Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 59

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Улсын яллагч Д.Ганцэцэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Шүүгдэгч Б.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хургадай овогт Балбарын Төмөрбаатарт холбогдох 201715000059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 50 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сум 3 дугаар баг “Сэрвэн хашаат” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хургадай овогт Балбарын Төмөрбаатар /РД: ЙД67121517/ Шүүгдэгч Б.Төмөрбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 12-ноос 2017 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг “Сэрвэн хашаат” гэх газар нутаглаж байсан өөрийн гэртээ Б.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газарт нь 10 литрийн бидоноор цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Төмөрбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 04 цагийн үед хөгжим хангинуулсан машин ирсэн. Би тэмээ мал зэлэнд уяатай байгаа юмсан, мал үргэх вий дээ гэж бодоод гэрлээ асаатал Б.Отгонжаргал, Гансүх нар нэг ширхэг пиво бариад орж ирсэн. Тэгээд удалгүй Гансүх нь унтаад өгсөн. Тэгтэл Б.Отгонжаргал нь намайг гантель хулгайлсан гэсэн яриа гарсан байна, би тэгээгүй, миний нэрийг ах, дүү нараасаа олж өгөөрэй гэж хэлэхээр нь би намайг өдөж хатгаад байгаа юм байх даа, энэ Гансүх ямар учиртай энэ хүнийг манайд дагуулж ирдэг билээ гэж бодсон. Тэгээд би Гансүхийг сэрээх санаатай 10 литрийн бидоноор цохиод автал Гансүх цочоод сэрсэн. Тэгээд би Гансүхэд чи ямар санаатай энэ хүнийг манайд дагуулж ирсэн юм бэ? гэхэд надад элдэв буруу санаа бодол байхгүй, Б.Отгонжаргалыг танайд ханиндаа очъё гэхээр нь хамт ирсэн гэж хэлсэн. Тэгээд би уурандаа Б.Отгонжаргалыг нийт 4 удаа цохисноос толгойн тус газар нь 2 удаа бидоноор дэлссэн. Хохирол төлбөрт 1939000 төгрөг төлсөн. Би энэ гэмт хэргийн улмаас 63-64 хоног хоргоогдож байна. Өөрийн уураа барьж чадаагүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирогч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:… 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал 18 цагийн орчимд манай нутгийн Гансүх ганцаараа халамцуу орж ирээд Төмөрбаатар ахынхаас ирлээ гэж хэлсэн. Манай гэрт 1 шил 0.75 литрийн архи талаараа байхаар нь би Гансүхтэй тэр архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад Гансүхтэй нэлээн ярилцаж байтал шөнө болсон. 2017 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн орчимд би Гансүхтэй ярилцаад Төмөрбаатарынд хамт очихоор болоод өөрийнхөө эзэмшлийн “Хонда сивик” маркийн машинаа унаад Гансүхтэй хамт Төмөрбаатарынд очиход гэр нь гэрэлтэй байхаар нь Гансүх бид 2 гэрт нь ороход Төмөрбаатар эхнэртэйгээ гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан. Би Төмөрбаатар ахад хандаж танай бэр Насантогтох намайг гантель авсан гэж танай төрсөн эгч Өөдөс гэдэг хүнд хэлсэн байна лээ. Та надтай хамт Насантогтохынх руу яваад учрыг нь олоодох гэхэд Төмөрбаатар ах хувцсаа өмсөөд хэрүүлдээ манай Өөдөсийн нэрийг орууллаа гээд уурлаад байсан. Төмөрбаатар ах уурандаа зуухныхаа урдуур тойрч гарч ирээд гэртээ байсан хөнгөн цагаан 10 литрийн бидоноор миний толгойн тус газар 4-5 удаа цохиход миний толгойны ар дагз зүүн орой хэсэг болон толгойн зулай хэсэг тус тус хагарсан. Бид 2-ын дундуур Гансүх орж намайг Төмөрбаатар ахаас салгасан. Би доошоо тонгойход дух шилэн хүзүү хэсгээс цус гоожоод байсан. Аймгийн төв болон Богд сум 2-ын хооронд явах зардлаа нэхэмжилнэ. Эмчилгээний төлбөрийн баримт байхгүй. Баримтаа бүрдүүлж цаашид эмчилгээний зардал болон бусад зардлаа төлүүлнэ. Хурган дээлээ цэвэрлүүлэх мөнгөө гаргуулж авмаар байна. Тэр 10 литрийн бидон нь манай бидон байгаа юм. Бидоноо 30000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 41 хуудас/ Гэрч Б.Өөдөсийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Төмөрбаатар нь 1983 онд Өвөрхангай аймгийн Богд сумын ЕБС-ийг 8 дугаар анги төгссөн. Илгээлтээр Богд суманд малчин хийж байгаад 1986-1988 онд Говь-Алтай аймгийн 0214 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Тэмээн жинд болон мал туувраар хот руу явж байсан. Хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Архи уудаггүй, тамхи татдаг. Эхнэртэйгээ 1992 онд гэр бүл болсон. 14-25 насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэдтэй. Том охин Цэвээнжав нь хүнтэй суусан. Одоо 3 хүүхэд нь хамт байдаг. 5 ханатай гэртэй, Богд сумын 3 дугаар багийн “Сэрвээн хашаат”- ын “Шандан харын шавартай” гэх газар өвөлжөөтэй, мөн Богд сумын 3 дугаар багийн “Дөрвөлжин шаварын шавартай” гэх газар хаваржааны газартай, тэмээ, хонь, ямаа, адуу нийлсэн 768 толгой мал 2016 онд тоолуулсан. 33-92 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн УАЗ-469 маркийн машинтай, Хэнсим нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн бараан цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикльтой гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/, Гэрч Г.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:... 2017 оны 02 дугаар сарын 11- ний өдөр Отгонжаргал манайд орж ирээд хот яваад ирлээ гэснээ намайг гантель, одон медаль зарсан гэж нутгаар яриа гарсан байна гэхээр нь би Отгонжаргалыг цаашлуулаад чи гантель, одон медалиа зарчихаад хотоор яваад ирж байгаа юм биш үү гэсэн чинь тэр зарчихсан бол надтай мөнгө төгрөгөө хуваагаач эсвэл зарсан гантель чинь манай ах дүү нарын гаралтай юм биш биз гэж хэлсэн. Отгонжаргал надад ярихдаа Насантогтох эгчийг намайг дандаа нэр төрийг гутаадаг гээд чадахдаа л нэг чадна гээд занаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/, Гэрч Н.Уртнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2017 оны 02 дугаар сарын 13- ны өдөр 00 цаг өнгөрч байхад нөхөр бид 2 унтсан. Шөнө дунд 04 цагийн орчим Отгонжаргал бага зэргийн согтолттой, Гансүх нэлээн согтчихсон манайд хамт орж ирээд Отгонжаргал манай нөхөртэй гантелийг би хулгай хийгээгүй, Өөдөс, Насантогтох нар гантелийг хулгай хийсэн гэж ярьсан байна гээд дайраад байсан. Нөхөр бид 2 гантелийн талаар мэдэхгүй гэж хэлсэн. Отгонжаргал заавал гантелийг олоод та 2 шүүх ёстой гээд 20-30 минут Отгонжаргал үглээд байсан. Сүүлдээ манай нөхрийг Отгонжаргал чаддаг юм бол босоод ир гээд үг хаяад байхаар нь манай нөхрийн дургүй хүрээд орноосоо босоод Отгонжаргалтай хамт явсан Гансүхийн толгой руу 10 литрийн бидоноор 2 удаа цохьсон. Отгонжаргалын толгойны цусыг Төмөрбаатар бид 2 цэвэрлэхэд толгойны урд духны хэсэг болон ар дагзны хэсэгтээ хагарчихсан байсан. Нөхөр бид хоёр унтаад өгсөн. Отгонжаргал ганцаараа гараад машинаа асаах гэсэн чинь машин нь асахгүй, бензин нь дуусчихсан юм шиг байна бензин өгөөч гэхээр нь өглөө л өгнө дөө гээд хэсэг унтаад өгсөн. Өглөө 06 цаг болж байхад сэрээд ингээ саах гээд нөхөр бид хоёр гарахад Гансүх, Отгонжаргал нар манайд унтаад үлдсэн. Гансүх нь манай гэрийн зүүн орон дээр унтаж байсан. Ингээ саачихаад гэртээ орж ирэхэд 9 цаг болж байсан. Тэр хоёр босчихсон гар нүүрээ угаагаад байж байсан. Отгонжаргалын өмсөж явсан ногоон өнгийн үстэй дээл нь цус болчихсон байсныг угаагаад өг гэхээр нь би чадахгүй, завгүй гэж хэлсэн. Төмөрбаатар нь Отгонжаргалын машинд бензин хийж өгсөн. Тэгээд л тэр хоёр манайхаас явсан. Тэр өдөр сумын хэсгийн төлөөлөгч, эмч нар манайд Төмөрбаатарыг малдаа явчихсан хойгуур ирээд явсан. Төмөрбаатарыг малаас ирэхээр нь цагдаа руу явуулсан. ... Төмөрбаатар нь 1983 онд Өвөрхангай аймгийн Богд сумын ЕБС-ийг 8 дугаар анги төгссөн. Илгээлтээр Богд суманд малчин хийж байгаад 1986-1988 онд Говь-Алтай аймгийн 0214 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Тэмээн жинд болон мал туувраар хот руу явж байсан. Хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүн. Архи уудаггүй, тамхи татдаг. Эхнэртэйгээ 1992 онд гэр бүл болсон. 14-25 насны 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэдтэй. Том охин Цэвээнжав нь хүнтэй суусан. Одоо 3 хүүхэд нь хамт байдаг. 5 ханатай гэртэй, Богд сумын 3 дугаар багийн “Сэрвэн хашаатын шандан харын шавартай” гэх газар өвөлжөөний газартай, мөн Богд сумын 3 дугаар багийн “Дөрвөлжин шаврын шавартай” гэх газар хаваржааны газартай, тэмээ, хонь, ямаа, адуу нийлсэн 768 толгой мал 2016 онд тоолуулсан. 33-92 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн УАЗ-469 маркийн машинтай, Хэнсим нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн бараан цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикльтой. Өөр эд хөрөнгө байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/, Гэрч С.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Яг цохиж зодсон талаар бол хараагүй. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Отгонжаргал нь Төмөрбаатарынхаас ирэхдээ толгойн ар дагз хэсэг нь цус гоожоод толгойны ард дагз хэсэгтээ хагарчихсан, толгойны орой хэсэгтээ хоёр газар хавдчихсан байсан. Отгонжаргал хэлэхдээ Төмөрбаатарт зодуулсан талаар өөрөө хэлсэн. Манай нөхөр бид хоёр Отгонжаргалыг Төмөрбаатарт зодуулсан талаар хэсгийн төлөөлөгчид хэлээд сумын хэсгийн төлөөлөгч, сумын эмч Ичинхорлоо нар сумын төвөөс ирж үзсэн. Отгонжаргалыг сумын төв рүү авч яваад толгойны дагз хэсэгт нь оёо тавьсан. Отгонжаргал нь аймгийн БОЭТөвд ирж хэвтсэн гэх мэдүүлэг / хх-ийн 47 хуудас/, Гэрч Л.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Отгонжаргалын гэрт ороход Отгонжаргал нь гэртээ ганцаараа байсан. Отгонжаргал бид хоёр гэрт нь нэг шил архи уусан. Би гэр рүүгээ явах гэтэл Отгонжаргал хэлэхдээ Төмөрбаатарынд хамт очье гэхээр нь би шөнө дунд Отгонжаргал өөрийн саарал өнгийн жижиг суудлын машинаа унаад бид хоёр Төмөрбаатарынд очиход гэрт нь Төмөрбаатар эхнэртэйгээ хоёулаа байсан. Яг юунаас болсныг мэдэхгүй би Төмөрбаатарынд унтах гээд хэвтэж байтал Төмөрбаатар нь Отгонжаргалыг барьж аваад гэртээ байсан 10 бидоноор 2 удаа цохихоор нь би тэр 2-ын дундуур нь орж салгасан. Салгасны дараа харахад Отгонжаргалын ар дагз, урд духны дээд хэсгээс нь цус гараад байсан. Б.Төмөрбаатар нь намайг 10 литрийн бидоноор цохьсон боловч надад гэмтэл учруулаагүй. Надад гомдол санал бахйгүй. Би шинжээч томилуулахгүй гэх мэдүүлэг /хх- ийн 48 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай “...Б.Отгонжаргалын биед тархины доргилт, зүүн ухархайн хажуу ханын хугарал, ар дагз зулай, духны язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хуйх, зүүн хацар, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52 хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх 1 хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 10-11/, 10 литрийн бидоныг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 19-20/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх 21-22/, Томографийн зураг 1 ширхэг, амбулаторийн карт 1 ширхэг зэргийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 31-32/, Шүүгдэгч Б.Төмөрбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-77/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх- 80/, Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-85/, Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн дунд сургуулийн гэрчилгээ олгох бүртгэл /хх- 86/, Хохирогч Б.Отгонжаргалын шүүхэд ирүүлсэн “Би Б.Төмөрбаатараас хохиролд 1939000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно. Шүүгдэгч Б.Төмөрбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг “Сэрвэн хашаат” гэх газар гэртээ хохирогч Б.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар нь 10 литрийн бидоноор цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Б.Отгонжаргалын “...Төмөрбаатар ах уурандаа зуухныхаа урдуур тойрч гарч ирээд гэртээ байсан хөнгөн цагаан 10 литрийн бидоноор миний толгойн тус газар 4-5 удаа цохиход миний толгойны ар дагз зүүн орой хэсэг болон толгойн зулай хэсэг тус тус хагарсан. Бид 2-ын дундуур Гансүх орж намайг Төмөрбаатар ахаас салгасан. Би доошоо тонгойход дух шилэн хүзүү хэсгээс цус гоожоод байсан...” /хх 37-38/, гэрч Н.Уртнасангийн “...Отгонжаргал чаддаг юм бол босоод ир гээд үг хаяад байхаар нь манай нөхрийн дургүй нь хүрээд орноосоо босоод хамт явсан Гансүхийн толгой руу 10 литрийн бидоноор 2 удаа цохьсон. Отгонжаргалын толгойны цусыг Төмөрбаатар бид 2 цэвэрлэхэд толгойны урд духны хэсэг болон ар дагзны хэсэгтээ хагарчихсан байсан...” /хх 44-45/, гэрч С.Цэвэлмаагийн “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Отгонжаргал нь Төмөрбаатарынхаас ирэхдээ толгойн ар дагз хэсэг нь цус гоожоод толгойны ард дагз хэсэгтээ хагарчихсан, толгойны орой хэсэгтээ хоёр газар хавдчихсан байсан...” /хх 47/, гэрч Л.Гансүхийн: “...Би Төмөрбаатарынд унтах гээд хэвтэж байтал Төмөрбаатар нь Отгонжаргалыг барьж аваад гэртээ байсан 10 бидоноор 2 удаа цохихоор нь би тэр 2-ын дундуур нь орж салгасан. Салгасны дараа харахад Отгонжаргалын ар дагз, урд духны дээд хэсгээс нь цус гараад байсан...” /хх 48/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Отгонжаргалын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт /хх 52/, Б.Төмөрбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /58-59, 61/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Шүүгдэгч Б.Төмөрбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Отгонжаргалд 1939000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Төмөрбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Төмөрбаатарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 литрийн бидоныг устгаж, хэрэгт хураагдсан томографийн зураг, амбулаторийн карт тус тус 1 ширхгийг хохирогч Б.Отгонжаргалд буцаан олгож, Шүүгдэгч Б.Төмөрбаатарын эзэмшлийн 10 эм ямаа, 10 эр ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Төмөрбаатарт авсан батлан даалтанд өгсөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Төмөрбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хургадай овогт Балбарын Төмөрбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Хургадай овогт Балбарын Төмөрбаатарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Отгонжаргалд 1939000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 литрийн бидоныг устгаж, хэрэгт хураагдсан томографийн зураг, амбулаторийн карт тус тус 1 ширхгийг хохирогч Б.Отгонжаргалд буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Төмөрбаатарын эзэмшлийн 10 эм ямаа, 10 эр ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Төмөрбаатарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Төмөрбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Төмөрбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ