Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1081

 

  2020          8              25                                           2020/ДШМ/1081                                         

 

О.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Мт холбогдох эрүүгийн 2008 00231 0723 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Онгод тайж овгийн О.М, 1975 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дотно” зочид буудалд үйлчлэгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

О.М нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч иргэн Б.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэх гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэх гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ...” гэж дүгнэсэн атлаа “О.Мийн хамтран амьдрагч Б.Этай үл ялих зүйлээр маргаан үүсгэж, нүүр лүү нь өшиглөж, духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов” гэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч О.М нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэх гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэх гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцов” гэж гэмт хэргийн нэг шинжийг хоёр өөрөөр дүгнэсэн ба тогтоох хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэх гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн 576 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

О.М нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч иргэн Б.Эг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эгийн “...хамтран амьдрагч О.М “...чи яахаараа охиноо дууддаг юм” гэж хэлээд гэрийн баганаас гараараа барьж байгаад миний нүүрэнд хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгтэл миний духнаас цус гарахаар нь би гэрээс гарч зугтаагаад охин Долгоржавынд очсон. ...” /хх 20/,

гэрч Г.Д-гийн “...О.М нь Б.Эгийн нүүрэнд хөлөөрөө өшиглөх шиг болсон. Тэгээд Б.Э манай гэрээс гараад яваад өгсөн. Удалгүй цагдаа ирээд О.Мийг манай гэрээс аваад гарсан. ...” /хх 29/,

гэрч Э.До-вын “...тэгтэл манай аавын толгойноос цус гарсан байдалтай байхаар нь би ааваас юу болсон талаар асуусан чинь “...харин О.М эгч чинь миний толгойг өшиглөчихлөө” гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаагийн машин ирсэн. ...” /хх 32/,

шинжээч Ц.Б-ын “...Б.Эгийн духанд няцарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. ...Б.Эгийн баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь унах болон цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл. ...” /хх41/,

шүүгдэгч О.Мийн “...Б.Эгийн биед учирсан гэмтлийг би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нүүрэнд нь гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөж учруулсан. ...” /хх 51/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Эгийн биед духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 37/ гэх шинжээчийн дүгнэлт,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокуророос О.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Мийг хамтран амьдрагч Б.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Дээд шатны прокуророос бичсэн эсэргүүцэлдээ “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов гэсэн атлаа тогтоох хэсэгтээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. ...шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр... эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заажээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн 2 хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэсэн 1 хүндрүүлэх шинжээр нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үйлдсэн гэснийг зөрүүтэй байдлаар бичсэн нь буруу байгааг тэмдэглэж, магадлалаар зөвтгөсөн дүгнэлт хийв.

Тодорхойлох хэсгийн зарим шинжийг хэрэгсэхгүй болгосон, үлдэх шинжээр нь гэм буруутайд тооцсон байдал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ойлголтын зөрүүгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тодорхойлох хэсэгт гаргасан зөрчилтэй дүгнэлтийг магадлалаар дүгнэсэн болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ