Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01925

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          06           21

                           101/ШШ2021/01925

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б холбогдох

 

Д.О, Г.Бнарын хооронд хийсэн хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцуулах, хохирол 36,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэмтэлэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О нь 2003 оны 11 дүгээр сарын үед зээл хөөцөлдөж байгаад Т.*******, Г.Бнартай танилцсан. Г.Бд “*******” ХЗХ хоршоонд таньдаг хүн байгаа гэхээр нь Т.*******ы Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, *******ын зуслангийн хувийн байшин, газрын гэрчилгээг Д.Огийн нэр дээр болгон 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “*******” ХЗХ-нд барьцаанд тавин 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 6% хүүтэйгээр 2 сараар Д.О авсан. Уг зээлээс Т.******* 9,000,000 төгрөгийг, Г.Б6,000,000 төгрөгийг тус тус авсан ба хугацаандаа төлнө чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Г.Б6,000,000 төгрөгийг авахдаа гаднаас хөрөнгө оруулалт авахаар хөөцөлдөж байгаа мөнгөний хэрэгцээ байна. Хөрөнгө оруулалт ороод ирвэл зээлийг төлөөд бизнес хийх мөнгө өгнө гэж хэлсэн. 2006 оны 7 дугаар сарын уед цагдаагаас дуудаж, очиж уулзахад Т.*******, Г.Бнар нь Д.Огаас авсан мөнгөө “*******” ХЗХ-нд нэг ч төлбөр төлөөгүй байсан ба Д.Ог иргэний хариуцагчаар татан байцаалт авсан. УгУлаан загалмай ХЗХоршоо нь дампуурсан, мөн Т.*******, Г.Бнарыг иргэний хариуцагчаар татаж байцаалт авсан. Байцаалтандаа Т.*******, Д.Огийн нэр дээр авсан 15,000,000 төгрөгийн зээлээс 9,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэргийн 20635220 тоот хавтаст хэргийн 4 дүгээр хавтасны 944-946- тал хуудас, /Г.Бмөн адил/. Тус тоот хэргийн 4 дүгээрт 836-839 р хуудас. Ингээд 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолоор Д.Од 37,815,440 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн. Уг төлбөрөөс барьцаанд тавьсан *******ын зуслангийн газрын 120.75 кв.м талбайта хувийн орон сууцыг 16,300,000 төгрөгөөр үнэлэн үндсэн зээлээс хассан. 2004 оноос хойш Д.О нь Г.Бгуайтай байнга уулзан, уулзах боломжгүй үедээ утасаар ярин ажил төрөл болон зээл төлөх талаар асуухад одоо удахгүй бүтнээ чи хүлээж бай бүтвэл чиний үлдсэн зээлийн үлдэгдлийг төлж дуусгаад чамд бизнес хийх мөнгө өгнө гэж 16 жил худлаа ярьсаар нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Сүүлд 2020 оны 10 дугаар сард утасаар яриахад Г.Бнөгөө хэлдэг үгээ хэлэхээр нь уурлаж загнисан.Тэрнээс хойш дахиад хэд хэд утасаар залгахад утасаа аваагүй. Г.Бнар нь Д.Огийн авсан 15,000,000 төгрөгөөс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй улмаас Д.Од доорхи хохирол үүссэн. Үүнд: 15,000,000 төгрөгийн зээлийн төлөлт 37,815,440 төгрөг болж төлөгдөж эхэлсэн. 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот шийтгэх тогтоолд 3 шатны прокурорт, мөн 3 шатны эрүүгийн шүүхэд тус тус гомдол гаргахад хугацаа алдсан учраас гомдлыг буцаасан. Мөн иргэний хэргийн шүүхэд өнөөдрийг хүртэл нэхэмжлэл гаргаж байгаагүй.

Г.Бын хэргийн мэдүүлэгт Д.Огаас авсан 6,000,000 төгрөгөө 3,000,000 төгрөгийн хүүгийн хамт төлнө гэж үл маргах журмаар хүлээн зөвшөөрсөн байх тул нийт 9,000,000 төгрөгийг гаргуулах. Шийдвэр гүйцэтгэгч Д.Огийн бүх банкны дансыг хаасан, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрийн өртэй учир банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл, лизингийн үйлчилгээ авах эрхгүй болж санхүүгийн эрхээ хязгаарлуусан. Үүнээс болж хэд хэдэн удаа байр лизингээр авах гэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй, данс нь хаагдсан учир татгалзсан. Өөрийн дансаараа гүйлгээ хийх эрхгүй болсон.Өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон гэргүй түрээсийн байраар амьдарч байна. 2015 оны хавар зараас Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 47 гудамж, 2301 тоотыг түрээслэнэ гэсэн зарын дагуу эзэн н.Лхагвасүрэн гэдэг хүнтэй ярьж очиж үзсэн. Үзээд ярилцаж байхдаа энэ хашаа байшингаа зарах уу гэхэд зарж болно, үнэ хэд вэ? гэхэд 25,000,000 төгрөг, хувь лизингээр өгөх үү гэхэд үгүй чи банкаа олоод уулзаад шийд тэгвэл чамд 20,000,000 төгрөгөөр өгье гэж тохироод ХААН банкны салбарт хандан хүсэлтээ гаргахад та түр хүлээж бай гээд Монгол банкны мэдээллийн сайт руу орж үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй, нэрийн дансыг нь хаасан байна гэсэн шалтгаанаар зээл өгөхөөс татгалзсан. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд нэгэн адил татгалзсан учир уг хашаа байшинг зээлээр авах худалдаа бүтээгүй болж хохирсон. Д.О нь спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилдаг. Олон улсын уралдаан тэмцээнд оролцохоор гадаад орон руу явах болохоор хилээр гарах эрхгүй болсон /2017 оны 7 сар хүртэл/. Явах болбол зайлшгүй тодорхой хэмжээний зээлийн төлөлт хийх болдог. 1,700,000 төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Мөн хувь хүн, аж ахуй нэгж, компантай хамтарч ажиллах /ивээн тэтгэх/ болоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монгол банкнаас лавлагаа авчрахыг хүсдэг. Ийм нөхцөлөөс болж хэд хэдэн компанитай хамтран ажиллаж чадаагүй. Олон улсын тэмцээнд явахдаа дандаа хувийн зардалаараа явж ирсэн. 2016 оны 6 дугаар сарын эхээр ОХУ-д болсон олон улсын гимнастикийн тэмцээнд оролцохоор 10 тамирчин хүүхдийн хамт явах болоход санхүүгийн бэрхшээл гарчТи си кэй эйч” ХХК таньдаг хүнээрээ дамжуулан 3,500,000 төгрөгөөр ивээн тэтгэх хүсэлт гаргахад захирал Ш.******* нааштайгаар хүлээн авч Д.Отай уулзсан.Тус уулзалтаар хүссэн 3,500,000 төгрөгиийг өгч хамтран ажиллахдаа тамирчид чинь олон улсын тэмцээнээс медаль аваад эх орныхоо нэр хүндийг олон улсад гаргаад байвал хувиасаа болон компаниараа ивээн тэтгээд байж болох юм гэж тохирсон. Гэхдээ хамтран ажиллахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, банкнаас лавлагаа авчир гэсэн. Д.О Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөртэй, банкны данс нь хаагдсан гэдгээ хэлтэл наад асуудлуудаа шийдвэрлэсэний дараа дахин уулзья гээд 3,500,000 төгрөгөөр ивээн тэтгэхээс татгалзсан. Өнөөдрийг хүртэл гэртээ зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч гэх мэтийн айл болгонд зайлшгүй байх цахилгаан барааг шинээр буюу лизингээр 16 жилийн дотор цувуулаад 1 удаа авах бүрэн боломж байсныг боломжгүй болгож хохироогоод байна. Өнөөдрийг хүртэл ах, дүү, хүүхдүүдийнхээ өгсөн хуучин цахилгаан барааг аваад хэрэглэж байна. Дээрхи дурьдсан цахилгаан барааны үнэ дундажаар зурагт 800,000 төгрөг, хөргөгч 900,000 төгрөг, угаалгын машин-370,000 төгрөг, тоос сорогч 260,000 төгрөг, нийт 2,330,000 төгрөгийн эд материалаар хохирсон. Жич: Г.Бнь уг “Улаан загалмай” ХЗХ-оос өөрөө бие дааж зээл авсан ба зээлийн төлөлт нь 75,536,000 төгрөг, 4292 ам.доллар байгаа. Уг зээлийн төлөлтөнд Д.Огийн 6,000,000 төгрөг хүүгийн хамт ороогүй байгаа болно. Г.Бнь Д.Огийн авсан зээлээс 6,000,000 төгрөг авч хүүгийн хамт төлөхөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэргийн 20635220 тоот хавтас хэргийн №4-н 836-839 хуудаст байгаа.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорыг арилах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.  229.1-д Үурэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд Д.О, Г.Бнарын хооронд хийсэн хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцуулах /Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардпагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана/, зээл 6,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг, хашаа байшин 20,000,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Д.Огийн өөрийн төлсөн 1,700,000 төгрөг, ивээн тэтгэх 3,500,000 төгрөг, цахилгаан барааны 2,330,000 төгрөг, нийт Д.Од учруулсан 36,530,000 төгрөгийн хохирлыг Г.Боос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн Д.Огийн нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 76 дугаар зүйлд заагдсан хөөн хэлэлцэх хугацааг ямар ноцтой хүндэтгэн үзэх шалтгаан /Гадаадад удаан хугацаагаар байсан, олон жил удаан хугацаагаар өвчтэй байсан гэх мэт/ байсан болохыг тодруулах шаардлагатай байтал, тийм баримт байхгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Бд холбогдуулан Д.О, Г.Бнарын хооронд хийсэн хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцуулах, зээл 6,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг, хашаа байшин худалдан авах зорилготой байсан 20,000,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Д.Огийн өөрийн төлсөн 1,700,000 төгрөг, ивээн тэтгэх 3,500,000 төгрөг, цахилгаан барааны 2,330,000 төгрөг, нийт учруулсан хохиролд 36,530,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Г.Бнь хөөн хэлэлцэх хугацааг ямар шалтгааны улмаас хэтрүүлсэн болохыг тодруулах шаардлагатай, тийм баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Д.О, Г.Бнарын хооронд хийсэн хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцуулах” шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд тодруулахад “Д.О нь Г.Бтой 2003 оны 12 дугаар сард зээл гаргуулахаар тохирсон аман хэлцэл, 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг Г.Бд шилжүүлсэн хэлцэл”-ийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан тооцуулах гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Д.О нь “УЗ” ХЗХ-той 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 15,000,000 төгрөгийг 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан, улмаар мөн өдрөө 01 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, ******* дүүрэг, 15 дугаар хороо, *******ын зусланд байрлах, 120,75 мкв талбайтай, улсын бүртгэлийн 2203010212 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг барьцаалсан болох нь “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

******* дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор “Шүүгдэгч Ч.*******, Д.******* нар бүлэглэн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2002 оноос 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд “УЗ” хадгаламж зээлийн хоршоонд захирал, нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлж хадгаламж эзэмшигч нарын мөнгийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр нийт 34 хүнд 661,725,500 төгрөгийн зээлийг зээлдэгч нарт өгч үрэгдүүлж онц их хэмжээний хохирлыг учруулсан, шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2002 оноос 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд “УЗ” хадгаламж зээлийн хоршоонд тэргүүлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлж хадгаламж эзэмшигч нарын мөнгийг барьцаа хөрөнгөгүйгээр танил талдаа өгч нийт 4 хүнд 124,840,800 төгрөгийн зээлийг зээлдэгч нарт өгч үрэгдүүлж онц их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогдсон” эрүүгийн хэргийг хэлэлцсэн ба уг хэрэгт нэхэмжлэгч Д.О, хариуцагч Г.Бнар иргэний хариуцагчаар оролцсон байна.

 

Уг шийтгэх тогтоолын “Хавсралт №2 эрүүгийн 20635220 тоот хэргийн иргэний хариуцагчдаас гаргуулах төлбөрийн тооцоо”-ны 19 дугаарт Д.Огаас 37,815,440 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх-13 тал/

 

Д.О нь дээрх төлбөрөөс 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,523,000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14,077,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,100,000 төгрөг, нийт 17,305,000 төгрөгийг төлж, одоо 20,510,440 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны “тооцоо нийлсэн” баримтаар тогтоогдож байна.

 

Д.О нь “УЗ” ХЗХ-ноос зээлж авсан 15,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг Г.Бд, 9,000,000 төгрөгийг Т.*******д тус тус өгсөн ба Т.******* нь өөрт ногдох хэсэгтээ өөрийн *******ын зуслангийн хувийн сууцыг өгч, үүнийг шийтгэх тогтоолын дагуу төлөх төлбөрөөс хасч тооцсон, харин Г.Бнь өөрт ногдох 6,000,000 төгрөг болон хүү 3,000,000 төгрөгийг төлөхөө эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байхад илэрхийлж байсан байх боловч өнөөдрийг хүртэл Д.Од өгөөгүй байна.

 

Хариуцагч Г.Бнь дээрх эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож мэдүүлэг өгөхдөө “...иргэний хариуцагч Д.Огийн уг хоршооноос зээлж авсан мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг би авсан нь үнэн. Хүүгийн хамт 9,000,000 төгрөг болгож төлнө гэж бодож байгаа ...” гэх мэдүүлэгийг өгсөн байх боловч шийтгэх тогтоолын дагуу уг төлбөрийг Д.Огийн төлөх төлбөрөөс хасч тооцоогүй, ийнхүү шийтгэх тогтоол гарсан 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш Д.О нь уг зээлийн төлбөрийг Г.Боос иргэний журмаар нэхэмжилсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Д.О нь төлөх төлбөртэй гарсан ба үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас данс хаагдсан, Монгол банкны өртэй этгээдийн жагсаалтад орсон зэргээс үүдэн муу зээлдэгчийн ангилалд орж, зээл, лизингийн үйлчилгээ авах эрхгүй болж, санхүүгийн эрхээ хязгаарлуулсан тул зээлээр хашаа, байшин авах байсан 20,000,000 төгрөг, хилээр гарахын тулд зээлийн төлөлт хийгдсэн 1,700,000 төгрөг, ивээн тэтгүүлэх байсан 3,500,000 төгрөг, гэр бүлийн хэрэгцээний цахилгаан хэрэгсэл авах байсан 2,330,000 төгрөг зэргийг хохиролд тооцон нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

Дээрх Г.Бын тайлбараас үзэхэд 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Огийн “УЗ” ХЗХ-ноос зээлж авсан 15,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.О нь дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардаж байх бөгөөд хуулийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байхаар заасны дагуу ч шаардлага гаргах эрхээ алджээ. 

 

            Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын талаар шүүхэд өмнө нь хандаж байгаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Мөн Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж, Д.О нь ******* дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг дахин хянуулахаар 2019 онд хандаж, хариу авч байсан байх бөгөөд энэ нь Г.Бд зээлүүлсэн гэх 6,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд болон эрх бүхий байгууллагад хандсан, улмаар үүнийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй юм.   

 

            Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Огийн Г.Бтой 2003 оны 12 дугаар сард зээл гаргуулахаар тохирсон аман хэлцэл, 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг Г.Бд шилжүүлсэн хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан тооцуулах, хохиролд 36,530,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хариуцагч Г.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйгээ илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн, мөн тус шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон байсан иргэдийн төлөөлөгч Д.Балмаагийн ажлын байранд ковид-19 цар тахлын батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан шүүх хуралдаанд ирэх боломжгүйгээ илэрхийлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д зааснаар шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан “Д.О, Г.Бнарын хооронд хийсэн хэлцлийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцуулах, зээл 6,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг, хашаа байшин худалдан авах зорилготой байсан 20,000,000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Д.Огийн өөрийн төлсөн 1,700,000 төгрөг, ивээн тэтгэх 3,500,000 төгрөг, цахилгаан барааны 2,330,000 төгрөг, нийт учруулсан хохиролд 36,530,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 365,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

           

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ЭНХЖАРГАЛ

 

 

                                    ШҮҮГЧ                                            Т.БОЛОРМАА

 

 

                                    ШҮҮГЧ                                            Т.ГАНЧИМЭГ