Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1082

 

2020          8            25                                              2020/ДШМ/1082                                        

 

 

О.Мт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнхжаргал,

шүүгдэгч О.Мийн өмгөөлөгч Б.Ч,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908 00310 1748 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Отгоны О.М, 1965 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

Дархан хотын ардын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 265/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 194 дугаартай захирамжаар тэнсэн сулласан 8 сар 16 хоногийн хорих ялаас 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

О.М нь 2019 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцэст байрлах “Хөхий" худалдааны төв дотор иргэн Д.Ад “хямдралтай үнээр мах, нүүрс авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 575.000 төгрөгийг,

2019 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Лаагийн 62-1-81 тоотод иргэн Б.Ц, Ж.У нарт “Хямд мах авч өгнө, хямдхан нөүтбүүк зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Б.Цоос 298.000 төгрөг, Ж.Угаас 82.500 төгрөгийг,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Пд “Хямдхан мах зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5434040386 дугаарын данс руу 303.600 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 1.259.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Мийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Мийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мт энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Мийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 /зургаа/ жил 21 /хорин нэг/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мийн цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний биеийн байдал эрс муудаж, байнгын амьсгалын дутагдалд орж астем өвчин хүндэрсний улмаас ухаан алдах үедээ бэртэж, хөл шагайндаа хүнд гэмтэл авсан учир босож удаан явж чадахгүй голдуу хэвтэрт байгаа. Ажил хийж, ажлын хоног авч гэртээ хурдан харих ямар ч боломжгүйгээс сэтгэл санааны асар хүнд байдалд байна. Ар гэр болон төрүүлсэн ганц хүү минь миний сүүлийн ял авсан үйлдлийн хохирлыг бүрэн төлж, гэм хорын төлбөрийг бүрэн барагдуулсан тул энэхүү байдлыг харгалзан үзэж, мөн эдгээр хэргүүд нь батлан даалтын хугацаанд үргэлжлэн үйлдэгдээгүй илэрсэн ба хохирогч нарын өргөдөл гомдол гаргасан хугацаагаар дахин дахин шүүхээр явуулж байгаа тул хувийн байдлыг минь дээрдүүлэн зүйлчилж, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.Мийн эрүүл мэндийн байдал муу байгаа. Цагдан хоригдож байх хугацаандаа ухаан алдаж унан эмнэлэгт хэвтэж байсан. Үүний дагуу хорихын эмнэлгээс эрүүл мэндийн тодорхойлолтыг нь авсан. О.М нь гуурсан хоолойн архаг багтраа өвчтэй, байнга эм уух ёстой байдаг. Өмнө нь нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байсан боловч сүүлийн шийтгэх тогтоолоор хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу цагдан хоригдож байх үед нь Баянзүрх дүүрэгт иргэн Саруултөгсийг 600.000 гаруй төгрөгөөр залилсан үйлдэл нь илэрсэн. Энэ хэрэг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Шинэбаяр дээр шалгагдаж, прокурор Болор-Эрдэнэ хяналт тавьж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс “шинээр илэрсэн хэрэгт нь яллагдагчаар татаад тогтоолынхоо хувийг өгөөч, давж заалдах шатны шүүх хуралдаанд авч орох гэсэн юм” гэсэн боловч яллагдагчаар татагдаж амжаагүй учир авч ирж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, сүүлд илэрсэн хэрэгтэй нь нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Т.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд нь тохирч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхээс О.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлсэн. О.М нь Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд бусдын эд хөрөнгийг 10 гаруй үйлдлээр бусдыг залилсан тул 3 шүүхийн шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

О.М нь 2019 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцэст байрлах “Хөхий" худалдааны төв дотор иргэн Д.Ад “хямдралтай үнээр мах, нүүрс авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 575.000 төгрөгийг,

2019 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Лаагийн 62-1-81 тоотод иргэн Б.Ц, Ж.У нарт “Хямд мах авч өгнө, хямдхан нөүтбүүк зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Б.Цоос 298.000 төгрөг, Ж.Угаас 82.500 төгрөгийг,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Пд “Хямдхан мах зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5434040386 дугаарын данс руу 303.600 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 1.259.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Аын “... Би интернетэд “Тулга” хийнэ гэсэн зар тавьсны дагуу нэг эмэгтэй залгаад хоёр тулга хийлгэх гэсэн юм гэхээр нь би ажил дээрээ дуудсан. Тэр эмэгтэй өөрийгөө “Мах импекс” ХХК-д ажиллаж байсан, ирэх зун тэтгэвэртээ гарах гэж байгаа, манай ажлаас тэтгэвэрт гарах хүмүүст 50 хувь хямдралтай үнээр үхрийн мах нэг кг-ийг 3800 төгрөгөөр бодож өгч байгаа. 5 тн нүүрсийг 180.000 төгрөгөөр бодож ав гэсэн. Надаас бэлнээр 10.000 төгрөг аваад хивсэнцэр 45.000 төгрөгөөр бодож өгсөн. Мөн би өөрийнхөө данснаас 270.000 төгрөг шилжүүлээд 10 тн нүүрс, 30 кг үхрийн мах, 2 гулууз хонины мах, 10 кг хонины сүүлний годон, 20 кг үхрийн өвчүү зэрэг зүйлс авахаар болсон. Надад нийт 575.000 төгрөгийн хохирол учруулсан. ...Би тухайн гэмт хэргийн улмаас учирсан 575.000 төгрөгийг бүгдийг нь авсан. ...” /1хх 17, 19/,

хохирогч Б.Цийн “... О.М гэх эмэгтэй өөрийгөө “мах комбинатад нядалгаан дээр ажилладаг, манайх ажилчиддаа улсын баяраар хямдхан мах өгдөг, та хоёрт мах хэрэгтэй бол аваад өгье”  гэхээр нь баяр дөхөж байсан болохоор Уртнасан бид хоёр үгэнд нь итгээд мах авахаар болсон. Бас О.М нэг хүнтэй хямдхан нөүтбүүк зарах тухай яриад байхаар нь би тэрийг чинь авъя гээд 100.000 төгрөг банкнаас аваад өгчихсөн. Би мах авахаар 198.000 төгрөг, нөүтбүүк авахаар 100.000 төгрөг, нийт 298.000 төгрөгийг өгсөн юм. ...” /1хх 91/,

хохирогч Ж.Угийн “... Цэрэндолгорын гэрт байхад О.М гэх эмэгтэй ирсэн. Цэрэндолгор надад хэлэхдээ “энэ их сайн эмэгтэй байгаа юм, надад автобусны буудал дээр байхад тус болсон” гэж танилцуулсан. О.М өөрийгөөө “мах комбинад ажилладаг хямдхан мах авах уу” гэхэд Цэрэндолгор мах авахаар болж мөнгө төгрөг шилжүүлээд байхаар нь би ч гэсэн гэртээ мах авъя гэж бодоод 15 кг үхрийн мах годон авахаар нийт 82.500 төгрөгийг өгчихсөн. ...” /1хх 94-95/,   

хохирогч Ц.Пгийн “... манай хадам ээжийн найз Зулаа над руу залгаад “манай найз О.М хонь, үхрийн мах хямд зарах гэж байна, чи худалдаж авах уу” гэхээр нь дугаарыг нь аваад залгахад О.М нь “мах худалдаж авах мөнгөө миний данс руу шилжүүлчих, би эндээс махаа ачаад 1 цагийн дараа хөдөлнө, тэгээд чамд хүргээд өгье” гэхээр нь 96.000 төгрөг шилжүүлсэн. Мах авч ирэхийг нь хүлээж байгаад ирэх болж байгаа эсэхийг асууж залгахад “өөр хүн хонины мах авна гээд ачуулсан боловч мөнгөө шилжүүлэхгүй байна, энэ хүний мөнгө орчихвол хөдлөнө, эсвэл хүлээж байхаар чи нэмээд худалдаж авах уу” гэхээр нь зөвшөөрөөд 102.000 төгрөг шилжүүлсэн. Удахгүй О.М над руу залгаж “энд бага зэрэг үхрийн мах үлдчихээд байна, үлдэгдэл махтай учраас эндээс хөдөлж болохгүй байна.” гэхээр нь би дахин зөвшөөрөөд 105.600 төгрөг шилжүүлсэн. Би нийт 3 удаагийн шилжүүлгээр О.М гэх эмэгтэйгийн 5434040386 дугаарын данс руу өөрийнхөө 5085195754 дугаарын данснаас ХААН банкны мобайл үйлчилгээг ашиглан нийт 303.600 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 133/,

гэрч Н.-ийн “...Манайд Отгоны О.М гэх хүнийг үндсэн ажилтнуудын бүртгэлд хайж үзэхэд огт бүртгэгдээгүй байсан. ...” /2хх 6/,

шүүгдэгч О.Мийн “...Тэгээд би Амаржаргал эгчээс нийт 575.000 төгрөг авч байсан. ...тэгэхээр нь би тэр хоёрт хямд үнээр мах авч өгье гэж хэлээд Цэрэндолгор эгчээс 200.000 орчим төгрөг, Уртнасангаас 80.000 гаруй төгрөг авсан. ...Цэрэндолгор болон Уртнасангаас авсан мөнгөө би хувьдаа ашиглаад дуусгасан. ...би өөрийн ХААН банкны 5434040386 дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлсэн авсан. ...” /2хх 2/ гэх мэдүүлгүүд,

О.Мийн ХААН банкны 5100334818 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 34-35, 154/, Ц.Пгийн ХААН банкны 5085195754 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 151/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 38-39, 41-42, 104-105, 148-149/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг тодруулан хуульчилжээ.

Анхан шатны шүүх “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй байх тул, ... тэр дундаа залилах гэмт хэрэг үйлдэж, ялаа эдэлж байгаа, ...дээр тогтоогдсон үндэслэлээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч О.Мийн залилах гэмт хэрэгт шийтгүүлж, улмаар ялаа эдэлж байгаа үйлдлүүдийн шинж, онцлог, давтамжийг харгалзан үзэж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааны болон эдийн засгийн эх үүсвэрээ болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

Дээрх шинжүүд нь О.Мийн холбогдсон залилах гэмт хэргийн 4 удаагийн үйлдэлд байхгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж хуульчилжээ.      

Шүүгдэгч О.М нь өмнөх үйлдсэн гэмт хэрэгтээ зохих ял шийтгэлийг эдэлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1908 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 237-241/, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй О.Мийн ялын тооцооны тодорхойлолт /2хх 30/-оор тогтоогдож байна.

Хүчин төгөлдөр тогтоолын дагуу ял эдэлж байгаа үйлдлүүдийг шийдвэрлэгдээгүй хэргийн үйлдлүүдтэй нэгтгэж хэргийг зүйлчилж, улмаар ял шийтгэл оногдуулсан нь нэг гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулах зарчимтай агуулгын хувьд зөрчилджээ.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч О.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов. 

Иймд шүүгдэгч О.Мийн гаргасан “...ялласан зүйлчлэлийг хөнгөрүүлж, оноосон ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чгийн шүүх хуралдаанд гаргасан “...хорих ялын дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус гомдлын үндэслэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/653 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос О.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Боржигон овгийн Отгоны О.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/1909 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Мийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сар 21 хоногоор тогтоосугай.” гэж,  

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ