Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0670

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Н.Б****** ,

Нэхэмжлэгч: Б.М***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч*** овогтой Г***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Б***

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Ө***,

Гуравдагч этгээд: Ж.С***,

Гуравдагч этгээд: О.У**,

Гуравдагч этгээд: О.Б***

Гуравдагч этгээд: Ж.О****** нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б***, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Н.Б***, Б.М*** нар нь анх тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Н.Б*** болон Б.М*** нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, 0003 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон тухай газар дээрх 00065 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний миний охин Б-ын М-ийн хөрөнгийн асуудлыг судалж, анх амьдарч байсан зургаар нь газрын кадастрыг ахин шинэчлэн тогтоож, өмчлөлийн гэрчилгээг анхны бодит зургаар нь шийдвэрлэж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж,

                 “иргэн Ж.О***-ын 390 м.кв-аар гаргуулсан газрын гэрчилгээ олгуулсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах, анхны амьдарч байсан байдлаар буюу иргэн Н.Б***-ад 522 м.кв-аар, иргэн Ж.О***-д 300 м.кв-аар газрын кадастрын зургийг шинээр гаргуулан тус бүрийн гэрчилгээг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

  1. Нэхэмжлэгч Н.Б*** анх Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар тус дүүргийн  дүгээр хороо, Горькийн  тоот хаягт байрлах газрыг амины хашааны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 010 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй

болсон.

            Улмаар 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамт “Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлөх хүсэлт” гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Баянгол дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт 492.58 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Н.Б***, Б.Э, Б.М***, Б.М*** нарт өмчлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Б.Э, Б.М*** нарыг хамтран өмчлөгчөөс хассан.

Улмаар хөрш залгаа газар өмчлөгч иргэнээс нэхэмжлэгч Н.Б***ын өмчлөлийн газарт халдаж байна гэх асуудлаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад тус албанаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12/3880 дугаар албан бичгээр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандахад тус албанаас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03-06/457 дугаар албан бичгээр тус тус “...тус гомдол нь эд хөрөнгийн холбоотой маргаан байх тул шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” хэмээн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгснийг эс зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            3. Нэхэмжлэгч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “...Миний бие Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн  тоотод оршин суугч Л.Ч-аас тухайн хаяг дээрх хашааг 2001 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэд хоорондын хэлцэл хийн худалдан авч, Л.Ч-аар өөрөөр нь байшин бариулж 2001 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээж аван өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл 2020 оны 8 дугаар сараас эхлээд хөрш айл болох н.О нь Л.Ч-аар бариулсан байшин болон бидний өмч болох хашааг таллаж буюу хувааж авна гэж удаа дараа дайрах боллоо. Мөн өөрсдийн нэр дээр болгосон гэрчилгээг ч үзүүлж байна. Үүнийг Газрын албанаас тодруулахад кадастрын зураг ер нь 2-3 метр зөрдөг гэж үл ойлгогдох тайлбар хэлж байв. Хөрш айл маань эзэнгүй байх үед хашааг маань буулган байшингийн зүүн булангаас 3 метр орчим оруулан цонхыг таллан хашаагаа түрэн барьсан байна. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хашаа байшингийнхаа талаар мэдээлэл хүсэхэд 2001 онд баригдсан байшингийн зургийг хашааны эсрэг талын буланд гаргасан, мэдээллийн санд буруу байршуулсан нь тодорхой болсон ба улмаар олон жил хөрш байсан айл маань зүй ёсны өмчлөгч миний хөрөнгөд бүдүүлгээр халдсанд гомдож байна. Энэ тухай Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч хууль шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн тул шүүхэд хандаж байна.

            Иймд охин бид хоёрын газар өмчлөх гэрчилгээний кадастрын зураг анхнаасаа буруу хийгдсэн бол 186 нэгж талбарын дугаартай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн газар өмчлүүлэх 01107-А/868/2014 тоот захирамжийн Н.Б***-д болон Б-ын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, манай хөрш болон н.О-ны Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн 1дугаар гудамж,  тоот хашааны 011-3892003 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийн тухайн иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөх, иргэн Н.Б*** миний болон Б-ын М нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, 0003 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон тухайн газар дээрх 0006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй миний охин Б-ын М-ийн хөрөнгийн асуудлыг судалж, анх амьдарч байсан зургаар нь газрын кадастрыг ахин шинэчлэн тогтоож, өмчлөлийн гэрчилгээг анхны бодит зургаар нь шийдвэрлэж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ байшинг анх 2001 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Л.Ч гэдэг хүнээс газар зарна гэсэн зарын дагуу ярилцан тохиролцож авсан. Тухайн үед хоёр байшингийн суурь байгаа, түүн дээр байшин барьж болно гэж хэлсэн. Хэлэлцэж тохиролцсоны дагуу 5х8 харьцаатай байшингийн материалыг Л.Ч-д өгч өөрөөр нь бариулсан. Сүүлд гэнэт манай хөрш Ж.О*** “...танайх манай газар дээр байшингаа барьсан байна, та нар байшингаа буулга. Манай кадастрын зураг гарсан” гэж хэлээд 2019 онд Газрын албанаас хүмүүс ирж бөөн маргаан болсон. “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байшин байхад яагаад буулгах ёстой юм бэ” гэж би хэлсэн. “Бид буулгахгүй, үнэн зөвийг олно” гэсний үндсэн дээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Байшингаа бариад үл хөдлөх хөрөнгө үнэлдэг үнэлгээний газрыг тайланг хэрэгт хавсаргаж өгсөн. Бодит байдал ийм байна. 522 м.кв талбай газар өглөө гэсэн гэрчилгээний дагуу дахин гэрчилгээ гаргуулж, кадастрын зураг гаргасан. Гэхдээ зүүн талд байсан байшинг кадастрын зургаар зүүн талд гаргасан байсан. Кадастрын зураг гаргах үед яагаад ингэж гарч байгаа юм бэ гэж асуухад “сансраас авахад ингэж гардаг” гэж хэлсэн ба өөр хариу хэлээгүй. 2004 оноос эхлэн сансрын зураг харахад манай байшин байсан байрандаа хэвээр байгаа. 2001 онд барьсан байшин хөдлөхгүй. Мэдээж хэрэг хүний амьдардаггүй газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй. Иймд үнэн зөвийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн М.Б*** миний бие нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Тухайн болсон үйл явдлыг нэхэмжлэгч Н.Б***-ын эхнэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*** ярилаа. Иргэн Л.Ч өөрийн хашаагаа таллаж, хашааны ихэнх хэсгийг буюу байшин барьсан хэсэг болох 522 м.кв талбайг нэхэмжлэгчид өгч, үлдсэн 300 м.кв талбай газрыг Ж.О***-д зарсан байдаг. Ж.О*** 300 м.кв талбай газрын хэмжээг засварлан улсын бүртгэлд 390 м.кв талбайгаар бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байдаг. Хөрш айлын 90 м.кв талбай газрыг хууль бусаар авна гэдэг нь тэр айлдаа ямар хохирол учруулж болохыг та бүхэн тухайн газартай танилцахдаа харсан байх. Захиргааны журмаар шүүхэд хандаагүй байсан бол улсын бүртгэлийн баримт засварласныг жирийн иргэд мэдэх боломжгүй байсан. Иргэн Ж.О***-ыг 390 м.кв талбай гэж олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулж, анхны амьдарч байсан барилга буюу иргэн Н.Б***-д 522 м.кв талбай хэмжээгээр гэрчилгээ олгож өгөхийг Нийслэлийн Засаг даргад хүссэн боловч шүүх хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

  1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...иргэн Н.Б***, Б.Э, Б.М***, Б.М*** нарт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 492.58 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх олгосон байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Б.Э, Б.М***, Б.М*** нарыг хамтран өмчлөгчөөс хасаж, Н.Б***-ын Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын газар өмчлөх эрхийг хэвээр үлдээсэн байна.

                 Нийслэлийн Засаг даргын 2003 оны 389 дүгээр захирамж нь “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” гарсан бөгөөд иргэн н.О нь энэхүү захирамжид дурдагдаагүй байна.

                 Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  1. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О***-оос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Ч-аас 2001 оны 3 дугаар сард иргэд хоорондын хэлцлээр 13 метрийн өргөнтэй, 90 метрийн урттай хашааг худалдаж авсан байдаг. 6 дугаар сар гэхэд миний эзэмших эрхийн гэрчилгээ 15 жилийн хугацаатайгаар гарсан. Тухайн эзэмших эрхийн гэрчилгээ дээрх зассан тоог би мэдэхгүй. Энэ хүмүүс намайг зассан гэдэг боловч ямар байдлаар, яаж зассан гэдгийг би сайн ойлгохгүй байна. Тухайн газрыг аваад тус оны 6 дугаар сард амралтаа авч хүүхдүүдийн хамт хөдөө аав, ээж дээрээ очсон. Ингээд 8 дугаар сарын сүүлээр ирэхэд байшин барьсан байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар үлдсэн газрыг надад зарсан гэдэг боловч би түрүүлж худалдаж авсан. Анхны байдлаар 522 м.кв талбай болгоно гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Л.Ч гэдэг хүнээс ямар хэмжээтэй газрыг авсан юм, тэр хүн ямар хэмжээний газартай байсан юм, надад ямар хэмжээтэй газар зарсан юм бэ. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаагаар надад газар өгсөн, өгөөгүй нь мэдэгдэхгүй байна. 522 м.кв талбай газартай байсан юм уу, тэр газраасаа надад зарсан юм уу. Эсхүл 800 м.кв, 900 м.кв талбай газартай байсан юм уу мэдэхгүй. Эзэмших эрхийн гэрчилгээгээ үзүүл гэхээр үзүүлдэггүй. Би 8 дугаар сард буцаж ирээд Н.Б***, Л.Ч хоёрт хоёуланд нь манай газар дээр яагаад байшин барьчихсан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн болохгүй бол урдаасаа өгнө гэж байсан. Түүнээс хойш хэлэлцээгүй. Манай газар эзэмших эрхийн гэрчилгээ 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр гарсан. Нөгөө талын газар эзэмших эрхийн гэрчилгээ хэзээ гарсан гэдгийг би сайн мэдэхгүй хэлж байна. Баянгол дүүргийн Газрын албанд хандахад “...эргэлтийн цэг тогтоолгож ир” гэсэн. Ингээд эргэлтийн цэгийг “Т” ХХК-иар тогтоолгоход Н.Б***-д дүүргийн Газрын албанаас иргэн Ж.О***-ын газрыг чөлөөлж өгөх шаардлага хүргүүлсэн. Би өөрийн өмчилж авсан газраа Н.Б***-д өгөхгүй” гэв.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч Н.Б***-д, Б.М*** нарын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэн, үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:

                 1. иргэн Ж.О***-д 390м.кв-аар газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох,

                 2. Анхны амьдарч байсан байдлаар буюу иргэн Б-д 522 м.кв аар газрын гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах,

                 3. иргэн Ж.О*** нь 300 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар засварлаж 390 м.кв болгосон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд манай худалдаж авсан газарт хууль бусаар нэвтэрч хашаа барьсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч Н.Б*** нь анх 2001 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, гуравдагч этгээд Ж.О*** нь 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус тус иргэн Л.Ч-аас одоогийн хаягаар Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн  дугаар гудамжны  болон  тоот хаягт /хуучнаар Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн  болон  тоот/ байрлах газрыг худалдан авсан.

Улмаар гуравдагч этгээд Ж.О***-д  дүүргийн Засаг даргаас 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн огноо бүхий 0101002554 дугаартай “390 м.кв” гэсэн бичилт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг, нэхэмжлэгч Н.Б***-д Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар “...иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэсэнтэй холбогдуулан дүүргийн Газрын албанаас 2003 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн огноо бүхий 0101003827 дугаар 522 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус олгосон бөгөөд, гуравдагч этгээдэд олгогдсон 010 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ дэх “300 м.кв” гэж бичсэн бичвэрийг “390 м.кв” болгон засварласан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн огноо бүхий 010дугаар болон 2003 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн огноо бүхий 010 газар эзэмших эрхийн гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2243 дугаар шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч Н.Б***-аас 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад хандан гэр бүлийн гишүүдийн хамт “Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлөх хүсэлт” гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 492.58 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Н.Б***, Б.Э, Б.М***, Б.М*** нарт өмчлүүлж улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар хамтран өмчлөгчөөс иргэн Б.Э, Б.М*** нарыг хассаныг нэхэмжлэгч нар 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэгдэн 0006 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

                 Тухайн асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтэд хавсаргасан 2004 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн огноо бүхий “Н овогтой Б-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг“-т “талбайн хэмжээ 492.58 м.кв” гэж бичигдсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад хандан “Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлөх хүсэлт”-д газрын хэмжээг 492.6 гэж тэмдэглэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/57 дугаар албан бичиг, Н.Б***-д газар өмчлүүлсэн 122 дугаар захирамжийн газрын хувийн хэрэг болон холбогдох бусад баримтаар,

                 Гуравдагч этгээд Ж.О*** нь гэр бүлийн гишүүд болох Ж.С***, О.Б, О.У** нарын хамт 2003 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн Засаг даргад хандан “Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах хүсэлт” гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 389 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 390 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэснийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүргэгдэн 00054 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Газрын албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/636 дугаар албан бичиг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/57 дугаар албан бичиг, Ж.О***-д газар өмчлүүлсэн 389 дүгээр захирамжийн газрын хувийн хэрэг болон холбогдох бусад баримтаар,

Нэхэмжлэгч Н.Б*** нарын өмчилж буй газар нь анх Газрын кадастрын мэдээллийн санд 2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 492 м.кв талбайтайгаар, гуравдагч этгээд Ж.О*** нарын өмчилж буй газар анх Газрын кадастрын мэдээллийн санд 2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 372 м.кв талбайтайгаар тус тус бүртгэгдсэн бөгөөд бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдсон газартай давхцалгүй болох нь Нийслэлийн Газрын албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/636 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/1600, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/1632 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгчийн оршин сууж буй байшингийн зүүн үзүүр гуравдагч этгээдийн хашааны дотогш түрж орсон байдалтай, нэхэмжлэгчийн хашааны дотор, зүүн урд буланд нэгж талбарын эргэлтийн цэгийг тогтоосон гэх төмөр шон байршиж байсан болох нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр  тус тус тогтоогдож байна.

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ”, 4.1.1-т “гэр бүлийн хэрэгцээний”, 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 27 дугаар зүйлийн 27.1.1-т “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” хэмээн тус тус хуульчилсан.

              5. Үүнтэй холбогдуулан шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 389 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.О***тгонтогтох нарт маргаан бүхий газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар газар өмчлөх эрх үүссэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,

              нэхэмжлэгч Н.Б*** нарт газар эзэмших эрхийг олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамж нь  “...тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх” зорилготой. Захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийн Газрын албанаас 2003 оны 010 дугаар бүхий “522м.кв” талбай гэсэн бичилт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг кадастрын зураглал хийх эрх бүхий ямар нэгэн этгээдийн хийсэн зураглалгүйгээр  нэхэмжлэгчид олгосон. Улмаар нэхэмжлэгч нараас дүүргийн Засаг даргаар уламжлан Нийслэлийн Засаг даргад хандан газар өмчлөх хүсэлтээ гаргах хүрээнд хийлгэсэн дүүргийн Газрын албаны 2004 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн огноо бүхий “Н овогтой Б-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг“-т нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газрын бодит хэмжээг “492.58 м.кв”  болохыг тодруулж, улмаар энэ хэмжээгээр нэхэмжлэгчид өмчлүүлж шийдвэрлэсэн байна хэмээн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Б***, Б.М*** нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “иргэн Ж.О***-ын 390 м.кв-аар гаргуулсан газрын гэрчилгээ олгуулсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах, анхны амьдарч байсан байдлаар буюу иргэн Н.Б***-д 522 м.кв-аар, иргэн Ж.О***-д 300 м.кв-аар газрын кадастрын зургийг шинээр гаргуулан тус бүрийн гэрчилгээг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА