Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 123/2017/0004/з |
Дугаар | 435 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 435
Б.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0516 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагч Д.Э, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-аас гаргасан “Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, Б.О-ыг Төв аймгийн Баян сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 1 дүгээр сарын сүүлийн цалинд 192.165, 2, 3, 4 дүгээр сарын цалинд 2.352.993 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0516 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 123/ШШ2017/0008 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,5, 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-д хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг заасан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт: иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг Б.О намайг ИТХ-ыг хуралдуулаагүй, мөн хуралдуулаагүй байхад тогтоол гаргасан зэргээр буруутгасан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын бүрэн эрхийн асуудлыг ИТХ-ын нарийн бичигт хамааруулж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь улс төрийн зорилгоор хандаж дүгнэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын хамрах хүрээ нь сумын ИТХ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлыг бүхэлд нь хамруулж авч үзэх ёстой байхад энэ байгууллагын ажлыг ИТХ-ын нарийн бичиг дангаараа төлөөлөхгүй. ИТХ-ын хуралдааны чөлөөт цагт, хурлын байнгын тасралтгүй үйл ажиллагааг хурлын Тэргүүлэгчид хангах ёстой байхад шүүх дээрх асуудалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан манай сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн олонх нь буюу 12 төлөөлөгч нь МАН-аас, 1 төлөөлөгч МАХН-аас, 8 төлөөлөгч нь АН-аас тус тус сонгогдсон. Харин ИТХ-ын дарга нь цөөнх буюу АН-аас сонгогдсон төлөөлөгч Н.А нь ИТХ-ын даргаар томилогдсон. Энэ байдлаас шалтгаалан сумын ИТХ-ын төлөөлөгчид даргаа үл ойшоон хурал зарласан ч хуралдаандаа ирдэггүй, хурлын ирц хүрдэггүй учраас хурал нь байнга хойшилдог байсан. Энэ талаар би шүүхэд тайлбарлаж өгсөн боловч дүгнэлт өгөөгүй.
ИТХ-ын дарга хуралдааныг товлон зарлаж хуралдуулдаг. Хурлаас гарсан тогтоол нь хамтын шийдвэр байдаг. Үүнд хурлын дарга гарын үсэг зурж ёсчилдог. Харин ИТХ-ын нарийн бичиг нь ИТХ-аас гарсан шийдвэрийг албан бичиг хэргийн стандартын дагуу боловсруулж хурлын даргаар гарын үсэг зуруулж эцэслэн албажуулах үүрэгтэй. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь ИТХ-ын даргын бүрэн эрхийн асуудлыг ИТХ-ын нарийн бичигт хамааруулж хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хуулийг ноцтон зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь тухайн үед гэрчийн мэдүүлэг авахдаа нэхэмжлэгчийн талыг оролцуулалгүй хариуцагч талын санаачлагаар суманд ирж үзлэг хийж, намайг буруутгасан нотлох баримт цуглуулсан. ИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.А-аас мэдүүлэг огт аваагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй. Намайг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь нотлогдохгүй байхад, улс төржсөн шийдвэрээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр халсан явдалд гомдолтой байна. Иймд Төв аймгийн Баян сумын Иргэдийн хурлын даргын гаргасан, Б.О намайг ажлаас халсан шийдвэрийг хянуулж, үйл явдлыг хуулийн талаас нь зөв шийдвэрлэж дүгнэхгүй, хэт нэг талыг барьсан, хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.О нь Төв аймгийн Баян сумын Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий тушаалаар “өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн” гэх үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлаас халахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс “Иргэдийн Хурлын даргын чиг үүрэгт хамаарах асуудлаар буюу нарийн бичгийн даргын ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буруутгасан, алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргаагүй” гэж маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах” гэж заажээ. Нэхэмжлэгчийн тухайд албан тушаалын чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь дараах баримтаар тогтоогджээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны зорилго нь Хурлын төлөөлөгчид болон Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажил, үйлчилгээгээр хангах мэргэшсэн ажлын албыг удирдахад оршиж байх бөгөөд хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, мэдээ, мэдээллээр хангах үндсэн зорилтын хүрээнд тухайн онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг бэлтгэх, холбогдох баримт, судалгаагаар хангах чиг үүрэг нэхэмжлэгчид хадгалагдаж байх бөгөөд нэхэмжлэгчээс хэрхэн төсөл бэлтгэсэн, Хурлын даргад хэрхэн танилцуулсан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, дээрх ажлын байрны чиг үүргийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулсан, Хурлын даргыг шаардлагатай мэдээллээр хэрхэн хангасан, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн тусалсан болох нь тодорхойгүй байна.
Тус сумын хурлын Тэргүүлэгчдээс 2016 онд 20-н тогтоол гаргасан боловч үүнээс 4 хуралдааны тэмдэглэл бичигдэж, үлдсэн хуралдааны тэмдэглэл бичигдээгүй болох нь архивын баримт, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчээс “Хурлын дарга нь хуралдаан хийхгүйгээр тогтоол гаргасан, Хурлын дарга өөрөө дугаараа авдаг байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар хуралдаанаас гарсан тогтоолыг эмхтгэж, архивын нэгж бүрдүүлэх нь нэхэмжлэгчийн чиг үүрэгт хамааралтай юм.
Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах зааврын Нэгийн 3, Хоёрын 9.2 дахь хэсэгт зааснаар Үр дүнгийн гэрээ байгуулах нь нэхэмжлэгч болон хариуцагчийн аль алины чиг үүрэгт хамааралтай, ажлын байрны гол ажил үйлчилгээний талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулах тул нэхэмжлэгчийг 2015, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй буруутай гэж үзнэ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ахлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл хэрэгжүүлэх ба 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн үйл ажиллагааг шалган тусалсан дүнгээр тус сум нь 35.2% буюу хангалтгүй үнэлгээ авчээ.
Нэхэмжлэгчийн тухайд ажлын байрны тодорхойлолтод зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх зөвлөлүүд, ажлын хэсгүүдтэй хамтран ажиллах, үйл ажиллагаанд хяналт тавьж, мэдээллийг Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах чиг үүрэгтэй атал энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Нэхэмжлэгчээс “Тэргүүлэгчид нь зарласан хуралдаанд ирдэггүй, хурал удаа дараа хойшилдог” гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх төрийн захиргааны албан хаагчийн хувьд Тэргүүлэгчдийн хуралд асуудал хэлэлцүүлэхээр оруулсан, холбогдох мэдээллээр хангасан тухай баримт байхгүй тул нэхэмжлэгчийг “албан үүргээ хангалттай хэрэгжүүлсэн” гэх тайлбар няцаагдаж байна.
Нэхэмжлэгчийн “хариуцагч талын санаачилгаар үзлэг хийхдээ нэхэмжлэгчийг оролцуулаагүй” тухай гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхээс үзлэг хийх товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон болно.
“Хурлын даргаар ажиллаж байсан Н.А-аас гэрчийн мэдүүлэг аваагүй, хэт нэхэмжлэгчийг буруутгасан нотлох баримт цуглуулсан” гэх гомдлын тухайд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ зохих журмын дагуу үнэлэх буюу ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг бодитоор хийж гүйцэтгэсэн ажилтай харьцуулах замаар шийдвэр гаргах болохоос гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн ажил байдлыг үнэлэхгүй, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0516 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ