Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2024/00257

 

Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 11-ний  өдрийн 183/ШШ2024/01568 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01298 дугаар магадлалтай,

Т-ийн нэхэмжлэлтэй

Ц.П-ийн холбогдох

Төрд учруулсан хохирол 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Я.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ц.П-ийн холбогдуулан төрд учруулсан хохирол 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01568 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.П-гээс төрд учирсан хохиролд 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01298 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.П-гээс 7,654,990 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,029,395 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “56.1” гэснийг “56.2” гэж, “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагчаас 137,430 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.24-ний өдрийн 210/МА2024/01298 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:

4.1. Хэргийн үйл баримтын тухайд;

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална.”, 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах.” гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж тус тус зохицуулсан.

Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах (регресс) эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.

Болсон үйл явдлын тухайд;

Монгол Улсын Засгийн газраас төсвийн зардлыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчийн орон тоог цомхотгох чиглэлийг баримталж Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 387 дугаар тогтоолоор зарим агентлагуудыг нэгтгэж, татан буулгаж, агентлагуудын орон тоог цөөрүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тоог 155 орон тоотой (зөвхөн ерөнхий газрын хэмжээнд) байхаар шинэчлэн тогтоосон. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүйн сайдын 2015.01.30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц орон тоог (ерөнхий газар 155, дүүрэг 355, орон нутаг 760, нийт 1,269) шинэчлэн баталснаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хэмжээнд ажиллаж байсан 196 ажилчин, албан хаагчдыг 155 болгож цөөрүүлсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015.03.09-ний өдрийн 388 дугаар тушаалаар нийт 196 ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар томилох ажиллагаа явагдсан. Б.А-ийн ажиллаж байсан орон тоо хасагдсан тул чөлөөлж түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.

Ц.П нь Б.А-г ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ.” гээд 13.1.4-д “Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх.” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн хувиар зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр шүүх Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т Төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан үед орон тоо цөөрсөн бол … ажилтнуудаас мэргэжлийн түвшин ур чадвар, ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан ажилтныг сонгон шалгаруулж авах” заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч нийт 196 ажилтнуудыг чөлөөлөх, томилох тушаал гаргахдаа Ц.П-гийн зүгээс бусдад санаатай үйлдлээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй. 196 ажилтныг 155 болгон багасгахад орон тоо хасагдсан, цөөрснөөс ажилтнууд чөлөөлөгдөх тул аль болох хууль тогтоомжид нийцүүлэх, алдаа гаргахгүй байх, ажилтнуудын эрх ашгийг хөндөхгүй байх зорилгыг агуулж ажилласан.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд;

Анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөл нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийнхээ хүрээнд шаардах эрх 2022.04.25-ны өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх 2022.04.25-ны өдөр хүргүүлсэн. Энэ үеэс шаардах эрх үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь: Төрийн албаны зөвлөл нь Хууль зүй, дотоод хэргийн яам руу 2022.04.14-ний өдрийн 04/802 дугаар хамтран ажиллах тухай албан бичгийн хариуг 2022.04.25-ны өдөр хүлээн авснаар төрд хохирол учирсан талаар мэдсэн гэж тайлбарласан.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүрэгтэй байхаар заасан. Төрийн албаны зөвлөл нь хуульд чиг үүргийн хүрээнд төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийнхээ хүрээнд шаардах эрхээ 2022.04.25-ны өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан.

Хууль зүйн сайдын 2018 оны А/121 тоот тушаалын дагуу 2018.06.29-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.А-д олговрыг олгосон. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон үеэс тоологдож эхлэх тул таван жилийн хугацаа 2023.06.29-ний өдөр дуусгавар болсон.

Төрийн албаны зөвлөл 2023.08.22-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу хариуцагч татгалзах эрхтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан нь хамааралгүй бөгөөд иргэний хуулийн тайлбарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа 10 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж тайлбарласны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой юм. Хөөн хэлэлцэх хугацааг хуульд нийцүүлэн тооцоход Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.12.21-ний өдрийн 361 дүгээр тогтоол гарснаас хойш тоолох тул нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь 2023.08.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд давж заалдах шатны шүүхийн 2024.06.24-ний өдрийн 210/МА2024/01298 дугаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.01-ний өдрийн 001/ШХТ2024/01256 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:

6.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ц.П-ийн холбогдуулан төрд учруулсан хохирол 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ: “...Ц.П нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2015.03.09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 388 дугаар тушаалаар тус газрын архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.А-г үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь 2015.08.19-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.10.28-ны өдрийн 486 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015.12.21-ний өдрийн 361 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 199 дүгээр шийдвэр зэргээр тогтоогдсон. Б.А-д шүүхийн шийдвэрийн дагуу 9,684,385 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дүгээр тушаалаар олгосон. Иймд дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөл шаардах эрхээ мэдсэн даруйдаа шаардлагаа хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх мэдсэн цагаасаа гаргасан гэж тооцно. Иймд Ц.П-гийн хууль бус тушаалын улмаас дээрх хохирол төрд учирсан гэм хорын хохиролд 9,684,385 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласныг,

8. Хариуцагч Ц.П нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулиар 2019.01.01-ний өдрөөс эхлэн шаардах эрх олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг хууль буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар шаардах эрхтэй боловч Хууль зүйн сайдын 2018 оны  А/121 тоот тушаалын дагуу олговор олгосон 2018.06.29-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Засгийн газрын тогтоол, Хууль зүйн Сайдын 2015.01.30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Б.А-ийн орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь шууд санаатайгаар төрд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй. Б.А-д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгосон тул 2015.09.09-ний өдрөөс хойших хугацааны олговрыг тооцохдоо уг мөнгөн дүнг хасаагүйн улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн.” гэж тайлбарласан.

9. Анхан шатны шүүх хариуцагч Ц.П-гээс төрд учирсан хохиролд 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... нэхэмжлэгч нь хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавих, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүргийнхээ хүрээнд шаардах эрхээ 2022.04.25-ны өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан. Хөөн хэлэлцэх хугацааг хуульд нийцүүлэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.12.21-ний өдрийн 361 дүгээр тогтоол гарснаас хойш тоолох тул нэхэмжлэгч 2023.08.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар татгалзах эрхтэй...” гэж дүгнэсэн. 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.П-гээс 7,654,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,029,395 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ, “... Улсын дээд шүүхийн 2015.12.21-ний өдрийн 361 дүгээр тогтоолд дүгнэснээс үзвэл хариуцагч Ц.П-г гэм буруутай гэж үзэх үндэстэй. Т-ийн 2022.04.14-ний өдрийн 04/802 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой мэдээлэл хүссэний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Б.А-д шүүхийн шийдвэрээр 9,684,385 төгрөгийг олгосон талаарх баримтыг 2022.04.25-ны өдөр хүргүүлсэн байна. Б.А-г ажлаас чөлөөлсөн хариуцагч Ц.П-гийн шийдвэрийг хууль зөрчсөн болохыг 2015.08.19-ний өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул Иргэний хуулийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.” гэж заасныг харгалзах учиртай. Хариуцагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.19-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн дагуу Б.А-д төлсөн 4,152,514 төгрөг, тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш хариуцагч нь ажлаас чөлөөлөгдсөн 2016.01.04-ний өдөр хүртэлх хугацааны 3,502,746 төгрөг (36,108 х 97 = 3,502,746), нийт 7,654,990 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь холбогдох дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.” гэж дүгнэсэн.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөрүүтэй хэрэглэсэн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ц.П  нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2015.03.09-ний өдрийн 388 дугаар тушаалаар ахлах мэргэжилтэн Б.А-г  ажлаас халсан нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.19-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр тогтоож, Б.А-г  Улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 4,152,514 төгрөгийг гаргуулан Б.А-д олгохоор, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.27-ны өдрийн 181/ШШ2016/00199 дугаар шийдвэрээр 2015.08.19-ний өдрөөс 2016.03.28-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 5,531,871 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор  тус тус шийдвэрлэсэн, эдгээр олговрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.20-ны өдрийн А/121 тоот тушаалаар 2018.06.29-ний өдөр олгосон нь үйл баримт тогтоогджээ.

13. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээдэд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалт нь уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг олгосон тусгайлсан хэм хэмжээ бөгөөд үүрэг бүхий этгээд гагцхүү гэм буруутай тохиолдолд хариуцлага хүлээнэ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.12.21-ний өдрийн 361 дүгээр тогтоолд “...шинэчилсэн бүтцээр Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний 4 орон тоо хасагдаагүй, хэвээр батлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна.” гэж заасан. Албан тушаалын орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр байхад “бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-г  ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.” гэж дүгнэснээс үзвэл хариуцагч Ц.П-ггэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх үндэстэй.

14. Гэм хорын хохирол нэхэмжилсэн энэхүү маргааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа хамаарах бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан "...шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан" хугацаа нь эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогдоно.

Эрх бүхий этгээд эрхийн зөрчлийн тухай хөөн хэлэлцэх хугацааг мэдсэн болон мэдэх ёстой байсан үеэс тоолдог.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.12.21-ний өдрийн 361 дүгээр тогтоол гарсан үеэс, давж заалдах шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022.04.25-ны өдөр хариу хүргүүлсэн үеэс буюу эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тус тус тодорхойлно гэж зөрүүтэй дүгнэсэн ба аль аль нь үндэслэлгүй болжээ.

16. Б.А-дшүүхийн шийдвэрийн дагуу нийт 9,684,385 төгрөг олгох ёстой байсан ба Хууль зүйн дотоод хэргийн яам 2018.06.29-ний өдөр уг мөнгийг төлснөөр гэм хорыг арилгасан гэж үзнэ. Тиймээс энэ үеэс буюу албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн үеэс гэм хорыг шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох журам үйлчилнэ.

 Хууль зүйн дотоод хэргийн яам 2018.06.29-ний өдөр 9,684,385 төгрөгийг төлснөөр гэм хорыг арилгасан, энэ үеэс ажилтны учруулсан хохирлыг төлж эрх зөрчигдсөн байхад нэхэмжлэгч нь 2023.08.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах үндэслэл байсан эсэх талаар буюу хариуцагчийн татгалзлыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Мөн  давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзана гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Энэ хэрэг нь өмнөх буюу нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас халсан тухай хариуцагч Улсын бүртгэлийн газарт холбогдох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргээс тусдаа, эрх зүйн маргаан атал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.” гэж заасныг үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон нь буруу байна.

17. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 210/МА2024/01298 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.П нь 2024.07.30-ны өдөр төлсөн 137,430 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД