Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0635

 

 

 

 

 

 

 

  2022           9            05                                    128/ШШ2022/0635

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ж овогтой Л

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогтой Б,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Н, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Э,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтсийн хуулийн зөвлөх Т.Т, тэтгэврийн ахлах байцаагч Б.Б нарын хоорондын малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, П.Э, Т.Т, Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ж.Л-ээс Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэгч нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацаанд гаргасан иргэний хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөн даатгалд хамруулах захиргааны акт гаргахыг даалгах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Ж.Л нь 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн малчин Т.М-тай мал маллаж, малчнаар ажиллахаар харилцан тохиролцон, “Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулан ажилласан.

                 Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан, Монгол Улсын Засгийн Газраас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар тогтоолоор Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журамд заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хүсэлтээ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар албан бичгээр “...дээд газраас одоог хүртэл хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөөгүй тул таны хүсэлтийн дагуу Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамааруулаагүй болно” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн.

                 Улмаар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/87 дугаар албан бичгээр “...Таны 2004 онд байгуулсан дээр дурдсан гэрээгээр малчин Т.М нь таны ажил олгогч бөгөөд уг гэрээний хугацаанд ... ажлын хөлснөөс ... нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй... Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан ... холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг зөвлөж байна” хэмээн мөн татгалзсан хариу өгсөн.

                 3. Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандан гомдол гаргасан боловч Гомдлын шаардлагын зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 32/09 дугаартай албан бичгээр “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3/87 тоот албан бичгээр өгсөн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдэе” гэсэн агуулга бүхий хариуг авснаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

                 4. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “...Миний бие 2005-2008 онд өөрийн нагац ах Говь-Алтай аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн малчин Т.М*******ын малыг маллаж, малчнаар ажиллаж байсан. Ах маань надад цалин хөлсийг өгч байсан боловч бид хуулийн мэдлэггүйн улмаас тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Мөн цалин хөлснөөс гадна надад бага хэмжээний мал тасалж өгсөн боловч тэдгээр нь миний нэр дээр бүртгэлгүй, ахын данс дээр бүртгэлтэй явдаг. Харин хуулиар малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нэг удаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломж олгож байгаад миний бие энэхүү хуулиар олгож байгаа боломжийг эдлэх хүсэлтэй байсан.

            Иймд Говь-Алтай аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн иргэн Т.М-ын малыг маллаж, малчнаар ажиллаж байсан хугацааныхаа буюу 2004 оны 10 дугаар сараас 2008 оны 12 дугаар сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтийг харъяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст журмын дагуу гаргасан.

            ... Гэтэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 300 дугаар болон 3/87 дугаа хариу нь бүгд “2021 оны 12 дугаар сарын 31-ий өдөр” гэсэн огноотой хариуг өгсөн.

            Дээрх асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 32/09 дугаартай албан бичгээр “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/87 тоот шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн” тухай хариуг ирүүлсэн.

            Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин... байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 7.1.4-т “иргэн, аж ахуй нэгжийн малыг хөлсөөр ажиллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь” гэж тодорхой заасны дагуу миний бие холбогдох материалыг бүрдүүлэн өгч байхад хариуцагч нараас тодорхой үндэслэлгүйгээр иргэн миний хүсэлтийг хангахаас татгалзаж, нөхөн төлөлтөд хамруулаагүйд гомдолтой байна. Дээрх шийдвэрүүдээс болж иргэн миний 2005-2008 он хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, цаашлаад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн шаардлага хангагдахгүйд хүрэх зэрэг эрсдэл бодитоор учраад байна.

            Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаанд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хуулийн дагуу нөхөн даатгалд хамруулсан захиргааны акт гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу өөрийн оршин сууж байгаа хаяг болох Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тухайн онуудад нийгмийн даатгалын шимтгэл буюу иргэн Т.М-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу туслах малчнаар ажиллаж байсан багаад тэтгэврийн шимтгэлийг нийгмийн даатгалд хамруулахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “...туслах малчин гэдэг ойлголтод хамаарахгүй, зөвхөн малчид буюу А данс бүртгэлтэй иргэдэд энэ хуулийн үйлчлэл хамаарна” гэж тогтоосон байдаг. Үүний дагуу нөхөн хариуг бичгээр авахыг хүсэхэд “...ер нь бол бид нарт энэ талаар чиглэл байхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас бид нар чиглэл авч байж шийдвэрлэх боломжтой” гэсэн хариу өгч иргэдийг хүлээлгэсэн байдаг. Хуулийн хэрэгжих хугацаа дуусах дөхөж байсан учраас иргэн Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж “...туслах малчин нь уг хуулийн үйлчлэлд хамаарах эрхтэй этгээд мөн эсэх”-ийг тодорхой заагаад “...хуулийн үйлчлэлд хамаарах эсэх талаар оруулж өгнө үү” гээд хүсэлтээ гаргасан байдаг. Гэвч хариуцагч нараас хуулийн хугацаанд иргэний хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд ирүүлсэн хариундаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “...бид нар шийдэж мэдэхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдрийг хүртэл хариу ирсэнгүй” гэсэн.  Нийгмийн даатгалын ерөнхий газраас “...туслах малчин нь өөрөө сайн дурын даатгуулагч биш албан журмын даатгуулагч тул нийгмийн даатгалд заавал хамрагдах ёстой байсан. Ийм учраас малчин хөлсөөр ажиллаж байсан тул Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалд хандан уг асуудлыг шийдвэрлэнэ үү” гэсэн хариуг өгсөн байдаг. Хариуцагч нарын хариуг үзэхэд нэхэмжлэгчийн хуулийн хүрээнд олгогдсон эрх ашгийг шийдвэрлэх боломжтой буюу хуульд заасан эрх хэмжээ чиг үүрэг, шийдвэрлэх эрх мэдэлтэй байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газар шийдвэрлээгүй үлдээж эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.

            Тодруулбал, “малчин” гэх ойлголтод зөвхөн “А данс бүртгэлтэй малчин этгээдийг ойлгоно” гэж тайлбарлаж байгаа үйлдэл нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хуульд малчин гэж хэнийг үзэх вэ? гэдэг талаар зааж өгсөн байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ” гэж заасан. Мал аж ахуй эрхэлж орлого олж байгаа этгээдийг малчин гэж үзэхээр зааснаас биш А данс бүхий бүртгэлтэй иргэнийг малчин гэж үзэх талаар заагаагүй буюу хуулийн заалтыг хариуцагч нар тус тус буруу хэрэглэсэн. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн  7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь” гэж заасан. Энэ заалтаас харахад бусдын малыг хөлсөөр маллаж байсан иргэн түүнийгээ нотлох баримт бичиг болох гэрээгээ бүрдүүлж ирээд хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой гэж тодорхой заасан. Хариуцагч нар тус хууль байхгүй мэтээр хүчингүй гэж үзэж байна уу?  хуулийн заалтыг яаж хэрэгжүүлж байгаа талаар тодорхой үндэслэл тайлбар хэлэхгүйгээр хуулийн заалтыг эрс татгалзсан эс үйлдэхүй гаргасан. Иймээс нэхэмжлэгч дээрх хуулийн дагуу Улсын Их Хурлаас баталсан хуулийн үйлчлэлд хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй болж эрх ашиг хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н-аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Ж.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоолгох гэж нэхэмжилжээ. Нийгмийн даатгалын байгууллага нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2-т “энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн алын байгууллагад гаргана” гэж заасны дагуу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг уг хуульд хамруулж тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн болно.

Иргэн Ж.Л-ийн хувьд Говь-Алтай аймгийн малчин Т.М-тай 2004 онд Иргэний хуулийн 359-368 дугаар заалтыг үндэслэн “Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “...иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар” заасан. Иргэн Ж.Л нь 2004 онд байгуулсан дээр дурдсан гэрээгээр малчин Т.М нь Ж.Л-ийн “ажил олгогч” бөгөөд уг гэрээний хугацаанд тус гэрээний 3.1-д зааснаар Ж.Л-д олгохоор тохирсон сарын ажлын хөлс 50.000 /тавин мянга/ төгрөгөөс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байна.

Мөн иргэн Ж.Л-ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандан гаргасан гомдлыг тус зөвлөл 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3/87 тоот албан бичгээр өгсөн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 32/09 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. Иймд иргэн Б овгийн Ж.Л-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Хууль батлагдсаны дагуу Засгийн Газраас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 483 дугаар “Журам батлах тухай” тогтоол, Нийгмийн даатгалийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/08 дугаар “Заавар батлах тухай” тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/730 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан тоотод гэрээт малчнаар ажилласан тохиолдолд нөхөн даатгалд хэрхэн хамруулах талаар журам заавар ирээгүй тул өргөдлийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлого, хэрэгжил, судалгааны газарт утсаар холбогдон чиглэл хүссэн. Тус газраас “..иргэн танай хэлтэст гаргасан хүсэлтээ манай газар мөн адил ирүүлсэн тул Бодлого, хэрэгжилт, судалгааны газраас иргэний өргөдөлд хариу өгөх тул хариу гартал шийдэх боломжгүй” талаар мэдэгдсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөл нь Ж.Л-ийн дээрх асуудлыг хэлэлцээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллагч учир Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, албан журмын даатгалд хамрагдах талаар хариу өгсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хариу тайлбарыг дэмжиж байна” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч Ж.Л-ээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд хэмээн татгалзсан шийдвэрийг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

     1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ” гэж заасан байхад хариуцагчаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох “малчин” гэх ойлголтыг зөвхөн “А данс бүртгэлтэй малчин этгээдийг ойлгоно” гэж хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийг уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд гэж үзсэн нь хууль бус,

      2. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн  7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь” гэж тодорхой заасны дагуу нэхэмжлэгчээс 2004 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээ холбогдох баримтын хамтаар бүрдүүлэн өгснийг хариуцагчаас “малчин Т.М нь Ж.Л-ийн “ажил олгогч” бөгөөд ажлын хөлснөөс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч Ж.Л нь 2005-2009 оны хооронд Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян овоо багт оршин суун, малчин Т.М-тай 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулан туслах малчнаар ажилласан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Т.М-тай байгуулсан “Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ”, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/80 дугаартай “Тодорхойлолт”, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/90 дугаартай “...Ж овогтой Л нь 2005 оны 01 дүгээр сараас 2008 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд туслах малчнаар ажиллаж байсныг тодорхойлж байна” гэх албан бичиг, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1250 дугаартай Архивын лавлагаа болон холбогдох бусад баримтаар,

                 Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх өргөдөл”-ийг Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ болон Т.М-ын малын А дансны лавлагааны хамт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаар албан бичгээр “...дээд газраас одоог хүртэл хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөөгүй тул таны хүсэлтийн дагуу Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамааруулаагүй болно” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн.

                  Улмаар, тус асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан хүсэлт гаргасныг Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/87 дугаар албан бичгээр “...Таны 2004 онд байгуулсан дээр дурдсан гэрээгээр малчин Т.М нь таны ажил олгогч бөгөөд уг гэрээний хугацаанд ... ажлын хөлснөөс ... нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй... Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан ... холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг зөвлөж байна” хэмээн тус тус хариу өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ж.Л-ээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус хандан гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/87 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 32/09 дугаартай албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

                 4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” хэмээн,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин,  хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно” хэмээн,

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1"малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг”, 3.1.3"тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ”, 7.1.2-т “малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт”, 7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь”, 7.2Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана” хэмээн тус тус хуульчлан заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь”-н хамт тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргах эрхтэй хэмээн тухайлан хуульчилсан байхад хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын А/08 дугаар тушаалаар баталсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг хэрэгжүүлэх заавар”-таа гэрээт буюу туслах малчинтай холбоотой харилцааг зохицуулаагүй орхигдуулсан нь тухайн маргаан гарах үндэс болсон хэмээн үзэж, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Л тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоож,

тухайн төрлийн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт болох Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэлгүйгээр “...дээд газраас одоог хүртэл хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөөгүй” гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрхийг хязгаарласан хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.4, 106.3.5, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Л-г Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болохыг тогтоож, хуулийн хугацаанд гаргасан Ж.Л-ийн “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх” хүсэлтийг шийдвэрлэж, нөхөн даатгалд хамруулаагүй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус бүр 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА