Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

  

 2020            8              25                                          2020/ДШМ/1084

 

 

Н.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1372 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлээр Н.Лт холбогдох эрүүгийн 2005007741088 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн  Н.Л, 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оюу толгой” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, ах нарын хамт ...................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Шүүгдэгч Н.Л нь 2020 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 17 дугаар байрны 85 тоотод иргэн С.Бтай хамт байхдаа уг гэрт байсан монетан бөгж, ээмэг зэрэг эд хөрөнгийнг хүч хэрэглэгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Дагийсүрэнд 918.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Лт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан “прокурорын сонсгосон ялыг ... хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн нөхцөл байдал хангагдаагүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос Н.Лт “оногдуулах ялын төрөл, хэмжээ”-ний талаар ямар ч санал гаргаж яллагдагчид танилцуулаагүй, түүний зөвшөөрсөн эсэхийг тодруулж гарын үсэг зуруулаагүй атлаа “хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх” санал гаргаж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд прокурор “Эрүүгийн хуулийн ... 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ... ял оногдуулахгүйгээр тэнсэх ... тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулах” бөгөөд харин “ял оногдуулахгүйгээр тэнсэх” эсэхийг зөвхөн шүүх шийдвэрлэнэ.

Прокурор “Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ”-ний тухай саналдаа ямар ч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй атлаа тэнсэх санал гаргасан нь ойлгомжгүй, түүнчлэн шүүгдэгч Н.Лт “согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байхад шүүгдэгч Н.Лт “ял оногдуулахгүйгээр тэнсэх” санал нь ерөнхий ангийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авхуулах санал нь энэ хэрэгт ямар холбогдолтой болох нь ойлгомжгүй болжээ.

Шүүгдэгч Н.Лт холбогдох эрүүгийн 2005007741088 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үэзж байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт...” прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ. ...” гэж хуульчилсан байна.

Дээрх заалтын хэм хэмжээний хүрээнд прокуророос шүүгдэгч Н.Лт ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг танилцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршигийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар санал гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан тул уг хэргийг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаарлагагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Лт холбогдох хэргийг прокурорт буцаасан 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1372 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Лт холбогдох хэргийг хянаад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам хангагдаагүй гэж үзээд прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Прокуророос Н.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт шүүгдэгч Н.Лт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 51/, хохирогч Д.Дагийсүрэнд хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 52/, хохирол төлсөн баримтууд /хх 54-55/, шүүгдэгч Н.Лын Прокурорын байгууллагад бичгээр гаргасан “...ээмэг, бөгжийг авч зарсан үйлдэлдээ гэмшиж байна, ...нийт 918.000 төгрөгийн нэхэмжлэлийг барагдууллаа, ...миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 56/ гэх хүсэлтүүд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заажээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор уг хүсэлтүүдийг хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 189 дугаартай тогтоол /хх 57/-ыг гаргажээ.

Түүнчлэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 189 дугаартай прокурорын санал /хх 61/-аар Н.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх санал үйлдэж, түүнийг яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулсан нь хуульд нийцжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Н.Лт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1372 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Лт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ