Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128

 

О.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Д.Баясгалан, түүний өмгөөлөгч Ч.Ням, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 921 дүгээр магадлалтай, 201726020923 дугаар эрүүгийн хэргийг хохирогч Д.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 17-ний өдөр төрсөн, эмэгтэй, О.Урангоо нэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Панзчин овогт О.У нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.У-ийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 28.300.000 төгрөг хохиролд төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 921 дүгээр магадлалаар 502 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Баясгалангийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Баясгалан гаргасан гомдолдоо: “О.У нь нийт 8 удаагийн үйлдлээр 39.400.000 төгрөгийг надаар бусдаас зээлүүлэн өнөөдрийн байдлаар хүү алдангийн хамт 73.800.000 төгрөгийн хохирол учруулаад одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Өлзийсайхан гэгч хүн дээрх мөнгийг авахад Урантэстэй хамтран оролцсон. О.У нь хэрэг шалгаж эхлэхэд Д.Баясгаланд учирсан хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулна гэж хэрэг шалгаж байсан мөрдөгч болон надад амлаж, улмаар төлөх юм байна гэсэн итгэлийг бидэнд төрүүлж, шалгах асуудлын эрч хүчийг бууруулсан... Анхан шатны шүүх хэргийг шалган шийдвэрлэхдээ Урантэстэй хамтарч намайг залилсан Өлзийсайханд ял завших боломж олгож, Урантэсийг ганцаараа үйлдсэн гэж дүгнэсэн. Миний хохирлын зарим хэсэг болох 2016 оны 4 сард дээрх хүмүүсийн авсан 2.400.000 төгрөг, мөн 2.000.000 төгрөгийг тооцоонд оруулж дүгнээгүй... Хохирлыг бүрэн шалгаж дуусаагүй байхад О.У-д хөнгөн ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Баясгалангийн өмгөөлөгч Ч.Ням гаргасан саналдаа: “Урантэстэй хамт хэрэг үйлдсэн Өлзийсайханыг шалгаагүй, хэргийн бодит хохирлыг бүрэн тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь бусдыг ял завшихад хүргэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгдэгчийн нэрийг шалгаагүй. Дансаар нь мөнгө шилжүүлсэн байхад хэргийг бүрэн шалгаж, учирсан хохирлыг тогтоохгүй байгаад гомдолтой байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан гаргасан саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Хохирогч Д.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч О.У нь 2016 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “гадаадаас мөнгө ирнэ” гэж хуурч мэхлэх замаар хохирогч Д.Баясгалангаас 28.300.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.У-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцох, эсхүл яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөр үйлдэлд шүүгдэгчийг буруутгах боломжгүй тул энэ хэрэгт Өлзийсайхан гэгчийг холбогдуулан шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоолгох талаар хохирогч Д.Баясгалангийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Д.Баясгалангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 921 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Д.Баясгалангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН