Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0658

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.Ж*** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э***,

Хариуцагч: Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан чиглэлийн ахлах офицер, хошууч Б.Б*** нарын хоорондын “Мөнгөн урамшуулал олгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц*** нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ж*** нь Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан “Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох” шийдвэр гаргахыг даалгуулах"-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Т.Ж*** нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эргүүлийн офицероор, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдсон.

Улмаар нэхэмжлэгч Т.Ж***-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 28/1521 дүгээр албан бичгээр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Ч-т хандан “...цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг хуулийн дагуу олгож өгнө үү” гэх хүсэлтийг уламжлуулан гаргасныг Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр “...Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшил олгох тухай тусгагдаагүй ба алба хаагчдын эрх зүйн байдлыг сайжруулах үүднээс уг урамшууллыг олгуулахаар Дотоодын цэргийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хууль батлагдсан тохиолдолд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэе” хэмээн хариу өгчээ.

3. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан гомдол гаргасныг Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5б/3643 дугаар албан бичгээр “...Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэж заасан. Та Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” хэмээн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие Н овгийн Т овогтой Ж Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын харуулын даргаар ажиллаж байгаа ба цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.

...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гэрээт хэсэг байгуулах, орон тоо батлах тухай Б/179 дүгээр тушаалаар тус Цагдаагийн газрын бүтцэд “Цагааннуур” чөлөөт бүсийн хамгаалалтыг зохион байгуулах үүрэг бүхий “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг” анх байгуулагдсан ба 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн Газрын 281 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны МН/08 дугаар тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/492, Б/493, Дотоодын цэргийн командлагчийн Б/01, Б/03 дугаар тушаал бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Дотоодын цэрэгт шилжин ажиллах болсон талаар бүх тушаал шийдвэрүүд гарч олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг нь Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа нэрээр байгуулагдсан.

Тусгай салбарын хамгаалалтад байгаа Чөлөөт бүс нь Монгол Улсын баруун хойд хэсэгт тус аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Цагаануур тосгоны төвд Улаанбаатар хотоос 1705 км, аймгийн төвөөс 70 км, улсын хилээс дотогш 28 км зайд оршдог.

Миний бие Дотоодын цэргийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Дотоодын цэргийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж зохицуулсан бол Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгоно...” гэж зохицуулсан ба Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-т Дотоодын цэргийн үндсэн чиг үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд эдгээр чиг үүргүүд Цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгт мөн адил хамаарч байгаа тул миний бие дээрх хууль тогтоомжид заасан урамшууллыг авах эрхтэй байна.

Уг асуудлаар Дотоодын цэргийн штабт хандахад Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоотоор “Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох тухай тусгагдаагүй байх тул...” гэх үндэслэлээр татгалзсан хариу өгсөн.

Тус шийдвэрт Дотоодын цэргийн штабын дээд байгууллага болох Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр гомдлыг хангахаас татгалзжээ.

Иймд Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоотоор өгсөн хариу Цагдаагийн албаны тухай хууль болон Дотоодын цэргийн тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байх тул хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг олгох шийдвэрийг гаргахыг даалгаж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Т.Ж*** нь цагдаа, цэргийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цагдаагийн байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтцэд өөрчлөлт орсноор Баян-Өлгий аймаг дах хамгаалалтын чөлөөлт бүсийг хамгаалах тусгай салаанд ажиллаж байгаа. Тус чөлөөт бүс нь Монгол Улсын баруун хойд хэсэг, аймгийн төвөөс 70 км, улсын хилээс 28 км зайд байрладаг. Дотоодын цэргийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Дотоодын цэргийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж зааснаар Дотоодын цэргийн тухай хуульд заагаагүй асуудлуудыг дээрх хууль тогтоомжоор зохицуулна гэсэн байгаа юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална”, мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байгаа юм. Тэгэхээр цагдаагийн албан хаагчид өгч байгаа эдийн засгийн баталгаа болох 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгох энэ зохицуулалт Т.Ж***-д хамаарч байгаа юм. Энэ мөнгөн урамшууллыг авах талаар Дотоодын цэргийн штабт удаа дараа хандсан боловч  2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 2-02/722 дугаар албан бичгээр “Дотоодын цэргийн тухай хуулиар энэ мөнгөн урамшууллын талаар тусгагдаагүй байна” гэдэг үндэслэлээр мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан хариу өгсөн байдаг. Энэ татгалзлыг хууль бус гэж үзэж байна. Дотоодын цэргийн тухай хуульд энэ талаар тусгасан бол мөнгөн урамшууллыг олгоно, хуульд заагаагүй байгаа тул олгох боломжгүй гэсэн агуулгатай хариу байсан. Гэтэл Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Энэ хуулийг хэрэглэхгүй байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс тухайн хууль бус татгалзлыг хүчингүй болгож, хуульд заасан албан хаагчийн баталгаа болох аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалингийн хэмжээг олгох энэ шийдвэрийг гаргуулахыг даалгаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна” гэж заасан. Мөн хуульд дотоодын цэргийн төсвийг цагдаагийн газрын төв байгууллага хариуцна гэсэн заалт байдаг. Тус хуульд заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн Газар батлах бөгөөд Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор “Цагдаагийн албан хаагчдад мөнгөн урамшуулах олгох журам”-ыг баталж өгсөн байдаг. Цагдаагийн төв байгууллага руу Цагдаагийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан цагдаагийн албан хаагчийн эдлэх баталгааг дотоодын цэргийн албан хаагч эдлэх боломжтой эсэх талаар албан бичиг илгээж байсан. Гэтэл Засгийн газрын баталсан энэ журамд “дотоодын цэргийн албан хаагч гэж байхгүй зөвхөн цагдаагийн албан хаагчид олгоно” гэсэн хариу ирсэн. Дотоодын цэргийн тухай хуульд энэ талаар нэмэлт өөрчлөлт орохоор хуулийн төслөө боловсруулж Улсын Их хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байгаа. Тэгэхээр одоогоор бол дотоодын цэргийн албан хаагчдад энэ мөнгөн урамшууллыг олгох боломжгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/42 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Тус ажлын хэсгээс Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг бэлтгэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон прокурорын байгууллагаас холбогдох саналыг авч, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн.

Хуулийн төсөлд “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох”-оор тусгасан. Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь төсөв захирагч биш бөгөөд ахмад Т.Ж***-д хүргүүлсэн хүсэлтийн хариу захирамжлалын баримт бичиг биш юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Т.Ж***-аас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ” хэмээн заасны дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгоно” гэж зохицуулалт нэхэмжлэгчид хамаарна.

2. Хариуцагчаас Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мөнгөн урамшууллыг олгохоос татгалзсан нь Дотоодын цэргийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 36 дугаар зүйлийн 36.1-т заасныг тус тус зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Т.Ж***- нь анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 539 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтад суралцан, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч цолтой Нийслэлийн Цагдаагийн газарт хуваарилагдан цагдаагийн бүрэлдэхүүнд орж ажиллах болсон. Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс цагдаагаар томилсон.

Улмаар цагдаагийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эргүүлийн офицероор, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар тус тус томилогдон ажиллаж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 27-08/1012 дугаар лавлагаа холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч Т.Ж***-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраар уламжлуулан 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Ч-т хандан “...цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг хуулийн дагуу олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр “...Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшил олгох тухай тусгагдаагүй ба алба хаагчдын эрх зүйн байдлыг сайжруулах үүднээс уг урамшууллыг олгуулахаар Дотоодын цэргийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хууль батлагдсан тохиолдолд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5б/3643 дугаар албан бичгээр “...Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэж заасан. Та Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байнахэмээн татгалзсан  хариуг өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Ж***-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн болон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн  “Алба хаагчийн тэтгэмжийн талаар” хүсэлт,  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 28/1521 дүгээр, Дотоодын цэргийн штабын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар болон Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5б/3643 дугаар албан бичгүүд болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4.  Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн”, 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” хэмээн,

Дотоодын цэргийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дотоодын цэргийн /цаашид "Дотоодын цэрэг" гэх/ тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб /цаашид "штаб" гэх/, анги, салбараас бүрдэнэ”, 7.2-т “Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна”, 36 дугаар зүйлийн 36.1-т “Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ хэмээн,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ хэмээн, 16 дугаар зүйлийн 16.4.5-т “агентлагийн дарга тус агентлагийн төсвийн” шууд захирагч байна хэмээн, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” үүрэгтэй хэмээн тус тус хуульчилсан бөгөөд,

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 1-т “Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан мөнгөн урамшил (цаашид “мөнгөн урамшил” гэх) олгоход энэхүү журмыг баримтална”, 2 Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй” хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” хэмээн тус тус заажээ.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, хэдийгээр нэхэмжлэгч Т.Ж*** Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заагдсан “улсын онц чухал обьект” болох Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар ажиллаж буй нь түүнд Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасан дагуу Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил хамаарах үндсийг бүрдүүлж буй хэдий ч нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргыг тодорхойлсон. Үүнтэй холбогдуулан шүүхээс хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх асуудлыг тодруулах үүднээс 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4978 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн дагуу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “Бүрдүүлбэр хангах тухай” нэхэмжлэлд “Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга” тус асуудлыг шийдвэрлэх албан тушаалтан мөн хэмээн хариуцагчийг тодорхойлж ирүүлсэн.

Улмаар шүүхээс хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тус асуудлыг тодруулахад өмгөөлөгчөөс мөн дээрх байдлаар хариуцагчийн тодорхойлж байгаа болохоо илэрхийлсэн бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5, 16.5.5-д тус тус зааснаар Дотоодын цэргийн командлагч нь дотоодын цэргийн төсвийн шууд захирагч болохын хувьд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрх, чиг үүрэгтэй тул маргаан бүхий үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч болох Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган даалгаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байх тул эл үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5, 16.5.5 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Ж***-аас Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох” шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА