| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2024/01471/И |
| Дугаар | 001/ХТ2024/00246 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/00246
А ПГ-ын газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02464 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01413 дугаар магадлалтай,
УА ПГ-ын газрын нэхэмжлэлтэй
Д.Б-д холбогдох
Төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: прокурор Ш.С, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч УА ПГ-ын газар нь хариуцагч Д.Б-д холбогдуулан төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гаас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 3,743,939 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас тэмдэгтийн хураамж 74,853 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01413 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02464 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Б-д холбогдох төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай УА ПГ-ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,853 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024.07.17-ны өдрийн 210/MA2024/01413 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б нь 2017.03.31-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар С.Б-ийг Увс аймгийн Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас С.Батсүхийг чөлөөлсөн нь хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,743,393 төгрөгийг төрөөс олгосныг төрд учир хохирол гэж тус прокурорын газар Увс аймгийн засаг даргаар ажиллаж байсан Д.Б-гаас гаргуулах нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаартай шийдвэрээр хангаж, хариуцагч Д.Б аас 3,743,393 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.31-ний өдрийн 182/ШШ2024/02464 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Д.Б нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа С.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх үйл баримт нь шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019.01.01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах тул энэ хуулийг маргаанд хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь С.Б-д төлсөн 3,743,939 төгрөгийн төлбөрийг шаардах эрхгүй... Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрх зүйн чадамжтай байгаа тохиолдолд түүнийг төлөөлөгч прокурорт гэм хорын хохирол шаардах эрхийг олгоогүй..." гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж гомдол гаргаж байна.
Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б нь 2017.03.31-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар Увс аймгийн Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас С.Б-гийг чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018.02.12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын 2017.03.31-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-гийг Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарч уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
С.Батсүх нь хууль бус шийдвэрээр 2017.04.01-ний өдрөөс 2018.04.01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,670,265 төгрөг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.09-ний өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын ажлын алба нэхэмжлэгч С.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 3,670,265 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын А/50 дугаар тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр"-т 3,743,393 төгрөгийг С.Б-д 2020.04.17-ны өдөр олгосон нь тогтоогдсон.
Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн “...төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон төлбөрийг гаргуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг төрийн албаны төв байгууллага төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан.
“Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022.07.05-ны өдрийн хуулиар мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1. “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас…” гэснийг "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон....” гэж өөрчилсөн.
Тодруулбал, “төрийн үйлчилгээний албан хаагч” дээрх нэмэлт, өөрчлөлтөөр хуулинд тусгагдан тухайн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр Төрийн албаны зөвлөл нь төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон байна.
С.Б-гийг Увс аймгийн Засаг даргын 2017.03.31-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлснийг шүүхийн 2018.02.12-ны өдрийн 72 дугаартай шийдвэрээр хууль бус болохыг тогтоосон нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хугацаанд хамаарч байх тул буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрх, үүрэг төрийн албаны зөвлөлд үүсээгүй гэж үзэж байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.
Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт 2022.07.05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хугацаанд төрийн үйлчилгээний албан тушаалтныг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан, түүнчлэн төрийн албан хаагчийг хууль бусаар өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, бууруулсныг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг прокурорын байгууллагад ирүүлсэн.
Прокурор хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад төрийн албан хаагчийн буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас төрд гэм хорын хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульд заасан эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 210/МА2024/01413 дугаартай магадлалыг хүчингүй болгож гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.10.24-ний өдрийн 001/ШХТ2024/01194 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч УА ПГ-ын газар хариуцагч Д.Б-д холбогдуулан төрд учруулсан хохирол 3,743,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ;
Д.Б нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017.03.31-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус аймгийн Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн боловч Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгож, С.Б-ийг Түргэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал албан тушаалд эгүүлэн томилсон.
Мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.09-ний өдрийн 18 дугаар захирамжаар С.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,670,265 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн орлогоос 2020.04.16-ны өдөр дээрх захирамжийг үндэслэн 3,743,939 төгрөг гаргуулан С.Б-д олгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан.” гэж тайлбарласныг;
Хариуцагч эс зөвшөөрч “... Аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад аймгийн прокурор нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ;
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.09-ний өдрийн 18 дугаар захирамжаар С.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,670,265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, улмаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн орлогоос 2020.04.16-ны өдөр дээрх захирамжийг үндэслэн 3,743,939 төгрөг гаргуулан С.Б-д олгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон нь тогтоогдсон. Прокурорт нэхэмжлэл гаргах эрх нь хуулиар олгогдсон.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтан бусдад гэм хор учруулсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлөх акт гаргах явцдаа хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй эс үйлдэхүйдээ болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, төрийн сангаас хохирлыг 2020.04.16-ны өдөр олгосноос хугацаа тоолох тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.” гэж дүгнэсэн.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ;
Д.Б Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа С.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан үйл баримт нь шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019.01.01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах тул энэ хуулийг хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл, уг харилцааны шаардах эрх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Хэрэгт авагдсан баримтаар УА ПГ-ын газар нь С.Б-д шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь тогтоогдсон тул шаардах эрхгүй.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрх зүйн чадамжтай байгаа тохиолдолд түүнийг төлөөлж гэм хорын хохирол шаардах эрхийг прокурорт олгоогүй.
Учир нь: Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, С.Б-д төлсөн 3,743,939 төгрөгийг төлсөн тохиолдолд Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж үзжээ.
10. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг өөр өөрөөр тодорхойлж зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
11. Хариуцагч нь аймгийн Засаг даргын хувьд тушаал гаргах үед Төрийн албаны тухай (2002 оны) хууль үйлчилж байсан ба тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж, 2017.12.07-ны өдөр батлагдаж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасан байсан ба уг заалтад 2022.12.07-ны өдөр өөрчлөлт оруулж “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж зохицуулсан байна.
12. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй этгээдэд тухайн хохирлыг арилгасан албан байгууллага, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөл, эсхүл Прокурорын тухай хуулиар прокурорын байгууллага шаардах эрхтэй байж болно. Гэвч шаардах эрх бүхий этгээдүүд уг шаардах эрхийг хэрхэн зохистой хэрэгжүүлэхийг тайлбарлах шаардлагатай байна.
13. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгах бөгөөд мөн хуулийн 498.5-д зааснаар уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй тул хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан байгууллага болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газар гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо эхний ээлжинд шаардах эрхтэй.
Дээрх асуудлаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад Төрийн албаны зөвлөлийн хүсэлтийн дагуу прокурор ямар үндэслэлээр тухайн байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Учир нь: Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж заасан.
14. Прокурор Төрийн албаны зөвлөлийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэл гаргах эрх олгогдсон гэж тайлбарлах боловч ийнхүү хүсэлт гаргах болсон шалтгаан тогтоогдоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь татан буугдсан, төрийн байгууллага албан тушаалтан нэхэмжлэл гаргах эрхгүй, эсхүл гаргахаас татгалзсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Өөрийн эрх ашиг хөндөгдсөн шаардах эрх бүхий этгээд буюу тухайн байгууллага оршин байгаа тохиолдолд талуудын зарчим үйлчлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тусгайлсан чиг үүрэг бүхий прокурор нэхэмжлэгчээр оролцох нь зохистой бус байна.
Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн этгээд болох Прокурорын байгууллагын субьектив шаардах эрх нь зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд гэм хорыг шаардахаас зайлсхийсэн, сануулсаар байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил байгаа нь тогтоогдсон, тухайн байгууллага татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байгаа тохиолдолд төрийн ашиг сонирхлын үүднээс прокурор нэхэмжлэл гаргаж болохыг үгүйсгэхгүй. Дээрх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
15. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэл гаргахгүй байгаа үндэслэл дээрх байдлаар тодорхой бус тохиолдолд нэхэмжлэгч УА ПГ-ын газар нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4-т тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул Төрийн албаны зөвлөлийн 2022.11.01-ний өдрийн 01/2123 дугаар хамтран ажиллах тухай албан бичгийг үндэслэн хариуцагч Д.Б аас төрд учруулсан хохирол гаргуулах нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.
Ийм учраас давж заалдах шатны шүүх “ ... Увс аймгийн Засаг даргын Тамгын газар нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг залруулж шийдлийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01413 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч УА ПГ-ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД