Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1080

 

 

2020            8            25                                              2020/ДШМ/1080

 

М.Ж, Б.Т, Ц.М

 нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч М.Жгийн өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Ц.М,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Ц.М нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Ж, Б.Т, Ц.М нарт холбогдох эрүүгийн 1905 01304 0615 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн  Б.Т, 1996 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

2. Чоймбол овгийн  Ц.М, 1997 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........................... газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

3. Майдар овгийн  М.Ж, 1998 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

Б.Т, Ц.М нар бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон үндэстний хоолны газрын орчим иргэн Н.Бгийн эзэмшлийн Samsung Galaxy S7 загварын гap утас, биет 160.000 төгрөгтэй түрийвч бүхий цүнхийг шүүрэн, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 52А дугаар байрны орчим иргэн Б.Дгийн амыг нь дарж доош суулгаад, хутгаар дүрнэ шүү гэх зэргээр айлган хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн I Phone 5s загварын гар утас, биет 47.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, 197.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим иргэн Д.Тын араас ам, хамар, хүзүү, хоолойг дарж, гэдэс рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, Samsung Note 8 загварын rap утсыг хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орчим иргэн А.Эийн араас хүзүүдэж, орилох юм бол ална шүү гэх зэргээр айлган хүч хэрэглэхээр заналхийлж, дэлгүүрээс худалдан авсан тортой бэлэн гоймон, тамхи, ундаа, хөзөр, биет 15.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, 34.700 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т, Ц.М, М.Ж нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 80 дугаар байрны орчим иргэн Р.Бг унагааж, амыг нь дарж байгаад халаасыг нь ухах зэргээр хүч хэрэглэн Samsung А7 загварын гар утас, биеийн тамирын хувцас бүхий үүргэвч, усны сав зэргийг хууль бусаар авч, 263.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ачлал их дэлгүүрийн ар талын явган хүний шатны орчим иргэн Б.Бг боож, хүч хэрэглэн Samsung J7 загварын гар утас, биет 200.000 төгрөгтэй түрийвч, гоо сайхны хэрэгсэл эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авч, 853.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хашчулуун сауны орчим иргэн Б.Уыг хавсарч унаган, гар хөлөөрөө цохиж, хүч  хэрэглэн I Phone 7 загварын гар утас, биет 58.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, 959.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т, Ц.М, М.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т, Ц.М, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.М нарыг 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, Б.Т, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Т, Ц.М, М.Ж нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Т, Ц.М, М.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, Б.Т нарын цагдан хоригдсон 4 хоногийг, шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 45 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тгээс 1.507.715 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бд 300.000 төгрөг, хохирогч Б.Дд 98.500 төгрөг, хохирогч Д.Тд 400.000 төгрөг, хохирогч Р.Бд 87.666 төгрөг, хохирогч Б.Бд 284.333 төгрөг, хохирогч А.Эд 17.350 төгрөг, хохирогч Б.Уад 319.666 төгрөг тус тус олгож, Б.Т, Ц.М, М.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие ээж болон дүүгийнхээ хамт амьдардаг байсан. Гэвч ээж маань 2006 онд өвчний улмаас нас барж, би дүүгийнхээ хамтаар амьдралаа залгуулж, Төв аймагт хамаатныхаа эгчийн хашаанд амьдарч байна. Дүү маань ажил хийх боломжгүй, дунд сургуулийн сурагч тул би амьдралаа авч явсаар ирсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө одоогийн байдлаар 50 хувь барагдуулаад байгаа. Цаашид ч яаралтай барагдуулж дуусгах болно. Би хохирогч нартайгаа биечлэн уулзаж, үйлдсэн хэрэгтээ харамсаж байгаагаа илэрхийлэн, уучлалт гуйсан болно. Иймд миний ар гэр, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч Б.Тгийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ. Иймд шүүгдэгч Б.Тд дээрх хуулийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Эцэг, эх, 2 дүү болон жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх нь буруу гэдгийг энэ хугацаанд сайн ухаарч ойлголоо. Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулж, хохирогч нартайгаа биечлэн уулзаж, уучлалт гуйсан болно. Иймд миний эдгээр байдлуудыг харгалзан үзэж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Жгийн өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын тооцоо алдаатай бодогдсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч М.Ж хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж ойлгож байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохын өмнө хавтас хэргийн материалтай дахин танилцахад иргэний нэхэмжлэгч Бямбасүрэнгийн хохирол орхигдсон байсан. Хохирогч Учралын хувьд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Учир нь, I phone загварын утсаа алдаад буцаагаад олж авсан тэмдэглэл үйлдсэн байсан. Тэгэхээр үүнээс Учрал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь харагдаж байна. Иргэний нэхэмжлэгч Бямбасүрэнгийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй өнгөрсөн боловч 500.000 төгрөгийн асуудал яригддаг. 500.000 төгрөгийг 3 шүүгдэгчид хувааж бодвол нэг хүнд 166.000 төгрөг ногдохоор байна. Мөн хохирогч Бямбасүрэнгийн хохирол нь 421.232 төгрөг байтал 600.000 гаруй төгрөгөөс хохирлыг нь тооцсон байсан. Хохирогч Бямбасүрэн мэдүүлэхдээ “түрийвчинд 200.000 төгрөг байсан” гэдэг. Тэгэхээр 200.000 төгрөгийг нь нэмээд 3 шүүгдэгчид хувааж бодвол нэг шүүгдэгч 217.000 төгрөг төлөхөөр ногдож байна. Өмгөөлөгчийн зүгээс хавтас хэргийн материалтай дахин танилцаад М.Жгаас иргэний нэхэмжлэгч Бямбажавд 166.000 төгрөг, хохирогч Бямбасүрэнд 67.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Иймд хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул М.Жд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т нь Ц.Мтай бүлэглэж 4 удаагийн үйлдлээр, М.Жтай бүлэглэж 3 удаагийн үйлдлээр буюу нийт 7 удаагийн үйлдлээр санаа, зорилго нэгдэж гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Дэлгэрмаа, Туул, Болормаа, Бямбасүрэн, насанд хүрээгүй хохирогч Энхтөр, хохирогч Учрал, Байгалмаа нарын болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Б.Тгийн 7 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт хамаарахгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Б.Т, Ц.М нар бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон үндэстний хоолны газрын орчим иргэн Н.Бгийн эзэмшлийн Samsung Galaxy S7 загварын гap утас, биет 160.000 төгрөгтэй түрийвч бүхий цүнхийг шүүрэн, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 52А дугаар байрны орчим иргэн Б.Дгийн амыг нь дарж доош суулгаад, хутгаар дүрнэ шүү гэх зэргээр айлган хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн I Phone 5s загварын гар утас, биет 47.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, 197.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны орчим иргэн Д.Тын араас ам, хамар, хүзүү, хоолойноос дараад, гэдэс рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, Samsung Note 8 загварын rap утсыг хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орчим иргэн А.Эийн араас хүзүүдэж, орилох юм бол ална шүү гэх зэргээр айлган хүч хэрэглэхээр заналхийлж, дэлгүүрээс худалдан авсан тортой бэлэн гоймон, тамхи, ундаа, хөзөр, биет 15.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, 34.700 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т, Ц.М, М.Ж нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 80 дугаар байрны орчим иргэн Р.Бг унагааж, амыг нь дарж байгаад халаасыг нь ухах зэргээр хүч хэрэглэн Samsung А7 загварын гар утас, биеийн тамирын хувцас бүхий үүргэвч, усны сав зэргийг хууль бусаар авч, 263.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ачлал их дэлгүүрийн ар талын явган хүний шатны орчим иргэн Б.Бг боож, хүч хэрэглэн Samsung J7 загварын гар утас, биет 200.000 төгрөгтэй түрийвч, гоо сайхны хэрэгсэл эд зүйл бүхий цүнхийг хууль бусаар авч, 853.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хашчулуун сауны орчим иргэн Б.Уыг хавсарч унаган, гар хөлөөрөө цохиж, хүч  хэрэглэн I Phone 7 загварын гар утас, биет 58.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, 959.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Р.Бгийн “...3 хүн ирж байснаа урдуур хэрж орж ирээд нэг нь унагаагаад ам дарж байгаад нэг нь халаас ухаад миний гар утас, үүргэвч дотор байсан бэлтгэлийн хувцас, усны сав, пүүз, бээлий гэх зэрэг зүйлс байсныг авсан. ...” /1хх 14/,

хохирогч Б.Дгийн “...тэгээд эргээд хартал нэг залуу миний хойноос хоолой боогоод харин нөгөө нэг залуу нь сонинд хутга ороогоод барьчихсан, цүнх гар утсаа өг, орилж, чарлах юм бол хутгаар дүрнэ шүү гэж хэлэхээр нь би айсандаа цүнхээ өгөөд би жирэмсэн, надад байгаа зүйлийг ав гээд цүнхээ өгөхөд миний цүнхийг уудлаад дотроос нь I Phone 5 маркийн гар утас аваад утасныхаа кодыг хэл гээд түрийвчинд байсан 47.000 төгрөгийг аваад явахдаа бид хоёрыг холдтол битгий хашхирч орилоорой гэсэн. ...” /1хх 122/,

насанд хүрээгүй хохирогч А.Эийн “...миний араас хоолойноос тэврээд авсан. Тэгснээ орилвол ална шүү, ...байгаа юмаа гаргаад ир гэж хэлэхээр нь байсан 15.000 төгрөг, ундаа, гоймон зэрэг зүйлсээ өгсөн. ...” /1хх 158/,

хохирогч Н.Бгийн “... Гэрэлт гудамжаар гараад ажил руугаа явж байтал араас 2 залуу цүнх шүүрээд 34 дүгээр байр руу зугтсан. ...” /1хх 192-193/,

хохирогч Д.Тын “...миний араас 2 хүн яваад байсан. Тэгээд хурдан хурдан алхаад явж байтал миний араас нэг залуу нь ам, хамар, хүзүү хоолойноос шууд дараад авсан. ...тэгэхээр нь айсандаа куртикны дотор талын халаасанд байсан нөүт-8 маркийн гар утсаа шидчихсэн. ...”  /1хх 227/,

хохирогч Б.Бгийн “...намайг өндөр залуу нь боогоод нэг нь хажуунаас юу юу авахыг нь хэлээд байсан. Тэгээд миний цүнхтэй эд зүйл болон халаасанд байсан гар утсыг маань аваад гүйгээд явсан. ... ” /2хх 23/,

хохирогч Б.Уын “...намайг зодоод байж байхад халаас ухаад байсан. Миний IPhone 7 plus маркийн гар утсыг авсан. ...куртикны дотор халаасанд байсан 58.000 төгрөгөө хэлж өгсөн. ...” /2хх 72/,

иргэний нэхэмжлэгч Б.Бын “...намайг тухайн гар утсыг аваад удаагүй байхад цагдаагаас над руу яриад гэмт хэргийн аргаар олж авсан утас байна гэж хэлсэн. ...тэгээд нөгөө хохирогч залууд хүлээлгэн өгсөн. ...” /2хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

Түүнчлэн шүүгдэгч Б.Т, Ц.М, М.Ж нарын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4, 115, 147, 220, 2хх 10, 2хх 68/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 5, 116, 148, 185, 221, 2хх 11/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 29-30, 127-129, 164-166, 201-203, 235-237, 2хх 32, 2хх 40, 2хх 86-87/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 12-14/, эд зүйлс хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 76/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Ж, Б.Т, Ц.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Ж, Б.Т, Ц.М нар нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Бгийн “...Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч, мөн давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг төлсөн боловч хохирлоо бүрэн гүйцэт барагдуулаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Т, Ц.М нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг багасгасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргээс гадна шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т, Ц.М нар “...ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Т, Ц.М нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т хохирогч Б.Бд 284.333 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Эд 17.350 төгрөг, хохирогч Л.Болормаад 87.666 төгрөг, хохирогч Б.Дд 98.500 төгрөг, хохирогч Н.Бд 300.000 төгрөг, хохирогч Д.Тд 400.000 төгрөг, хохирогч Б.Уад 319.666 төгрөг төлсөн болохыг, шүүгдэгч М.Ж нь иргэний нэхэмжлэгч М.Бямбажавт 166.000 төгрөг, хохирогч Б.Бд 67.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ж, Ц.М нарыг бусдад төлөх төлбөргүй хэмээн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг буруу тооцсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шүүгдэгч М.Ж тус шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч М.Бямбажавт 166.000 төгрөг, хохирогч Б.Бд 67.000 төгрөг тус тус төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин шүүгдэгч Ц.Маас нийт 366.666 төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч М.Бямбажавт 166.666 төгрөг, хохирогч Д.Тд 200.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Тгээс 166.666 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Бямбажавт 166.666 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.  

Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.М нарыг 2 жил 6 сарын хорих ял, ...” гэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.М нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,   

8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Маас 366.666 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Бд 166.666, хохирогч Д.Тд 200.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Тгээс 166.666 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Бямбажавт 166.666 төгрөгийг тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Т хохирогч Б.Бд 284.333 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Эд 17.350 төгрөг, хохирогч Л.Болормаад 87.666 төгрөг, хохирогч Б.Дд 98.500 төгрөг, хохирогч Н.Бд 300.000 төгрөг, хохирогч Д.Тд 400.000 төгрөг, хохирогч Б.Уад 319.666 төгрөг төлсөн болохыг, шүүгдэгч М.Ж нь иргэний нэхэмжлэгч М.Бямбажавт 166.000 төгрөг, хохирогч Б.Бд 67.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХ-БАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

                                                                                                                                                

                                 ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ