Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2021/00134

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2021/00134

Дорноговь аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1964 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг, Зүлэгт уурхайчин гудамж 13 байр 11 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Түмэнжаргалын Нацагсүрэн /РД:ЕД64091077/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1992 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар баг, Сайн-Ус гэх газар оршин суух Саатан овогт Чинбатын Хатансүрэн /РД:ЕА92052318/-д холбогдох

3036 ДГО улсын дугаартай Марк-2 машины үнэ 1 500 000 төгрөг, шатахууны үнэ 360 000 төгрөг, нийт 1 860 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Нацагсүрэн, хариуцагч Ч.Хатансүрэн, гэрч Д.Ганхүү, Д.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Нацагсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Нацагсүрэн нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Аюушийн 613 тоотод оршин суугч Жамъянгийн Гэрэлдоржоос 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3036 ДГО улсын дугаартай цагаан өнгийн Марк-2 суудлын автомашиныг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. 2018 оны 02 дугаар сард манай сумын 1 дүгээр багийн иргэн Ичинхорлоогийн Гонгорсүрэн малчдын цагаан сараар Б.Хишиг-Од бид хоёр хөдөө явж ээж аавдаа шинэлчхээд ирье гээд унаад гуйж аваад явсан. Тэгээд миний машиныг унаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 01-нд намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад И.Гонгор надтай утсаар ярьж ахаа та хэзээ ирэх вэ? би Айраг суманд машиныг чинь найзындаа орхиод ирсэн гэж хэлсэн. Намайг очиход авч ирсэн байгаарай гэж би хэлсэн. Намайг Улаанбаатар хотоос 04 дугаар сарын 25-ны өдөр ирэхэд И.Гонгорсүрэн нь машины аваарт ороод нас барсан байсан. И.Гонгорсүрэнгийн ээж Долгорсүрэн гуай надтай 09 дүгээр сарын 16-нд надтай уулзаж миний хүү машиныг чинь унаж байгаад Айраг суманд найзындаа орхиод ирсэн гэсэн одоо яаж авч ирж өгдөг билээ гэж байсан. Тэгэхээр нь би үнэ өртгийг нь өгсөн болно гэхэд ямар ч байсан машиныг чинь юм уу өртөг үнийг нь өгч барагдуулна гэсэн. Гэтэл Даланжаргалан сумын Өнгөт багийн малчин Од гэдэг айлын гадаа байна гэж сонсоод авах гэж Сайншанд сумын 8 дугаар багийн Мааньзавын 1-55 тоот хаягт оршин суугч Л.Үржинбадам /РД:ЕЮ59081014/, Утас: 88609245 гуйж хөлсөндөө 100,000 төгрөг АИ-91 бинзен өгөөд Од гэдэг айлд очсон боловч миний машины урд талын хөндлөн тэнхлэгийг нь хүн аваад явсан байсан тул машинаа авч чадаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 27-нд мөн Л.Үржинбадамыг хөлслөн Одынд очсон чинь миний машины мотор, хроп, бөгсийг нь Айраг сумын Сайн-Ус багийн малчин Ч.Хатансүрэн гэдэг малчин энэ машиныг би аль хэдийнээ худалдаж авсан гэж хэлээд 2020 оны 09 дүгээр сарын 23-нд мотор, хроп бөгсийг нь тайлж аваад явсан байсан. Иймд Айраг сумын Сайн-Ус багийн малчин Ч.Хатансүрэн гэдэг хүнээс машины үнэ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/, шатахууны үнэ 360,000 төгрөг /гурван зуун жаран мянган төгрөг/, нийт 1,860,000 төгрөгийг Ч.Хатансүрэнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Нацагсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Гэрэлдорж гэдэг хүнээс марк-2 автомашиныг худалдаж авсан. 2017 онд манай сумын иргэн Гонгорсүрэн, Хишиг-Од 2 надаас цагаан сарын үеэр шинэлгээнд явчхаад ирье автомашинаа түр хэрэглүүлээч гэж гуйгаад авч явсан. Би өөрөө 2 жижиг автомашинтай байсан тул марк-2 машинаа унадаггүй байсан. Бие муутай эмнэлгийн хяналтад байдаг. 7 дугаар сард Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад Гонгорсүрэн над руу утсаар ярихдаа ахаа би автомашиныг чинь унаж явж байгаад Айраг суманд орхичихсон буцаж очоод авна. Таны бие гайгүй юу? гэж асуухад нь би тэгээ тэг би эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Надтай ярьсных нь маргааш билүү нөгөөдөр Гонгорсүрэн нь нас барсан байсан. Гонгорсүрэнгийн ээжээс асууж машиныхаа сургийг Айраг суманд айлын гадаа байгаа сургийг сонссон. Үржинбадам гэх хүнийг гуйж авто машинаа чирэх гээд очиход айлын гадаа байсан. Айл нь 1 дугуй нь хагарсан, хөндлөн тэнхлэгийн төмөр хугарсан гэж хэлсэн. Автомашин маань Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас зүүн тал руу айлын гадаа байсан. Чирэх боломжгүй эд ангиудыг нь тоночихсон байсан учир чирэх боломжгүй болохоор орхиод ирсэн. 2020 оны 09 дүгээр сард ирээд буцахдаа өргөдөг тайл тавиулж, Дашваанжил шатахуун түгээх газрын бонго пронтерт машинд ачаад аваад ир гээд Үржинбадамыг явуулсан. Ирэхдээ ихэнх эд ангиудыг нь тоночихсон байна. Авах юм алга гэж хэлсэн. Надад автомашиныхаа төлбөрийг нэхэмжлэхээс өөр арга алга.” гэжээ.

Хариуцагч Ч.Хатансүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чинбат овогтой Хатансүрэн би 2018 оны 04 дүгээр сарын эхээр Гонгорсүрэн гэдэг хүнээс Марк-2 маркийн 3036 ДГА гэсэн автомашиныг 900,000 төгрөгөөр худалдан авсан. Машиныхаа мөнгийг Гонгорсүрэнд бэлнээр өгсөн. Энэ үед Гонгорсүрэнгийн найзууд болох Ганхүү, Лхагвасүрэн хоёр хамт байсан бөгөөд намайг бэлэн мөнгөөр өгснийг гэрчилнэ. Гонгорсүрэн Машиныхаа бичиг баримтыг шилжүүлж  өгнө удахгүй гэж хэлчхээд алга болсон бөгөөд удалгүй нас барсан байсан. Тийм учраас одоог хүртэл машины бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж чадаагүй. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гонгорын ээж Долгорсүрэн гэдэг хүнтэй утсаар ярихад Нацагдорж гэдэг хүнтэй би ерөөсөө таараагүй, уулзаагүй, машины талаар амаар ярьсан юм байхгүй ээ, наад хүн чинь худлаа ярьж байна” гэж хэлсэн. Энэ нь нэхэмжлэгч Нацагдоржийн Долгорсүрэнтэй уулзаж машиныг нь унаж байгаад Айраг суманд орхиод ирсэн гэж бичсэнийг худал гэдгийг харуулж байна. Нацагдорж нь Долгорсүрэнд “Машиныг авсан хүн үнэн гэсэн бичиг хийгээд паспортоо канондуулаад өгчих. Би 2 сая төгрөг нэхэмжилчихье гэж ятгасан байна. Мөн 2018 оны 10 дугаар сар хавьцаа миний ээжийн дүүгээс “энэ машиныг би худалдаж авъя” гэж утсаар ярьсан байсан. Харин дараа нь мөнгө нэхэмжилсэн байна. Энэ бүгдээс үндэслээд Хатансүрэн миний бие уг машиныг бэлэн мөнгөөр нь шударгаар авсан бөгөөд нас барсан хүнээр далимдуулж надаас мөнгө нэхэмжилж байна гэж үзээд төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагч Ч.Хатансүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа автомашиныг Гонгорсүрэн гэдэг хүнээс 2018 оны 04 дүгээр сард бэлэн 900.000 төгрөгөөр Ганхүүгийнд байхад нь худалдаж авсан. Гонгорсүрэн нь надаас мөнгөө авч явахдаа автомашины гэрчилгээг надаас ах нь чиний нэр дээр солиулаад өгье гэж хэлээд авч явсан. Одоо бичиг баримт нь Т.Нацагсүрэнгийн нэр дээр байгаа. Т.Нацагсүрэнг Улаанбаатар хотоос ирэхээр нь бичиг баримтыг нь шилжүүлээд шуудангаар явуулаад өгье гэж хэлсэн. Түүнээс хойш сураггүй болсон.Тэгээд сураггүй болсон. Автомашин нь болж өгөхгүй байсан. 7 сард Гонгорсүрэнтэй холбогдоход нас барсан байсан. Түүнээс хойш автомашиныг унаж, ашиглаагүй” гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Нацагсүрэн нь Ч.Хатансүрэнд холбогдуулан 30-36 ДГО улсын дугаартай Марк-2 автомашины үнэ 1,500,000 төгрөг, шатахууны үнэ 360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч автомашиныг И.Гонгорсүрэн худалдан авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан байна.

Түүнчлэн Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт “... хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор ... аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.” гэж, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын  2.2 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна: 2.2.2.өмчлөгчийн бүртгэл”, 5.1 дэх хэсэгт “Өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэнэ.” гэж тус тус заасан байна.

Дээрхээс үзэхэд автомашины өмчлөлийг шилжүүлэхэд талуудын тохиролцооноос гадна тус өөрчлөлтийг хууль тогтоомжид заасан шаардлагыг хангуулан улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шилжсэнд тооцох хуулийн зохицуулалттай байна. Харин Ч.Хатансүрэн нь И.Гонгорсүрэнгээс автомашиныг худалдан авахдаа худалдах худалдан авах гэрээг журамжд зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй, түүнчлэн тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Ч.Хатансүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...автомашиныг И.Гонгорсүрэнгээс 900,000 төгрөгөөр худалдаж авсан. ... И.Гонгорсүрэн ах нь Т.Нацагсүрэнг Улаанбаатар хотоос ирэхээр нь машины бичиг баримтыг чиний нэр дээр шилжүүлээд өгье гэж хэлсэн. ...машин Т.Нацагсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байсныг мэдэж байсан. ... байнга ирж уулздаг болохоор итгэсэн.” гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасан байх ба Ч.Хатансүрэн, И.Гонгорсүрэн нар нь автомашиныг шилжүүлэхдээ Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 5.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж шинэ өмчлөгчийг тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлд бүртгүүлээгүй, И.Гонгорсүрэн нь Т.Нацагсүрэнгийн зөвшөөрөлтэйгөөр хэлцлийг хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн гэрч Лхагвасүрэн, Ганхүү нар шүүх хуралдаанд Ч.Хатансүрэн И.Гонгорсүрэнд 900,000 төгрөг төлж автомашиныг авахыг харсан, ... тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлийн талаар мэдээгүй гэж мэдүүлжээ. Гэрчийн мэдүүлгүүд нь 900,000 төгрөгийг И.Гонгорсүрэнд өгсөн болохыг нотлох боловч гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Ч.Хатансүрэн болон И.Гонгорсүрэн нарын хооронд байгуулсан 30-36 ДГО улсын дугаартай Марк-2 автомашин худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзлээ. 

Дээрх үндэслэл болон хэрэгт авагдсан 30-36 ДГО улсын дугаартай Марк-2 автомашины Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд (х-11) Т.Нацагсүрэнгийн нэр бүртгэлтэй байх тул уг автомашиныг Т.Нацагсүрэнгийн өмчлөлийн автомашин гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.”, 495.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.

Ч.Хатансүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан “автомашиныг 2018 оны 04 дүгээр сард авсанаас хойшхи мотор, 4 дугуй, 2 цаап болон бусад эд ангиуд нь байхгүй болсон, ерөнхийдөө машины раам л байгаа” гэх тайлбар, гэрч Л.Үржинбадамын “... 2020 оны 09 сард яваад очиход моторын тос, аржатар гээд бас бус юмнуудыг тайлж аваад явсан байсан, би тухайн машиныг ачих гэж очсон боловч явах нөхцөлгүй болгосон байсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд автомашины чухал эд ангийг салгаж ашигласан, зах зээлийн үнэлгээгээ буурсан, сэргээн засах боломжгүй буюу өндөр зардал гарахаар байх тул автомашины үнийг Т.Нацагсүрэн шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 30-36 ДГО улсын дугаартай Марк-2 автомашины үнэ 1,500,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 1000762 дугаартай дүгнэлтээр уг автомашиныг 800,000 төгрөгөөр үнэлжээ. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үнэлгээний хандлага, арга зүй, мэдээллийн эх сурвалжийг ашиглаж үндэслэлтэй гарсан байх ба талууд дүгнэлтийн талаар маргаагүй.

Дээрхээс үзэхэд Ч.Хатансүрэн нь эрх бүхий этгээдээс автомашиныг худалдаж аваагүй, автомашины эд ангийг салгаж ашигласнаас хэвийн ажиллах боломжгүй болгосон ба сэргээн засахад өндөр зардал гарахаар байгаа, түүний энэхүү үйлдэл нь зөрчлийн шинжгүй байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт зааснаар Т.Нацагсүрэн автоашины үнэ 800,000 төгрөгийг Ч.Хатансүрэнгээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шатахууны үнэ 360,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” гэж, 38 дугаар зүйлийн  38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гэрч Л.Үржинбадам нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тайлбартаа “... Би Т.Нацагсүрэнгээс 2 удаагийн явалтаар 360,000 төгрөг авсан” гэх боловч 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ тус үйл баримтын талаар мэдүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр Т.Нацагсүрэнгийн нэхэмжлэлээс 800,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх үлдэх 1,060,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Хатансүрэнгээс 800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Нацагсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,060,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ГОНЧИГСУМЛАА