Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/02615

 

   

 

 

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/02615

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 15 дугаар хороо, ******* хороолол, 40-43 тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ******* ******* /РД *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 24 дүгээр хороо, ******* ******* ******* 10-01 тоотод оршин суух, эрэгтэй, овогт - /РД /-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. /РД /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /РД /, хариуцагчийн өмгөөлөгч Ч. /ҮД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Р.******* нь ХБХХЕГ-ын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хашиж байгаа болно. Хариуцагч М.- нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагуудын дарга нар ажлын цагаар албаны машин хөлөглөн баруун салаан дахь амралтын газар архидан согтуурч байна гэсэн мэдээллийг телевизэд гарган өгч цацуулсан бөгөөд Р.*******ыг уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн худал мэдээлэл тараасан. Р.******* уг мэдэ дурьдагдсан үйл ажиллагаанд огт оролцоогүйн дээр энэ үеэр шууд мэдээ цацагдсан 19.30-20.00 цагийн үед гэртээ байсан бөгөөд үүнийг тухайн үед түүний гэрт обой нааж байсан хүмүүсийн мэдүүлэг гэрчлэхээс гадна зарим нотлох баримтаас харж болно.

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Р.******* телевизийн захиргаанд нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл бичиж өгсөн боловч телевизийн захиргаанаас энэ талаар танай мэргэжилтэн бид мэдэгдсэн, танд нотлох баримт байхгүй гэх мэтээр дайрж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг биелүүлээгүй.

Нэхэмжлэгч хариуцагчид өөрийн тус үйл ажиллагаанд оролцоогүй талаар мэдэгдээд, сануулга өгч, түүний хууль бус үйлдлийг уучилж өдий хүрсэн.

Гэтэл хариуцагч М.- 2021 оны 5 дугаар сарын 10, 11-ний өглөө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө дээрх асуудлаар суулт зарласан бөгөөд Р.*******ыг өмнөх үйл ажиллагаанд оролцсон бусад хүмүүсийн хамт хэвлэмэл байдлаар хэвлэн байршуулж, ажлын цагаар архидан согтуурсан мэтээр санаатай дахин худал мэдээлэл өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь сурвалжлахаар ирсэн zarig.mn, mass.mn, paparazzi.mn, zuv.mn зэрэг томоохон мэдээллийн сайтуудад Р.*******ын нэрийг ажлын цагаар архидан согтуурсан албан тушаалтнуудын тоонд оруулан танилцуулж, дахин худал мэдээлэл өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай утсаар холбогдох өөрийн нэрийг хасахыг шаардсан боловч хариуцагч сонсохыг үл хүсэн чаддаг юм бол шүүхдэнэ биз гэсэн билээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг бусад этгээдэд мэдээлснийг хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх ба тус мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүрэг хүлээнэ.

Тиймээс хариуцагч М.-д өөрийн мэдээлэл тараасан фэйсбүүк хуудас, телевиз, веб сайтуудаар дамжуулан тараасан худал мэдээлээ няцааж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.*******ын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас нэхэмжлэгч нь удаа дараа дотоод хяналт үнэлгээний шалгалтанд орсон бөгөөд өөрийн талаар цацагдсан худал мэдээллийг няцаан удаа дараа удирдах албан тушаалтнууд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХБХХЕГ-ын дарга нарт өргөдөл бичиж өгч байсан. Гэсэн ч өөрийн ажил хэргийн нэр төрөө шүүхээр сэргээлгэхгүй бол захиргааны арга хэмжээ авагдах, ажлаасаа халагдахад тулаад байна. Үүний шалтгаан нь нэхэмжлэгч нь унтаж, амрах, хоол идэх сонирхолгүй болж, сэтгэл санаагаараа асар их хохирч, дарамтанд орсон байдаг.

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагчийн тараасан худал мэдээлэл бүхий бичлэгийг дараах тоо давтамжийн олон нийт үзэж хуваалцсан байдаг. Хариуцагчийн өөрийн фейсбүүк дээр бичлэг 98 000 хүн үзсэн, www.zarig.mn 34 000 хүн үзсэн, www.mass.mn 12000 хүн үзсэн, www.paparazzi.mn 6700 хүн үзсэн, www.zuv.mn 4100 хүн үзсэн. Нэхэмжлэгчийн ажлын цагаар аялал зугаалганд явж, архидан согтуурсан албан тушаалтнуудын нэг мөн хэмээн худал мэдээлэл тараасан энэхүү бичлэгийг нийт 154 800 хүн үзсэн байна.

Нэхэмжлэгч нь 26 жил эрүүл мийн салбарт тасралтгүй, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, эх нялхасын эрүүл мийг хамгаалах, хүүхдийн салбарыг хөгжүүлэх, ялангуяа салбарын хүний нөөц болох улсын хэмжэ эмч, сувилагч, эмнэлэгийн мэргэжилтэн, эх хүүхдийн чиглэлээр бэлтгэх, чадваржуулахад өөрийн хувь нэмрээ оруулж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийн төлөө байнга санаачилгатай ажиллаж, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлж байсан, олон арван эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, судалгаа сурах бичиг хэвлүүлж мэргэжлийн өндөр ур чадвараараа хамт олондоо үлгэр дуурайлал болж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, алдан гадас болон бусад шагналаар шагнагдаж байсан бөгөөд түүний энэхүү нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хариуцагч М.-Эрдэнийн санаатай тараасан худал мэдээлэлээс болж сэвтэж, танил найз нөхөд хамт олон, багш шавь сурагчид олон нийтийн өмнө унаад байна.

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн 17.2-д дагуу хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй билээ. Гэтэл хариуцагч М.- нь нэхэмжлэгчийг өөрийгөө энэхүү арга хэмжэ яваагүй гэдгийг хэлж, нэрийг нь хасаж өгөхийг гуйсаар байтал мэдээллийн үнэн зөв байдлаа нягтлахыг үл хүсэн, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг хэлэлцэхийг үл хүсэн, өөрийн зөв мэтээр дайрч, нэхэмжлэгч Р.*******ын эсрэг санаатай худал мэдээлэл удаа дараа тараасан нь хуулиар хориглосон, хууль бус үйлдэл төдийгүй, нийгмийн зан суртахуун болон ёс суртахууны хувьд хортой үйлдэл тул нийгмийн зан суртахууны эсрэг үйлдэлдээ хариуцагч эдийн бус хохирлын хариуцлага зайлшгүй хүлээх шаардлагатай.

Иймээс энэхүү хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учраад буй эдийн бус эрх ашиг хохирсон явдал болон түүний сэтгэл санаанд учирсан үр дагаваруудыг харгалзан үзэж эдийн бус хохиролд 5 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 511.1-д заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Энэхүү маргааныг шийдвэрлүүлэхэд Үндсэн хуулийн 16.14-т олгогдсон эрхийн дагуу авсан хууль зүйн үйлчилгээний төлбөр буюу эдийн хохирол 1 200 000 төгрөг болон ажиллаагүй цагийн хөлс болох 50 000 төгрөгийг Иргэний хуулийн 229.1, 497.1-т заасны дагуу шаардаж байна.

Нийт хариуцагчаас эдийн бус хохиролд 5 000 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 1 200 000 төгрөг, олох ёстой байсан орлого 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 511.1, 511.2, 229.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий удирдлагууд болон харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 2020 оны 5 дугаар сарын 10-нд ажлын цагаар амралтанд явсан нь үнэн ч манай төлөөлүүлэгч Р.******* яваагүй гэртээ байсан. Тэр мэдээллийн дараа Р.******* М.-д энэ тухайгаа хэлсэн. Гэтэл М.- 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр -ны гадаа суулт хийхдээ нэхэмжлэгч Р.*******ын нэр усыг хэвлэж, энэ тухай ярьсан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хэлсээр байхад гүтгэж ярьсан учир шүүхэд хандана гэдгээ хэлсэн байдаг. Р.******* Эрүүл мийн салбарт 26 жил ажилласан, нэр хүндтэй хүн. Тэр мэдээллийг 150 000 хүн үзсэн байдаг. Энэ байдлаас болж нэхэмжлэгч нойр, хоолноос гарч, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон тул сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг нэхэмжилнэ.

Мөн хууль зүйн туслалцаа авахаар ХХК-д хандаж, үйлчилгээ авсаны хөлсөнд 1 200 000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээг авахын тулд манай байгууллагатай уулзаж, 1 өдрийн ажлаа хийгээгүй тул ажлын хөлсөөр хохирсон 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Иймд хариуцагчид мэдээлэл тараасан арга хэрэгслэлээр залруулга гаргуулахыг мөн даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий удирдлагууд болон харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 2020 оны 5 дугаар сарын 01-нд ажлын цагаар албаны машин хөлөглөн Тэрэлж рүү зугаалга зохион байгуулсан бол ахин 2020 оны 5 дугаар сарын 15-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурамын амралтын газар, ажлын цагаар, албаны машин хөлөглөн зугаалж байсан тухай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр телевиз, Paparazzi.mn, Оlloo.mn зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд хүрсэн. Энэ мэдэ би ямар ч хамаагүй гэдгийг мэдэгдэж байна.

Дээрх ёс зүйггүй дарга нарын үйлдсэн хүндлэг бус үйлдлүүдийн талаар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 21.30 цагт телевиз, 3 дугаар сарын 16-ны өдөр link сайтаар Хөгжлийн бэрхшээлтэй төр гэсэн нэртэй нэвтрүүлэг тус тус гарсан.

Үүний дараа өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэсэн хуулийн заалтыг үндэслэн телевиз, сайтаар гарсан мэдээлэл бол үнэн бодит зүйл юм. Төрийн албаны нэр хүндийг удаа дараа гутааж байгаа хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцуулах тухай хүсэлтээ -ны сайд А. 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргасан болно.

Би ганцхан ажлын цагаар архидсан зугаалсан үйл ажиллагааг яриагүй бөгөөд маш олон хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгсөн болно.

Р.******* нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр надтай утсаар ярихдаа би чамайг шүүхэд өгнө гэж заналхийлж, ярьсан болохоос би яваагүй, миний нэрийг хасаарай гэж хэлээгүй болно.

Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн телевизээр гарсан бичлэгт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилдэг Hyundai starex маркийн улсын дугаартай автомашин явж байгаа нь тус бичлэг дээр тодорхой гардаг. Тус автомашин нь тус төвийн дарга Р.*******ын зөвшөөрлөөр явсан гэдэг нь тодорхой. Тиймээс би Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан Р.******* тус бичлэгт байсан гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй Хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий 6 даргыг эрх мэдэл, албан тушаалтаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан хэргээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа бөгөөд мөн Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.******* ч бас шалгагдаж байгаа, намайг шударга үнэний төлөө дуугарсаны төлөө бүгд үгсэн хуйвалдаж нийлж шүүхэд өгч айлган сүрдүүлж дарамталж байна.

2020 оны 5 дугаар сарын 15-нд телевизээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий удирдах албан тушаалтнууд ажлын цагаар амралтын газар архидаж байгаа тухай мэдээлэл гарсан, тэр хүмүүсийн дотор -ийн дарга Р.*******ын нэр дурдагдаж байсан.

Уг газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжэ хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллах ёстой ч тус байгууллагыг удирдаж байгаа нэр бүхий удирдах албан тушаалтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, төслийг өөрсдийн хамаарал бүхий байгууллагуудад олгосон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд очих ивээн тэтгэгч байгууллагын шагнал болох өнгөт принтер, нөтбүүкийг өгөөгүй, төсвийн мөнгөөр өндөр үнэтэй хуучин автомашин худалдаж авсан зэрэг байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан тул би хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд ийм увайгүй үйлдлийг тэвчилгүй олон нийтэд хандсан юм. Би энэ мэдээлэлдээ 2020 оны 5 дугаар сарын 15-нд гарсан бичлэгийн талаар дурдсан болохоос онцгойлж Р.*******ын талаар дурдаагүй болно.

Р.******* надаас сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Яг яаж сэтгэл санаа нь хохирсон гэж үзэж байгаан, сэтгэл санаа нь хохирсныг хэн тогтоосныг, Монголд сэтгэл санааны хохирлыг тогтоодог хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Мөн өмгөөллийн хөлс 1 200 000 төгрөг, нэг өдрийн цалин 50 000 төгрөг зэрэг байж боломжгүй, надад ямарч хамааралгүй мөнгө надаас нэхэмжилж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамтанд оруулж байна. Үүнийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. телевиз, www.zarig.mn, www.mass.mn, www.paparazzi.mn, www.zuv.mn сайтуудаар цацагдсан мэдээллийн хариуцагч М.- яагаад болчихов, яаж холбогдов. Энэ мэдээллийг М.- цацаагүй учир нэхэмжлэгчийг хэрхэн яаж хохироосон юм. Иргэний хуулийн 227.3, 497-514 дүгээр зүйлүүдэд зааснаар гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд эргэлзээтэй, нотлох баримтаас хасагдсан байгаа.

Мөн М.- нэхэмжлэгчийн талаар ямар нэгэн мэдээлэл, лайв, видео хийгээгүй байж бусдын цацсан мэдээллийг яагаад хариуцах болов. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3.3.1-т зааснаар мэдээллийн хэрэгслээр дамжигдсан зүйлийн хариуцлагыг М.- хариуцах учиргүй. М.- яагаад 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр -ны гадаа суусан гэхээр Р.******* дарамталсан учир суулт зарласан байгаа. Иймд дээрх мэдээ, мэдээллийг М.- тараасан эсэхийг нотлоогүй, хариуцагч мөн эсэхийг мөн нотлоогүй тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч М.-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч М.-, түүний өмгөөлөгч Ч. нар нь эс зөвшөөрч, тухайн мэдээ, мэдээллийг тараасан этгээд нь биш тул хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Г.Мөнхтогтоход хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн өмгөөлөгч Ч. нар нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно....гэж заасныг үндэслэн хангаж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Мөн хариуцагч М.-Эрдэнийн хариу тайлбартаа бичсэн сэтгэл санааны хохиролд 7 000 000 төгрөг гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргах тухай хүсэлтээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь татгалзсан тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Р.******* нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төвийн даргаар ажилладаг ба 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагын ажилтнууд ажлын цагаар албаны автомашин хөлөглөн амралтын газар архидан согтуурч байна гэх мэдээлэлийг телевизээр мэдээлснийг www.zarig.mn, www.mass.mn, www.paparazzi.mn, www.zuv.mn сайтуудаар цацагдаж, улмаар хариуцагч М.- уг мэдээллийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 10-11-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө суулт зарлахдаа энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагуудын дарга нар ажлын цагаар албаны машин хөлөглөн баруун салаан дахь амралтын газар архидан согтуурч байна гэсэн мэдээллийг хариуцагч М.- телевизэд гарган өгч цацуулсан бөгөөд нэхэмжлэгч уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн худал мэдээлэл тараасан. Р.******* уг мэдэ дурьдагдсан үйл ажиллагаанд огт оролцоогүйн дээр энэ үеэр шууд мэдээ цацагдсан 19.30-20.00 цагийн үед гэртээ байсан бөгөөд уг үйл явдлаас болж хохирсон тул сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсан төлбөрт 1 200 000 төгрөг, уг үйлчилгээг авахын тулд ажлаасаа чөлөө авч, өмгөөлөгчтэй уулзсан тул ажиллаагүй цагийн хөлс 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг, мөн уг мэдээллийг тараасан хэрэгслэлээр залруулга гаргуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.

 

Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хохироож болохгүй буюу бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй болохыг Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3, Арван долдугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан байдаг.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагуудын дарга нар ажлын цагаар албаны машин хөлөглөн баруун салаан дахь амралтын газар архидан согтуурч байна гэсэн мэдээллийг болон нэхэмжлэгч Р.******* уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн худал мэдээлэлийг хариуцагч М.- телевизэд гарган өгч цацуулсан, тараасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй билээ. Харин зохигч нь өөрөө олж авах боломжгүй, өөр орон нутагт байгаа болон байгууллага, хувь хүн, төрийн нууцтай холбоотой баримтыг, мөн гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах замаар буюу шүүхийн журмаар нотлох баримтаа бүрдүүлэх эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хавтас хэргийн 9-20 дугаар талд авагдсан баримтуудыг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/00159 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх журмын дагуу бэхжүүлэгдээгүй баримт гэж үзэн хэргийн нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, мөн уг баримтыг бэхжүүлэх талаарх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргаагүй тул дээрх баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь нэхэмжлэлд хавсаргасан СД бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад ч гаргаагүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүйг дурьдах нь зүйтэй. Учир нь шүүх эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллага бөгөөд эс тэгвээс шүүхийн хөндлөнгийн, хараат бус байр суурь алдагдахад хүрэх бөгөөд талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй нь холбоотой юм.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч М.- нь нэхэмжлэгч Р.*******ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь нотлогдохгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслэлээр няцаах үүрэгтэй гэх боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Р.*******ын сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсан төлбөрт 1 200 000 төгрөг, уг үйлчилгээг авахын тулд ажлаасаа чөлөө авч, өмгөөлөгчтэй уулзсан тул ажиллаагүй цагийн хөлс 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг, мөн уг мэдээллийг тараасан хэрэгслэлээр залруулга гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.

 

Хавтас хэрэгт нэхэмжлэгч Р.*******ын ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2102 дугаартай Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хууль зүйн үйлчилгээ авсан төлбөрт 1 200 000 төгрөгийг төлсөн гэх боловч 840 000 төгрөгийг төлсөн Бэлэн мөнгөний орлогын баримт байх бөгөөд мөн тэрээр уг гэрээг байгуулж, хууль зүйн үйлчилгээ авахын тулд 2021 оны 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд үдээс хойш ажлын цагийн чөлөөтэй байсан талаарх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дэд дарга Ц.Сарантуяагийн гаргасан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2/159 дугаартай тодорхойлолтыг үндэслэл болгож, ажиллаагүй цагийн хөлс 50 000 төгрөгийг хохирол гэж мөн нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахад уг гэм хорыг учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай юм. Гэтэл ийм нөхцөл байдал мөн хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаар төлүүлэхээр шаардаж байх бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

 

Түүнчлэн гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардана. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэх нь тогтоогдсон байх учиртай бөгөөд иймд нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч Р.*******ын хариуцагч М.-д холбогдох ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Р.*******ын хариуцагч М.-д холбогдох ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАТСҮХ

 

Ч.НЯМСҮРЭН