Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2021/00092/И |
Дугаар | 136/ШШ2021/00123 |
Огноо | 2021-05-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2021/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *, Дорноговь аймгийн * тоотод оршин суух, Б овогт Г.У (РД:*)-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хэнтий аймгийн Дархан сумын /Дархан оргил нэгдлийн 3-р бригадад 1984 оны 06 дугаар сарын 20-ноос 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 8 жилийн хугацаанд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний бие Г овогтой У нь Дархан оргил нэгдлийн 3-р бригадад 8 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.У нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 445 дугаартай Г.Улаанаагийн цалингийн түүвэр (хх-6), Г.Улаанаагийн 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Аваргын диплом (хх-7), 1987 онд найз С.Оюунтөгсийн хамт гэх тайлбартай гэрэл зураг (хх-8), 1987 онд Малчдын чуулга уулзалтаар дарга нарын хамт гэх тайлбартай гэрэл зураг (хх-9), БНМАУ-ын Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал (хх-17), БНМАУ-ын Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал (хх-18), БНМАУ-ын Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай Малчдын ээлжийн амралтын мөнгөн нөхөн олговор олгох тухай тушаал (хх-21-22), 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрч Д.Э...Г.У 1985 оны өвөл, хавраар 2 сарын үед Хэнтий аймгийн Дархан сумаас 3 дугаар бригадад малчнаар ирж байсан. Өмнө нь Дархан суманд ногооны ажил хийж байсан. Тэгээд 1992 оныг дуустал 3 дугаар бригадад малчнаар ажилласан. гэх мэдүүлэг (хх-31-33), 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрч Ч.Мандахын ...Г.Улаанаа нь 1984 онд илгээлтээр гарч 1 жил гаран сумын төв дээр үйлчилгээний ажилтан хийж байгаад 1985 оноос Дархан-Оргил нэгдлийн 3 дугаар бригадад 1992 оныг дуустал малчнаар ажилласан. гэх мэдүүлэг (хх-28-30) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.У нь 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт Г.У Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА