Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/656

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Э.Анударь (томилолтоор),

хохирогч “Э” ХХК-н хууль ёсны төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт О.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205036000012 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж, нягтлан бодогч мэргэжилтэй, “Л” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, Х овогт О.Т (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            Шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн жимсний борлуулалтын орлогоос 173,887,229 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Э” ХХК-н хууль ёсны төлөөлөгч Ц.Э мэдүүлэхдээ “...Үлдэгдэл 72,455,299 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч О.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн жимсний борлуулалтын орлогоос 173,887,229 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч “Э” ХХК-н гаргасан гомдол (хэргийн 15-16 дугаар хуудас),

Тооцоо нийлсэн акт (хэргийн 20-21 дүгээр хуудас),

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт О.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Т-ийг 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн цагдан хоригдсон 53 (тавин гурав) хоногийн нэг хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 795,000 (долоон зуун ерэн таван мянга) төгрөгийг хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг 19,205,000 (арван есөн сая хоёр зуун таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Т-өөс 72,455,299 (далан хоёр сая дөрвөн зуун тавин тавин таван мянга хоёр зуун хорин ес) төгрөгийг гаргуулж хохирогч “Э” ХХК-д олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Т-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас даруй сулласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО