Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/00245

 

“ТӨ” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01321 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны  өдрийн 210/МА2024/001180 дугаар магадлалтай,

“ТӨ” сууц өмчлөгчдийн холбооны (цаашид СӨХ гэх) нэхэмжлэлтэй

“ТӨ” ХХК-д холбогдох

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолбор, С байрны нэг давхрын 00 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ТӨ” СӨХ нь хариуцагч “ТӨ” ХХК-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолбор, С байрны нэг давхрын 00 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТӨ” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолбор С байранд байрлах нэг давхрын 00 тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай “ТӨ”СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ТӨ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/001180 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 01-ний  өдрийн 181/ШШ2024/01321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокийн 00 тоот хаягт байрлах, 25 м.кв талбайтай 1 өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “ТӨ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТӨ” СӨХ-нд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.03-ны өдрийн 001180 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй.

Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 2006.09.15-ны өдрийн дугаар 129/2008-тай актад тусгагдсанаар ерөнхий захиалагч “БП” ХХК, ашиглагч “ТӨ” ХХК байна. Мөн зураг төслийн захиалагч нь “БП” ХХК ба тус барилгын өмчлөгч, захиран зарцуулах эрх бүхий этгээд юм.

“ТӨ” ХХК нь “БП” ХХК-д 2012.12.12-ны өдрийн 111/2012 дугаар албан бичигт дурдсанаар (Сүхбаатар дүүргийн 5-р хороо “Голомт хотхон”-д байрлалтай “ТӨ”ХХК-ийн эзэмшилд байдаг 25 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай 1 өрөө байрны улсын бүртгэлийн гэрчилгээг олгоно уу. Энэхүү гэрчилгээ 2013 оноос эхлэн ҮХХ-ийн татвар төлөх мөн OCHAAY-ний тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай болно.) гэж бичигдсэний дагуу “БП” ХХК 2012.12.18-ны өдрийн 006/228 тоот албан бичгийн хариу өгсөн.

Тухайн үед бодит нөхцөл байдалд үндэслэн эрх бүхий албан тушаалтан, холбогдох хэлцэл, эрхийн дагуу “ТӨ”ХХК нь улсын бүртгэлд хууль ёсны дагуу бүртгүүлсэн.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүх “Дундын өмчлөл мөн эсэхийг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч шийдвэр гаргахдаа өмчлөх эрхийн маргаан болгож тайлбарласнаас гадна дээрх хуулийн дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ авсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг үгүйсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Мөн захиргааны хэргийн шүүх үл хөдлөх өмчлөх эрхийг олгосон шийдвэрийг гаргасныг тогтоох бөгөөд тус хэргийг шийдвэрлэх явцад дундын өмчлөлийн асуудал давхар яригдана. Гэтэл иргэний шүүх захиргааны хэргийн шийдвэрлэх асуудалд дүгнэлт өгч гэрчилгээтэй байгаа нь хамаагүй, өмчийн эрхийн маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг буруу тайлбарласан. Давж заалдах шатны шүүх “... Үүнээс дүгнэвэл “БП” ХХК нь маргаан бүхий 00 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай 1 өрөөний эзэмшлийг шилжүүлжээ. Түүнчлэн, энэ албан бичигт уг 1 өрөөний зориулалтыг "Орон сууцны гэж” тодорхойлоогүй байна гэж дурдсан байна. Гэтэл “БП” ХХК 2012.12.18-ны өдрийн 006/228 дугаар албан бичигт УБЕГ-ын Эд Хөрөнгийн Бүртгэлийн газарт “Ажлын өрөөг шилжүүлэх тухай” Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр “Голомт хотхон” цогцолборын С байрны 00 тоот 25 м.кв талбай бүхий 1 өрөө ажлын байрыг “Голомт хотхон” цогцолборын 1-р ээлж ашиглалтад орсон буюу 2005.12-р сараас эхлэн “ТӨ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болохыг тодорхойлов” гэсэн ба тухайн үед техник тоног төхөөрөмж, шугам сүлжээг тус компанид мөн шилжүүлсэн. Тус албан бичигт “Ажлын өрөө” гэж бичигдсэн байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ү-2203020000 дугаартай “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокийн 00 тоот орон сууцны зориулалттай 25 м.кв нэг өрөө орон сууц” гэж бичигдсэн нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаарх зохицуулалтад нийцсэн байтал магадлалд орон сууцны дангаар өмчлөгчийн эрхийг хамгаалахын оронд үгүйсгэж, өмчлөгчийн эрхэд хууль бусаар халдаж шийдвэрлэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д зааснаас үзэхэд “Ажлын өрөө”, “Орон сууцны” гэх асуулгад нийцэхгүй байна.

4.3. Шинжээч томилох 2023.01.04-ний өдрийн 01977 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй. Шинжээч хариуцагчийн тайлбартай холбоотой асуултад дүгнэлт гаргаагүй бөгөөд дүгнэлт гаргахаас татгалзаж байгаа тухай 2023.02.15-ны өдрийн 1/431 дугаар хариу албан бичиг ирүүлсэн. Хариуцагч шинжээч томилох захирамж биелэгдээгүй талаарх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Томилогдсон шинжээч барилгын зурагт дүгнэлт өгсөн бөгөөд зурагт дурдсанаас өөр зориулалтаар ашиглаж болох стандартын заалтуудыг мөн адил дурдсан байна. Барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдөх бүрэн боломжтой, өөрчлөгдсөн зураг төслийг бүртгүүлэх эрх нээлттэй байгаа нь харагдаж байна. Иргэний хуулийн 146 дугаар зүйл Орон сууцны дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйл 146.1-д “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд энэ хуулийн 142 дугаар зүйлд заасан талбай, түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн эрхийг зөрчихөөргүй, эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдуулахгүйгээр өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулж болох түүний бүрдэл хэсэг хамаарна” гэж заасан. Шүүх орон сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм батлах дүрмийн /БНБД 31-01-10/-ийн 4.11-т... жижүүрийн өрөө тасалгаа, олон нийтийн зориулалтай үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа байж болох талаар тусгасан. Хариуцагч нь тухайн хотхоны оршин суугч нарт конторын үйлчилгээг анх барилга ашиглалтад орж эхэлсэн цагаас үзүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх хөрөнгийг барилга ашиглалтад орсон цагаас эхлэн зурагт заасан зориулалтаар буюу жижүүрийн өрөөний зориулалтаар ашиглаж ирээгүй бөгөөд хотхоны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг ашиглах зорилгоор ажлын өрөө (оффис) зориулалтаар ашиглаж байсан тул үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх албан тоотод ажлын өрөө гэж бичсэн байна. Сууц өмчлөгчдийн холбоог байгуулагдахаас өмнө тус өрөөг ажлын өрөөний зориулалтаар ашиглаж байсан ба сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д заасанд хамааруулан ойлговол нэг давхрын зурагт үйлчилгээний зориулалтай дэлгүүр хүртэл сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай болох тайлбарыг шүүх хийсэн байна.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан “Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” талаар: Улсын дээд шүүхийн 2008.06.19-ний өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарын 4.2-т “Мөн хуулийн 15.5-д заасан “дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно” гэснийг сууц өмчлөгчдийн холбоо зөвхөн холбооны дүрэмд заасан тохиолдолд хэрэгжүүлэх бөгөөд уг эрх нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ зүйлийн 15.1-д нэрлэгдсэн боловч эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн, тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд ордоггүй эд хөрөнгөд хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг дундын өмчлөлөөр тооцсон нь дээрх тайлбартай зөрчилдөж байна. Анхнаасаа дундын хөрөнгө байсан бол сууц өмчлөгчдийн холбоонд цэвэрлэгээ, ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд энэ үл хөдлөх хөрөнгөд хамаарах цэвэрлэгээ, ашиглалтын төлбөрийг оршин суугчдаас авч байгаагүй болно.

Иймд шүүх барилгын зургийг харж дундын өмчлөлийн хөрөнгө байна гэж дүгнэсэн нь бодит байдал буюу нотлох баримтуудтай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах боломжоор хангаж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.10.24-ний өдрийн 001/ШХТ2024/01192 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.  

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “ТӨ” СӨХ нь хариуцагч “ТӨ”ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхон цогцолбор С байр, 1 давхар, 00 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “...барилга анх ашиглалтад ороход тус өрөө нь камерын хяналтын өрөө байсан. СӨХ болон орон сууцны контор нь нэг удирдлагатай байсан учраас орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгө болох тус өрөөнд “ТӨ” ХХК нь үйл ажиллагааг явуулсаар ирсэн. “ТӨ” ХХК нь СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, оршин суугчдад мэдэгдэлгүйгээр тус өрөөг шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.”  гэж тайлбарласныг;

Хариуцагч эс зөвшөөрч “... “БП” ХХК нь тус барилгыг барьж ашиглалтад оруулах явцад “ТӨ” ХХК бие даан үйл ажиллагаа явуулж орон сууцны ашиглалтыг бүрэн хариуцан ажилласан. Ашиглалтын үйл ажиллагаа явуулах үед С байрны 00 тоотод камер болон бусад тоног төхөөрөмжийг цахилгаанчид хариуцан ажиллаж байгаад СӨХ байгуулагдсанаар камерын хяналт нь харуул, хамгаалалтын үүрэгт ажилд шилжсэн тул камерын тоног төхөөрөмжийг харуулын урд хойд байр руу нүүлгэсэн, “БП” ХХК 2012.12 сард манай компанид шилжүүлэх шийдвэр гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тус өрөө нь дангаар өмчлөх эд хөрөнгө тул дангаар өмчилсөн. Хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж маргасан.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... “ТӨ” СӨХ нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй боловч шүүхэд уг нэхэмжлэлийг “ТӨ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Ж-гээс олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О гаргасан байх тул эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, “ТӨ” СӨХ 2021.09.23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй,  Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 4 дүгээр байр, С блокны 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь анх барилгын эскиз зурагт жижүүрийн өрөө гэж төлөвлөгдсөн болох нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ТӨ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоох үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн.

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон, “ТӨ” СӨХ 2010.10.11-ний өдөр байгуулагдаж, удирдах зөвлөлийн 2020.11.08-ны өдрийн 02/03 дугаар тогтоолоор Б.Ж-г, 2022.08.09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор М.Г-г гүйцэтгэх захирлаар томилсон. Гүйцэтгэх захирал солигдож байгаа нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөл дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй, … Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд “5 байрны С хэсэгт маргааны зүйл болох байр төлөвлөгдсөн бөгөөд зурагт жижүүрийн өрөө гэж тэмдэглэгдсэн, ... Олон нийтийн барилгыг төлөвлөх БНбД 31-03-03-д барилгын нэгдүгээр давхарт СӨХ-ны өрөөг төлөвлөхөөр заасан. Заавал мөрдөх дүрмийн 1 дүгээр хавсралтын Б-д орон сууц ашиглалтын контор, СӨХ-ны барилга төлөвлөхөөр тусгасан, ... энэ заалтын дагуу тус байранд жижүүр СӨХ-ны байр төлөвлөгдсөн байна. Иймд маргаан бүхий 00 тоот хаягт байрлах, 25 м.кв талбай 1 өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөөнд хамаарч байна. Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтыг үндэслэн бүртгэл хийх бөгөөд энэ нь өмчлөгч нарын хооронд үүссэн өмчийн эрх зүйн маргаанд өмчлөгчийг тодорхойлох баримт болохгүй юм. Түүнээс гадна өмчийн эрх зүйн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш болно.” гэж дүгнэжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

10. Хэргийн баримтаас үзэхэд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах Голомт хотхон цогцолборын орон сууцны С блок барилгыг 2006.09.15-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан, уг байрны ашиглалт, завсар үйлчилгээ технологийн ажлыг ““ТӨ”ХХК хариуцаж байхдаа маргаан бүхий 1 дүгээр давхрын 00 тоот хаягт байрлах 25 м.кв 1 өрөө ажлын байрыг эзэмшиж ашиглаж байсан, улмаар 2012.12.18-ны өдөр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, нэхэмжлэгч “ТӨ”СӨХ нь 2021.03.02-ны өдөр “ТӨ” ХХК-д уг 1 өрөөг чөлөөлөх шаардлага хүргүүлж, 021.05.18-ны өдөр нэхэмжлэл гаргасан, үйл баримтууд тогтоогдсон байна.

11. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд дээрх 25 м.кв нэг өрөө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд эсхүл дангаар өмчлөх эд хөрөнгийн алинд нь хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.

12. Нэхэмжлэгч “ТӨ” СӨХ нь 2010.10.11-ний өдөр байгуулагдсан боловч Удирдах зөвлөлийн 2020.11.08-ны өдрийн 02/103 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар Б.Жг томилж үйл ажиллагаа явуулж эхэлсэн, СӨХ-ны даргаар “ТӨ” ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан ажиллаж байсан учраас хариуцагч нь маргаан зүйлийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болохыг мэдэх боломжгүй, улмаар шаардлага гаргах боломжгүй байсан талаар тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх СӨХ-ны гүйцэтгэх захирал солигдсон үйл баримтад үндэслэн нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсноос гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт  заасан журмын дагуу үнэлээгүй, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ТӨ” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйл баримтад үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцжээ.

13. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь улсын бүртгэлтэй холбоотой захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах бол уг бүртгэлийн үндэс болсон  өмчийн эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх тул “...иргэний шүүх захиргааны хэргийн шийдвэрлэх асуудалд дүгнэлт өгч гэрчилгээтэй байгаа нь хамаагүй, өмчийн эрхийн маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй....” гэсэн (тогтоолын тодорхойлох хэсгийн 4.1-д заасан) хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

13.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр ажилласан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК,  “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ тус тус дүгнэлт гаргажээ. 

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд “... 25 м.кв 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг анх жижүүрийн өрөөний зориулалтаар эзэмшиж ашиглахаар Барилгын эскиз зураг, ажлын зурагт тусгасан.” гэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын  шинжээч “... Үндэсний төв архивын 2022.04.07-ны өдрийн 219 дүгээр хуулбар үнэн даруулсан ажлын зураг, “ТӨ” ОСНААК-т байрлах ажлын зургаас тус тус үзэхэд маргаан бүхий өрөө тасалгаа нь 13, 14, 15 дугаартай жижүүрийн өрөө байхаар анх төлөвлөгдсөн байна. Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм /БНБД 31-01-10/-ийн 4.11 Орон сууцны барилгын хаяавчийн болон 1, 2 дугаар давхарт хүний эрүүл мэндэд хортой үйлчлэл үзүүлэхгүй (“Барилгын тухай хууль”-ийн 20.2-д зааснаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ) олон нийтийн зориулалттай, тухайлбал, ариун цэврийн өрөө бүхий сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалттай 6 м.кв өрөө болон харуул хамгаалалтын өрөө тасалгаа байрлуулж болно. ... 00 тоот улсын бүртгэлийн Ү-2203020000 дугаартай орон сууцны зориулалттай талбай нь орон сууцны дундын эд хөрөнгөд хамаарахаар байна. ” гэж  тус тус дүгнэжээ.

13.2. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаас үзэхэд Улсын бүртгэлд анх бүртгүүлэхээр гаргасан хүсэлтэд “албан ажил, камерын хяналт хийх” гэж зориулалтыг зааснаас гадна хавсаргасан барилгын зурагт “жижүүрийн өрөө” гэж тусгасан байх бөгөөд Барилгын эскиз зураг, ажлын зурагт тусгасан “жижүүрийн өрөө”-ний зориулалтыг орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн гэх байдал  тогтоогдоогүй байна.

14. Түүнчлэн, хариуцагч нь маргааны зүйлийн өмчлөгчөөр 2012.12.18-ны өдөр бүртгэлд бүртгэгдсэн үеэс тооцсон ч шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2021.05.18-ны өдөр,  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2021.09.23-ны өдрөөс тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн байна.

15. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус заасан.

16. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлах Голомт хотхон цогцолборын С байрны 1 дүгээр давхрын 00 тоот хаягт байрлах 25 м.кв 1 өрөө нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн тул “...шүүх барилгын зургийг харж дундын өмчлөлийн хөрөнгө байна гэж дүгнэсэн нь бодит байдал буюу нотлох баримтуудтай нийцээгүй...” гэсэн /тогтоолын тодорхойлох хэсгийн 4.1-д заасан/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/001180 дугаар магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “ТӨ”ХХК-ийн 2024.07.30-ны өдөр төлсөн 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                                  Д.ЦОЛМОН