Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/01877

 

 

 

 

 

                                                                                                

 

 

 

   2021        10         15                                          181/ШШ2021/01877         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 91 тоотод оршин суух, Д.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5а байранд байрлах, “АХ” ХХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай

Илүү төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч “АХ” ХХК-ийн захирал Б.Н гэрч Б.Н, Ү.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХ ХХК-ийн захирал Б.Н нь анх надтай ярилцаад танай тоног төхөөрөмжөөр хөрс хуулалт хийлгэнэ гэсэн. Тоног төхөөрөмж түрээсээр ашиглуулах гэрээ байгуулахаар нэг хувийг нь өгсөн. Б.Н нь “Би өөрөө хуульч хүн зөвхөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулна” гэж хэлээд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээ байгуулсаны дараа урьдчилгаа төлбөр 6 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн.

Манай 2 ажилчин Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд очиж, Б.Нгийн хяналт доор 2  хэсэг талбайд хөрс хуулж, овоолго хийн, керамзит ашиглахад бэлэн болгосон. Мөн би өөрөө очсон үедээ Б.Нгийн хүссэний дагуу керамзит ачих зам талбайг бэлтгэн, уурхай руу орох, гарах замыг ч мөн экскаватороор бэлтгүүлсэн.

Манай тоног төхөөрөмж уурхай дээр бэлэн байсан түлшнээс цэнэглэж ажил гүйцэтгэсэн. Түлшийг АХ ХХК-иас хангаж өгсөн ба өөрсдийн тоног төхөөрөмжид болон уурхай дээр ажиллаж байсан машинд мөн түлш өгч байсан. Ажил бүрэн дуусаж, ажлаа хүлээн авсан. Үүнээс хойш мөнгөө шилжүүлэхгүй удаад байхаар нь Б.Нтэй уулзахад эхлээд аятайхан ярьвал мөнгө өгнө гэсэн, мөн мөнгөндөө керамзит авбал ав гэсэн. Сүүлдээ би ер нь чамд өргүй, чи одоо надад өртэй болсон гэж хэлээд өнөөдрийг хүрч байна.

АХ ХХК-иас ажлын үлдэгдэл хөлс 5 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АХ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж 10 000 м3 газрын хөрсийг хуулуулж шороон овоолго хийлгэхээр тохиролцож урьдчилгаа төлбөр 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Д.З нь гэрээний 2 заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд гэрээний 3.1 дэхь заалтыг оруулсан. Д.З нь 2 хүн ээлжлээд 12 цагаар өдөрт 22 цаг ажиллана, түлшний зарцуулалтаар ажилласан цагийг тогтооно 1 цаг ажиллахад 30 литр түлш зарцуулна гэж хэлсэн.  Гэтэл 1 тонн түлш 2 өдөр ажиллаад дууссан тул дахин түлш татаж нийт 2 тонн 200 литр түлш зарцуулсан. Хөрс хуулалт хийж байтал уул гарч ирсний улмаас уулыг тойруулаад ухсан. Ажлыг сайн хийсэн нь үнэн. Уул гарч ирсний улмаас л тохиролцсон ажлыг хийгээгүй. Би Б.Н-ыг хяналтаар тавьж түлш, ажлын гүйцэтгэл, мото цагийг хянуулсан. Иймээс сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

АХ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.З болон экскаваторын жолооч нарын мэдүүлж байгаа шиг уул геологийн хүнд нөхцөлд цул хадан цохиог ухахад LC-7-3000 Экскаватор цагт 20 литр түлш биш, дунджаар 30-40 литр түлш хэрэглэж байсныг гэрээт ажилд хяналт тавьж байсан Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Б.Нармандах сайн мэдэх бөгөөд талбайд авчирсан түлшний нийт нийлүүлэлтэнд хяналт тавьж акт үйлдэн тооцоо нийлсэн.

Улаанбаатар хотоос 2.105 литр түлш татан авч хэрэглэсэнээс үлдсэн 500 литр түлшийг Д.З өөрийн крантай машин, экскаваторт 100 литр түлш Хишиг-Өндөр сумын төвд байх блокны цехийн ажилтан Р.Алтангэрэл, Н.Ганхөлөг нарт 220 литр түлшийг \хөх савтай\ мөн трайлерийн жолоочид 100 литр түлш, Эрдэнэт, Улаанбаатар хотоос ачаа ачсан шлазын жолооч Одсүрэнд 100 литр түлш тус тус худалдсан 520 литр түлшийг эдгээр хүмүүст худалдсан баримт байгаа бөгөөд заримд нь бэлэн мөнгөөр нь, заримд нь ажлын хөлсөнд түлш өгсөнийг Д.З, жолооч Б.Банзрагч Б.Баттүвшин нар болон түлш худалдан авсан бүх хүн мэдэх бөгөөд гэрчилнэ.

Уурхайд Улаанбаатар хотоос татаж авсан 2105 литр түлшнээс 520 литрийг хасч үлдсэн 1585 литр түлш уурхай хөрс хуулалтанд хэрэглэсэн байна. Гэрээнд заасан мото цагаар бодвол 52,6 цаг ажилласан байна. Үүнийг нэг өдрийн 12 цагаар тооцвол 4,4 өдөр, хоногийн төлбөрийг 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр тооцвол 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг болох бөгөөд урьдчилгаа 6,000,000 /зургаан сая/ төгрөг өгсөн тул 2 480 000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг илүү төлсөн байна.

Иргэн Д.Зийн ажилчид шүүхэд гэрчээр асуугдахдаа хүн үнэмшмээргүй баримтуудыг дурджээ, тэдний хэлж байгаагаар өдөр бүр 22 цаг тасралтгүй 5 хоног дараалан ажиллана гэдэг бол хүний хүчин зүйл, техникийн бололцооноос давсан зүйл бөгөөд хууль сануулж шүүх хуралд мэдүүлэг авахад цочихгүй худал хэлэв. Би ажил эхлэхэд талбай дээр Хөдөлмөрийн хууль, ХАБ-ын журам танилцуулж... нэг жолооч нь амарч, нөгөө жолооч нь ажиллаж ажлын бүтээмжийг шалгах өөрийн хянагчийг экскаваторын кабинд суулгая... гэхэд экскаваторын жолооч нар эрс татгалзаж заавал хоёулаа ажиллах шаардлагатай талаар тодорхойлолт бичгээр хийж өгсөн, 1 жолооч нь жолоон дээр сууж нөгөө нь уулын нуралтаас сэргийлэн хойд талдаа хяналт тавьж аюулгүй байдлаа хангаж кабиндаа хамт ажилласан уул геологийн хүнд нөхцөлд хамт ажиллахаас өөр арга байгаагүй. Ингэхээр өдөр бүр 22 цаг 5,5 өдөр дараалан тасралтгүй ажиллах нь хүний өөрийн биологийн боломж, техникийн түлшний зарцуулалтаас худал болох нь илт байна.

Би иргэн Д.Зэд... Манай нутаг тарвага, зурам, айраг цагаа элбэгтэй тул хотоос ирсэн ажилчид энд ирэхээрээ налайгаад ажил хийдэггүй, тийм тул ажлын чинь үр дүнг түлшний зарцуулалтаар хэмжинэ, тарваганы нүх рүү түлш асгаж бидэнд баригдаж байсан туршлага бий тул байнга өөрийн талын хүнээр түлшээ мануулан хяналт, тавина та нар хоол хүнсээ өөрсдөө гаргаарай... гэж тохирсон. Гэтэл Д.З ердөө 1 кг боорцог 18-н ширхэг бэлэн хоолтой 2 хүнийг сумын төвөөс 11 км зайтай ус, түлшгүй газар явуулсан нь эхнээсээ л гэрээгээ зөрчсөн хэрэг болсон, би жолооч нарт өдөр бүр 3 удаагийн халуун хоол өгч нэг эр хониор хүнс хийж өгсөн энэ гэрээнд зааснаас гадуур манай талын хүлээгээгүй үүрэг юм.

Уурхайд хэрэглэсэн нийт түлш нь ХААН банкны төлбөрийн диспозитив хуулга түлш ачсан трайлерын жолооч, Улаанбаатараас Хишиг-Өндөр сум руу “Нью север” ХХК-ны нярав Гомбосүрэнгийн, 1тонн дизель түлш хүлээж аваад... хэдэн литр түлш авснаа үл мэднэ... гээд байгаа насаараа экскаваторын жолооч хийсэн Б.Банзрагчид хүлээлгэн өгсөн портерийн жолооч Рэгзэнгийн Алтангэрэл 94713608 нарын мэдүүлэг бичгийн нотлох баримтаар 1605 литр түлшээр дээрх экскаватор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мөнгөн уулын уурхайд ажилласан нь хөдөлшгүй тогтоогдож байгаа юм. Энэ тооцоогоор бол уул экскаватор нь 53,5 цаг ажилласан бөгөөд гэрээ ёсоор өдөр бүр 12 цаг ажилласан гэж үзвэл 4,4 хоног буюу хоногийн төлбөр гэрээ ёсоор 800,000 /найман зуун мянга/ төгрөг болох бөгөөд нийт төлбөр 3.520.000 /гурван сая таван зуун хорин мянган/ төгрөг төлөхөөс, урьдчилгаа 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөс үүнийг хасвал 2,480,000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг “Ариун хайрхан” ХХК-нь илүү төлсөн байх тул үүнийг иргэн Д.Зээс гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. АХ ХХК нь хэнд хэдэн литрийн түлш зарсныг бид мэдэхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө хийх ажлын байдлыг урьдчилан үзэж, нийт үнийн дүнг талууд харилцан тохиролцож байгуулсан. Нийт 7 хоног ажиллаад бүх ажлыг дуусгасан тул тохиролцсоны дагуу экскаваторыг буцаасан гэдгээ захирал Б.Н өөрөө ярьсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч АХ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, Ариунхайрхан ХХК нь Д.Зээс илүү төлсөн 2 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

АХ ХХК нь Д.Зтэй 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт орших ашигт малтмалын А зөвшөөрөлтэй талбайгаас Галт уулын шаарга олборлох нөхцөлийг хангах, хөрс хуулалт овоолго хийж бэлтгэх ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 11 200 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажил гүйцэтгэгч Д.З нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, техникийн шаардлага хангасан Хьюндай-3000 маркийн эксковатор, 2 оперотор ажиллуулан гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн болох нь гэрч М.Б, Б.Б, Б.Н нарын мэдүүлэг, фото зураг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулий 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасны дагуу АХ ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Гэрээнд “...Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт орших ашигт малтмалын А зөвшөөрөлтэй талбайгаас Галт уулын шаарга олборлох нөхцөлийг хангах, хөрс хуулалт овоолго хийж бэлтгэхэд гэрээний зорилго оршино” гэж тодорхойлсон тул хариуцагч АХ ХХК-ийн захирал Б.Нгийн 10 000 м3 хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Гэрээний Хоёрдугаар зүйлд, Захиалагч талын чиг үүргийг тодорхойлсон бөгөөд ажил гүйцэтгэгчийн техникийн мотоцаг, ажилд хяналт тавин түлшээр тасралтгүй хангах, ажлын үр дүнг үнэлэн шатах тослох материалын зарцуулалтад хяналт тавих үүргийг хүлээхээр заасан. Хариуцагч АХ ХХК нь энэхүү үүргээ гүйцэтгэсэн болох нь Б.Нармандахын мэдүүлэгээр тогтоогдож байхаас гадна хариуцагчийн тайлбарт дурдсан бусдад түлш өгсөн асуудлыг АХ ХХК-ийн захирал Б.Н мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

 

Гэрээний Гуравдугаар зүйлд “Төлбөр тооцоо”-г заасан бөгөөд 3.1-д “Талууд өдөрт 12 цаг ажиллан ажлын хөлсийг 800 000 төгрөгөөр тооцох бөгөөд 2 ээлжээр тасралтгүй 22 цаг ажиллана” гэж, 3.2-д “Ажлын хөлсөнд өгөх 11 200 000 төгрөгөөс уулан дээр ажил эхэлмэгц 6 000 000 төгрөгийг ХААН банкны 5845147016 дансанд шилжүүлнэ”, 3.3-д “Ажлын гүйцэтгэлийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурснаас хойш Б талд төлбөрийг 100% гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу ажлын хөлсний тохиролцоог тодорхойлоход талууд нийт ажлын хөлсийг 11 200 000 төгрөг байхаар тохиролцжээ.

Харин ажлын хөлсийг хоногоор, ажилласан цагаар, мотоцагаар тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ажил гүйцэтгэгч Д.З нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн тул ажлын хөлсний үлдэгдэл 5 200 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д “Талууд өдөрт 12 цаг ажиллан ажлын хөлсийг 800 000 төгрөгөөр тооцох бөгөөд 2 ээлжээр тасралтгүй 22 цаг ажиллана” гэж заасан. Уг заалтын зорилго нь ажлын хөлсийг тодорхойлох зорилгогүй болох нь мөн зүйлийн 3.2 дахь заалт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу ажлыг 2020.06.09-ны өдрийн 10 цагаас эхэлж 2020.06.15-ны өдрийн 12 цагт дуусгасан болох нь гэрч М.Б, Б.Б, Б.Н нарын мэдүүлэг, тайлангаар тогтоогдож байхад хариуцагч АХ ХХК-ийн захирал Б.Н нь 4.4 хоногийг 800 000 төгрөгөөр тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч АХ ХХК-иас 5 200 000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Д.Зэд олгож, АХ ХХК-ийн Д.Зээс 2 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 150 төгрөгийг, АХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 630 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХ ХХК-иас 98 150 /ерэн найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж Д.Зэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА