| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 103/2024/00133/И |
| Дугаар | 001/ХТ2024/00282 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/00282
С.А-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00288 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01327 дугаар магадлалтай,
С.А-гийн нэхэмжлэлтэй,
Б-д холбогдох,
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.03-ны өдрийн 01/04 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б хэлтэст холбогдуулан тус хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.03-ны өдрийн 01/04 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00288 дугаар шийдвэрээр:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар С.А-гийн нэхэмжлэлтэй, Б хэлтэст холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.03-ны өдрийн 01/04 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01327 дугаар магадлалаар: “Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.03-ны өдрийн 103/ШШ20214/00288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.01.03-ны өдрийн 01/04 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “... үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн 210/МА2024/01327 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т зааснаар үндэслэлээр гаргасан гомдолдоо:
4.1. Хууль хэрэглээний зөрүү бий болгож хуулийг буруу хэрэглэсэн.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талууд эвлэрлийн гэрээгээр тохиролцсон тохиролцоо 1 жилийн хугацаатай байсан бөгөөд бодит байдалд дээрх эвлэрлийн гэрээ хэрэгжих боломжгүй болсныг үнэлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2017 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо үндэслэх ёсгүй хууль үндэслэсэн талаар дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх хоёр үндсэн зарчмыг дурдалгүйгээр зөвхөн гомдол хүлээн авах үндэслэлгүй хэмээн хэргийг шийдвэрлэсэн байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан хэмээн үзэж болохоор байна.
4.2. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлийн тухайд;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (2017 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй.” хэмээн заасан. Тодорхой албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх заалтыг үндэслэн шийдвэр гаргасан тохиолдолд (2017.04.11-ний өдрийн 16320140 дугаар тогтоолоор тухайн үед ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад төлөгдсөн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон) эсхүл талууд эвлэрлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэх, цаашлаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зарчмууд энэ тохиолдолд хэрхэн хангагдах нь тодорхойгүй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шүүхийн магадлалд тусгагдсан дүгнэлтүүд нь хуульд нийцээгүй, хууль хэрэглээний зөрүүг бий болгож хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна.
Иймд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.03-ны өдрийн 103/ШШ2024/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн 210/МА2024/01327 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01294 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б хэлтэст холбогдуулан тус хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.03-ны өдрийн 01/04 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... төлбөр авагч С.Б-тэй 2017.01.12-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан, улмаар төлбөр авагч С.Б “... С.А 86,400,000 төгрөг төлсөн нь үнэн болно. Иймд С.А-гийн битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг үндэслэн Б хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017.04.11-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон. Төлбөр авагч уг тогтоолыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах байсан. Гэтэл төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч ШШГЕГ-ын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна...” гэж тайлбарласныг;
Хариуцагч эс зөвшөөрч, “Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.23-ны өдрийн 16 дугаар захирамжаар С.А-гаас 86,400,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, нийт 86,415,000 төгрөг гаргуулж С.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч С.Б 2023.12.13-ны өдөр “...төлбөр төлөгч С.Б-гийн хүсэлтээр төлбөр барагдуулах хэлцлийг 2017 онд байгуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан тул талуудаас тайлбар авахад төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдсон тул шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар эвлэрлийн гэрээ байгуулсан байхад төлбөр төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь буруу байна....төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хооронд хийгдсэн болзол хүчин төгөлдөр бус болсон, талуудын төлбөрт тооцож авахаар тохиролцсон барилга 7 жилийн хугацаа өнгөрсөн ч барилгын үйл ажиллагаа явагдаагүй, цаашид барилга баригдаж ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй, барилга баригдаж талуудын байгуулсан хэлцэл биелэгдэх эсэх талаар нэхэмжлэгч талаас нотлох баримт ирүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна, ... төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдын эвлэрсэн тохиролцоо буюу болзол хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэн төлбөр төлөгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөр авагчид төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй...” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.01.03-ны өдрийн 01/04 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ: “...Төлбөр төлөгч С.А нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 16 дугаартай шүүгчийн захирамжид заасан 86,400,000 төгрөгийн төлбөртөө ”У” ХХК-ийн барьж буй барилгаас 300 м.кв орон сууцыг 1 ширхэг авто зогсоолын хамт өгөхөөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр авагч, төлбөр төлөгч нар төлбөрийн асуудлаар харилцан тохиролцох байдлаар эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор хийсэн хэлцэл, хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь зөв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан бөгөөд төлбөр авагч С.Б, төлбөл төлөгч С.А нарын 2017 онд хийсэн хэлцэл нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байх тул төлбөр авагч уг асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах эрхгүй, мөн энэ талаар гаргасан С.Б-гийн гомдлыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эрх мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б хэлтэст хуулиар олгогдоогүй байхад шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хуульд нийцэхгүй.” гэж үзжээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.
11. Хэргийн баримтаас үзэхэд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.23-ны өдрийн 16 дугаар захирамжаар С.А нь 86,400,000 төгрөгийг С.Б-д 2016.02.01-ний өдөр бүрэн төлж өгөхөөр эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн, тус шүүхийн шүүгчийн 2016.02.02-ны өдрийн 262 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 93 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2016.02.03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б дүүрэг дэх 118 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2017.04.11-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор “...төлбөр төлөгч С.Б, төлбөр төлөгч С.А-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 86,415,000 төгрөг гаргуулсан...” гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
Б хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2024.01.03-ны өдрийн 01/04 дугаартай тогтоолоор төлбөр авагч С.Б нь 16320140 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх хүсэлт гаргасныг үндэслэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.23-ны өдрийн 16 дугаар захирамжтай, төлбөр төлөгч С.А-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн.
12. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.А, төлбөр авагч С.Б нар 2017.01.12-ны өдөр хэлцэл байгуулж, уг хэлцлийн 1.4-т “... “У” ХХК-д шилжүүлэн өгсөн төлбөрт тус газар дээр баригдаж буй барилгаас авах 473 м.кв орон сууц дээр нэмж өв хүлээн авагч болох С.А-гаас 300 м.кв орон сууцыг 1 ширхэг авто зогсоолын хамт нэмэгдүүлэн авна” гэж, 1.6-д “С.Б нь 1.4-т дурдсан м.кв-ыг нэмэгдүүлж авснаар Багануур дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.23-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг бүрэн барагдуулсан гэж үзэх ба Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүсэлт гаргаж өргөдлөө буцаан авна” гэж тохиролцсон, улмаар төлбөр авагч С.Б нь “... 86,400,000 төгрөгийг бүрэн төлсөн нь үнэн болно...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг Б хэсэгт гаргасан байх боловч бодит байдалд хэлцэлд заасан орон сууцны барилга нь баригдаагүй, төлбөр төлөгдөөгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
13. Төлбөр төлөгч С.А, төлбөр авагч С.Б нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (2002 оны) хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох агуулгатай хүсэлт гаргасан байхад хариуцагч Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн шийдвэр гүйцэтгэгч өөр үндэслэлээр буюу төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
14. Мөн талуудын байгуулсан 2017.01.12-ны өдрийн хэлцэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлд хамаарах бус төлбөр төлөх арга, хэлбэрийг тохирсон агуулгатай боловч бодит байдалд биелэгдэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “... төлбөр төлөгч С.А, төлбөр авагч С.Б нарын хийсэн хэлцэл нь төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бус журмаар барагдуулахаар тохиролцсон хэлцлийн дагуу нэг нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.” гэж дүгнэсэн нь буруу болсон байх тул магадлалыг хүчингүй болгоно.
15. Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль үйлчилж байх үед дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхдээ 2017.07.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч тэжээн тэтгэхтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь буруу боловч энэ нь уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хийсэн хэлцлийг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (2002 оны) тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг зөрчсөн, хариуцагч байгууллага нь тус ажиллагааг залруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч С.А-гийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01327 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 103/ШШ2024/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА