Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0059

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х ХХК

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М.

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-ийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Х ХХК нь Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-ийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.

2. Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М нь Монголбанкнаас Х ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А-18/977, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-18/798 дугаар албан бичгүүдээр У ХХК-ийн зөвшөөрлийн гэрчилгээг ирүүлэхийг даалгасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Монголбанкинд ирүүлээгүй тул Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

3. Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М У ХХК-ийн зөвшөөрлийн гэрчилгээг Монголбанкинд ирүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Х ХХК-нд холбогдуулан 2101000029 дугаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 0013296 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогчид торгох шийтгэл оногдуулсан.

Гомдол гаргагч нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Монголбанкны ерөнхийлөгчид хандан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандсан.

4. Гомдол гаргагч нь Монголбанкны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж байна. Үүнд:

4.1. улсын байцаагч М.М нь Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирлаас ирүүлсэн хоёр бичигт дурдсан хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй "шаардлага"-ыг биелүүлээгүй гэж үзэж уг шийтгэлийг ногдуулсан байна.

Монголбанк нь Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан зохицуулагч захиргааны байгууллагын хувьд арилжааны банканд хандан аливаа үйлдэл хийхийг даалгасан буюу захирамжилсан, заавал биелүүлэх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт гэж тооцогдох шаардлагатай бөгөөд уг акт нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гарах захиргааны актын шинжийг хангах шаардлагатай юм. Гэтэл Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирлаас ирүүлсэн бичиг нь хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Х нь захиргааны актын шаардлага хангаагүй, ердийн албан бичгийн буланд дурдагдсан даалгасан, захирамжилсан эсэх нь тодорхойгүй, захиргааны байгууллага тийнхүү захирамжлах болон банк түүнийг биелүүлэх хууль зүйн үндэслэл, биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар зэрэг нь тодорхойгүй "шаардлага"-ыг биелүүлэх үүрэггүй юм.

Тиймээс улсын байцаагч дээрх "шаардлага"-ыг биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монголбанкны улсын байцаагч М.М-ээс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 0013296 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-өөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг манайд ногдуулсан. Ногдуулсан үндэслэлдээ Монголбанкнаас Х ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан бичиг хүргүүлэн У ХХК-ийн зөвшөөрлийн гэрчилгээг ирүүлэхийг даалгасан боловч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Монголбанкинд ирүүлээгүй байна гэж заасан.

...Энэхүү Монголбанкны албан бичгүүдэд ямар нэгэн захиргааны хэм хэмжээг тогтоож байгаа захиргааны акт гэж үзэхээр зүйлс байхгүй. Дээрх албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.2.5 дахь заалтад тавьсан шаардлагыг хангаагүй баримт бичгүүд юм. Үүнийг Монголбанкны шаардлагыг биелүүлсэнгүй гэж торгууль ногдуулсан үндэслэлгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монголбанкны хянан шалгагч нь Төв банк /Монголбанк/-ны хуулийн 25 дугаар зуйлд заасан бүрэн эрхийн хүрээнд банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийдэг.

Х ХХК-д У ХХК нь 2020 оны 6 дугаар сард нэгдэн нийлснээр У ХХК-ийн бүх үүрэг, хариуцлагыг Х ХХК-д шилжүүлэх Монголбанкны ерөнхийлөгчийн зөвшөөрөл олгогдсон байдаг. Монголбанкны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н/100 дугаар албан бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу У-ийг Х-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрч, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А-337 дугаар "Банкны зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" тушаал батлагдан, тушаалыг Монголбанкны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А-18/977 дугаар албан бичгээр Х-д хүргүүлсэн. Албан бичигт У-ны "Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-г Монголбанканд ирүүлэхийг даалгасан. Тус хугацаанд ХХХК-иас ямар нэгэн хариуг ирүүлэхгүй, тайлбар өгөөгүй тул Монголбанкны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-18/798 дугаар албан бичгээр гэрчилгээг ирүүлэхийг дахин даалгасан боловч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Монголбанканд гэрчилгээг хүргүүлээгүй байсныг олж тогтоон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2101000029 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн.

Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар "Журам, заавар батлах тухай" тушаалын нэгдүгээр хавсралт болох "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам" батлагдсан. Тус журмын 6 дугаар бүлэгт банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцааг зохицуулсан бөгөөд 6.2 дахь заалтад "Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээд зөвшөөрлийн гэрчилгээг ажлын 5 (тав) хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ гэж заасныг Х биелүүлээгүй.

Түүнчлэн, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т "Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.", 19.2-т "Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна" гэж, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Холбогдох банк, санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримт материал, тайлан бүртгэл, мэдээ, мэдээлэл холбогдох бусад баримт бичгийг Монголбанкны шаардсанаар гарган өгөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу Монголбанкнаас дээр дурдсан албан бичгээр татан буугдсан У-ны "Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-г ирүүлэхийг даалгасан боловч биелүүлээгүй.

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх буюу шийтгэл оногдуулах, эсхүл зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үүрэгтэйг хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасны дагуу дээр дурдсанчлан зөрчлийн хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулийн дагуу явуулж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь заалтын дагуу тус банкийг 10,000 нэгж буюу 10.0 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмыг захиргааны актын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр гэж үзэж байна. Монголбанкны үүрэг даалгаврыг Х ХХК нь биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Төв банк /монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д Монголбанкны хянан шалгагч банкны тухай хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлого болон Монголбанкны гаргасан дүрэм, журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд банкнаас хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийнэ гэж заасан. Улсын байцаагч, хянан шалгагч нь дүрэм, журам, Монголбанкнаас өгсөн даалгаврын биелэлтэд хяналт тавих хүрээнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар асуудлыг шийдвэрлэсэн. Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар,

2.1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А-337 дугаар тушаалаар ...У нь үйл ажиллагаагаа зогсоож, эрх, үүрэг, хариуцлагыг Х-д шилжүүлэх (нэгтгэх) замаар өөрчлөн байгуулсантай холбогдуулан... Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 575 дугаар тушаалаар олгосон У байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-г хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн.

Улмаар Монголбанкны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А-18/977 дугаар албан бичгээр Х ХХК-ийн гүйцэтгэх захиралд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-337 дугаар тушаалыг хүргүүлэн, ...У байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор Монголбанканд ирүүлэхийг мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн дагуу Х ХХК нь У байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг Монголбанкинд ирүүлээгүй тул Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирлын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-18/798 дугаар албан бичгээр Х ХХК-нд Улаанбаатар хотын банк байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг ирүүлэхийг үүрэг болгож, ...үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авахыг мэдэгдсэн ч гомдол гаргагчаас Монголбанкнаас шаардсан У байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг өнөөдрийг болтол Монголбанкинд хүргүүлээгүйтэй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-337 дугаар тушаал, Монголбанкны 2020 оны А-18/977 дугаар болон 2021 оны А-18/798 дугаар албан бичиг, Х ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Н-6/38 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаар тогтоогдлоо.

2.2. Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М нь Х ХХК-нд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зөрчлийн шинжтэй эс үйлдэхүйг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр илрүүлж, МБ-22 дугаар тэмдэглэлийг үйлдэж, 2101000029 дугаар зөрчлийн хэрэг нээн, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарласны үндсэн дээр мэдүүлгийг авч, зөрчилд холбогдох нотлох баримтыг цуглуулан 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 0013296 дугаартай шийтгэлийн хуудсаар Х ХХК-нд шийтгэл оногдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2101000029 дугаар зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна.

2.3. Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн,

Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Холбогдох банк, санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримт материал, тайлан бүртгэл, мэдээ, мэдээлэл холбогдох бусад баримт бичгийг Монголбанкны шаардсанаар гарган өгөх үүрэгтэй" хэмээн,

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т "Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина" хэмээн,

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 6.2-т Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээд зөвшөөрлийн гэрчилгээг ажлын 5 (тав) хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ хэмээн тус тус хуульчилсан.

2.4 Монголбанкны 2020 оны А-18/977 дугаар болон 2021 оны А-18/798 дугаар албан бичгийн дагуу У байгуулах тухай 19 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээ-ний эх хувийг Монголбанкинд гаргаж өгөөгүй гомдол гаргагчийн эс үйлдэхүй нь Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 6.2-дахь заалтыг тус тус зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байна.

Иймд шүүх, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийг үйлдсэн Х ХХК-д шийтгэл оногдуулсан Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудас хууль ёсны байна хэмээн үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Х ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА