Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 710

 

 

Я.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/00129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ж-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Ж-тэй хамтран ажиллахаар аман гэрээ байгуулан 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эмээлт түүхий эдийн зах дээр малын өлөн гэдэс худалдан авч, борлуулах ажил үйлчилгээ эрхэлж, худалдан авсан өлөн гэдсээ Хятадын хөрөнгө оруулалттай "Номхон тэнгис" ХХК-д худалдаж байсан. Анх хамтран ажиллах саналыг Д.Ж надад тавьж, намайг автомашинтайгаа гараад ир, хамтарч ажиллая, ашгаа хувааж авна гэж хэлсэн. Хамтарч ажиллаж байх хугацаанд би зөвхөн хэрэглээнийхээ мөнгийг Д.Ж-ээс авч, бусад ашгаа хадгалуулж, хамтран ажиллаж олсон мөнгөнөөсөө орон сууц авах зорилготой тохиролцсон тул Д.Ж мөнгө үрж болохгүй, хадгална гээд хэрэглээний мөнгөнөөс өөр мөнгө авдаггүй байсан. Бид хоёр бүх орлого, ашгаа тооцож Д.Ж-ийн дэвтэр дээр нэг бүрчилэн бичиж хөтөлдөг байсан. Бүх тооцооны баримт Д.Ж-д байгаа ба энэ хугацаанд бид ямар ашигтай ажилладаг байсныг гэрчлэх гэрчүүд бий. Миний хувьд 3 жил цуг ажиллаж ашгаа тооцож үзэхэд 40 сая төгрөг Д.Ж-ээс нэхэмжилж авах боломжтой гэж үзэж байна. Би аль ч улиралд өглөө үүрээс орой 23 цаг хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Малын өлөн гэдэс худалдан авч борлуулах ажил нь давсан дунд, элдэв үнэр танар ихтэй, хүнд нөхцөлд ажилладаг. Д.Ж бид хоёр хамтран ажиллахаа болиод намайг мөнгөө нэхэхэд Хятадаас мөнгө ирнэ, ирэхээр нь өгье, би хүнээс мөнгө авах ёстой, өгөхөөр нь өгье гэх зэргээр хариу өгөөд, миний мөнгийг өгөхгүй бүтэн 2 жил гаруй болж байна. Хятадын хөрөнгө оруулалттай компанид өлөн гэдэс худалдсаны үнэд 180 сая төгрөг авах ёстой байсныг би мэдэж байна. Би хамтран ажиллаад ашгаа хувааж авна гэж ойлгож, итгэж цаг наргүй хөдөлмөрлөж ирсэн. Манай нөхөр бид хоёр өөрийн портер маркийн автомашиныг 2004 онд 3 сая төгрөгөөр худалдаж, мөнгийг нь мөн л Д.Ж-д өгсөн. Иймд хамтран ажиллах аман гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээний ашиг 40 000 000 төгрөгийг Д.Ж-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.А-т ямар нэгэн өр төлбөр байхгүй. 2014 оны 1 сараас хойш Я.А-тэй харьцаагүй, огт уулзаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би 2013 оны сүүл, 2014 оны 1 сар хүртэлх хугацаанд Я.А-тэй хамтран ажилласан бөгөөд тухайн үеийн бүхий л цалин, хөлсийг бүгдийг төлж дуусгасан. Би Я.А-т хамтран ажиллахдаа цалинг нь бэлнээр, мөн 12 700 000 төгрөгөөр гранд маркийн 92-49 УНЭ дугаарын автомашиныг нэхэмжлэгчийн хууль ёсны нөхөр Ё.Энхбаярын нэр дээр худалдан авч өгсөн. Мөн хэрэглээний мөнгөө авдаг байсан гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь биднийг хоорондоо ямар нэгэн өр авлага байхгүй гэдгийг харуулж байгаа болно. Бидний дунд огт болж байгаагүй үйл баримтууд бичиж, улмаар ашгаа хадгалуулж байсан, орон сууц авах тохиролцоотой хэмээн бичиж, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрөө баримтаа, тооцоо хийж байснаа нотлох үүрэгтэй. Д.Ж-д ямар нэгэн тооцоо нийлж байсан гэх баримт байхгүй учраас нэхээд байгаа дэвтэр гэгчийг гаргаж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Жгээс 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянагдаж байх явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нь өөрийн өмчлөлийн байрыг бусдын нэр дээр шилжүүлсэн. 2016 онд нэхэмжлэгч Я.А нь хариуцагч Д.Ж-д 40 сая төгрөгөө өгөхийг удаа дараа шаардаж өөрийн 8808-4860 дугаарын утаснаас Д.Ж-ийн 9898-3831 дугаар утсанд мессеж илгээж байсан байдаг. Ингэхдээ 40 сая төгрөг авах ёстой гэдгээ тодорхой бичиж байсан. Гэтэл хариуцагч нь мөн л өөрийн утасны дугаарыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүү н.Хонгорын нэр дээр шилжүүлсэн. Шүүхэд мэдэгдэхдээ надад ийм дугаар байхгүй гэж мэлзсэн. Хариуцагч нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаагаа хөтөлдөг дэвтрийг "байхгүй" гэж шүүхэд гаргаж өгөөгүй. Тэдний дундаа хөтөлдөг данс тооцооны улбар шар өнгийн зузаан дэвтэр байдаг гэдгийг нэхэмжлэгч хэлдэг, данс тооцооны дэвтэр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2014 оны 01 дүгээ сараас хойш Я.А-тай огт харьцаагүй гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл Я.А, Д.Ж нар нь 2015 оны 9 дүгээр сар хүртэл хамтран ажиллаж байсан нь нотлогдсон. Мөн 2015 оны 8 дугаар сард Я.А, Д.Ж нар хамт БНХАУ руу зорчсон байдаг. Энэ нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдсон.

Хариуцагч Д.Ж нь хамтран ажиллах гэрээний хугацаанд ямар төрлийн татвар төлдөг байсан талаарх лавлагааг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг шүүх хангааагүй. Хариуцагч нь худлаа ярих, баримт устгах /гаргаж өгөхгүй байх/, бусдад хөрөнгө болон гар утсаа шилжүүлэх, өөрийн биеэр шүүхэд ирж асуудлаа шийдвэрлүүлэхээс бултах зэргээр янз бүрийн арга заль хэрэглэж байна. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт, дүгнэлт өгч нягтлахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Я.А нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан 2012 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл малын өлөн гэдэс худалдан авч, цааш нь худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хамтран ажиллаж байхдаа Я.А-т сар бүр 1 500 000-2 000 000 төгрөгийн цалин, нөхөрт нь өдөр бүр хэрэглээний мөнгө гэж 300 000-400 000 төгрөг, автомашин авч өгсөн, мөн гэрт нь зурагт, буйдан, хувцас хунар авч өгч, хашааг нь блокоор барих гэх мэтээр өгөх ёстой мөнгийг нь өгсөн” гэж тайлбарлан маргажээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.2 дах хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болохоор зохицуулсан байна.

 

Зохигчид гэрээ байгуулахдаа амаар тохиролцон 2012 оны 4 дүгээр сараас малын өлөн гэдэс худалдан авч, цааш нь худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Талууд хамтран ажиллахдаа нэхэмжлэгчийн мөнгөөр өлөн гэдэс худалдан авах, хариуцагч уг өлөн гэдсийг хүлээн авах, ялгаж, өлөнгийн цехэд тушааж худалдах ажлыг хийж гүйцэтгэж байсан талаар хэн аль нь маргасангүй.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцдаг байна.

 

Нэхэмжлэгч өөрийн Портер маркийн автомашинаа худалдаж 3 000 000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч 3 000 000 төгрөгний хөрөнгө оруулсан, хураамж төлсөн гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй болно.

 

Хамтран ажиллах гэрээгээр талууд эрх, үүргээ тодорхойлж, ашиг алдагдлыг хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэлийн талаар тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй боловч талууд хамтран ажилласан гэх нөхцөл байдлыг үгүйсгэж маргасангүй.

 

Талууд өлөн гэдэс худалдан авч, ялгаж өлөнгийн цехэд худалдан борлуулах үйл ажиллагаанаас олсон ашгаас ногдох хувийг хэрхэн тодорхойлсон нь тогтоогдоогүй тул талууд хамтран ажиллах гэрээний хураамжийг тэнцүү хэмжээгээр хариуцсан гэж үзэх боломжтой.

 

Гэвч талууд хамтран ажиллах гэрээнээс ашиг олсон талаарх баримт хэрэгт байхгүй тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж үзнэ.

 

Талуудын хамтран ажиллах гэрээний дүнд үүссэн ашиг алдагдлын талаарх баримт хэрэгт байхгүй байх бөгөөд уг үйл ажиллагаанаас 40 000 000 төгрөгийн ашиг орлого олсон гэх нөхцөл байдлыг нотлох баримтгүй байна. Гэрч Д.Энхжаргал, Я.Мөнгөнцэцэг, Ё.Энхбаяр, Б.Чимгээ, Г.Оюун-Эрдэнэ, Ч.Очирболд нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар хариуцагч Д.Ж нь 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Я.А-т хамтран ажиллах гэрээний дагуу төлөх үүрэгтэй болох нь тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр талуудын хамтран ажиллаж байх үедээ хөтөлдөг байсан тооцооны дэвтрийг гаргуулах тухай хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2017/07295 дугаартай захирамжаар хариуцагч Д.Ж-ээс тооцооны дэвтрийг гаргуулж шийдвэрлэжээ. Гэвч хариуцагчид уг тооцооны дэвтэр огт байхгүй, дэвтэр хөтөлж байгаагүй талаарх тайлбар шүүхэд гаргасан байх тул уг дэвтрийг гаргах боломжгүй байсан байна. Иймд талууд хамтран ажиллаж байхдаа тооцооны дэвтэр хөтөлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Д.Ж нь өөрийн эзэмшиж байсан 9898-3831 утасны ашиглахыг эрхийг дугаарыг хүү Д.Хонгорын нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Баялаг хотхон 60-2 дугаар байрны 1-16 тоотод байрлах орон сууцаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Д.Хонгорт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогджээ.

      /1 дүгээр хавтасны хх-88-250, 2 дугаар хавтасны 1-97 дугаар тал/

 

Хариуцагч Д.Ж нь өөрийн эзэмшиж байсан 9898-3831 дугаарыг хүү Д.Хонгорын нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Баялаг хотхон 60-2 дугаар байрны 1-16 тоотод байрлах орон сууцаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Д.Хонгорт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зэрэг үйл баримт болон гар утасны мессежийг үндэслэн талуудын хооронд 40 000 000 төгрөгийн өр авлагын харилцаа, ашиг хуваах талаар тохиролцоо байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/00129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Я.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ