Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  ……

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Г.Б

            Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр буюу 500.000 төгрөгний үнэ бүхий 1 тооны зээрийн махыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Бийн  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “2017 оны 01 сарын 03-нд төвд явж байгаад хоёр нөхөртэй таарсан, мах авах уу гэхээр нь юуны мах юм бэ гэхэд зээрийн мах гэсэн, ямар үнэтэй зарах вэ гэхэд 15000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд би авсан. Ханги хилийн боомт руу авч явдаг зорилго нь дам яриагаар тэнд зээрийн махыг нэг нугалж зардаг гэнэ гэж хүнээс сонссон.  Ханги хилийн боомт руу урагшаа авч явахдаа нууж барьж авч явдаг гэдгийг мэддэггүй байсан. Зээрийн махаа цүнхэнд хийгээд машин дотор тавиад би дардас даруулах гэж гараад буцаж ирэхэд ийм асуудал болсон байсан”  гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 01 сарын 05-ны өдөр Ханги хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд ... гэсэн улсын дугаартай автомашин 2-ын хаалтнаас нэвтэрч гаалийн бүсэд орж ирсэн байсныг гаалийн улсын байцаагч Эы хамт тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг автомашины зааланд эрээн өнгийн цүнхтэй зүйл байсан ба уг цүнхийг нээж үзэхэд зээрийн байж болох бор өнгийн мах хийсэн байсан би жолооч Доос хэний мах болох талаар асуухад сая нэг хүн машинд орж ирж суугаад цүнхтэй юмаа машинд тавиад явсан гэж хэлж байсан. Тэгээд уг махыг хураан авах ажиллагаа хийсэн тэгтэл махны эзэн гэх Г.Б гэж хүн ирсэн тухайн хүнээс юуны мах болох талаар асуухад зээрийн мах БНХАУ руу гаргах гэж байсан юм гэж хэлж байсан би Бээс тайлбар авч хэдэн зээрийн махтай ирсэн талаар нь асуухад 4 тооны зээрийн махтай Ханги хилийн боомт дээр ирсэн уг махыг үл таних хүнээс Сайншандад худалдан авсан 3 тооны зээрийн мах нь зааг дээр эзгүй айлд байгаа гэж хэлсний дагуу Г.Бийн хамтаар явж уг махыг хураан авсан... Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 1 тооны зээрийн мах буюу 14 кг зээрийн мах байсан... Тухайн зээрийн мах нь зааг дээр эзгүй айлд байсан ... гэрийн зүүн урд хэсэгт зээрийн махыг шуудайнд хийж тавьсан байсан би тухайн үед үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй Г.Бийг өөрийг нь байлцуулан хураан авч хиллэж үзэхэд 40 кг 40 гр мах байсан... Тухайн үед тээврийн хэрэгслийг Д гэж хүн жолоодож явсан мөн түүний эхнэр Л.Б гэж хүн хамт явж байсан өөр хүн байгаагүй Б нь гаалийн бүсэд машин орж ирж зогссоны дараа цүнхтэй зээрийн махыг машинд тавьсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би эхнэр Бийн хамт машинтай 2-ын хаалтнаар нэвтэрч мэргэжлийн хяналтын шалгалтаар шалгуулаад гаалийн хяналтын бүсэд орж ирээд зогстол Б гэж хүн машинд орж ирээд машинд чинь суугаад урагшаа гаръя гэж хэлээд машинд эрээн өнгийн цүнхтэй ачаагаа тавьж байсан. Тэгээд би гааль руу машинаа бүртгүүлчихээд эргээд машин дээрээ иртэл Б машинд байгаагүй авч явсан эрээн өнгийн цүнхтэй зүйлээ машинд үлдээсэн байсан гаалийн байцаагч, цагдаагийн хамт миний унаж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийгээд Бийн машинд үлдээсэн цүнхтэй зүйлийг шалгаад зээрийн мах байна гэж хэлээд тээврийн хэрэгслийг саатуулсан...Би огт танихгүй найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй сүүлд нь нэрийг нь Г.Б гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг

 

Хөрөнгө битүүмжлэх тогтоол  /хх-ийн 08/

Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тогтоол /хх-ийн 36-37/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 66/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр буюу 500.000 төгрөгний үнэ бүхий 1 тооны зээрийн махыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь   хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

Үүнд гэрч Б.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 01 сарын 05-ны өдөр Ханги хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд ... гэсэн улсын дугаартай автомашин 2-ын хаалтнаас нэвтэрч гаалийн бүсэд орж ирсэн байсныг гаалийн улсын байцаагч Эы хамт тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг автомашины зааланд эрээн өнгийн цүнхтэй зүйл байсан ба уг цүнхийг нээж үзэхэд зээрийн байж болох бор өнгийн мах хийсэн байсан. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 1 тооны зээрийн мах буюу 14 кг зээрийн мах байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би эхнэр Бийн хамт машинтай 2-ын хаалтаар нэвтэрч мэргэжлийн хяналтын шалгалтаар шалгуулаад гаалийн хяналтын бүсэд орж ирээд зогстол Б гэж хүн машинд орж ирээд машинд чинь суугаад урагшаа гаръя гэж хэлээд машинд эрээн өнгийн цүнхтэй ачаагаа тавьж байсан...”гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл,шинжээчийн дүгнэлт,  шинжилгээний дүнгийн хуудас болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бт  холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс  шүүгдэгчийг  Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох цагаан зээрийн махыг бага бус хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Б нь 1 тооны зээрийн махыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн ба мөн 3 тооны зээрийн махыг бусдаас худалдан авсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Б.Ний мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Амьтны тухай 2012 оны 5 сарын 17-ны өдрийн хуулийн 37.3 дахь хэсэгт “энэ хуулийн 25.3 дахь хэсэгт заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг  цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл  ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Г.Бээс  гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

...  цагаан зээрийг  Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баримталж 500000 төгрөг /эр /-өөр үнэлсэн нь үндэстэй гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 51 кг 950 гр зээрийн махыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар түргэн муудаж чанар байдлаа алдах тул мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн “Эд мөрийн баримтыг шилжүүлэх тухай тогтоол”-оор Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөхөөр хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд өмгаөлөгчгүй оролцсон болно.

Шүүгдэгч Г.Бт ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Бийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ББт эд хөрөнгө хураахгүйгээр 400 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтаны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шүүгдэгч Г.ББээс 4000000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 51 кг 950 грамм зээрийн махыг Сайншанд сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар үйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.ББт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                            Д.АДЪЯАСҮРЭН