Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/03053

 

 

 

 

 

 

 

 

 

        2021        10         08                                     101/ШШ2021/03053         

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б холбогдох,

 

орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд, Б.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Тогмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, өмгөөлөгч Ц.Энхболд, Б.Энхбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Э.*******, Б.******* нартай байгуулж, Нийслэлийн БЗДтоот хаягт байрлах, 76,98 мкв талбайтай орон сууцны төлбөр 49,483,658 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдаж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж, өмчлөгч болсон. Хариуцагч болох Д.Бнь уг орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул уг үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр удаа дараалан хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч Д.Бнь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагч тал миний өмчлөлийн байр гэх боловч “*******” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30 дугаартай орон сууцны түрээсийн гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 119,319,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Гэвч БЗД тоотод байрлах 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрх нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д байсан болох нь нотлогддоггүй. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.*******, Э.******* нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогддог. Д.Бнь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн байр нь А.*******гийн байр биш байна гэж үзээд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед “А.******* залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон” гэж байна. Хэрэв байр А.*******гийн байр байсан бол эрүүгийн хэрэг үүсэхгүй байсан.  Гэхдээ тухайн асуудлаа хаалгахын тулд Арбитрын шүүх дээр очиж шүүхийн шийдвэр гаргуулсан ийм л асуудал байна. Анхнаасаа А.*******гийн байр биш гэдэг нь харагдаж байна. Банк бус санхүүгийн байгууллага нь байр барьцаалаад зээл өгөхдөө шалгасан. Байр нь Э.*******, Б.******* нарын өмч байсан учир зээл өгсөн. Байр хураагдах үед байраа зарах нь тухайн өмчлөгчийн эрх бөгөөд эрхийнхээ дагуу Б.Бт санал тавьж, Б.Б нь байрыг авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх гэрчилгээ  гаргуулсан, харин Арбитрын шүүхийн шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл аль хэдийн Б.Бын өмчлөлд шилжсэн байхад Б.Быг оролцуулалгүйгээр шүүхийн шийдвэр гаргуулсан байсан. Б.Б мэдсэн дариудаа давж заалдах шатны шүүхэд хандахад “Гэрчилгээ гаргасан нь шинээр илэрсэн нөхцөл байдал биш, хууль зүйн үндэслэлгүй байна. Арбитрын шүүхийн шийдвэрийг хянуулах тодорхой үндэслэл байгаа, тус үндэслэлд таны гомдол хамаарахгүй байна” гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иймд хариуцагч Д.Бг Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 28/5 дугаар байрны 77 тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Бын нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 21-нд Нийслэлийн тоот хаягт байрлах, 76,98 мкв талбайтай орон сууцны төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн Худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Хариуцагч болох Д.Буг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тоот хаягт байрлах, 76,98 мкв талбайтай орон сууцыг Д.Б, Ш.******* нар “орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр 119,319,000 төгрөгөөр худалдаж авсан болно. Гэрээний дагуу төлбөрийг үе шаттайгаар төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах гэхэд А.*******, Э.*******, Б.******* нар нь үгсэн хуйвалдаж тухайн орон сууцны гэрчилгээг Э.*******, Б.******* нарын нэр дээр гаргаж, “Монополо ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан. А.******* нь уг зээлээ нэн даруй төлж орон сууцны гэрчилгээг бидний нэр дээр гаргаж өгнө гэсэн боловч бидэнд мэдэгдэлгүй өөрийн найз Б.Бт шилжүүлсэн байна. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энэхүү орон сууцны өмчлөгчийн талаар заасны дагуу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын шүүхэд маргаан үүсгэж, өмчлөгчөөр Д.Б, Ш.******* нарыг тогтоосон. Мөн энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон байна.

Д.Бнь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай  маргаан бүхий орон сууцыг 119,319,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан урьдчилгаанд 60,000,000 төгрөгийг шилжүүлж, байрандаа нүүж орсон. Үлдэгдэл төлбөрийг хугацаанаасаа өмнө төлж барагдуулсан. Гэрээ байгуулах үед гэрчилгээ гаргаагүй байсан ба тухайн үед “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн захирал гэрчилгээ удахгүй гарна гэж тайлбарлаж байсан бөгөөд 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлүүлэх зүйл яригдсан. Гэтэл Д.Б2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэхэд төлбөрөө төлөөд дууссан байсан. Тухайн байрыг анх Б.******* нь бартерийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгээд нэлээн хэдэн байр авсан байдаг. Байраа А.*******гаар байр заруулдаг байсан. Байрны мөнгийг 100 хувь А.******* авсан хэр нь байрны гэрчилгээг гаргаж өгөлгүй, Э.*******, Б.******* нар өөрийн нэр дээр гэрчилгээг гаргасан байсан. Улмаар байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж төлбөрөө төлөх боломжгүй болж шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах асуудал үүссэн тул гэрээний дагуу Арбитрын шүүхэд хандаж, өмчлөх эрхээ шударгаар олж авсан.

Иймд Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан тоот, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас хариуцагч Д.Бг албадан чөлөөлүүлэхээр  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцны хувьд гэрээний дагуу өмчлөх эрх үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

тоот, 76,98 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.*******, Э.******* нар шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх бүртгэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн ба улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр барьцаалбаргүй барьцааны гэрээг /Мони поло ББСБ/ бүртгэгдсэн болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.

 

“******* ББСБ” ХХК нь Э.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,002,177.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01238 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Э.*******, Б.******* нар 49,002,177.05 төгрөгийг төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үдугаартай тоотод байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа хийгдэж эхэлсэн, уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг “Файн эстимэйт” ХХК нь 111,621,000 төгрөгийн үнэлгээтэй гэж үнэлж, шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******/, Э.******* нар нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Б.Бтай байгуулж, , 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 49,483,658 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг Төрийн банкны 10600059575 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлөхөөр тохирсон байна. /хх-8/

 

“Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Б.Б /РД: РУ91081116/ нь Төрийн банкны дээрх данс буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 49,483,658 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын мэдүүлэгийн баримтаар тогтоогдож байх ба улмаар мөн өдрөө шийдвэр гүйцэтгэх ажилагаа дуусгавар болсон байна.

 

тоот, 76,98 мкв талбайтай, улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ.

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь бусадтай байгуулсан дээрх хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх нь үүссэн байна.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү зохицуулалтад зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлтэй юм.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардах бөгөөд дараах байдлаар Д.Бн эзэмшил хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

 

 тоот, 76,98 мкв талбайтай, улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.*******, Э.******* нар шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх бүртгэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өмчлөх эрх үүссэн байх ба үүнээс өмнө 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30 дугаартай “Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ”-г Д.Бболон Ш.******* нар нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай байгуулсан байна. /хх-21-30/

 

Уг гэрээгээр маргаан бүхий дээрх орон сууцыг 119,319,000 төгрөгөөр, 36 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу эргэн төлөхөөр харилцан тохирч, Д.Бболон Ш.******* нар нь байрандаа нүүж орсон болох нь хариуцагчийн тайлбар, гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Д.Бболон Ш.******* нар нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус үндэслэн Д.Б, Ш.******* болон “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №30 дугаартай “Орон сууцны санхүүгийн /лизинг/ гэрээ”-гээр Д.Бболон Ш.******* нарт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Хоршооллын хотхон 28/5 дугаар байр, 77 тоот, 76,98 мкв 3 өрөө орон сууцыг шударгаар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэжээ.

 

Дээрх арбитрын шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Б өргөдөл гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 327 дугаартай тогтоолоор Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

 

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Д.Бнь өмчлөх эрхийг шударгаар олж авсан, улмаар “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсаны дараа маргаан бүхий орон сууцанд гэр бүлийн гишүүдийн хамт орж, одоог хүртэл амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Д.Бнь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн захирал А.*******д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх ба Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэсэн үндэслэлд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

“Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь А.******* болох нь хэрэгт авагдсан шийдвэр, мэдүүлэгүүдээр тогтоогдож байх бөгөөд тэрээр арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн атлаа энэхүү цаг хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Батсууриас орон сууцыг худалдах-худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг А.******* авч, улмаар мөн өдрөө өмчлөгч Э.*******ы хамт орон сууцыг Б.Бт худалдахаар “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ.  

     

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Д.Бнь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйгээ илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, түүний сонгосон өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Зохигчид нь өөрийн эрхийг зөрчиж буй этгээдэд холбогдуулан өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын “тоот, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Бн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ