Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/552

 

 

 

 

 

 

 

    2024         05          29                                   2024/ШЦТ/552

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Х.Д, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

хохирогч Н.Б., түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

иргэний хариуцагч “С.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.А., түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Номуундарь,

шүүгдэгч буюу шүүгдэгч “Ц.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.А., түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нар оролцсон эрүүгийн 1709024971210 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1/ Т. овогт П.ийн А.

Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ц.” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр ялаар шийтгэгдэж байсан.

2/ “Ц.” ХХК /.../

Монгол Улсын хуулийн этгээд, 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, П.А. гүйцэтгэх захиралтай, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин байрлах хаягтай, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээ 3 жилийн хугацаагаар олгогдсон, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч П.А. нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалж, 2017 оны 01, 04 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолсон,

шүүгдэгч “Ц.” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг гүйцэтгэх захирал П.А. 2017 оны 01, 04 дүгээр саруудад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшинд хадгалан, тээвэрлэн, импортлон оруулж ирснийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Э., 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О.”, 2017 оны 05 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “С.” зэрэг эмнэлгүүдэд худалдан түгээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хоёр хохирогчид ийм зүйл болсонд харамсч байна. Хоёр хохирогчийг Авастин тарианаас болсон гэж байна. Авастин тарианаас болсон бол өмнө нь 4, 5 удаа хийлгэчихээд 5 дахь дээрээ ийм зүйл болдог юм. Би тарианаас болоогүй гэж үзэж байна. Авастин тариа 8 ширхэгийг оруулж ирж, 3 эмнэлэгт өгсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 ширхэг, “О.” эмнэлэгт 4 ширхэг өгсөн боловч "С." эмнэлэгт хэрэг болсон учир “О.” эмнэлэгт өгсөн байсан нэг ширхэг тариаг "С." эмнэлэгт өгсөн. “О.” эмнэлгийн 3 тарианы мөнгийг аваагүй. Э., "С." эмнэлэгт тараасан тарианы мөнгийг бол авсан...” гэв.

Хохирогч Х.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие нас 78. Хүний эх эмч мэргэжилтэй. Хан-Уул дүүрэгт амьдардаг. 2017 оны 06 дугаар сарын 09-нд анх баруун нүдний хараанд өөрчлөлт орж, нүдний төрөлжсөн хувийн хэвшлийн “С.” эмнэлэгт үзүүлж, оношоо тодруулсан. Эмч нарт үзүүлж, үзлэг шинжилгээг хийлгэж, өвчний онош бол насжилтын шар толбоны сөнөрөл гэсэн оноштой гарсан. Энэ өвчнийг эмчлэх үндсэн эмчилгээ байхгүй. Өвчний явцыг цааш удаашруулахгүй, тэр хэвэнд байлгах хоёр янзын тариа байна. Авастин, лусенц гэсэн хоёр тариа байна. Энэнээс авастин тариаг хийлгэхээр болж сонгосон. Авастин тариа хүлээлгэтэй байсан учир 06 дугаар сарын 22-нд анхны тариаг хийлгэсэн. Тодорхой хугацаанд тарианы үр дүнг ажиглах, сарын дараа ирэх болж, 5 дахь тариаг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн. Маргааш нь хяналтын үзлэг гэж хийдэг. Тарианы өвдөлт, хүндрэл байна уу гэж. Хяналтын үзлэгээр бусад тарианаас арай илүү өвдөлттэй, зовиуртай байсан. Ямар шинж байгаа талаар хэлэхэд өвдөлтийг таниагүй. Нүдний вирусдсэн халдвар байна гэж хэлээд эм бичиж өгсөн. Тэр өдрийнхөө үдээс хойш нүдэнд хар юм хөвж эхэлсэн. Ажлын цаг тарсан байсан учир унтаад, шөнө нь сэрэхэд баруун нүд юм харахгүй байсан. Харанхуй шөнө юу ч хийгээгүй. Өглөө нь хүүхдүүдийн хамт эмнэлэг дээр ирсэн. Надаас өөр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тариа хийлгэсэн 3 хүн хараагүй болсон байсан. Тэр өдрөө мэс засалд оруулсан. Мэс заслын гол зорилго бол уг халдварыг цааш тархаахгүй байх байсан. Тарианаас болж нүдний цөцгий идээлж, хараагүй болсон. Үүнийг тархи руу тархаахгүй зорилготой мэс засал хийлгэсэн. Тэр тариаг "С." эмнэлэг хурдан хийсэн. 12 хоног эмчлүүлж байгаад гарсан. 12 хоногт юм харахгүй хэвээрээ байсан. Халдвар тархаагүй учир гэрийн хяналтад гаргасан. Тодорхой хугацаанд гэрийн хяналтад байж өдийг хүрсэн. Энэ алдааг дахин давтахгүй байлгах үүднээс өөрийнхөө өргөдлийг өгсөн. 4 хүнийг 12 хоног эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хагалгаагаар хараа сэргэхгүй. Нүдний цөцгийг авсан. Одоо бол тос шахуулсан байгаа. Эмнэлэгт хэвтсэн зардлыг эмнэлгээс даасан. Тархи руу орсон бол амь насны асуудал байсан. Эмчилгээгээр хараа сайжраагүй. Насан туршдаа хараагүй болсон. Тодорхой хугацаанд үзүүлж байсан. Доторх эд эс үхсэн учир хараа сэргэхгүй. Өвдөх зовиур их байгаа. Зовхинд жижиг зүйл ороход ямар байдаг билээ. Өдөр болгон өвчин намдаагч уудаг. Сэтгэл санаа хэцүү, үхэл л бодогддог. Гэртээ их уйлдаг. Гэнэтийн зүйл байвал эрт үхье гэж боддог. Хараагүй учир эмнэлэгт үзүүлээд хэрэггүй. Насандаа хараагүй болсон учир харамсаж байгаа. Нөгөө нүд хараа муудаж байгаа. Хос эрхтэн учир муудаж байгаа. 0,3% харагдаж байгаа. Сэтгэл санаагаар их унаж байна. Хийх эмчилгээ байхгүй ч хааяа тариа хийлгэж байгаа. Эд хөрөнгийг эвдсэн бол засаж хохиролгүй болгодог. Анагаах ухаан хөгжсөн бол нүд хийлгэж, нүдээ эргүүлж авмаар байна. Тийм боломж алга. Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Би 7 жил энэ хэргийн араас явж байна. Үнэн зөвөөр шийдэж, зөв шийдвэр гараасай гэж хүсэж байна...” гэв.

Хохирогч Н.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сард зүүн нүд бүрэлзэж, харахаа больж, нүдний эмнэлгээр их явсан. “А.” эмнэлэгт очиж үзүүлэхэд Улсын 3 дугаар эмнэлэгт хэвтэх заалттай яаралтай бичиг бичиж өгсөн. 3 дугаар эмнэлгийн эмч зүүн нүдийг маань үзээд, асуудалтай байна гээд “С.” эмнэлгийг зааж өгөөд явуулж байсан. “С.” эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдэндээ торлогийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Баруун талын нүд гайгүй байсан. Нүдэнд лазерын эмчилгээ хийлгэх, тариа тариулах шаардлагатай гэсэн. 2017 оны 02 дугаар сард зүүн нүдэндээ торлогийн хагалгаа хийлгэж, хэвтрийн дэглэм сахиж байхад баруун нүд зүүн нүд шиг бүрэлзэж, хараа муудсан. Хагалгаа хийлгэх гэхээр мөнгө болохгүй байсан. Баруун нүдний хагалгааны мөнгө гээд их гарсан байсан. 2017 оны 10 дугаар сар хүртэл баруун нүдэндээ эмчилгээ хийлгэж, зүүн нүдэндээ эмчийн заавраар эмчилгээ хийлгэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хагалгаа хийлгэсэн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр давтан үзлэг хийлгэсэн. Баруун нүд муудаж, зүүн шигээ тодрохгүй байсан. Би энэ тариаг тариулах шаардлагагүй байсан гэж үздэг. Эмчтэйгээ зөвлөлдөж тариагаа тариулсан. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тариаг вирустай гэж мэдэж, хагалгаанд орж, 12 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шөнөжин миний нүд өвдсөн. Хагалгааны дараах өвдөлт гэж бодож, гэртээ өвчин намдаагч уусан. Вирустай тариа тариулснаас хойш баруун нүд огт юм харахгүй байгаа. Тод хурц гэрэл мэдэрч байгаа. Эмнэлэгт үзүүлэхээр хараа сэргэхгүй гэсэн тайлбар өгсөн. Тариулснаас хойшхи зардлыг "С." эмнэлэг гаргасан. Бензины мөнгө 694.490 төгрөг. Хэвтэн эмчлүүлж байхдаа байнга наашаа, цаашаа явж байсан. Сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, эм, тарианы мөнгө 1,119,400 төгрөг нэхэмжилж байгаа. Тариа тариагүй байсан бол миний хараа сэргэх байсан гэж бодож байгаа. Зүүн талын нүд хагалгаа хийлгэсэн. Тариа хийсэн баруун нүд байнга өвдөж, өвчин намдаагч ууж, нулимс хийж байгаа. Ажил хийх боломж байхгүй. Группт орсон. Гадагшаа эмчилгээ хийлгэе гэсэн ч өнгөрсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 09, 10-ны  өдөр болсон. Түүнээс өмнө тарилга худалдаж авсан зүйлийг товч тайлбарлаж хэлье. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 7 хагалгааны 4 хагалгаа нь болорын мэс засал буюу нүдний бөөрөнхий алимыг нээх мэс засал П.Д., Х.Д. нар дээр байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6 хагалгаанаас Н.Б., С.М. нар тарилга хийлгэсэн. 09-ний өдөр болорын мэс заслыг би өөрөө хийсэн. 10-ны өдөр болорын 4 мэс заслыг мөн би өөрөө хийсэн. Нүдний алимыг нээж хийдэг нээлттэй хагалгаа байсан. Мөн сарын өмнө нүдний ханиадаар өвдсөн байсан учир эмч нь зөвлөгөө өгөөд явуулсан. Н.Б. болон нөгөө хоёр өвчтөн, Х.Д. нар ирэхэд адил эмнэл зүйн шинж илэрсэн учир эмч нарын зөвлөгөөн болж, яаралтай шийдвэрийг гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдвар тандалтын албанд эмнэлгийн дотоод тарилгатай холбоотой байж болзошгүй гэж албан бичгийг 11-ний орой явуулсан. 12-ны өглөө эмнэлгүүд рүү мөн албан бичиг явуулсан. Э., “Б.” эмнэлэг, “С.” эмнэлэг, “О.” эмнэлэг рүү албан бичгийг хүргүүлсэн байгаа. Мэргэжлийн хяналтын халдвар тандалтын баг шуурхай ажиллаж, эмнэлгээр явж, тарилгыг хурааж авсан. Хохирогчийн өмгөөлөгч хурал эхлэхийн өмнө хэлж байсан. “С.” эмнэлэг дээр бид нарын худалдаж авсан цорын ганц тариа байсан. Тэр тариа нээгдэж, 4 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал хийж, нянтай байж болох нүдний хөндийн шилэнцэрийг авсан. Хүчтэй хараа муутгаж байгаа эмгэг төрөгчийг ямар төрлийн эмгэг төрөгч болохыг заавал илрүүлэх шаардлагатай байсан учир “Гялс” төв рүү 4 өвчтөний мэс засал хийлгэсэн шилэнцэр болон тарилгын уусмал бүхий 5 сорьцыг явуулсан. 13-ны өдөр хариу гарсан. Органик тарилгад юу ч байх ёсгүй. Шингэн, эмийн бодис хоёр л байх ёстой. Үнэрт нүүрс устөрөгч гэдэг бол органик биетийн задарсан буюу өнгөт ураг, ховор эмгэг төрөгч гарсан. Нүдний гадны шалтгаант хүчтэй үүсгэгч байсан. Түүнийг тодорхойлж ямар антибиотик эмчилгээ хийх ёстой талаар шийдэх ёстой байсан учир шинжилгээнд явуулсан. П.А.ийн ярьж байгаа 4 тарианы 1 манайд зарагдсан байсан. 3 тарианы 2 тариаг “О.” эмнэлэг өмнөх 7 хоногт задалж 7-8 хүнд тариа хийж токсик шинж тэмдэг илэрсэн. Нийслэлийн прокурорт нүдний халдвар гарсан гэж 13-ны өдөр зохих хяналтын байгууллагад эмнэлгүүдээс өргөдөл өгсөн байсан. “О.” эмнэлэг рүү холбоо барихад тэдний тарилга болон манай тарилга нэг сериал байсан. Сериал бол эмийн үйлдвэрийн технологиор нэг агшин, нэг минутад, нэг ижил тунгаар савлагдсан эмийн бодисыг сериал гэж байгаа. Швейцарийн хэдэн тэрбумын эмийн хөрөнгөтэй том компани хэзээ ч хувь хүнтэй худалдаа наймаа хийхгүй. Том компани ч гэрээ хийдэггүй. П.А. ямар замаар олж авсан гэдгийг мэдэхгүй. Хувиараа авах боломж байхгүй. Хөгжлийн төвөөс ирүүлсэн албан бичигт 2003 оноос хойш авастин тариа бүртгэлээр оруулж ирж байгаагүй гэж хэрэгт байсан. Дор хаяж тухайн компанитай мэйл болон ямар нэгэн зүйлээр харьцана. Тийм зүйл нэг ч байхгүй. Мөн зөөвөрлөлт дээр ийм зүйл сахисан гэж амаар хэлж байгаа. Хөргөгч, хөлдөөгчтэй бол эмийн гаалиар орж ирэхгүй. Эм гаалиар тусгай эмийн савтай бол гар тээш байсан бол гаргаж ирээд ухдаг байх ёстой. Яаралтай үүсгэгчийн хариу ирсэн учир шилэнцэр солих болон болор солих мэс засал хийсэн. С.М., П.Д. хоёрын мэс заслыг би хийсэн. Тэр хоёр бол эдгээд орон нутаг руугаа явсан. Х.Д., Н.Б. нарын хувьд архаг явцтай, уруудах маягтай, барих эмчилгээ хийж байсан. Идээт үрэвсэл зогссон учир зөвлөгөө авч эмнэлгээс гарсан. Уруудах явцаар явсаар Н.Б. 03 дугаар сард өсөх хүртлээ хараа нэмэгдсэн. Карт дээр нь байгаа. Хоёр нүдний эмгэг аль аль хохирогчид байсан. Архаг явцад тариа цохилт болсон. Хөлөө хугалчихаад байхад дээрээс нь өшиглөсөнтэй адил зүйл болсон. Манай эмнэлгийн баг 12 хоногт өдөр, шөнөгүй ээлжилж, арга хэмжээ авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл өвчтөнийхөө төлөө төлбөр мөнгө аваагүй. Бид нар шууд буруутай биш ч өвчтөн нарыгаа энэрч хайрлах эмчийн ёс суртахуунаар ажиллаж байсан. Тухайн үед яаж ажиллаж байсан талаар хохирогч нар мэдэж байгаа. Идээт үрэвсэл үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд болон бид нарын сэтгэл зүйд нөлөөлсөн. Идээт үрэвслийг дарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар халдвар гарч үйл ажиллагаа зогссон. Өдөр болгон ариутгал хийж байсан. Халдвар хамгааллын шинжилгээгээр халдвартай гарсан гэж хэлдэг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан арчдас байсан. Үйл явц бол 2017 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдөр байсан. 7 хоногийн дараа авсан шинжилгээ байсан. Вакцин хийлгэж байхдаа ийм байсан гэж хэлдэг. Манайд бол шууд нүд рүү хийдэг тариаг байнга авч байгаа. 2000-3000 бэлдмэл ирдэг. Эм зүйч хүлээж авдаг. Ариутгасан орчинд хүлээж авдаггүй. Тусгай зөвшөөрөлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага гэрээний дагуу авсан. Эмнэлэг эмнэлгээсээ авдаггүй. Энгийн орчинд авсан. Жирийн ариутгалгүй, эм хадгалах өрөөнд авсан. Тэр эмийн бодис ариутгасан мэс заслын өрөөнд задарч байгаа. Мэс заслын өрөөнд орж, хайрцаг эвдэрч, хуруу шил шиг 4 мл ампул байгаа. Гэрээний дагуу зохих журмын дагуу авсан. Хайрцагтай зүйлийг шууд хүлээж авна. Хайрцагны бүрэн бүтэн байдлыг хардаг. Тусгай зөвшөөрөл зэргийг төрийн байгууллага шалгадаг. Гэрээ байгуулсан учир тариагаа хүлээж авсан. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан гэрээ байсан. Монгол Улсад зайлшгүй оруулах ёстой эмийн жагсаалт байгаа. Монгол Улсад зайлшгүй оруулж ирэх эмийн жагсаалт жил болгон хэвлэгдэж гарч ирдэг. 2014 оны 06 дугаар сард 7 дугаар жагсаалт дээр авастин тариа, лусенц тариа орсон. 2015 оны 07 дугаар сард өнчин эмийн жагсаалтад орсон. Сайдын тушаалтай. 2017 онд Эм импекс оруулж ирэх эрх авсан байсан. Журмын дагуу эмийг авсан. Манай байгууллага хэвийн горимоор үйл ажиллагаа явуулж байгаад гэнэтийн байдлаар өвчтөнтэйгөө адил манай эмнэлэг хохирсон. Гурван 7 хоног үйл ажиллагаа зогсож, үйлчилгээ үзүүлсэн. Торлогийн хагалгаа 6-7 сая төгрөг, болорын мэс засал 2-3 сая төгрөг гэх мэтээр хагалгаа хийсэн. Ажилтан нар маань өдөр шөнөгүй ээлжилж гарсан. Шууд болон шууд бус, эдийн болон эдийн бус хохирол давхар гарсан. Үйлчлүүлэгч нараа бид нар нэгт тавьсан. Гэм буруутай хүн хохирогч нарын нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Бид нар хангалттай тусламж үзүүлсэн, өнөөдрийг хүртэл үзүүлсэн...” гэв.

Эрүүгийн 1709024971210 дугаартай хэргээс:

Хохирогч Н.Б.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 248-250, 3-р хх-ийн 9, 18, 5-р хх-ийн 69/,

Хохирогч Х.Д.-ын мэдүүлэг /2-р хх-ийн 74-77, 3-р хх-ийн 17/,

Хохирогч Х.Д.-оос дахин авсан мэдүүлэг /5-р хх-ийн 68/,

Гэрч Л.А.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 236-237/,

Гэрч Ш.Э.-ийн мэдүүлэг /216-149/,

Гэрч Ч.О.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 232-233/,

Гэрч Х.Б.-ын мэдүүлэг /3-р хх-ийн 10/,

Гэрч Х.Б.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 127/,

Гэрч Г.Н.-ийн мэдүүлэг /6-р хх-ийн 3/,

Гэрч Д.О.-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 181/,

Гэрч Б.М.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 182/,

Гэрч Б.М.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 212/,

Гэрч Д.Д.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 184/,

Гэрч Д.Д.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 214/,

Холбогдогч С.У.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 36/,

Холбогдогч Б.Ү.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 38/,

Холбогдогч Б.Ү.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 64/,

Шинжээч эмч Б.А.-ын мэдүүлэг /6-р хх-ийн 23-24/,

Т.А.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 180/,

Т.А.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 211/,

Т.А.гийн мэдүүлэг /3-р хх-ийн 217-219/,

П.А.ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26-28/,

П.А.ийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 198-199/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5969 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 1/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 470 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 195-198/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт /5-р хх-ийн 73-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /5-р хх-ийн 105-108/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаартай дүгнэлт /6-р хх-ийн 149-155/,

Нүд судлалын салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 51-53/

Нүд судлалын салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ин 85-87/,

Нүд судлалын салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 164/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /1-р хх-ийн 49/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /1-р хх-ийн 193/,

Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /1-р хх-ийн 70/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж /2-р хх-ийн 234/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж /5-р хх-ийн 41-49/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1951 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /5-р хх-ийн 14/,

Хохирогч Н.Б.-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /3-р хх-ийн 12-14/,

Хохирогч Н.Б.-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /4-р хх-ийн 128-135/,

Хохирогч Н.Б.-ийн мэс заслын үед хэрэглэсэн эм тариа, эмнэлгийн хэрэгслийн төлбөр гэх баримт /4-р хх-ийн 54-55/,

Хохирогч Х.Д.-ын өвчний түүх /5-р хх-ийн 83-99/,

“О.” эмнэлгийн нүдний хөндийд Авастин тарих удирдамж /1-р хх-ийн 79/,

“Ц.” ХХК-ийн ХХ-15/23/0210 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1-р хх-ийн 32/,

“С.” эмнэлгийн тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээ /1-р хх-ийн 219/,

“С.” ХХК, “Ц.” ХХК нарын байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ /3-р хх-ийн 220-222/,

“С.” эмнэлгээс П.А.д төлбөр төлсөн баримт /1-р хх-ийн 220-222/,

“С.” эмнэлгийн кассын орлогын ордер /4-р хх-ийн 62-95/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-20/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 21-22/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 23-24/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 54-57/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 178/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1-р хх-ийн 200-201/,

Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 107-143/,

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /1-р хх-ийн 186-187/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /1-р хх-ийн 188/,

Иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 215-216/,

Эрүүл мэнд, спортын сайдын “Өнчин эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал /1-р хх-ийн 216-218/,

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан бичиг /2148/,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан бичиг, түүний хавсралт /5-р хх-ийн 128-186/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг /1-р хх-ийн 30/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт /5-р хх-ийн 190-54/,

“Ц.” ХХК-ийн зарлагын баримт /1-р хх-ийн 71/,

“Ц.” ХХК-ийн зарлагын баримт, мөнгө тушаасан баримт /1-р хх-ийн 220-222/,

Тендерийн үнийн санал /1-р хх-ийн 149-152/,

Аудитын тайлан /3-р хх-ийн 83-108/,

Э.-ээс Авастин эмний мөнгө төлсөн баримтууд /3-р хх-ийн 39, 6-р хх-ийн 4-8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч П.А. нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалж, 2017 оны 01, 04 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолсон,

шүүгдэгч “Ц.” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг гүйцэтгэх захирал П.А. 2017 оны 01, 04 дүгээр саруудад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшинд хадгалан, тээвэрлэн, импортлон оруулж ирснийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Э., 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О.”, 2017 оны 05 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “С.” зэрэг эмнэлгүүдэд худалдан түгээсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Н.Б.-ийн өгсөн: “...”С.” эмнэлэг дээр очиж үзүүлэхэд зүүн нүдэн дээр торлогийн хагалгаа хийнэ, баруун нүд чинь судасны үрэвсэлтэй байна, лазер хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Цусыг шимэгдүүлдэг тариа болох Авастин тариаг хийлгэсэн. Гэтэл уг тарианаас болоод миний нүдэнд халдвар ороод, баруун нүд үрэвсэж, сар бүр тариа хийлгэдэг болчихоод байна. ...Надад хийсэн тариаг “О.” эмнэлгээс худалдаж аваад хийчихсэн чинь вирустай байсан байна гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. 15.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-250, 3-р хх-ийн 9, 18, 5-р хх-ийн 69/,

Хохирогч Х.Д.-ын өгсөн: “...Миний баруун нүдний хараа алдагдсан, жаахан гэрэл мэдэрнэ. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. “С.” эмнэлгийн хяналтад нүдээ үзүүлж, тариаг өөрийнхөө баруун нүдэнд хийлгэсэн. Тариа хийлгэснээс хойш миний нүд огт харахаа больсон. Тухайн үед сар бүр тариа хийлгэдэг байсан. Миний харааны байдал хэвийн байсан боловч 5 дахь удаа очиж тариа хийлгээд, тэр тарианаас болж 4 хүн хараагүй болсон. ...Би нөхөн төлбөр гэж 15.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-77, 3-р хх-ийн 17/,

Иргэний хариуцагч Т.А.гийн өгсөн: “...Манай эмнэлэг П.А.ээс 1 ширхэг тариа авсан бөгөөд 4 хүнд уг тариаг тарьсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 217-219/,

Гэрч Л.А.-ийн өгсөн: “...“Ц.” ХХК нь эм импортлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрлөөс гадна Эрүүл мэндийн яамнаас эм импортлох зөвшөөрлийг авч байж уг эм, тариануудыг оруулж ирэх ёстой байсан. Гэтэл уг зөвшөөрлийг авалгүйгээр Монгол Улсад оруулж ирсэн болох нь тогтоогдсон. Монгол Улсад ховор тохиолддог өвчтөнд зайлшгүй шаардлагатай Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч оруулж ирж болдог эмийн жагсаалтыг өнчин эм гэж ойлгож болно. Уг жагсаалтанд орсон эмийг мөн Монгол Улсад импортлох тохиолдол бүрт холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-237/,

Гэрч Ш.Э.-ийн өгсөн: “...Манай байгууллагын хувьд энэ өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг Монгол Улсын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос хойш хүлээн авч шийдвэрлэж байгаа. 2005 оноос эхлэн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн. “Ц.” ХХК-ийн хувьд өнчин эмийн жагсаалтад орсон нэг удаагийн эмийг Монгол Улсын хилээр импортлох, экспортлох хүсэлтийг 2003 оноос одоог хүртэлх хугацаанд манай байгууллагад гаргаагүй, огт лиценз буюу тусгай зөвшөөрөл авч байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ин 148-149/,

Гэрч Ч.О.-ийн өгсөн: “...”Ц.” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ Монгол Улсад эм импортлохдоо дээрх зөвшөөрлөөс гадна эм оруулж ирэх бүртээ Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс импортын зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл “Ц.” ХХК нь уг зөвшөөрлийг авалгүйгээр Авастин тариаг оруулж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 232-233/,

Гэрч Х.Б.-ын өгсөн: “...Манай эмнэлэг жил бүр эм худалдан авах талаар тендер зарлаж, нүдний эм авах багцад “Ц.” ХХК шалгарсан юм. 2017 онд 5 ширхэгийг худалдан авч байсан. П.А. гэх хүнтэй гэрээ байгуулаагүй, “Ц.” ХХК-тай  гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10/,

Гэрч Г.Н.-ийн өгсөн: “...Эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгүүд нь тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагаас эм тариаг худалдан авч болох бөгөөд худалдан авч байгаа эм, тарианыхаа улсын бүртгэл болон чанар, аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авах ёстой...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 3/

Эрх бүхий албан тушаалтны: “...“Ц.” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.А. нь эм импортлох зөвшөөрөлгүйгээр ...Авастин тариаг импортлон эмнэлгүүдэд худалдаалсан байна...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/,

Эрх бүхий албан тушаалтны: “...Шалгалтаар “Ц.” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.А. нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ руу зорчиж, 02 дугаар сарын 05-ны өдөр ирэхдээ 5 ширхэг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ руу зорчиж, 04 дүгээр сарын 17-ны өдөр ирэхдээ 4 ширхэг, нийт 9 ширхэг Авастин тарилгыг оруулж ирсэн байна...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 21-22/,

Эрх бүхий албан тушаалтны: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт: Н0155В06 цувралын дугаартай Bevacizumab injection avastin 100 mg/4ml тарилгын эм нь химийн шинжилгээгээр Ароматик гидрокарбон бүлгийн таних урвал өгч, бактериологийн шинжилгээгээр Micrococcus luteus илэрсэн...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 54-57/,

Эрх бүхий албан тушаалтны: “...”С.” эмнэлгийн өвчтөний нүдэнд тарьсан Н0155В06 цувралын дугаартай Авастинаас Micrococcus luteus илэрсэн...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 200-201/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаартай: “Хохирогч Н.Б. нь тарилга хийлгэхээс өмнө 2 нүдний торлог бүрхүүлийн судасны үрэвсэл оноштой, Х.Д. нь шар толбоны наснаас шалтгаалсан сөнөрөл оноштойгоор эмчлэгдсэн байна. Н.Б., Х.Д. нарт дээрх оношийн дагуу судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйлийн эсрэг эм болох Авастин тариа хийх нь шаардлагад нийцсэн байна. Тарилгын тун хэмжээ, дарааллыг картанд бичиж тэмдэглэснээр зөв хийсэн байна. Х.Д. нь тус тариаг эндофтальмит үүсэхээс өмнө 4 удаа тариулсан. Н.Б. мөн өмнө нь 4 удаа тариулж, эмчлүүлж байсан байна. Тариа тариулснаас 1-2 хоногийн дараа эндофтальмитын үрэвслийн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Тухайн үед үрэвслийн улмаас хараа бүрэлзэх, нүдэнд юм хөвж харагдах, улайх, үрэвслийн эс бий болох зовиур, шинж тэмдгүүд илэрсний улмаас дээрх онош тавигдаж, улмаар эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохих ёсоор эхлүүлсэн байна. Авастин тариаг нүдний шилэнцэрийн хөндийд тодорхой заалтаар хийж болдог. Н.Б., Х.Д. нар нь Авастин тариа тарьсны улмаас нүдний шилэнцрийн хөндийг хамарсан идээт үрэвслийн хүндрэл, нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учирсан байна. Х.Д.-ын  баруун нүдний хараа өмнө нь 0.12 байсан бол 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгээр баруун нүдний хараа хурууны хөдөлгөөн мэдрэх төдий болсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Н.Б.-ийн баруун нүдний харааны чадал өмнө нь 0.03 байсан бол 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгээр хурууны хөдөлгөөн мэдрэх төдий болсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Н.Б., Х.Д. нарын Авастин тарианаас үүдэлтэй шилэнцэрийн хөндийн идээт үрэвсэл нь бүрэн эмчлэгдсэн боловч цаашид нүдний хараа сэргэхгүй болно.” гэх дүгнэлт /6-р хх-ийн 149-155/,

Эрүүл мэнд, спортын сайдын “Өнчин эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал /1-р хх-ийн 216-218/,

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн: “...Монгол Улсын эмийн бүртгэлд Авастин 100 мг/4мл №1, 400мг/16мл №1 тун бүхий тарилгын уусмал эмийг “Моносфарм трейд” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 59/,

“Ц.” ХХК-ийн ХХ-15/23/0210 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1-р хх-ийн 32/,

“С.” ХХК, “Ц.” ХХК нарын байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ /3-р хх-ийн 220-222/,

Э., “С.” ХХК нараас Авастин эмний мөнгө хүлээн авсан баримтууд /6-р хх-ийн 4-7, 3-р хх-ийн 10/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч П.А. нь 9 флакон Авастин эмийг зохих импортын зөвшөөрөл авалгүй, нууц далд аргаар Энэтхэг улсаас Монгол Улсын хилээр оруулж, улмаар “Ц.” ХХК нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “С.” зэрэг эмнэлгүүдтэй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээтэй байсныг үндэслэн, мөн “О.” эмнэлэгтэй “Ц.” ХХК-ийн нэрийн өмнөөс Авастин худалдах, худалдан авах аман хэлцлийг хийж, нийлүүлж байсанд үндэслэн 2017 оны 01 дүгээр сард 5 ширхэг Авастин эмийг импортлон Э.-д, 2017 оны 04 дүгээр сард 4 ширхэг Авастин эмийг импортлон 2017 оны 05, 09, 10 дугаар саруудад “О.”, “С.” зэрэг эмнэлгүүдэд худалдан түгээсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч П.А.ээс “...Тарианаас болоогүй, олон жил хамтран ажилласан итгэлцлийн үндсэн дээр “С.” эмнэлэгт Авастин эмийг нийлүүлсэн, “С.” эмнэлэгтэй байгуулсан гэрээ нь Т.А.гийн гуйснаар нөхөж хийсэн гэрээ, худалдах хүртэл эмийн чанарыг манай байгууллага, худалдсанаас хойш худалдан авсан байгууллага хариуцна, үйлдвэрлэгчийн, эсхүл эм хэрэглэсэн байгууллагын алдаа эсэхийг мэдэхгүй, задлаад 2-3 хоносон үлдэгдлээс шинжилгээ хийсэн тул лабораторын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Авастин эмийг хувь хүнээр оруулж ирж, “О.”, “С.” эмнэлгүүдэд хувь хүнээр худалдаж, “С.” эмнэлгээс хувь хүний дансаар төлбөрийг авсан ба уг үйл ажиллагааг хуулийн этгээдийн ашиг сонирхол, нэрийн өмнөөс явуулаагүй, Энэтхэг улсаас Авастиныг монгол мөнгөөр 900.000 төгрөгөөр худалдан авч, зардлын үнээ шингээн 1.150.000 төгрөгөөр худалдсан ба ашиг олоогүй, Э., “О.” зэрэг эмнэлгээс орж ирсэн мөнгө бол Авастиных биш өөр эмний мөнгө...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “...П.А. нь Авастин эмийг хувиараа оруулж ирж, худалдсан мөнгийг өөрийн дансанд авсан ба “Ц.” ХХК-ийн санхүүгийн баримтад хийсэн аудитын дүгнэлтээр тус хуулийн этгээд нь Авастин худалдсанаас орлого олсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдаагүй, хохирогч нарт учирсан хохирол нь Авастинаас болсон гэх үйл баримт байхгүй, “С.” эмнэлэг хадгалалтын горим зөрчсөн, П.А. нь үйлдэлдээ санаатай боловч хор уршигт болгоомжгүй хандсан тул түүний үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хохирол, хор уршгийн зардлыг иргэний хариуцагч давхар хариуцах үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэж,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.А.гаас “...”О.” болон “С.” эмнэлгүүдэд хийгдсэн тарилга дахь Авастин нь нэг сериалынх байсан, Швейцарь улсын том компани хэзээ ч хувь хүнтэй гэрээ хийхгүй ба П.А. нь Авастиныг ямар замаар олж авсныг мэдэхгүй, Энэтхэг улсын дистрибьютор компанис авсан гэх баримт байхгүй, “С.” эмнэлэгт нийлүүлэгдэх эм, бэлдмэлийг эм зүйч хүлээж авдаг, лиценз авсан эсэхийг төрийн байгууллага шалгах үүрэгтэй, манай байгууллага бас хохирсон, гэм буруутай этгээд хохирогч нарын хохирлыг барагдуулах ёстой, Авастиныг П.А.ээс бус “Ц.” ХХК-иас гэрээний дагуу авсан, П.А.ийг Авастиныг “О.” эмнэлгээс аваад манайд өгсөн гэдгийг мэдээгүй...” гэж,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундариас “...Авастиныг эм ханган нийлүүлэх эрхтэй байгууллагаас худалдан авч байгаа тул эм, эмийн бүтээгдэхүүний чанарыг эмнэлэг шалгах шаардлагагүй буюу энэ нь холбогдох төрийн байгууллагын эрх хэмжээнд хамаарч байгаа, тухайн Авастинд илэрсэн нян нь тухайн орчинд байж байдаг нян биш буюу тухайн бэлдмэлд анхнаасаа байсан гэдэг нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд хамаарах эм, тарианы баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлэх үндэслэлгүй, шатахууны зардал гэх баримтуудын зарим нь үнэлэх боломжгүй буюу огноо тодорхойгүй, огноо харагдаж байгаа хэсэг нь хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааных байх тул гаргуулах үндэслэлгүйн дээр эдгээрээс аль нь “С.” эмнэлэгт хамааралтай болох нь тодорхойгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, цаашид гарах хор уршгийн зардал зэргийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул иргэний хариуцагчид хамааралгүй, Авастиныг “С.” эмнэлгийн эм зүйч журмын дагуу хүлээж авсан бөгөөд зохих журмын дагуу шалгаагүй гэх баримт хэрэгт байхгүй, “С.” эмнэлгийн эм зүйчийг эм зүйч биш гэсэн баримт хэрэгт байхгүй...” гэж,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганбатаас “...”С.” ХХК иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй, иргэний хариуцагч мөн гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.2 дахь хэсгийн 512.2.5 дахь заалтад заасан нөхцөл байгаа эсэхийг буюу “С.” ХХК нь хадгалах, ашиглах журам зөрчсөн эсэхийг прокурор нотлох үүрэгтэй байсан, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эм, эмнэлгийн бүтээгдэхүүний импорт, чанарын баталгаажуулалтыг төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан байхад эмнэлэг дахин шалгах үүрэггүй ба төрийн байгууллагын хэрэгжүүлсэн байх ёстой үүрэгт итгэн худалдан авалтаа хийн үйл ажиллагаагаа явуулсан, шүүгдэгч П.А.ийн үйлдлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж давхар яригдахаар байсан...” гэж,

Хохирогч Х.Д.-ын өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “...”С.” эмнэлэг нь эм зүйчгүй байсан (эм зүйчийн шаардлага хангаагүй), эм зүйчтэй байсан бол нэг талаас энэ хохирол, хор уршиг гарахаас сэргийлэх нөхцөл болох байсан, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Д. нь сэтгэцэд учирсан хор уршигт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэж,

Хохирогч Н.Б.-ийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс “...Н.Б.-ээс нэхэмжилсэн 1.119.400 төгрөг нь Авастин тариа хийлгэснээс үүдэн гарсан зардал байх тул гаргуулах үндэслэлтэй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт 15.000.000 төгрөгийг “С.” ХХК-иас нэхэмжилж байгаа, “С.” эмнэлэг нь буруутай үйл ажиллагаагаа ухамсарласан учраас эдгээр хоёр хохирогчид үнэ төлбөргүй эмчилгээнүүд хийж байсан...” гэж,

Улсын яллагчаас “...Хохирогч Н.Б.-ээс нэхэмжилсэн 1.119.400 төгрөгийн баримтууд нь тариа хийлгэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул гаргуулах үндэслэлгүй, 694.490 төгрөгийн шатахууны зардлыг нь иргэний хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, уг гэмт хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул хохирогч нарын тус бүр нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 15.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            Шүүгдэгч П.А.д прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолоор /3-р хх-ийн 235-236/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу П.А. нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалж, 2017 оны 01, 04 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолсон,

            шүүгдэгч “Ц.” ХХК-д прокурорын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1709024971210 дугаар тогтоолоор /6-р хх-ийн 33-38/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу “Ц.” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг гүйцэтгэх захирал П.А. 2017 оны 01, 04 дүгээр саруудад Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшинд хадгалан, тээвэрлэн, импортлон оруулж ирснийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О.”, 2017 оны 05 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “С.” зэрэг эмнэлгүүдэд худалдан түгээсэн гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            1/ Шүүгдэгч “Ц.” ХХК-ийн гэм буруу буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан тухайд:

            “Ц.” ХХК нь 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /5-р хх-ийн 118/ байх ба П.А.ийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэж /1-р хх-ийн 144/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар /5-р хх-ийн 191/ тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна.

            Эрүүл мэнд, спортын яамнаас “Ц.” ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээг 3 жилийн хугацаагаар олгожээ /1-р хх-ийн 145/.

            Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис ханган нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж /1-р хх-ийн 146-148/, улмаар “Ц.” ХХК нь тус сонгон шалгаруулалтын Багц №32-т хамаарагдах бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх нийлүүлэгчээр шалгарч, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Ц.” ХХК нь Э.-тэй гэрээ байгуулан, үүгээр Франц, Энэтхэг улсаас 100мг-4мл тунтай, 60 флакон бүхий Авастин эмийг нэг бүрийн үнийг 1.150.000 төгрөгөөр тооцож /1-р хх-ийн 159-161/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 5 флаконыг /3-р хх-ийн 38/ нийлүүлэхээр тогтжээ. 

            Э.-өөс ирүүлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн Орион программаас татаж авсан Авастин тарианы орлого” гэх баримт, гэрч Х.Б.-ын мэдүүлэг, Э.-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 624 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн санхүүгийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 575 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн санхүүгийн баримтуудаас тус тус үзэхэд “Ц.” ХХК нь тус төвд нийт 5 ширхэг Авастин эм нийлүүлсэн үйл баримт тодорхойлогдож байх бөгөөд Эх хүүхдийн үндэсний төв нь “Ц.” ХХК-д нийт 4.628.000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна /6-р хх-ийн 4-8, 3-р хх-ийн 10, 39/.

            “О.” эмнэлэг нь (Ерөнхий эмч С.У.) 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан хүсэлтдээ “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Ц.” ХХК-иас H0155B06 серийн дугаартай 4 хайрцаг /флаконыг хэлж буй/ Avastin эмийг худалдан авсан...” гэж, “О.” эмнэлгийн их эмч Б.Ү. холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ /1-р хх-ийн 38-39/ “...Авастин тарилгыг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Ц.” ХХК-иас худалдаж авсан...” гэж, мөн өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Авастин тарилгыг 2015 оноос “Ц.” ХХК-иас л авдаг байсан...” гэж, “О.” эмнэлгийн ерөнхий эмч С.У. холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ /1-р хх-ийн 66/ “...Авастин тарилгыг 2015 оноос хойш “Ц.” ХХК-иас л авдаг байсан...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд “Ц.” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын баримтад /1-р хх-ийн 71, шүүгдэгчийг яллаж буй гэмт хэргийн өгүүлэмжийн (зөвхөн “О.” ХХК-д холбогдох) цаг хугацааг уг баримтын огноогоор тодорхойлсон/ 3 ампул Авастиныг нэг бүрийн үнэ 1.150.000 төгрөгөөр, нийт 3.450.000 төгрөгөөр “О.” эмнэлэгт худалдсан гээд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хэсэгт тус бүр гарын үсэг зурагдаж, үүн дээр “Ц.” ХХК-ийн тэмдэг дарагдсан байна (шүүгдэгч нь “О.” эмнэлэг ийм асуудал үүссэнд холбогдуулан тус эмнэлгээс дээрх төлбөрийг төлөөгүй гэж тайлбарладаг).

            “Ц.” ХХК, “С.” ХХК нар нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд /3-р хх-ийн 220-222, шүүгдэгч уг гэрээг хожим гуйлтаар нөхөж үйлдэгдсэн гэх боловч уг үйл баримт тогтоогдоогүй/ Т.А. нь иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгтээ /3-р хх-ийн 217-219/ “...П.А.ийн “Ц.” ХХК-тай “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ”-тэй учир Авастин тарилгыг худалдан авсан...” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1-р хх-ийн 220-222-р талд авагдсан “Ц.” ХХК-иас “С.” эмнэлэгт Авастин тарилгыг 1.150.000 төгрөгөөр худалдах 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зарлагын баримт, “С.” эмнэлгээс “Авастины үнэ” гэсэн утгатайгаар П.А.ийн хувийн дансанд 1.000.000 төгрөг тушаасан “Хаан” банкны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээний баримт, “С.” ХХК-иас П.А.д урьдчилгаа болгож 150.000 төгрөг бэлнээр төлсөн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Кассын зарлагын ордер, П.Ш.-аас (“С.” эмнэлгийн ажилтан) “С. эмнэлгээс Авастины мөнгө” гэсэн утгатайгаар П.А.ийн хувийн дансанд 1.150.000 төгрөг тушаасан “Хас” банкны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гүйлгээний баримт, “Ц.” ХХК-иас “С.” эмнэлэгт 100mg-4ml тунтай Авастин тарилгыг 1.150.000 төгрөгөөр худалдах 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Зарлагын баримт зэргийг хэрэгт авагдсан хэлбэрийн тухайд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргах боловч шүүгдэгчийн хамтаар уг нөхцөл байдлын бодит үйл баримтыг үгүйсгэлгүй “...П.А. нь “С.” эмнэлгээс төлбөр авсан боловч хувь иргэнээр бэлнээр болон хувийн дансаар авсан...” гэх утга агуулга бүхий байр суурийг илэрхийлсэн.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө...” гэжээ.

            Дээр дурдсан үйл баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхөд “Ц.” ХХК-иас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “О.” ХХК, “С.” ХХК нартай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орохдоо П.А. гэх эрх зүйн этгээдийн нэрийн өмнөөс бус чухамхүү улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх, тэдгээрийг импортлох “ерөнхий” тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн үндсэн дээр төсвийн байгууллагаас зарласан тендерт оролцож, хуулийн этгээдийн хувиар гэрээ байгуулж, төлбөрийг хуулийн этгээдийн нэрээр хүлээн авч, цаашлаад төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй (“С.” эмнэлэг) хуулийн этгээдийн хувиар гэрээ байгуулж, “О.” эмнэлэгтэй бичгээр гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй хэдий ч хэргийн үйл баримтаас үзэхэд тухайн эмнэлгийн зүгээс “Ц.” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэгийг мэдэж байсан, уг нөхцөлд нь үндэслэн урьд энэ төрлийн тарилгыг “Ц.” ХХК-иас худалдан авч байсныг “О.” эмнэлгийн удирдлагаас тодорхой мэдүүлж, “Ц.” ХХК-ийн зарлагын баримт хэрэгт авагдсан зэргээс үзвэл шүүгдэгч П.А. нь дээрх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх хуулийн шинж бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            Нөгөөтэйгүүр, “Ц.” ХХК нь “С.” ХХК-тай эм ханган нийлүүлэх гэрээний харилцаатай байсан байхад гагцхүү бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хувиараа гар тээшиндээ, гаальд мэдүүлэлгүй оруулж ирсэн, цаашлаад Авастин эмийг (өнчин эмийн жагсаалтад “эм” гэсэн нэршлээр бүртгэгдсэн) гэрээ байгуулснаас үл хамааран хувь хүнээр “О.”, “С.” зэрэг эмнэлэгт нийлүүлж, “...ийм асуудал болсон тул “О.” эмнэлэг төлбөрөө өгөөгүй...” гэж, “...”С.” эмнэлгээс хувийн дансаар мөнгийг авсан...” гэж тус тус тайлбарлаж байгаа зэрэг нь дээрх гэмт хэргийн “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх шинжийг үгүйсгэх үйл баримт болохгүй.

            Өөрөөр хэлбэл, тодорхой тохиолдолд бичгээр байгуулсан гэрээний эрх зүйн харилцаатай байсан, тухайн эмнэлгүүдийн зүгээс “Ц.” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд нь үндэслэж худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн гэх нөхцөл байдал хэд хэдэн баримтаар тогтоогдож байхад “хилээр өөрөө оруулж ирсэн, өөрөө мөнгийг авсан” гэсэн буюу дан ганц гэрээний хариу төлбөрийг бэлнээр өөрөө, эсхүл өөрийн дансанд хүлээж авсан үйл баримт нь “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээний харилцаанд орсон атлаа ашиг, үр шимийг гагцхүү өөрөө хүртсэн” гэх утга агуулгыг илэрхийлж байх бөгөөд үүнийг логикийн хувьд зөрчилдөөнтэй, эсрэг тэсрэг, тодорхой тохиолдолд хууль бус, бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.  

            Иймд шүүгдэгч П.А. буюу “Ц.” ХХК-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шинжийг бүрэн хангасан байна.

2-р хх-ийн 114-116-р талд “Бизкон аудит” ХХК-ийн Нягтлах гэрээт ажлын тайлан авагдаж, үүгээр “Ц.” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд шинжилгээ хийсэн, 136-143-р талд “Ц.” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан зэрэг авагдсан бөгөөд эдгээр баримт бичгүүдэд тус хуулийн этгээдийн нийт хөрөнгө, өр төлбөр, орлого, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан (санхүүгийн шинжилгээний тухайд) болон ерөнхий санхүүгийн байдал, өр төлбөр, орлого, мөнгөн гүйлгээ (“Ц.” ХХК-ийн өөрийн нь гаргасан тайлангийн тухайд) зэрэг ерөнхий тоон мэдээлэл бүхий санхүү бүртгэлийн мэдээлэл авагдсан байх тул “...П.А. нь Авастин эмний мөнгийг байгууллагын дансаар авсан үйл баримт нь нөгөө талаас аудитын дүгнэлт, санхүүгийн тайланд тусгагдаагүй...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

2. Шүүгдэгч П.А.ийн гэм буруу буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан тухайд:

            Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар /5-р хх-ийн 234-238/ П.А. нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Буянт-Ухаа боомтоор гарч, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гарч, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орсон бүртгэл авагдсан байна.

            Шүүгдэгч П.А.ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр П.А. нь Авастин эмийг улсын хилээр 2017 оны 01 дүгээр сар, 2017 оны 04 дүгээр саруудад гаалийн бүртгэлд мэдүүлэлгүй, овор хэмжээ багатай учраас гар тээшиндээ хийн оруулж ирсэн гэх бөгөөд 2017 оны 01 дүгээр сард оруулж ирсэн 4 флакон (өөрийн нь мэдүүлж буйгаар) Авастиныг Э.-д, 2017 оны 04 дүгээр сард оруулж ирсэн 4 флакон Авастины 3-ыг “О.” эмнэлэгт, 1-ийг “С.” эмнэлэгт тус тус нийлүүлсэн гэж мэдүүлдэг.

             Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичгийн хавсралтад Авастин буюу Бевацизумаб эмийн дэлгэрэнгүй танилцуулга, тайлбарын орчуулга авагдсан байх бөгөөд /5-р хх-ийн 130-184/ үүнд Авастин нь 100 мг ба 400 мг бүхий хадгалалт уртасгагч бодисгүй нэг удаагийн флаконд 4 мл, эсхүл 16 мл Авастин савлагдсан байдаг ба нүдний шилэнцэр дотор тарих хэрэглээнд зориулагдаагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдаагүй ч нийтэд илэрхий бусад эх сурвалжуудаас үзэхэд (АНУ-ын Нүд судлалын академиэс гаргасан тайлбар зэрэг) Авастиныг нүдний торлог бүрхүүлийн судасны эмгэгт (нүдний торлогийн судасны үрэвслээс үүдэн үүсэх шинэ судасны ургалтыг зогсоох) зориулан эмчийн заавар, зөвлөмжийн дагуу нүдэнд тарих явдал нь олон улсад практик болон тогтсон ажээ.

            Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичигт /5-р хх-ийн 128/ “...Монгол Улсын эмийн бүртгэлийн ... дугаартай Швейцарь улсын F. Hoffmann La Roche үйлдвэрийн Авастин (Бевацизумаб) 25 мг/мл-4мл №1 концентрацитай тарилгын уусмал, FT20161018LP05724 дугаарт 25 мг/мл-16мл №1 концентрацитай тарилгын уусмал эмүүд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус бүртгэгдсэн...” гэсэн (“Моносфарм трейд” ХХК бүртгүүлсэн) байх бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Өнчин эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 271 дүгээр тушаалын хавсралтын 18-д Авастин буюу Бевацизумаб нь Ретинопати өвчинд (нүдний торлогийн эмгэг) хэрэглэх заалттайгаар бүртгэгдсэн байна /4-р хх-ийн 103-105/.

            “О.” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан хүсэлтдээ /1-р хх-ийн 17/ “...Н0155В06 серийн дугаартай 4 хайрцаг Авастин эмийг худалдан авсан...” гэж, эрх бүхий албан тушаалтны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд /1-р хх-ийн 54-57/ “...Уг 3 ампул тарилгын 2 ширхэгийг 4 өвчтөний нүдний хөндийд тарьсан, 1 ширхэг нь гадна хайрцаг дотор тарилгын битүүмжлэл алдагдаагүй, 2-8 С температурт хөргөгчинд хадгалагдаж байсан нь шалгалтаар тогтоогдсон. ...битүүмжлэл алдагдаагүй 1 ширхэг Н0155В06 серийн дугаар бүхий Авастин 100 мг/4 мл тарилгын чанар, аюулгүй байдлыг тогтоож, шинжилгээ хийлгэхээр шинжээчид хүлээлгэн өгөв...” гэж, эрх бүхий албан тушаалтны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолд /1-р хх-ийн 95/ “...Н0155В06 серийн дугаартай 4 хайрцаг Авастин эмийг худалдан авч, эхний хайрцгийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр задлан 3 хүнд нүдний хөндий рүү, дараагийн хайрцгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр задлан 1 хүнд нүдний хөндий рүү тарьсан нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2017-1732 дугаартай дүгнэлтэд “...Эмийн худалдааны нэр, тун хэлбэр: Avastin 100mg/4ml, цувралын дугаар: Н0155В06...” гэж, Б.М. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1-р хх-ийн 182/ “...10 дугаар сарын 09-ний өдөр хийсэн Авастин тарилга нь 2 өөр серийн дугаартай байсан. Эхний серийн тарилгаас хүндрэл гараагүй, 09-ний өдөр шинээр задалсан Н0155В06 серийн тарилгаас өвчтөнүүдэд халдварын шинж тэмдэг илэрсэн...” гэж, Д.Д. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1-р хх-ийн 185/ “...10 дугаар сарын 09-ний өдөр Авастин тарилгыг нийт 3 хүнд хийсэн. Тэдгээрийн эхний 1 тарилга нь өмнөх туншилын сүүлийн тарилга байсан бөгөөд ямар нэг хүндрэл гараагүй. Харин шинээр задалсан Н0155В06 серийн тарилга хийлгэсэн нийт 4 хүнд халдварын шинж илэрсэн...” гэж, эрх бүхий албан тушаалтны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд /1-р хх-ийн 200/ “...Шалгалтаар “С.” ХХК нь Авастин 100 мг/4мл худалдан авсан нь “Ц.” ХХК-ийн зарлагын баримтаар тогтоогдсон. 2017 оны 10 дугаар сарын 09, 10-нд өвчтөнд тарьж хэрэглэсэн Н0155В06 серийн дугаартай 1 ампул тарилга нь “О.” эмнэлгийн битүүмжлэл алдагдаагүй тарилгатай ижил серийн дугаартай болох нь хэрэглэсэн туншилээр батлагдсан.” гэж, Т.А. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “...”Ц.” ХХК-иас 05 дугаар сард 1 ширхэгийг, 10 дугаар сард 1 ширхэгийг авсан...” гэжээ.

            Дээрхийг нэгтгэн үзвэл П.А.ээс “О.”, “С.” зэрэг эмнэлгүүдэд нийлүүлсэн 4 ширхэг Авастин нь бүгд Н0155В06 серийн дугаартай байсан нь тогтоогдож байна.

            Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн (2023 онд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хууль) 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтална.”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.1 дэх заалтад “Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хориглоно.”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авна.”, Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлнэ.”, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа эмийг зорчигчийн хувийн хэрэглээний эм гэнэ.”, 227.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 227.1-д заасан эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй.”, 227.3 дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана.” гэж тус тус заажээ.

            Өөрөөр хэлбэл, П.А. нь “Ц.” ХХК-ийн тухайд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох ерөнхий, нийтлэг эрх хэмжээ бүхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байх боловч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт зааснаар тухайн эмийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулан, үүнийгээ үндэслэн эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, яамны зүгээс зөвшөөрсөн тохиолдолд Импортын лиценз олгох тухай сайдын тушаал гарч, импортын нэг удаагийн лицензийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгосноор сая эм, эмнэлгийн хэрэгслийг тухай бүр импортлох эрх үүсэхээр байхад (гэрч Ш.Э.-ийн мэдүүлснээр “Ц.” ХХК нь 2003 оноос хойш нэг удаагийн импортын лиценз авч байгаагүй) зохих импортын зөвшөөрөл авалгүй өөрийн хувийн хэрэгцээний эм мэтээр гар тээшиндээ зөөвөрлөн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн нь хууль бус үйлдэл болжээ.

            Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тухайд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага байх бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/203 дугаар тушаалаар түүний дүрэм, бүтцийг шинэчлэн баталж, тус төвийн дүрмийн 7.5 дугаар зүйлийн 7.5.1 дэх заалтад “Эм хангамжийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэх үзүүлэх”, 7.5.2 дахь заалтад “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, хэрэглээнд тогтмол хяналт тавих” гэж тус тус зааснаар нэг удаагийн импортын лиценз олгох сайдын тушаалын хэрэгжилтийг Эрүүл мэндийн хөгжлийн төв (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухайд өөр) хангахаар зохицуулсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу уг гэмт хэргийн шинжээс “Эм, эмийн түүхий эд импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан...” гэсэн нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох ерөнхий тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, түүний удирдлагын тухайд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, түүний удирдлага нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, эсхүл өнчин эмийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийн аль нь байхаас үл хамааран импортын нэг удаагийн лиценз авах ёстой болохыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой, мэдэх ёстой байхад “...өнчин эмийн жагсаалтад орсон байдаг тул лиценз шаардлагагүй гэж үзсэн, Энэтхэг дэх дистрибьютер компани цөөн тооны бараанд гэрээ байгуулдаггүй тул яаманд хүсэлт гаргах боломжгүй, эмнэлгүүд гуйгаад байсан, тухайн эмийг оруулж ирснийхээ дараа лиценз авах ёстойг мэдсэн...” гэх зэрэг шүүгдэгчийн харилцан зөрүүтэй тайлбарууд үндэслэлгүйн дээр шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн тухайд зайлшгүй хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдэлдээ санаатай хандсан боловч, хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн харилцан эсрэг тэсрэг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл нь “С.” эмнэлэг, хохирогч нарын иргэний эрх зүйн харилцаа, түүний үр дүнд учирсан хохирол, хор уршигт дамжмал байдлаар хамааралтай гэж үзэхээр байх тул гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр, иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч Б.Номуундарь нараас тайлбарлаж байсанчлан П.А. нь тухайн нян бүхий Авастин эмийг аль улсаас, гадаад улсын ямар байгууллагаас авсан, тийнхүү гадаад улсад худалдаа хийсэнд холбогдох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх үйл баримт баримтаар тогтоогдоогүй зэрэг нь (шүүгдэгчийн тухайд Энэтхэг улсын “Дархма” эм ханган нийлүүлэх компанис авсан, худалдааны баримт бичиг байсан боловч явцын дунд гээгдсэн гэж тус тус тайлбарладаг, 2-р хх-ийн 199) хэргийн зүйлчлэл, үйл баримт, түүний дараа дараагийн үйл явцад ач холбогдолгүй ба гагцхүү шүүгдэгч П.А. нь маргаан бүхий Авастин эмийг 2017 оны 01, 04 дүгээр саруудад улсын хилээр зөвшөөрөлгүй оруулж ирсэн болохыг тогтвортой мэдүүлж байсан нь түүний хилээр орсон, гарсан лавлагаанаас зөрүүгүй байгаа, мөн энэ төрлийн эм Монгол Улсад үйлдвэрлэгддэггүй, П.А. нь урьд Авастин эмийг тодорхой хэлцлийн үндсэнд гадаад улсаас оруулан гуравдагч этгээдэд нийлүүлж байсан болох нь нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тодорхойлогдож, шүүгдэгч үгүйсгээгүй зэргээр түүний импортлосон үйлдэл тогтоогдсон гэж үзсэн.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол...” гэжээ.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.А.ийн үйлдсэн гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой бус харин шууд бус шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, П.А. Авастин эмийг хууль бусаар импортлон худалдан түгээсэн гэм буруутай боловч хохирогч Х.Д., Н.Б. нартай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, түүний нийлүүлсэн Авастин эм таригдах эсэх, цаашлаад ямар хугацааны дараа, хэнд, хэзээ, хэрхэн таригдах, үүнээс ямар хохирол, хор уршиг учрах эсэхийг шүүгдэгч мэдэх боломжгүй, гагцхүү шүүгдэгч нь хууль тогтоогчоос олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол буюу хүний эрүүл мэнд, амь насыг Эрүүгийн хуулиар хамгаалж, зохих зөвшөөрөл авахаар хуульчилсан хэм хэмжээг санаатай зөрчиж, нууц далд арга замаар хилээр нэвтрүүлэн бусдад “битүүмжлэлтэй, хадгалалтын горим зөрчигдөөгүй, дэлхийд тэргүүлэх байгууллагын бүтээгдэхүүн” гэх нэрийдлээр нийлүүлснээр нэр бүхий худалдан авагч нар болон П.А.ийн тухайд гуравдагч этгээд нарт хохирол, хор уршиг учирсан нь тэрээр бусдад шууд бусаар хохирол, хор уршиг учруулсан гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт шүүгдэгчийн үйлдэл тохирохгүй байх тул “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн” гэх иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

            Дээрх хэргийн үйл баримтуудаас үзвэл шүүгдэгчээс зохих зөвшөөрөлгүйгээр Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Э.-д д 5 флаконыг өгч, түүний үнэ болох 4.628.000 төгрөгийг /3-р хх-ийн 10, 39, 6-р хх-ийн 4-8/, “С.” ХХК-д 2 флаконыг өгч түүний үнэ болох 2.300.000 төгрөгийг тус тус авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар /1-р хх-ийн 220-222/ тогтоогдсон. 

            Харин “О.” ХХК-нд 3 флаконыг худалдах нэрийдлээр өгсөн боловч мөнгөн төлбөрийг шүүгдэгчээс авсан нь нотлогдоогүй боловч үүнийг тухайн эмнэлэгт шүүгдэгчээс тарааж, түгээсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хууль бусаар эм, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэж эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан байхыг ойлгох ба “энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэдэгт хуулийн этгээдийн нэрийн хувиар, бусадтай харилцахдаа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулахыг хэлнэ.

Эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, анагаах, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэх бэлдмэлийг ойлгоно.

Зохих зөвшөөрөлгүй явуулсан” гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар тусгай зөвшөөрөл авалгүйгээр дээрх үйл ажиллагааг эрхэлсэн байхыг ойлгодог байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.           

            Иймд шүүх шүүгдэгч Т. овогт П.ийн А.ийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг “Ц.” ХХК-ийн буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

3. “С.” ХХК нь иргэний хариуцагч болох эсэх тухайд:

            Хавтаст хэрэгт авагдсан “С.” ХХК-д хамаарах баримтуудаас үзвэл “С.” ХХК нь “Ц.” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг Авастин эм, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөн 1 ширхэг (Н0155В06 серийн дугаартай) Авастин эмийг тус тус худалдан авч, уг Н0155В06 серийн дугаартай эмийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баруун нүдний насжилтын шар толбоны сөнөрөл оноштой (тариа хийгдсэн нүдний тухайд) Х.Д., мөн П.Д. нарын, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баруун нүдний торлогийн судасны үрэвсэл оноштой (тариа хийгдсэн нүдний тухайд) Н.Б., мөн С.М. нарын нүдний хөндийд тус тус тарьж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эдгээр өвчтөнүүдэд эндофтальмит буюу нүдний хөндийн үрэвсэл эмгэг оношлогдож, яаралтай мэс засал хийгдсэн байна.

            Нөгөө талаас, “О.” эмнэлэг нь мөн “Ц.” ХХК-иас худалдан авсан Н0155В06 серийн дугаартай 1 флакон Авастин эмийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3 өвчтөнд тарихад 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тэдгээрт нүдний өмнөд хэсгийн хордлогот үрэвсэл, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн серийн дугаар бүхий өөр флаконтой Авастин эмийг 1 өвчтөнд тарихад тухайн хүнд нүдний хөндийн идээт үрэвсэл үүссэн байжээ /1-р хх-ийн 17/.

            Мэргэжлийн хяналтын байгууллагаас “О.” эмнэлэгт хэрэглээгүй үлдсэн буюу битүүмжлэл алдагдаагүй, задраагүй Н0155В06 серийн дугаар бүхий 1 флакон Авастин эмийг хураан авч, шинжлүүлэхээр зохих лабораторид шилжүүлсэн байх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2017-1732 дугаартай шинжилгээний дүнгээр тухайн тарилгын эмээс Micrococcus luteus гэх нян илэрч, энэ нь тэдгээр өвчтөнүүдэд үүссэн нүдний идээт үрэвслийн шалтгаан болсон байна.

            Өөрөөр хэлбэл, “Ц.” ХХК-иас “О.” эмнэлэгт худалдсан Н0155В06 серийн дугаар бүхий 2 флакон Авастин (үлдэх 1 нь шинжилгээнд шинжлүүлсэн), “С.” эмнэлэгт худалдсан мөн Н0155В06 серийн дугаар бүхий 1 флакон Авастин зэргийн үйлчлэлээр хоёр өөр эмнэлэгт, нэг шинж тэмдэг бүхий үрэвсэл өвчтөнүүдэд үүссэн нь тухайн серийн дугаар бүхий флаконууд дахь эмийн өөрийн нь ариун чанар чанарын шаардлага хангаагүй, үрэвсэл үүсгэгч нянтай байсан гэх нөхцөл байдал тодорхойлогдож байна. Энэ нөхцөл нь шүүгдэгчийн маргаж байгаачлан “задлаад 2-3 хоносон үлдэгдлээс дээж авч, шинжилсэн” гэснийг үгүйсгэх нотолгоо болж байгаа (эсрэгээр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “С.” эмнэлэгт тарилгын уусмал үлдээгүй, хэрэглэсэн Авастины туншил байсан талаар дурдсан, 3-р хх-ийн 181).

            Нөгөөтэйгүүр, мэргэжлийн хяналтын байгууллагаас “О.”, “С.” эмнэлгүүдийн мэс заслын хэсгээс арчдас, агаар, ариун материал зэргээс дээж авч шинжлүүлэхэд агаарт байх нянгийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихэссэн, арчдас тодорхой хувийн нянгийн бохирдолтой зэрэг ижил төрлийн шинжилгээний хариу гарах боловч уг нөхцөл байдлыг битүүмжлэл бүхий, задраагүй Авастинд илэрсэн Micrococcus luteus нянтай харилцан хамааралтай гэх нөхцөл тогтоогдоогүй, хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарахад энэ талаар батлаж, нотлоогүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн мэдүүлэгт “...битүүмжлэл алдагдаагүй байхад аливаа өвчин үүсгэгч илэрсэн нь хадгалалтад бус чанартай холбоотой...” гэсэн /3-р хх-ийн 181/ байна.

            Түүнчлэн, Авастинд илэрсэн нян нь үйлдвэрлэгчийн алдаа дутагдлаас болсон эсэх, эсхүл П.А. нь гадаад улсаас тээвэрлэн авчрахдаа болон эмнэлгүүдэд нийлүүлэх хүртэл хугацаанд хадгалалтын горим зөрчсөн эсэх, “О.”, “С.” эмнэлгүүдэд хадгалалтын горим алдагдсан эсэх, ер битүүмжлэлтэй боловч хадгалалтын горим алдагдсан тохиолдолд Micrococcus luteus илрэх боломжтой эсэх зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй, нөгөө талаас тэр нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх, хохирол, хор уршгийг хуульд зааснаар нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

            Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 дахь заалтад “"эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3 дахь заалтад “Эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээнэ.”, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, ашиглахад тухайн бүтээгдэхүүний техникийн болон чанарын баталгаажуулалтын баримт бичгийг хавсаргасан байна.”, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.1 дэх заалтад “Эмнэлгийн үйл ажиллагаанд эм барих эрхгүй мэргэжилтнээр эм барих үйл ажиллагаа эрхлүүлэхийг хориглоно”, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2015 Монгол Улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эмийн сангийн жор хүлээн авах, эм олгох, эм найруулах болон нөөцийн тасгийн үйл ажиллагааг эм барих зөвшөөрөл бүхий эм зүйч, эсхүл эм найруулагч, дотоод хяналтын үйл ажиллагааг зөвхөн эм зүйч гүйцэтгэнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн 14.2.1 дэх заалтад “Төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмийн сан, хувийн ортой эмнэлгийн эмийн сангийн нөөцийн тасгийн эрхлэгчээр зөвхөн эм зүйч ажиллана.”, 14.2.2 дахь заалтад “Эмийн сангийн нөөцийн тасгийн эм зүйч нь эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах үйл ажиллагааг ил тод, мэргэжлийн ёс зүйтэй, хууль журмын дагуу гүйцэтгэх ба улсын бүртгэлгүй, стандартын бус, хуурамч эмийн бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх үүргийг хүлээнэ.”, 14.2.3 дахь заалтад “Эмийн санд зөвхөн гэрээт эм ханган нийлүүлэх байгууллагаас баталгаажсан захиалгын дагуу, улсын бүртгэлтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна.”, 14.2.4 дэх заалтад “Эм, эмнэлгийн хэрэгслийг эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авахдаа дагалдах бичиг баримттай тулгаж, түгээлтийн зохистой дадлын шаардлагад нийцсэн тохиолдолд нэр төрлийн бүртгэлд орлого авч баримтжуулан, хүлээж авна.”, 14.2.8 дахь заалтад “...баталгаагүй эх сурвалжаас эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг татан авахгүй.” гэж тус тус заажээ.

            Дээрх хуулийн хэм хэмжээ, стандартыг үзвэл төрөлжсөн нарийн мэргэжлийн, хувийн ортой эмнэлэг нь анагаах ухааны чиглэлэлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эм зүйчийг эмнэлгийн эмийн сангийн нөөцийн тасагт ажиллуулж, эм зүйч нь эм татан авах үйл ажиллагаанд гардан оролцож, чанаргүй эм худалдан авахаас сэргийлэх үүднээс чанарын баталгаатай, дагалдах бичиг баримттай, эх сурвалж нь тодорхой эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч, баримтжуулахаар үүрэгжүүлжээ.

            Гэтэл иргэний хариуцагчийн тухайд эм зүйчгүйгээр (хуульд заасан шаардлагыг хангаагүй тул эм зүйч биш гэж үзнэ) эм татан авах үйл ажиллагааг хэрэгжүүлж, үүний улмаас эм татан авахад баримтлах зайлшгүй шаардлагатай, зохист ажилбарууд орхигдож, энэ нь цаашлаад гуравдагч этгээдэд (хохирогч нар) хохирол, хор уршиг учрах нэг шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь  нэг талаас хуульд заасан журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлэн холбогдох нэг удаагийн зөвшөөрөл авах үүрэгтэй, нөгөө талаас төрийн захиргааны холбогдох байгууллагууд нь (эрүүл мэндийн, гаалийн, мэргэжлийн хяналтын гэх зэрэг) тэрхүү импортын бүтээгдэхүүнд шалгалтын үндсэнд зөвшөөрөл олгох, хилийн хяналтыг хэрэгжүүлэх, чанарын шаардлагыг шинжлэх, эдгээр үйл ажиллагаануудад холбогдох баримтыг тухай бүр ханган нийлүүлэгчид олгох (эсхүл эдгээр нь тодорхой баримтуудаар нотлогдох боломжтой) үүрэгтэй боловч гэмт этгээд тэрхүү үйл ажиллагааны дарааллыг “Монголын хууль амьдралд нийцдэггүй, яамны шаардлагыг хангах боломжгүй, дистрибьютор компани зөвшөөрөхгүй, цөөхөн ширхэгээр тул гар тээшээр оруулсан” гэх зэрэг шалтгаар биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж, хууль зөрчиж, гарал үүсэл тодорхойгүй, зөвхөн битүүмжлэл алдагдаагүй, лац баглаа бүрэн бүтэн байдалтай, эмийн талаарх ерөнхий мэдээлэл бүхий бичиг зэргээс өөр дагалдах баримт бичиггүй (дээрх төрийн байгууллагуудаас олгох зөвшөөрөл, баримт нотолгоо) нийлүүлж байхад шалгах үүргээ хэрэгжүүлэхгүй, хэнээс хэнд (П.Ш. гэх), хэрхэн хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй (П.А.ийн гэр бүлийн хүн хүргэсэн, П.А. өөрөө өгсөн, “О.” эмнэлгээс авчруулсан, “О.” эмнэлгээс авчруулсан гэдгийг мэдээгүй гэх зэрэг) байдлаар эмийг хүлээн авсан байдлаа “...эмийн нийлүүлэлтийг эмнэлгийн эм зүйч хүлээн авч, бүрэн бүтэн байдал, хугацаа, лац зэргийг шалгана, бусад чанарын аюулгүй байдалд холбогдох асуудлыг холбогдох төрийн байгууллага хариуцах үүрэгтэй, манай эм зүйч сургуульд сурч байсан, ажилтнаа эм зүйн мэргэжлээр сургаж байгаа... /1-р хх-ийн 211, 7-р хх-ийн 27, 36/, ...тухайн Авастиныг хүлээн авсанд холбогдох баримтууд байсан бөгөөд мөрдөгчид өгсөн боловч хэрэгт ороогүй байна, эм зүйчийг эм зүйч биш гэх нотлох баримт байхгүй, зохих журмын дагуу эмийг хүлээн аваагүй гэх нотолгоо байхгүй...” гэх зэрэг тайлбараар үгүйсгэж байгааг хүлээн авах үндэслэлгүй, энэ нь хууль, стандартад нийцээгүй, хариуцагчийн татгалзал эсрэгээр нотлогдохгүй байна.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдан 2015 оны 06 дугаар сараас хэрэгжиж буй “Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага”-ын 14 дэх хэсгийн 14.3-д “Эм эмнэлгийн хэрэгслийг хүлээн авагч нь бүтээгдэхүүнийг баримтжуулан хүлээн авна. Баримтжуулалтанд доорх мэдээллийг заавал багтаана:

-хүлээн авагчийн огноо, -бүтээгдэхүүний нэр, -тоо хэмжээ, -нийлүүлэгчийн нэр хаяг” гэж, 14.4-т “Баримтжуулалт хийх заавар, баримт, маягтын загвар болон түүнийг ашиглах зааврыг холбогдох хүмүүст мэдээлнэ” гэж, 14.6-д “Баримтыг бүрэн хөтөлсөн, эрх бүхий ажилтан хүлээн зөвшөөрсөн байна” гэж, 14.10-д “Бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу хадгалсан эсэх, анхаарах зүйл байгаа эсэх, шалгасан огноо зэрэгт цаасан болон цахим бүртгэлийг тогтмол хөтөлнө” гэх зэрэг эмнэлгийн байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авахдаа баримтлах стандартыг хангаж ажиллаагүй байна.

            Тийнхүү “С.” эмнэлэг нь хэдийгээр хэрэг учрал дамжмал байдлаар бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй боловч болзошгүй эрсдлээс сэргийлэх буюу эм зүйч ажиллуулж, түүгээр эмийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа баримт бичгийг зохих ёсоор шалгуулах, хүлээн авсныг баримтжуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр хохирогч нарт тэрхүү хохирол, хор уршиг учрах үйл баримтад мөн иргэний эрх зүйн хариуцлага хүлээж байгааг дурдах нь зүйтэй.

            Иргэний хариуцагч талаас “П.А. чанарын шаардлага хангаагүй эм нийлүүлээгүй байсан бол хохирогч нарт хохирол, хор уршиг учрахгүй байсан” гэснийг үгүйсгэх боломжгүй боловч шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь урьд энэ төрлийн харилцаатай байсан, тухай бүр эрсдэл гарч байгаагүй эсэхээс үл хамааран байгууллага нь тухай бүр дотооддоо зохих байдлаар шалгах, нягтлах ажиллагааг явуулах үүрэгтэй байхад явуулаагүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй бөгөөд төрийн байгууллагад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй, нууц далд аргаар импортлон, флаконд агуулагдаж буй эмийн чанар, аюулгүй байдлын талаар тодорхой баримтгүй, итгэлцлийн үндсэн дээр худалдаалж байхад (гагцхүү хадгалалтын горимыг худалдахаас өмнө зөрчөөгүй, дэлхийд тэргүүлэх компани алдаа гаргах ёсгүй, алдаа гарч байгаагүй гэж тайлбарладаг) “...төрийн байгууллага шалгах үүргээ хэрэгжүүлсэн байх ёстой, П.А. гэрээнд заагдсан үүргээ өөрөө хангаж, хэрэгжүүлсэн байх ёстой, ханган нийлүүлэлтийн байгууллагаас нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг эмнэлэг мэдэх боломжгүй, тийм баримт шаардах шаардлагагүй, П.А. Авастиныг ямар замаар авч, яаж хадгалсныг мэдэхгүй, эмийг хэрэглэж, эрсдэл гарвал нийлүүлэгч буруутай, баримт бичгийг шалгах талаар зохицуулалт байхгүй...” гэх иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, хууль, стандартад заасан хэм хэмжээнд нийцэхгүй байна.

            Холбогдох хууль, хэм хэмжээний актад буй хэм хэмжээг харвал хуульд заасан журмаас гадуур хууль бус үйл ажиллагаа гарч болзошгүй, тэрхүү болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс үндсэн үүрэг бүхий төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн хуулийн этгээдийг мөн үүрэгжүүлсэн байх бөгөөд эм ханган нийлүүлэх, түүнийг татан авах үйл ажиллагаа дан ганц талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх, үүргээр хязгаарлагдахгүйгээс гадна хууль бусаар, нууц далд аргаар эмийг оруулж ирсэн байхаас үл хамааран төрийн байгууллага үүргээ “хэрэгжүүлсэн байх ёстой”, төрийн байгууллагад итгэсэн гэх иргэний хариуцагчийн тайлбар, мэдүүлэг үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт “Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 512.2 дахь хэсгийн 512.2.5 дахь заалтад “Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тухайн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолсон бол хариуцлагаас чөлөөлөгдөж болно.” гэж тус тус заасан байна.

            Дээрх хууль нь үйлдвэрлэгч (хэргийн тухайд Энэтхэг улсын компани) хариуцлага хүлээх, эсхүл хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлийг тодорхойлсон байх бөгөөд худалдааны гэрээгүй, эх сурвалж тодорхойгүй үйл баримтын тухайд тодорхойгүй хариуцагчид үүрэг хүлээлгэх үндэслэлгүй бөгөөд чухамхүү “С.” ХХК иргэний хариуцагч болох эсэхийг тодорхойлох хуулийн хэм хэмжээнд хамааралгүй байна гэж дүгнэв.

            Эцэст нь дүгнэн үзэхэд “С.” ХХК нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд үүний үндсэнд хохирогч Х.Д., Н.Б. нарын өмнө иргэний эрх зүйн үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            4. Хохирол, хор уршгийн талаар:

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаартай шинжээч нарын дүгнэлтээр хохирогч Х.Д., Н.Б. нарын нүд хараагүй болсон гэм хор нь тухайн өдрүүдэд тарьсан Авастин тарианаас шалтгаалсан, улмаар цаашид хараа сэргэхгүй болохыг тодорхойлсон байна.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар “С.” эмнэлэг нь хохирогч нарт Таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулан, гарын үсэг зуруулж, зохих горимын дагуу тарилгыг хийсэн, улмаар үрэвсэл үүсмэгц эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээнүүдийг авсан буюу зохих төрийн байгууллага, ижил төрлийн үйл ажиллагаа бүхий эмнэлгүүдэд мэдэгдсэн, хохирогч нарт шаардлагатай эмчилгээнүүдийг цаг алдалгүй хийсний үндсэнд үрэвслийг зогсоосон, захирлын тушаал гарч, тодорхой хариуцлагын хүрээнд шаардагдах эмчилгээ зэргийг үнэ төлбөргүй үзүүлж байсан үйл баримт тогтоогддог.

            Хохирогч Х.Д.-оос сэтгэцэд учирсан хор уршигт 15.000.000 төгрөг, хохирогч Н.Б.-ээс сэтгэцэд учирсан хор уршигт 15.000.000 төгрөг, мөн нэмээд эм тариа, эмчилгээ хийлгэсэнд холбогдох 1.119.400 төгрөг, шатахууны зардал 694.490 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Ингэхдээ хохирогч нараас гэм хорын зардлаа шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хэн алинаас нэхэмжилж, хохирогч Н.Б.-ийн өмгөөлөгчөөс иргэний хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан бол шүүгдэгчээс “иргэний хариуцагчтай хамтарч төлөхөд татгалзах зүйлгүй”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул бусдад төлөх төлбөргүй”, иргэний хариуцагч талаас “иргэний хариуцагч хариуцах үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж,

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.”, 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” гэж тус тус заажээ.

Хохирогч Х.Д.-ын нүдэнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, Н.Б.-ийн нүдэнд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус үрэвсэл үүсэж (шүүгдэгчид холбогдох гэмт хэрэг гарсан цаг хугацааны тухайд бус), улмаар тухайн цаг хугацаанд тус тусын баруун нүд хараагүй болж, шинжээч нарын дүгнэлтээр хохирогч нарт хүндэвтэр зэргийн хохирол учирсан ба хохирогч Х.Д.-ын тухайд “...муудаж байсан, муу боловч тодорхой хэмжээнд хардаг байсан нүд огт хараагүй болсон, нүд, толгой байнга өвдөж, өөртөө үйлчлэх чадваргүй болж, сэтгэл санаагаар гутарч, байнга уйлж, үхэх талаар бодох болсон, нас өндөр ч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг 7 жил хүлээж байгаа, учирсан хохирлын хажууд 15.000.000 төгрөг юу ч биш, туйлын гомдолтой байгаа...” гэж, хохирогч Н.Б.-ийн тухайд “...муудаж байсан, муу боловч тодорхой хэмжээнд хардаг байсан нүд огт хараагүй болсон, залуу хүний хувьд хөдөлмөрийн чадваргүй болж, ажилд авахгүй болсон, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг олон жил хүлээж байгаа, туйлын гомдолтой...” гэж тус тус тайлбарладаг.

2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар талууд “сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах эрх зүйн орчин байгаа, байхгүй, хүлээгдэж байгаа” гэж, энэ шүүх хуралдаанаар “эрх зүйн орчин, практик урьд байсан, Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршигт нөхөн төлбөр гаргуулах талаар Улсын дээд шүүхийн тогтоол гарсан” гэж маргасан.

Хохирогч нарын тухайд урьд ч “сэтгэл санаагаар хохирсны” (сэтгэцэд учирсан эмгэг бус) нөхөн төлбөр нэхэмжилж байсан бөгөөд урьд “хууль боловсронгуй болж, журам хүлээгдэж байгаа”, эдүгээ “хууль үйлчилж эхэлснээс өмнөх цаг хугацаанд хамааралгүй” гэсэн нөхцөл байдалд тэдгээрийн “сэтгэл санаагаар хохирсон” нөхцөлийг төсөөтэй ойлгон хамаатуулж, уг хамааралд нь тэдгээрийн зөрчигдсөн эрх сэргэхгүйд хүрч, хор уршиг даамжирч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь илтэд зөрчигдөж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаатай эдлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн байна.

Иймд шүүх хохирогч Х.Д., Н.Б. нарын “сэтгэл санаагаар хохирсны” нөхөн төлбөр буюу нэхэмжлэлийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, “сэтгэцэд учирсан хор уршиг”-ийн тухайд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д хүндэвтэр хохиролд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин (8.580.000-15.173.400, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр тооцоход) нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тодорхойлсон байна.

Нүдний хараагүйдэл гэж шууд утгаар амь насанд аюултай биш хэдий ч хүний оршихуй, эрхэм чанар, нэр төр, амьдралын чанар, эрүүл мэндэд онцгой чухал үүрэгтэй эрхтэн болохыг харгалзан, хохирогч нарын тус бүр нэхэмжилж буй 15.000.000 төгрөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлэнтэй тэнцэх хэмжээний дотор байгаа (жишиж үзэхэд) зэргийг харгалзан хүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас сэтгэцэд учирсан хор уршигт холбогдох нотлох баримтгүй буюу сэтгэцийн эмгэгийн хэр хэмжээг шинжээч тогтоохоор хуульчилсан гэж тус тус тайлбарлан маргасан боловч шүүх чухамхүү хохирогч нарын сэтгэл санаагаар унаж, шаналж, харамсч байгаа нөхцөл буюу хохирлыг сэтгэцийн эмгэг (“хүний биед тогтсон гэм согог”, монгол хэлний тайлбар толь), өөрчлөлтөд (тийм эмгэгтэй болсон талаар хохирогч нар байр суурь илэрхийлээгүй) хамааруулаагүйг тэмдэглэж байна.

Хохирогч Н.Б.-ээс шатахууны зардалд 694.490 төгрөгийг /3-р хх-ийн 13-14, 4-р хх-ийн 132-135-р талд авагдсан баримтуудаар/ нэхэмжилсэн бөгөөд шүүх тэдгээр баримтуудыг шинжлэн судлахад зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гаргацгүй шүүх үнэлэх боломжгүй байх ба тодорхойлох боломжтой баримтуудын огноо хохирол, хор уршиг гарснаас хойшхи хугацаанд хамаарч байгаа, мөн нийлбэр дүнгээр 610.760 төгрөг гэж тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс “...шатахууны зардлын ямар хэсэг нь “С.” ХХК-д хамааралтай болох нь ойлгомжгүй” гэж, хохирогч Н.Б.-ээс “...нүд хараагүй болсон учир бусдын автомашинаар нааш цаашаа явж байсан” гэж тус тус тайлбарлан маргах бөгөөд шүүх хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, “С.” эмнэлэгт хийлгэж байсан эмчилгээний явц, цаг хугацаа /4-р хх-ийн 53-95/ зэргийг нь харгалзан шатахууны зардал 610.760 төгрөгийг зохих хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн хохирогч Н.Б.-ээс эм тариа, эмчилгээ хийлгэсэнд холбогдох 1.119.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд /3-р хх-ийн 13, 14-р талын ар хэсэг, 4-р хх-ийн 129-131/ эдгээр баримтуудыг шинжлэн судлахад зарим хэсэг нь хохирол, хор уршиг учрахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул хэрэгт хамааралгүй, нөгөө хэсэг нь, тухайлбал, нүдний хараагаа оношлуулж, нүдний шил захиалсан нь баруун нүдний хохирол, хор уршигт хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Ийнхүү шүүх хохирогч нарт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох тус бүрийн 15.000.000 төгрөг, хохирогч Н.Б.-д гарсан хор уршгийн бусад зардал 610.760 төгрөг зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Тийнхүү шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шүүгдэгчийн “...хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хариуцагчтай хамтран хариуцахад бэлэн” гэх байр суурь, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хэн алины хариуцлагагүй, хайнга хандсан үйл ажиллагааны үр дүнд нөхөж баршгүй хохирол учирсан зэргийг харгалзан үзэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 778 дугаар магадлалд “...Хохирогч  нарын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан нь “хууль бус эмийг” худалдсан, худалдан авсан талуудын хөнгөмсгөөр найдаж, хайхрамжгүй хандсан хууль бус эс үйлдэхүйтэй нийлмэл буюу давхардсан шалтгаант холбооны хамааралтай болохыг үгүйсгэх боломжгүй үндэслэл, нөхцөл тогтоогдсон байна.” гэсэнд үнэлэлт дүгнэлт өгч, хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч П.А.ээс 15.305.380 төгрөгийг, “С.” ХХК-иас 15.305.380 төгрөгийг тус тус гаргуулан, үүнээс хохирогч Х.Д.-т 15.000.000 төгрөгийг, хохирогч Н.Б.-д 15.610.760 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, П.А.ээс 7.500.000 төгрөг, “С.” ХХК-иас 7.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Д.-т , мөн П.А.ээс 7.805.380 төгрөг, “С.” ХХК-иас 7.805.380 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б.-д тус тус олгож шийдвэрлэсэн болно.

Хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогч нарын тайлбар, мэдүүлэгт үндэслэхэд тэдгээрт үүссэн хохирол, хор уршиг арилаагүй нөхцөл байдал байгаа тул цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Харин иргэний хариуцагч “С.” ХХК нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа ханган нийлүүлэгч буюу худалдагчаас (гэм буруутай этгээдээс) жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Улсын яллагчаас “хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгчээр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэж, хохирогч Н.Б.-ийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс “3 сарын хугацаанд төлүүлэх” гэсэн санал, дүгнэлт гаргасан бөгөөд “Ц.” ХХК нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй (шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас үйл ажиллагаа 2017 оноос хойш зогссон гэж тайлбарлаж байгаа), шүүгдэгчийн орлого олох боломж, холбогдсон Эрүүгийн хуулийн санкц зэргийг үндэслэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

5. Албадлагын арга хэмжээний тухайд:

Шүүгдэгч нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “...шүүгдэгч нь Э.-өөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3.064.000 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1.047.000 төгрөгийн, “С.” эмнэлгээс 1.150.000 төгрөгийн, “О.” эмнэлгээс 3.450.000 төгрөгийн буюу нийт 8.711.000 төгрөгийн орлого олсон байх тул уг үнийн дүнг гаргуулан улсын орлогод оруулах” гэсэн саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Ц.” ХХК-иас “О.” эмнэлэгт 3 ширхэг Авастин эм худалдах 3.450.000 төгрөгийн зарлагын баримт авагдсан байх боловч тухайн зарлагын баримтын дагуу П.А., “Ц.” ХХК нь төлбөрийг хүлээн авсан эсэх үйл баримт нь “О.” эмнэлэгт холбогдох баримтуудаар тогтоогдоогүй, эсрэгээр шүүгдэгч аваагүй гэж тайлбарлаж байгаа зэргээр П.А.ийг уг үйл баримтын тухайд орлого олсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин Э., “С.” эмнэлэгт холбогдох баримтуудын хүрээнд шүүгдэгч нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс буюу гэмт хэргийн улмаас нийт 6.928.000 /1-р хх-ийн 220-222, 3-р хх-ийн 39, 4-р хх-ийн 62-95, 6-р хх-ийн 4-8/ төгрөгийн орлого олсон байх тул уг дүнг “Ц.” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч П.А., “Ц.” ХХК нарыг гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч П.А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “Ц.” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч П.А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох, шүүгдэгч “Ц.” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх, “Ц.” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.А. нь 61 настай, дээд боловсролтой, “Ц.” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, “Ц.” ХХК нь 2006 онд байгуулагдаж, 2016 онд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.А.ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байх тул П.А.д холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч “Ц.” ХХК-ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул П.А. буюу “Ц.” ХХК-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, П.А.ийн хувийн байдал зэргийг нь харгалзсан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээ, прокурорын саналын хүрээний дотор буюу эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 23.000 нэгжтэй (1 нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх “Ц.” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байдал, түүний хууль ёсны төлөөлөгч П.А.ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан хуулийн этгээдэд оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт Gatiquin 0.3% 5ml савлагаатай 25 ширхэг эм, Brimodin 5ml савлагаатай 4 ширхэг эм, Ketorocin 0.5ml савлагаатай 16 ширхэг эм, Gatiquin-P 10ml савлагаатай 2 ширхэг эм, Dorzox T 5ml савлагаатай 7 ширхэг эм, Dorzox 2% 5ml савлагаатай 4 ширхэг эм, Predmet 1% 10ml савлагаатай 24 ширхэг эм, Tropicamide 1% савлагаатай 5 ширхэг эм, Toba DM10 ml савлагаатай 3 ширхэг эм, Pilocarpine eye drops 2% 5ml савлагаатай 1 ширхэг эм буюу нийт 91 ширхэг эм хураагдан ирсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр захирамжаар П.А.д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт П.ийн А.ийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд,

    шүүгдэгч Т. овогт П.ийн А. буюу “Ц.” ХХК-ийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А. нь эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А. буюу “Ц.” ХХК-ийг эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх (1 нэгж=1000 төгрөг) хэмжээний буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.А. буюу “Ц.” ХХК-д оногдуулсан 23.000.000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.А.ээс 7.500.000 төгрөгийг, иргэний хариуцагч “С.” ХХК /РД:.../-иас 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч А. овогт Х.-ийн Д. /.../-т, шүүгдэгч П.А.ээс 7.805.380 төгрөгийг, иргэний хариуцагч “С.” ХХК-иас 7.805.380 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ш. овогт Н.-ийн Б. /.../-д тус тус олгосугай.

6. Хохирогч Х.Д., Н.Б. нар нь цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт хураагдан ирсэн Gatiquin 0.3% 5ml савлагаатай 25 ширхэг эм, Brimodin 5ml савлагаатай 4 ширхэг эм, Ketorocin 0.5ml савлагаатай 16 ширхэг эм, Gatiquin-P 10ml савлагаатай 2 ширхэг эм, Dorzox T 5ml савлагаатай 7 ширхэг эм, Dorzox 2% 5ml савлагаатай 4 ширхэг эм, Predmet 1% 10ml савлагаатай 24 ширхэг эм, Tropicamide 1% савлагаатай 5 ширхэг эм, Toba DM10 ml савлагаатай 3 ширхэг эм, Pilocarpine eye drops 2% 5ml савлагаатай 1 ширхэг эм буюу нийт 91 ширхэг эм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.А. буюу “Ц.” ХХК-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.928.000 төгрөгийг “Ц.” ХХК-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.А. буюу “Ц.” ХХК нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН