Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/01905

 

 

 

 

 

 

 

2021 06 18

101/ШШ2021/01905

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОНӨААТГ холбогдох

 

БЗД2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвням, Х.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Г.Э миний бие нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гуравт жолоочоор ажилд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажилласан. Манай байгууллагын удирдлага 2020 оны 12 дугаар сард солигдож, даргаар Т.Энхжин ирсэн ба тэрбээр ерөнхий инженерээр Г.Эрдэнэбаатарыг 2020 оны 12 дугаар сарын 21-нд, ерөнхий менежерээр С.Пүрэвнямыг 2021 оны 02 дугаар сард томилсон. Г.Эрдэнэбаатар нь автын инженерийн мэргэжилгүй боловч ерөнхий инженерээр ирсэн өдрөөс хойш ажилчидтай зүй бусаар харьцдаг байсан ба үл ойлголцол их гарч байсан бөгөөд түүний алдаа дутагдлыг миний бие шууд хэлдэг байсан. Өөрөөр хэлбэл ажилчид биднийг байнга дарамталдаг ба ажлаас хална, дараагийн хун байна, чи хуучин даргын хүн гэх мэтээр байнга дарамталдаг. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөө ажлын байранд жолооч, ачигч нарыг ерөнхий инженер Г.Эрдэнэбаатар дарамталж байгаа тухай бичлэг хүртэл байгаа болно. Энэ бүхнийг миний бие шууд хэлдэг байсан учраас намайг АН-ын гишүүн, хуучин даргын хүн гээд Г.Эрдэнэбаатар ерөнхий инженерээр ирснээс хойш ажилд гаргаагүй. Тухайн үед миний барьж байсан Хьюндай маркийн 05-12 УНП автомашины мотор доголдсон ба засварт 1,1 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл орохоор байсан боловч надад авч өгөөгүй. Гэтэл манай байгууллага одоо нэг сарын 2,5 сая төгрөгийн түрээстэй машин түрээслэж байгаа болно. Машины сэлбэг авч өгөхгүй байсан учраас арга буюу 1 дүгээр сард ээлжийн амралтаа авсан бөгөөд 02 дугаар сарын 08-ны өдөр ачигчаар ажилд гарсан боловч хамтрагчийн шинжилгээний хариу эерэг гарсан үндэслэлээр 14 хоногийн гэрийн хорионд орсон. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хорионоос гарч ажилд гарах гэсэн боловч гаргаагүй юм. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал 3 дугаар сарын 04-ний өдөр гарсан нь ерөнхий инженер Г.Эрдэнэбаатарын санаатай хийсэн үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл жолооч, ачигч нарын төлөө дуу хоолойгоо хүргэсний төлөө намайг жолоочийн ажлаас чөлөөлж, ачигч болгосон ба жолооч С.Баянмөнх, Ю.Доржсүрэн нарыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй гэж баталгаатай эдлэхээр олгогдсон эрх байдаг боловч ерөнхий инженер Г.Эрдэнэбаатар нь биднийг ажлын мал мэтээр харьцдаг буюу амралтгүйгээр ажиллахыг шаарддаг, хамт олондоо нэр хүнд муутай, техникийн мэдлэг мэргэжил дутмаг, Ажлаас хална. Дараагийн хүн бэлэн байна гэх зэргээр байнга дарамталдаг юм. Г.Эрдэнэбаатарыг ерөнхий инженерээр ирснээс хойш ажилчид бид ажлаас хэзээ халах бол гэсэн байнгын айдастай ажилладаг болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Сул зогсолтын уед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байтал БЗД2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг гаргахдаа надтай огт тохиролцоогүй ба уг тушаалдаа мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл миний бие 2012 онд мэргэшсэн жолооч болсон бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 01-нд мэргэшсэн жолоочийн даатгалыг Номин дааттал ХХК-иар хийлгэж байсан болно. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрх сэргээгдэх юм.

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн авахыг даалгаж, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, уг олговроос эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

           

            Хариуцагч БЗДОНӨААТҮГазар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвням, Х.Ууганбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Г.Э нь 2020 оноос тус байгууллагад жолоочоор ажиллах болсон байдаг. Т.Энхжин дарга нь 2020 оны 12 дугаар сард тус байгууллагын даргаар томилогдсон бөгөөд хариуцсан бүсийн 7 хороонд хог ачилт хуваарийн дагуу ордоггүйгээс айл өрхийн хог ачилт хоцрогдон өдөрт дунджаар 2 дуудлага нийслэлд очдог байсан. Манай байгууллагын дансанд бүртгэлтэй 16 машинаас үлдэх өртөгтэй ердөө 2 машин байдаг. Иймээс машин тогтмол эвдрэх, тухай бүр техникийн засвар үйлчилгээ шаарддаг. Мөн шахдаг машинууд хятад машин байдаг тул сэлбэг хэрэгсэл нь олддоггүй, хятадаас захиалгаар авах шаардлагатай байдаг. Цар тахалтай холбоотой хил хаагдсан тул эдгээр машины сэлбэг хэрэгслийг авах боломжгүй байсан. Тус байгууллагад Ерөнхий инженерээр ажиллаж байсан Ө.Энхсайхан нь 2020 оны 12 дугаар сард ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд Г.Эрдэнэбаатарыг ерөнхий инженерээр, ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Одончимэг нь 2021 оны 01 дүгээр сарын 2-ноос эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд ажлын зар байршуулан 2021 оны 02 дугаар сарын 10-наас С.Пүрэвнямыг ерөнхий менежерээр тус тус ажилд томилогдсон. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хог тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар тахлын үед иргэдийг хоггүй орчинд амьдруулах тусгай үүрэг даалгавар нийслэлээс удаа дараа ирж байсан учраас бүх шатандаа хариуцлагаа өндөржүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ шаардлагын дагуу машин техникийг түргэн шуурхай ажилд гаргах хэрэгтэй байсан болно. Хятадын хил хаагдсантой холбоотой сэлбэг хэрэгсэл олдохгүй байсан тул ерөнхий инженерийн зүгээс Санхүүгийн албанд мэдэгдэх хуудас өгч бүртгэл хөтлүүлэн томоохон засвар хийгдэх шаардлагатай машины сэлбэгийг нөгөө машинд авч тавих байдлаар машиныг боломжоор нь ажилд гаргах зохицуулалт хийсэн. Г.Эын хариуцан унаж байсан машинд 2020 оны 12 дугаар сард эвдрэл гарсан бөгөөд ойрын хугацаанд засагдахгүй гэмтэл тул өөр машин дээр жолоочоор ажиллуулж байсан боловч хуваарийн дагуу 2021 оны 01 дүгээр сард ээлжийн амралтаа авсан. Ажлын 17 хоног амарсан болно. Улмаар манай байгууллагад ковид илэрсэнтэй холбоотой 2 ээлжээр 24 жолооч, ачигч тусгаарлалтад орсон. Байгууллагын даргын баталсан Дотоод хяналт шалгалт хийх /удирдамжийн дагуу ажилтан албан хаагчдын баримт бичигт хийсэн үзлэгээр Г.Э нь мэргэшсэн жолоочын үнэмлэхгүй байсан нь тогтоогдсон тул дутуу материалаа бүрдүүлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан. Үнэмлэхээ хаясан гэсэн тайлбарыг өгөхөд нь лавлагаагаа авч ирэхийг шаардсан боловч удирлагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан. Боломжоор нь буюу 1 дүгээр сард 05-23 УНП, 05-21 УНП гэсэн машинууд дээр 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан. 02 дугаар сарын 10aap ажилдаа эргэж ороход байгууллага дээр ковидын тохиолдол илэрч 14 хоног тусгаарлалтанд орсон болно. Өөрөөр хэлбэл 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш мэргэшсэн жолоочийн үнэмлэх, эсхүл лавлагаагаа авч ирэхийг удаа дараа шаардаж байсан болно. Сүүлд 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Г.Эын асуудлыг авч хэлэлцсэн. Ингэхдээ өөрийг нь байлцуулсан болно. Анх ажилд орохдоо бүрдүүлж өгсөн баримтын бүрдлийг хүний нөөцийн менежерээс авчруулан судлахад мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон түүнийг нотлох бичиг баримт байгаагүй ба 1 өдрийн дотор лавлагаа авчрахыг сануулсан боловч авчирч өгөөгүй тул ачигчаар ажиллуулахаар тушаал гарсан болно. Дээрх дутуу бичиг баримт бүрдсэн тохиолдолд эргээд жолоочоор ажилллах боломжтой талаар өөрт нь бичгээр болон амаар удаа дараа мэдэгдсэн байдаг. Хог тээврийн машин нь овор хэмжээ ихтэй, давчуу орон зайд эргэж хог тээвэрлэдэг тул зайлшгүй мэргэшсэн жолооч байх шаардлагатай болно. Манай байгууллагын зүгээс Г.Эыг ажлаа хийхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөрийг хүртэл ажиллахгүй байгаа бөгөөд дээрх нэхэмжилсэн зүйлс өөрийн нь буруугаас үүдэн гарсан хохирол гэж үзэж байна. Г.Э холбогдох бичиг баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд жолоочоор ажиллах боломжтой тохиолдолд тухайн албан тушаалд нь тавихад асуудалгүй болно.

            Ажлын чиг үүргийн дагуу Хүний нөөцийн менежер Н.Анударь дээрх дутуу бичиг баримт бүрдсэн тохиолдолд эргээд жолоочоор ажиллах боломжтой талаар, бичиг баримтаа бүрдүүлж бүрэн болтол хугацаанд ачигчаар ажиллаж байх талаар өөрт нь бичгээр болон амаар удаа дараа мэдэгдсэн байдаг. Хог тээврийн машин нь овор хэмжээ ихтэй, давчуу орон зайд эргэж хог тээвэрлэдэг тул зайлшгүй мэргэшсэн жолооч байх шаардлагатай болно.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч БЗДОНӨААТҮГ-т холбогдуулан БЗД2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Г.Эыг дутуу бичиг баримтаа бүрдүүлсэн тохиолдолд эргээд жолоочоор ажиллах боломжтой талаар өөрт нь бичгээр болон амаар удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэлийн шаардлага нь түүний өөрийнх нь буруугаас үүдэн гарсан хохирол гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

БЗД2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн Тус байгууллагын тээвэр үйлчилгээний албаны жолооч ажилтай Г.Э нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй тул 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлж, мөн өдрөөс тээвэр үйлчилгээний албаны ачигчаар ажиллуулах-аар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь дээрх тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар тэрээр шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гомдлын шаардлагаа гаргасан буюу хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлд хамааруулан ажил олгогчийн санаачилгаар мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч ирүүлээгүй гэх шалтгаанаар Г.Эыг өөр ажилд шилжүүлжээ.

 

            Ийнхүү ажил олгогчийн санаачилгаар ажилтныг дээрх хуулийн үндэслэлд хамааруулан ажлаас чөлөөлж, шилжүүлж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид ийнхүү өөр ажилд шилжүүлэх болсоноо 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.

 

            Гэтэл ажил олгогч нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр баталсан удирдамжийн дагуу баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийх явцад Тээвэр үйлчилгээний албаны жолооч Г овогтой Энь мэргэшсэн жолоочийн үнэмлэх байхгүй бөгөөд бичиг баримт дутуу байсан нь тогтоогдсон тул 2021 оны 3 дугаар сарын 02-ны дотор бүрдүүлж өгнө үү гэх мэдэгдэх хуудсыг Г.Эд өгсөн болох нь Мэдэгдэх хуудас, гэрч Н.Анударийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Г.Эд 2021 оны 01 дүгээр сард мэдэгдсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба Дотоод хяналт шалгалт хийх ажлын удирдамж-ийн эхлэх хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эхлэхээр заасан байх бөгөөд энэхүү тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар гурваас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Г.Эд бичиг баримтын бүрдэлтэй холбоотой мэдэгдлийг өгч, дээрх хуульд заасан 1 сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 161/229 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр-т С /СЕ/ ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд С /СЕ/ ангиллын мэргэшсэн жолооч болохын тулд 68 цагийн хичээл үзэхээр, мөн сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгөхөөр, үүний үндсэн дээр мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохоор тус тус заажээ.

 

            Ажил олгогчийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл өгснөөс хойш 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Г.Э нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ авсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

 

            Г.Эыг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, тээвэр үйлчилгээний албаны ачигчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр энэхүү ажил олгогчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба тушаал гарснаас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн, шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 72 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговрыг дараахи байдлаар тооцох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлсийг 2020 оны 12, 2021 оны 01, 02 дугаар сард авсан цалингаас тооцоход дундаж цалин нь 884,740.5 төгрөг гарч байх ба ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 41,150.7 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 72 хоногоор тооцоход 2,962,850.4 төгрөг гарч байна.

 

            Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцохыг даалгуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эыг Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар гурвын тээвэр үйлчилгээний албаны жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 2,962,850.4 /хоёр сая есөн зуун жаран хоёр мянга найман зуун тавин төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч БЗДОНӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Эд олгож, Г.Эын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Голомт банкиар дамжуулан 2021 оны 3 дугаар сарын 30-ны төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Эд олгож, хариуцагч БЗДОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 62,355.6 /жаран хоёр мянга гурван зуун тавин таван төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ