| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/221 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/221
2024 02 29 2024/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
улсын яллагч Н.Энхтулга
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ……овогт С.Д-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ……. дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ………. дүгээр байрны ….. тоотод хохирогч Ж.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч С.Д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ….. дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …….. сургуулийн …. дүгээр байрны ….. тоотод хохирогч Ж.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн"...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагийн орчим …….. сургуулийн … дүгээр байрны ……. тоотод нягтлан болох бүртгэлийн олимпиадад бэлдэх гэж ирсэн байсан. Тэгсэн манай найзуудын наг ууттай чихэр гаргаж өгсөн. Тухайн чихэр муухайн амттай чихэр байсан болохоор би Д гэх найзаасаа идэх үү гэж асуухад Д нь чи намайг доромжлоод байна уу гэж хэлээд уурлаад намайг баруун гараараа 3-4 удаа нүүр хэсэг рүү цохисон мен намайг 2-3 удаа хөлөөрөө цохисон. Тэгээд намайг сандал дээр сууж байхад намайг Д нь ирээд зодоод байсан. Тэгээд би Д-т хандаж надаас уучлалт гуйвал чамайг цагдаад хэлэхүй гэж хэлсэн. Тэгсэн найз Д гарч яваад гаднаас хутгатай орж ирсэн. Тэгээд авч ирсэн хутгаа гаргаж ирээд над руу чичээд намайг ална шүү гэж байсан. Тэгсэн тэнд байсан хүүхдүүд Д-ийг болиулаад намайг гар гэсэн тэгээд би гарч явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
гэрч Г.Г зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн "... Миний бие ……. сургуулийн … дүгээр байранд олимпиадад бэлтгэл хичээлд сууж байсан. Тэр үед Э гэх оюутан гаднаас чихэр авч орж ирээд тортой чихрээ дунд нь ширээн дээр тавиад идээрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б нь До рүү шоглосон юм шиг тоглосон ч юм шиг үг хэллэг хэлсэн. Тэгсэн гэнэт Ж очоод Б-ийг очоод цохиод авахаар нь би араас нь очоод Д-ийг салгаж авсан. Тэгээд гайгүй болоод байж байсан чинь Д нь гарчхаад ирье гээд гараад явсан. Тэгээд 40-50 минутын дараа Д нь гаднаас орж ирээд хувцсаа тайлсан чинь гартаа хутга барьсан байсан тэгээд гэнэт бөөндөө бид нар очиж би тэврээд Э хутгийг нь авсан. Тэгээд Б гарч зугтаад удалгүй жижүүр ахтай орж ирээд дахиж гарч яваад цагдаа нартай хамт орж ирсэн. Тэгээд цагдаа нар Б, Д нарыг аваад явсан...Б суудал дээрээ сууж байсан Д нь босоод 2-3 удаа цохиж байсан... Миний мэдэхийн байхгүй... Ер нь бол Б нь Д-ийг заримдаа малаа, тэнэгээ гэх мэт үгээр доромжилж тоглоод ч байгаа юм уу, шоглоод ч байгаа юм уу тийм үйлдэл гаргадаг. Тэр үед ч бас тиймэрхүү үйлдэл гаргасан. Олимпиадад хамт хичээл бэлддэг. Яг тулж харилцаж эхэлсэн нь түрүү жилийн 2 сараас хойш..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн …..дугаартай "...Ж.Б-ийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн бугуй, баруун өвдөг, дух, зүүн хацарт зулгаралт, 2 шүд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч …..овогт С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР