөнд 4хЗмм шинэ гогдолт, цооролт гарсан байна. Хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр футболканд 120см, улбар шар цамцанд 79см, ногоон цамцанд 151см гарсан шинэ гогдолт гарсан байна. ...” /хх 170/,

                Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн “...Тоёота Приус-20 маркийн 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүрээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах:” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зам, орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд хэрхэн оролцохыг хэм хэмжээ тогтоож зохицуулсан ба зам тээврийн осол хэрэг гарсан гэх зам, орчны байдал нь уг осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ...” /хх 188/ гэсэн тус тус дүгнэлтүүд,

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 4-7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 9/, Зам тээврийн ослын газар үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 11-15/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 18/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 20-23/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 26-30/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 37-40/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 78/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 84/ зэрэг хэрэгт авагдсан ач холбогдол бүхий, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Т-г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Шүүгдэгч Г.Т-н автотээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Г.Т-н “...ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн, өмгөөлөгч Ц.Бгийн “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.

            Хавтас хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гүйлгээ хийсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2хх 9-10/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оийн “...гэхдээ л хүний урманд хүрч ирээд бид нартай ерөөсөө юу болж байна гэж ярилцаагүй, асууж ирээгүй, холбоо бариагүй, уучлалт гуйгаагүй. ...миний хувьд гомдолтой байна. ...” /2хх 17/, шүүгдэгч Г.Т-н “...Эртээд туршилт хийх гээд очих үед над руу дайрч давшлаад байсан болохоор нь би дахиж харьцаагүй юм. ...” /2хх 17/ зэрэг баримтуудаас дүгнэвэл хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорын хохирлыг хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм.

Энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчдийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг зохих хэмжээгээр харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

Шүүгдэгч Г.Т нь хохирогч нас барснаас учирсан гэм хор болох оршуулгатай холбогдсон зардлыг төлж барагдуулсан, зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршиг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Т-н үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулахаар хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ