Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 819

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02822 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.А-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 27 000 ам.доллар буюу 65 971 260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Баянгол зочид буудлын 908 тоот өрөөнд П.А нь иргэн М.Э миний хоолойг боож 27 000 ам.долларыг дээрэмдсэн гэмт хэрэг гарсан. Мөнгийг П.А өөрийн гараар гардан авсан болох нь тухайн үед өгсөн мэдүүлгүүдэд тодорхой байгаа. Дээрмийн гэмт хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллага хөөцөлдсөн боловч баяраа тэмдэглэж байсан учир цаг хугацаа алдаж, цагдаагийн зарим албан хаагчийн хариуцлагагүй байдлаас болж мэдээллээ шуурхай өгөөгүй, хоцорч хил дээр очсон тул гэмт этгээдүүд амжиж, Алтанбулаг-Хиагтын боомтоор ОХУ руу нэвтрэн гарсан тул тэднийг баривчилж чадаагүй алдсан. 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Батмөнх 829914 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгаж, интерполоор эрэн сурвалжлуулах ажиллагааг хийж П.А-г ОХУ-ын Волгоград хотоос орос эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгааг тогтоосон боловч баривчилж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Валютын ченж М.Э нь Найман шарга төв дээр хувиараа ажиллаж байхад их хэмжээний доллар солиулна гэж Баянгол зочид буудал дээр хууран аваачиж 27 000 долларыг П.А дээрэмдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь тухайн үед шалгасан хавтаст хэргийн материалаар бүрэн нотлогдсон юм. Цагдаагийн байгууллага ОХУ-ын интерполоор байгууллагатай хамтран П.А-гийн оршин суугаа хаягийг тогтоож, олж баривчлахаар олон жил хамтран ажилласан боловч үр дүн өгөөгүй тул 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хэргийн холбогдогч П.А оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлж, 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дууссан тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Үүлэн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж итгэж байтал гэмт этгээд эх орондоо ирсэн байж болзошгүй сураг сонсоод өмгөөлөгч хөлслөн 2013 оноос хойш цагдаагийн бүх шатны байгууллага, прокурорын байгууллагаар удаан хугацаагаар хайсны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгон Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалсныг мэдсэн юм. Хариуцагч П.А-гаас дээрэмдэн авсан 27 000 ам.доллар буюу 65 971 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож үл болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь П.А-г эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, өөрөөс нь 27 000 ам.доллар дээрэмдсэн нь тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг тогтоосон, хэн нэгнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй болно. Бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, ямар нэг гэрээ хэлцэл, шүүхийн болон захиргааны шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 27 000 ам.доллар буюу 65 971 260 төгрөг гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч П.А-гаас 32 985 630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 985 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 810 төгрөгийг улсын орлгогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 322 878 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай тогтоолоор хариуцагч П.А нь 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Баянгол зочид буудлын 908 тоот өрөөнд ОХУ-ын иргэн Ермеленко Александр Николаевичтай бүлэглэж иргэн М.Э-ын хоолойг боож 27 000 ам.доллар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэх боловч 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.20-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна гэжээ. Ийнхүү уг хэргийг хэрэгсэхгүй болгосон ч /хохирогч/ нэхэмжлэгч М.Э-ын хохирсон гэх 27 000 ам.доллар буюу 65 971 260 төгрөгөөс яг хэн нь хэдийг авсан нь огт тогтоогдоогүй асуудал дээр хувь тэнцүүлэн П.А-гаас 32 985 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ хэргийг П.А үйлдсэн гэх нотолгоо огт байдаггүй. Тухайн үед түүнээс эрх бүхий албан тушаалтан нь ямар нэг тайлбар , мэдүүлэг , байцаалт огт аваагүй бөгөөд харин зөвхөн хохирогч гэрч нарын мэдүүлгийг үндэслэн гаргасан сэжиг таамаглал төдий зүйл юм. Түүнчлэн, хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх үед иргэн М Батбаярыг гэрчээр байцаасан байх бөгөөд " Гэрчээр байцаасан протоко"-д дурдсанаар М Батбаяр нь "1998 оны 7 дугаар сарын 07-ны 11:30 цагийн орчим би 8 шарга зах дээр наймаа хийж байгаад М.Э-тай цуг, мөн өндөр туранхай цагаан залуугийн хамт автомашинд сууж Баянгол зочид буудал дээр ирсэн”, "Тэгээд би гадаа сууж байтал Сурахбаяр гарч ирээд М.Э-ын мөнгийг аваад зугтаасан байна. Чи хүн амьтан гарах нь уу сайн харж байгаарай гэсэн юм", "Бид нар нийлүүлээд 27 000 ам.доллар байсан" гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Бид нарын нийлүүлээд 27 000 ам.доллар байсан гэх мөнгө яг хэн хэнийх, хэн нь хэдийг гаргасан, энэ мөнгийг хаанаас яаж ямар гүйлгээгээр авч ирсэн нь огт тодорхойгүй байхад ганцхан М.Э-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч П.А-гийн гэм буруу огт тогтоогдоогүй байхад дээр дурдсан прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзээд хариуцагч П.А нь нэхэмжлэгч М.Э-ын эд хөрөнгө буюу мөнгөн хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 497.2-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх, ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсан нь хариуцлагаас чөлөөлөхөөр тус тус зохицуулсан гэж шүүх үзэж байгаа нь эрх зүйн дүгнэлтээ зөв гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч М.Э-т учирсан гэм хорын хохирлыг хариуцагч П.А хариуцан арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд дурдсан нь буруу. Шүүх энэхүү иргэний хэрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд П.А-д холбогдох эрүүгийн хэргийг 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл шалгасан байх тул энэ хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөх хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзлээ гэснийг зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй ба анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь энэ асуудлаар огт хүсэлт гаргаагүй байхад шүүх дээрх асуудлыг санаачилгаараа шийдвэрлэсэн нь буруу хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч П.А-д холбогдуулан гэм хорын хохиролд 27 000 ам.доллар буюу 65 971 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч П.А татгалзлаа “намайг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, нэхэмжлэгчээс 27 000 ам.доллар дээрэмдсэн нь тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг тогтоосон, хэн нэгнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч П.А нь 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын 908 тоот өрөөнд ОХУ-ын иргэн Ермеленко Александр Николаевичтай бүлэглэж М.Э-ын хоолойг боож 27 000 ам.доллар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр түүнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба тэрээр 1998 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8.30 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу оргон зайлсан учир уг 1999 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор хэргийг түдгэлзүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.                                                  /хх-13-28, 31-37 дугаар тал/

 

Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Интерполын үндэсний төв товчоонд мэдэгдэж П.А-г эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан, 1999 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдөр П.А-д холбогдох эрүүгийн хэргийг 1986 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 44 дүгээр зүйлийн “г”-д заасан эрүүгийн хариуцлагад татах 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.                                                               /хх-38 дугаар тал/

 

П.А-г эрүүгийн хариуцлагад татах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүний хууль бус үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг иргэний журмаар гаргуулахгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн зөв болжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна. Хариуцагч нь “өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад 27 000 ам.долларын хохирол учруулсан нь тогтоогдоогүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймээс хариуцагч П.А нь нэхэмжлэгч М.Э-т учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулах хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 27 000 ам.долларын хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэсэн байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

 Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч нь бусадтай нийлж нэхэмжлэгчид 27 000 ам.долларын хохирол учруулсан гэж үзэж П.А-гаас нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 32 985 630 төгрөгийг гаргуулж М.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 985 630 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололын 42 дугаар байрны 43 тоот хаягаар нэхэмжлэгч Б.Э-д эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдэгдэж 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 236 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч тэрээр 1999 онд уг хаягаас нүүсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 667 тоот тодорхойлолтоор тогтоогдсон байна.                                 /хх-39, 113 дугаар тал/

 

Шүүх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс П.А-д холбогдох хэрэгт 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг оргон зайлсан үндэслэлээр 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэг түдгэлзүүлснийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж, 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх дууссаныг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалсан нь хуульд нийцсэн энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 322 878 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ                                                                                         

                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ