Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

2020          8            25                                                2020/ДШМ/1083                                                   

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч А.А,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 799 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Д.Од холбогдох 1808033181053 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн  Д.О, 1978 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Шүүгдэгч Д.О нь иргэн Ц.Таас “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, уг мөнгөнөөс их хэмжээний зээл таньд авч өгнө” гэж хуурч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улсын их дэлгүүр дотор байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас тус тус “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5753628931 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 20.000.000 төгрөгийг залилсан,

мөн иргэн Д.Оээс “барилгын ажлын 4 тэрбум төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын хооронд 59.500.000 төгрөгийг “Хаан” банк дахь Б.Эын нэр дээрх 5029329549 дугаарын дансаар, 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр 25.000.000 төгрөгийг тус тус авч, нийт 84.500.000 төгрөгийг залилсан буюу бусдад нийт 104.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.О нь Ц.Тт тодорхой хэмжээний мөнгийг буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ингэхдээ яг хэдий хэмжээний төлбөрийг буцаан өгсөн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад: Д.Огийн Ц.Тт буцаан өгсөн мөнгөний хэмжээг хохирогч, шүүгдэгч нар нь өөр өөр хэмжээгээр мэдүүлсэн, хавтас хэрэгт авагдсан дансны хуулгуудыг үзэхэд Д.О нь хохирогч Ц.Тийн хохиролд гэж өөр өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд байна. Тиймээс шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээг тогтоох боломжгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна гэж шүүх үзэв.

Хохирогч Д.Оээс нийт 84.500.000 төгрөгийг Д.Ог залилан авсан гэж холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд Д.О нь Д.Оээс авсан зарим мөнгийг зээл хэлбэрээр авсан буюу иргэний харилцаа үүсгэж авсан талаар мэдүүлж байна. Иймд Д.Огийн хохирогч Д.Оээс авсан мөнгөнөөс хэдий хэмжээний мөнгийг залилж авсан болон зээлсэн болохыг тус тус нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэв.

Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад: “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасан хэргийн нотолбол зохих байдлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоох шаардлагатай.

Тус хэрэгт Д.Огийн хохирогч нартай гар утасны зурвасаар хоорондоо харилцаж байсныг баримт болгон авагдсан байна. Уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулж аваагүй байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Уг зурваст бичигдсэн зүйлүүдийн утга агуулга нь гэмт хэргийн сэдэлт, гарсан байдал зэргийг тогтооход ач холбогдол бүхий зүйлүүд дурдагдсан байна.

Д.О нь хохирогч нартай хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ “Хумбаа” ХХК гэх нэртэй хуулийн этгээдийн өмнөөс хийж мөнгө авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тиймээс ямар учраас дээрх хуулийн этгээдийн өмнөөс Д.О нь  хохирогч нартай гэрээ хийх болсон шалтгааныг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, “Хумбаа” ХХК нь энэ хэрэгт оролцоотой эсэхийг тогтоох шаардлагатай гэж шүүх үзэв.

Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заагдсан хэргийн нотолбол зохих байдлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй.

Иймд Д.Од холбогдох эрүүгийн хэргийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Анармөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Огийн хохирогч Ц.Тийг хуурч 20.000.000 төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдсон бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.О нь хохирол нөхөн төлөх байдлаар хэд хэдэн удаа тодорхой хэмжээний мөнгийг буцаан өгсөөр нийт 16.900.000 төгрөгийг хохирогч Ц.Тт буцаан өгсөн байдаг. Энэ нь хохирол нөхөн төлсөн асуудал болохыг хохирогч, яллагдагч нарын хэн аль нь мэдүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Хавтас хэрэгт хохирогч Д.О нь 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн талаарх баримт авагдсан бөгөөд 34.500.000 төгрөгийг хэд хэдэн удаа цувуулж бэлнээр болон дансаар өгсөн болох нь мэдүүлгээр тогтоогдсон.

Хохирогч Д.О нь зээл авах зорилгоор Д.Отой танилцсан бөгөөд урьд нь бие биеэ таньдаггүй, ямар нэгэн урьдын харилцаа тэдгээрийн дунд байхгүй. Өөрөөр хэлбэл, 34.500.000 төгрөгийг Д.О нь иргэд хоорондын тохиролцооны үндсэн дээр зээлж авсан гэх боловч Д.О нь зээл авах ажлаа бүтээлгэх зорилгоор түүнд өгч байсан буюу Д.О нь “богино хугацааны дараа зээл нь бүтнэ” гэж итгүүлсний үндсэн дээр уг мөнгийг тодорхой хугацаанд авсан байдаг.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно...”, 1 дэх хэсгийн 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...”-г хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн шүүхийн шатанд тогтоох боломжтой ажиллагаа юм.

Хавтас хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын гар утсаар харилцсан захидлуудын талаар шүүх хэлэлцүүлгийн явцад улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх баримтуудыг нотлох баримтаас хасуулах саналыг гаргасан байхад шүүх мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргалгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хавтас хэргийн 3 дугаар хавтасны 130-131, 141-146 дугаар хуудсуудад авагдсан зээлийн гэрээ байдаг боловч уг гэрээ гэх зүйл нь бодит байдал дээр хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй, зөвхөн Д.О нь хохирогч Д.Оийг хуурч, мэхэлсний дараа хохирогчид итгэл үнэмшил төрүүлэх, цаг хугацаа  хожих зорилготой хийсэн үйлдэл болох нь хэрэгт авагдсан “Хумбаа” ХХК-ийн захирал Л.Батсүх болон Д.О нарын мэдүүлгээр тогтоогддог. Д.О нь хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах үед хуурч, мэхэлсэн үйлдлийг далдлах, хохирогчид итгэл төрүүлэх зорилгоор өөрийн нөхөр Л.Батсүхийн эзэмшлийн “Хумбаа” ХХК-ийн бланк, тамгыг ашигласан байдаг тул уг хэрэгт “Хумбаа” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй болно.

Иймд Д.Од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Д.Од холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хангалттай нотолж тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүх уг яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Ц.Тийн “...2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Д.О надаас охин руугаа шилжүүлэх гэсэн юм гээд 1.000.000 төгрөг авсан. ...ингээд би Катя гэх хүнээс 8 дугаар сарын 25-ны өдөр 10 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг, Нараа гэх найзаасаа 9 дүгээр сарын 4-ний өдөр 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 4.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр Тогтох гэх найзаасаа 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...” /2хх 160-161/,

мөн түүний анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...хохиролд 18.000.000 төгрөг авсан гэж бодож байна. 17.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 211/,

хохирогч Д.Оийн “...би Д.Од урьдчилгаа 50.000.000 төгрөг өгсөн. ...мөн надаас цувуулж 34.500.000 төгрөг авсан. ...” /3хх 184-185/,

мөн түүний анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 25.000.000 төгрөгийг өгсөн. Дансаар надад 25.000.000 төгрөг өгсөн. 84.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 211/,

шүүгдэгч Д.Огийн яллагдагчаар өгсөн “...Тунгалаагаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлж авсан. Оюунбилэг гэх хүнд би 83.000.000 төгрөг өгөх ёстой. ...” /2хх 164-165, 4хх 7-9/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Т-аас шүүгдэгч Д.Од 6.000.000 төгрөг өгсөн баримт /2хх 152-153/, Д.Огийн эзэмшлийн Хаан банкин дахь 5753628931 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 69-74/, шүүгдэгч Д.Огийн эзэмшлийн Хаан банкин дахь 5753628931 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 192-218/, шүүгдэгч Ц.Тийн эзэмшлийн Хаан банкин дахь 5431078834 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 66-81/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирлын хэмжээ зөрүүтэй байх тул хохирлын хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэж үзэв.

Мөн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл /1хх 141/, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Д.О, “Хумбаа” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /1хх 133/ байх бөгөөд “Хумбаа” ХХК нь Д.Отой ямар хамаарал, харилцаатай болох, эдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар тогтоох нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заагдсан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй орхигдуулсан үндэслэлүүд тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул Д.Од холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 799 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б .ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ