Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 709

 

 

Д.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГазарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 135 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б би 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар хоёрт жолоочоор ажиллаж байсан ба ажиллах явцдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл хариуцагч байгууллага 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халах болсон талаар сонсгох ажиллагаа хийх мэдэгдэл өгч, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаал гардуулсныг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Б-ны эх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барж Д.Б захиргааны чөлөөтэй байх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаас халах сонсгох ажиллагаа хийж байна хэмээн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн дагуу ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажлаас халсан хууль бус ажиллагаа болсон. Ажлаас халсан тушаалын үндэслэл нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол ирдэг гэх боловч хэнээс хэзээ ямар гомдол ирснийг үзьё, харья гэхэд үзүүлээгүй, энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй учир сонсгох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан. Хог тээвэрлэлт хийхдээ хуваарийн дагуу ачдаггүй, ачих ёстой рейсийн тооноос дутуу ачдаг гэсэн нь мөн л намайг ээлжийн амралттай байх хугацаанд гарсан асуудал байна. Учир нь Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан ба ажилд ороод удаагүй байхад ээжийнх нь бие муудаж 8 дугаар сараас эхлэн захиргааны чөлөө авсан зэргээр ажлаа хийгээгүй үед буюу ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байх үед ирсэн гомдлуудыг надад хамаатуулж байна. Түүнчлэн хог ачилт, дутуу ачилт нь ачигчтай хамаатай болохоос жолоочид хамаагүй байтал ийнхүү шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлөөр ажлаас халахад тухайн ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил байхыг шаарддаг. Гэтэл ажил олгогчийн үндэслэл болгон барьж буй заалт нь Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд огт дурдаагүй тул хууль бус юм. Ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан боловч 10 дугаар сарын 02-ны өдрөөс ажил хийлгээгүй тул ажилгүй байсан хугацааны цалинг 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр болох өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцоход 3 135 038 төгрөг гарч байна. Д.Б нь багаар ажилдаг хүн учраас хавтаст хэрэгт авагдсан баримт нь Д.Б-ны гаргасан зөрчил гэдгийг нотлох боломжгүй, хугацаа хэтэрсэн нотлох баримтууд байна. Хариуцагч тал ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Д.Б-ыг захиргааны чөлөөтэй байхад нь ажлаас халсан байдаг. Ажлаас халсан тушаалыг гаргаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажил нь хадгалагдаж байх үед буюу 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш тухайн хүнийг ажлууллахгүй байна гэдэг нь ажлаас халсантай адилтган үзэж байгаа. Харин ёс зүйн зөрчлийн хувьд тухайн хүн зээлтэй, сэтгэл санааны хямралтай байх үед нь ажлаас нь чөлөөлсөн. Иймд Д.Батсайхныг халсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/206 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 135 038 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨӨАТҮГазарт ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/206 тоот тушаалаар ажлаас халагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сонсгох ажиллагааны талаар мэдэгдэл Д.Б-д өгсөн. Олимп хотхоноос ирсэн гомдолд жолооч Д.Б нь харьцааны хүнд доголдолтой, хүн болгонтой дарга цэрэггүй хэрэлддэг, 2017 оны 8 дугаар сарын 28-нд 17 бункерээс 10 бункер хог ачсан. 2017 оны 9 дүгээр сарын 04-нд ирсэн гомдолд 2017 оны 9 дүгээр сарын 01-нд 3 бункер хог ачсан. Хэзээ ч гүйцэд 17 бункер хог ачдаггүй. Хотхон нь хогондоо дарагдаж, бүх бункерын хог нь өмхийрсэн байдалтай байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү гэсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 01-нд жолооч Д.Б нь хуваарийн дагуу 4 рейс хог ачих ёстой байснаас 2 рейс хог ачаад өдөр 15 цаг гээд ажлаасаа буусан нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан нь НҮГ-2-ын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.1.е, байгууллагын Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.18.1-д заасныг зөрчсөн гэж үзсэний үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн. Захиргааны чөлөөтэй байх асуудал нь 1 хороонд ганцхан машин явах тохиолдол байдаг. Жолооч байхгүй бол тэр хороо тэр чигтээ хогондоо дарагдаж гомдол их ирдэг учраас тэр бүр чөлөө олгодоггүй. Гэтэл асуудлыг нь шийдээд чөлөө олгосон байхад хугацаа нь дуусаагүй байхад шууд ажиллана гэж ирээд маргаан үүссэн байдаг. Иймд Д.Б-ны гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-хоёр” ОНӨААТҮГ-ын “Хог тээврийн автомашины жолооч”-ын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 3 135 038 төгрөгийг хариуцагч “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-хоёр” ОНӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, Д.Б-ны нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүл, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-хоёр” ОНӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, хариуцагч “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-хоёр” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 65 110 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна. Энэхүү харилцааг НҮГ-1, 2, 3, 4 ОНӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна", хариуцагч байгууллагын дотоод журмын 3.6.7в-д албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, 4.18.1-д ажлын байранд болон албан үүргээ биелүүлэх, ажил хэрэгт хайнга, ёс төдий хандах, 13.2-т ...сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасныг нэхэмжлэгч Д.Б зөрчсөн болох нь хэрэгт авагдсан ёс зүйн хорооны тэмдэглэл, түүнд тусгагдсан Д.Б-ны мэдүүлэг зэргээс тодорхой харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх зөрчлийг хариуцагч тодорхой бичих ёстой хэмээн хэлбэрийн төдийн шаардлага тавьж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх талаар бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч өөрийн зан харилцааны доголдлыг хүлээн зөвшөөрсөн атал багаар ажилладаг тул оршин суугчидтай бүдүүлэг харьцдаг хүн мөн эсэх нь тодорхойгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГазарт холбогдуулан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хуагцааны цалинтай тэнцэх олговорт 3 135 038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул нь хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/21710 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-хоёр” ОНӨААТҮГазраас Д.Б-ны ээлжийн амралт олгосон тушаал, 7, 8, 9 дүгээр саруудад захиргааны чөлөөтэй байсан тушаал, 6, 7, 8, 9 дүгээр сард аль хороог хариуцан ажилладаг байсан ажил үүргийн хуваарь, ажлын график, Д.Б-ны орон тоон дээр ажилд орсон тушаал зэргийг нотлох баримтаар гаргуулж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ” гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б-д ээлжийн амралт олгосон тушаал, “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГ-ын 26 дугаар хороонд хог ачиж тээвэрлэх 8, 9 дүгээр сарын хуваарийг шүүхэд ирүүлсэн, харин нэхэмжлэгч 7, 8, 9 дүгээр саруудад захиргааны чөлөөтэй байсан тушаал, Д.Б-ны орон тоон дээр ажилд орсон тушаал зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч тус байгууллагад байхгүй гэж гараар бичиж ирүүлснийг шүүгчийн захирамжийн биелэгдсэн, эсхүл хүндэтгэн үэзх шалтгаанаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтээс зөвхөн 6, 7 сарын ажлын хувиар гаргуулах хүсэлтээс татгалзсан бусад хүсэлтээс татгалзаагүй байхад энэ талаар шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цуглараагүй, дээрх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж эрх зүйн дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.  

 

Дээрх үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ