Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 725

 

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02254 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Г, С.З нарт холбогдох

 

Автомашины үнэ 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч С.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З,

Хариуцагч Э.Г, С.З,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь өөрийн Инфенити Q-56 маркийн суудлын автомашиныг худалдан борлуулах бодолтой байсан. Энэ тухайгаа Э.Г-д хэлэхэд тэрээр өөрийн Резо маркийн автомашинаа эмэгтэй хүн унахад тохиромжтой гэж надад сурталчилж автомашинаа сольж болно, зөрүү мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрч өөрийн Инфенити Q-56 маркийн автомашинаа С.З-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Надад өгч байгаа Резо маркийн автомашиныг аваад 3 хоноод наймаа буцахаар шийдэж автомашинаа аваарай гээд өөрийн Инфенити Q-56 автомашинаа очиж авсан. Учир нь би автомашиныг сайн мэдэхгүй бөгөөд Резо автомашин нь эвдрэл гэмтэлтэй доголдолтой байсан. Үүний дараа тэд намайг шүүхэд өгсөн. Энэ хугацаанд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Резо маркийн автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, мөн 1 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд нэмж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хэрвээ гэрээний хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол наймаа буцахаар гэрээнд тусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул би гэрээнээс татгалзаж байна. Өөрийн Инфенити Q-56 маркийн автомашинаа буцаан авах хүсэлтэй боловч автомашиныг бусдад худалдсан гээд өгөхгүй байгаа тул автомашины үнэ 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 2-нд Э.Г, С.З, Н.М нар харилцан тохирч Э.Г-ын эзэмшлийн DAEWOO маркийн 75-61 УБЛ дугаартай автомашиныг Н.М-ийн эзэмшлийн INFITI маркийн 11-18 УНЧ дугаартай автомашинаар солилцохоор тохирч Э.Г автомашинаа Н.М-д шилжүүлж, Н.М автомашинаа Э.Г-ын эхнэр С.З-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэхүү арилжааны хэлцэл хүчин төгөлдөр байгаа. Н.М-ээс шилжүүлсэн автомашин маш их эвдрэлтэй байсан тул Э.Г түүнд 1 500 000 төгрөгийн зардал гаргаж засвар хийсэн ба 2016 оны 6 сард Н.М нь автомашинаа буцаан авах санал гаргасан шалтгаан нь Daewoo маркийн автомашин нь эвдрэлтэй байна гэсэн байдаг. Үүний дагуу уг автомашиныг Э.Г, С.З нар үзэхэд эзэмшигчийн буруугаас эвдэрч асдаггүй, явдаггүй болсон, айлын хашаанд тавьснаас 4 дугуй нь хагарч хий нь гарсан, обуд гадар нь хонхойж цөмөрсөн, астатчер цахилгаан нь гэмтсэн байдалтай болсон байсан. Энэ байдлын талаар болон үүссэн нөхцөл байдлын улмаас талууд уулзалдаж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Э.Г нь Н.М-д 1 сая төгрөг автомашины үнийн зөрүүд нэмж өгөх, Н.М нь Daewoo маркийн автомашины шаардлагатай сэлбэгийг авч өгөх, Э.Г уг автомашинд засвар хийж өгөхөөр тохиролцсон бөгөөд хэлцлийн дагуу Н.М-д 1 сая төгрөг өгөх гэтэл авахаас татгалзаж DAEWOO маркийн автомашиныг засч өгсөн нөхцөлд мөнгийг авна гэсэн атлаа өнөөг хүртэл сэлбэгээ авч өгөөгүйгээс автомашин засагдаагүй байна. Нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон гэрээний үүрэг 1 сая төгрөгийг шаардах эрхтэй, харин 20 сая төгрөгийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.З-с 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Э.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Н.М-ийн эзэмшлийн Dаewoo Rezzo маркийн 75-61 УБЛ улсын дугаартай суудлын автомашин, хариуцагч С.З-ийн эзэмшлийн infinty QX-56 маркын 11-18 УНЧ улсын дугаартай суудлын автомашинуудын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу дээрх эзэмшигч нарыг харилцан буцааж бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.З-с улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэг шүүхэд байх үед хариуцагч С.З нь Импенити автомашиныг бусдад шилжүүлсэн одоо байхгүй гэдэг тайлбар гарсан. Гэтэл Н.М нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Импенити автомашины үнэд тооцон 20 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 20 000 000 төгрөгийн хөрөнгө арилжааны хэлцлээр шилжүүлсэн гэх баримт байхгүй. Гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Арилжааны хэлцэл нь хүчин төгөлдөр байгаа, уг хэлцлээр авсан 75-61 дугаартай автомашин нь Н.М-ийн өмчлөлд хэвээр байгаа. Уг автомашинтай холбогдсон хэлцэл цуцлах асуудал шийдвэрлэгдээгүй байдаг. Гэтэл үндэслэлгүйгээр 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх 10 000 000 болгож С.З-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Э.Г, С.З нарт холбогдуулан автомашины үнэ 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар хариуцагч С.Заас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Э.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Н.М-ийн эзэмшлийн Dаewoo Rezzo маркийн 75-61 УБЛ улсын дугаартай суудлын автомашин, хариуцагч С.З-ийн эзэмшлийн Infinty QX-56 маркын 11-18 УНЧ улсын дугаартай суудлын автомашинуудын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу дээрх эзэмшигч нарыг харилцан буцааж бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсанаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчийн арилжааны гэрээний дагуу авсан автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаагаас гадна арилжааны гэрээнээс талууд татгалзаж байгаа бол гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй ба гэрээний зүйлийг харилцан буцаах боломжгүй тохиолдолд тухайн автомашины үнэ ач холбогдолтой юм.

 

Нэхэмжлэгч нь арилжааны гэрээгээр худалдсан Infinty QX-56 маркийн 11-18 УНЧ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч гуравдагч этгээдэд худалдсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 45-46 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд Infinty QX-56 маркийн 11-18 УНЧ улсын дугаартай суудлын автомашин нь гуравдагч этгээдэд шилжсэн болох нь тогтоогдохгүй байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цуглараагүй, хэргийн 45-46 дугаар талд авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.                                                                      

 

Түүнчлэн, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хариуцагч Э.Г-д тайлбарлах ажиллагааг хийгээгүй байна. Энэ нь хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэн дүгнэх, эрх зүйн дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна. 

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч С.З нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2018/02086 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ