| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2021/01617/И |
| Дугаар | 184/ШШ2021/02615 |
| Огноо | 2021-10-15 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2021/02615
| 2021 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 184/ШШ2021/02615 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 40-43 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигин овогт Рэнцэндоржийн Галбадрах /РД ЧЙ69100501/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шинэ цэргийн хотхон 10-01 тоотод оршин суух, эрэгтэй, Барга овогт Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ /РД ИТ76122335/-д холбогдох,
Ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд /РД УП97041392/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн /РД УВ81122101/, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд /ҮД 2602/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Галбадрахын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Р.Галбадрах нь ХБХХЕГ-ын харьяа Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хашиж байгаа болно. Хариуцагч М.Чулуун-Эрдэнэ нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагуудын дарга нар ажлын цагаар албаны машин хөлөглөн баруун салаан дахь амралтын газар архидан согтуурч байна гэсэн мэдээллийг ТВ4 телевизэд гарган өгч цацуулсан бөгөөд Р.Галбадрахыг уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн худал мэдээлэл тараасан. Р.Галбадрах уг мэдээнд дурьдагдсан үйл ажиллагаанд огт оролцоогүйн дээр энэ үеэр шууд мэдээ цацагдсан 19.30-20.00 цагийн үед гэртээ байсан бөгөөд үүнийг тухайн үед түүний гэрт обой нааж байсан хүмүүсийн мэдүүлэг гэрчлэхээс гадна зарим нотлох баримтаас харж болно.
2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Р.Галбадрах ТВ4 телевизийн захиргаанд нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл бичиж өгсөн боловч телевизийн захиргаанаас энэ талаар танай мэргэжилтэн бидэнд мэдэгдсэн, танд нотлох баримт байхгүй гэх мэтээр дайрж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг биелүүлээгүй.
Нэхэмжлэгч хариуцагчид өөрийн тус үйл ажиллагаанд оролцоогүй талаар мэдэгдээд, сануулга өгч, түүний хууль бус үйлдлийг уучилж өдий хүрсэн.
Гэтэл хариуцагч М.Чулуун-Эрдэнэ 2021 оны 5 дугаар сарын 10, 11-ний өглөө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө дээрх асуудлаар суулт зарласан бөгөөд Р.Галбадрахыг өмнөх үйл ажиллагаанд оролцсон бусад хүмүүсийн хамт хэвлэмэл байдлаар хэвлэн байршуулж, ажлын цагаар архидан согтуурсан мэтээр санаатай дахин худал мэдээлэл өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч нь сурвалжлахаар ирсэн zarig.mn, mass.mn, paparazzi.mn, zuv.mn зэрэг томоохон мэдээллийн сайтуудад Р.Галбадрахын нэрийг ажлын цагаар архидан согтуурсан албан тушаалтнуудын тоонд оруулан танилцуулж, дахин худал мэдээлэл өгсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай утсаар холбогдох өөрийн нэрийг хасахыг шаардсан боловч хариуцагч сонсохыг үл хүсэн чаддаг юм бол шүүхдэнэ биз гэсэн билээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг бусад этгээдэд мэдээлснийг хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх ба тус мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүрэг хүлээнэ.
Тиймээс хариуцагч М.Чулуун-Эрдэнэд өөрийн мэдээлэл тараасан фэйсбүүк хуудас, телевиз, веб сайтуудаар дамжуулан тараасан худал мэдээлээ няцааж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээхийг даалгаж өгнө үү.
Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Галбадрахын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас нэхэмжлэгч нь удаа дараа дотоод хяналт үнэлгээний шалгалтанд орсон бөгөөд өөрийн талаар цацагдсан худал мэдээллийг няцаан удаа дараа удирдах албан тушаалтнууд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХБХХЕГ-ын дарга нарт өргөдөл бичиж өгч байсан. Гэсэн ч өөрийн ажил хэргийн нэр төрөө шүүхээр сэргээлгэхгүй бол захиргааны арга хэмжээ авагдах, ажлаасаа халагдахад тулаад байна. Үүний шалтгаан нь нэхэмжлэгч нь унтаж, амрах, хоол идэх сонирхолгүй болж, сэтгэл санаагаараа асар их хохирч, дарамтанд орсон байдаг.
2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагчийн тараасан худал мэдээлэл бүхий бичлэгийг дараах тоо давтамжийн олон нийт үзэж хуваалцсан байдаг. Хариуцагчийн өөрийн фейсбүүк дээр бичлэг 98 000 хүн үзсэн, www.zarig.mn 34 000 хүн үзсэн, www.mass.mn 12000 хүн үзсэн, www.paparazzi.mn 6700 хүн үзсэн, www.zuv.mn 4100 хүн үзсэн. Нэхэмжлэгчийн ажлын цагаар аялал зугаалганд явж, архидан согтуурсан албан тушаалтнуудын нэг мөн хэмээн худал мэдээлэл тараасан энэхүү бичлэгийг нийт 154 800 хүн үзсэн байна.
Нэхэмжлэгч нь 26 жил эрүүл мэндийн салбарт тасралтгүй, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийн салбарыг хөгжүүлэх, ялангуяа салбарын хүний нөөц болох улсын хэмжээнд эмч, сувилагч, эмнэлэгийн мэргэжилтэн, эх хүүхдийн чиглэлээр бэлтгэх, чадваржуулахад өөрийн хувь нэмрээ оруулж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийн төлөө байнга санаачилгатай ажиллаж, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлж байсан, олон арван эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, судалгаа сурах бичиг хэвлүүлж мэргэжлийн өндөр ур чадвараараа хамт олондоо үлгэр дуурайлал болж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, алдан гадас болон бусад шагналаар шагнагдаж байсан бөгөөд түүний энэхүү нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хариуцагч М.Чулуун-Эрдэнийн санаатай тараасан худал мэдээлэлээс болж сэвтэж, танил найз нөхөд хамт олон, багш шавь сурагчид олон нийтийн өмнө унаад байна.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн 17.2-д дагуу хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй билээ. Гэтэл хариуцагч М.Чулуун-Эрдэнэ нь нэхэмжлэгчийг өөрийгөө энэхүү арга хэмжээнд яваагүй гэдгийг хэлж, нэрийг нь хасаж өгөхийг гуйсаар байтал мэдээллийн үнэн зөв байдлаа нягтлахыг үл хүсэн, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг хэлэлцэхийг үл хүсэн, өөрийн зөв мэтээр дайрч, нэхэмжлэгч Р.Галбадрахын эсрэг санаатай худал мэдээлэл удаа дараа тараасан нь хуулиар хориглосон, хууль бус үйлдэл төдийгүй, нийгмийн зан суртахуун болон ёс суртахууны хувьд хортой үйлдэл тул нийгмийн зан суртахууны эсрэг үйлдэлдээ хариуцагч эдийн бус хохирлын хариуцлага зайлшгүй хүлээх шаардлагатай.
Иймээс энэхүү хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учраад буй эдийн бус эрх ашиг хохирсон явдал болон түүний сэтгэл санаанд учирсан үр дагаваруудыг харгалзан үзэж эдийн бус хохиролд 5 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 511.1-д заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Энэхүү маргааныг шийдвэрлүүлэхэд Үндсэн хуулийн 16.14-т олгогдсон эрхийн дагуу авсан хууль зүйн үйлчилгээний төлбөр буюу эдийн хохирол 1 200 000 төгрөг болон ажиллаагүй цагийн хөлс болох 50 000 төгрөгийг Иргэний хуулийн 229.1, 497.1-т заасны дагуу шаардаж байна.
Нийт хариуцагчаас эдийн бус хохиролд 5 000 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 1 200 000 төгрөг, олох ёстой байсан орлого 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 511.1, 511.2, 229.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий удирдлагууд болон харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 2020 оны 5 дугаар сарын 10-нд ажлын цагаар амралтанд явсан нь үнэн ч манай төлөөлүүлэгч Р.Галбадрах яваагүй гэртээ байсан. Тэр мэдээллийн дараа Р.Галбадрах М.Чулуун-Эрдэнэд энэ тухайгаа хэлсэн. Гэтэл М.Чулуун-Эрдэнэ 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХНХЯ-ны гадаа суулт хийхдээ нэхэмжлэгч Р.Галбадрахын нэр усыг хэвлэж, энэ тухай ярьсан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хэлсээр байхад гүтгэж ярьсан учир шүүхэд хандана гэдгээ хэлсэн байдаг. Р.Галбадрах Эрүүл мэндийн салбарт 26 жил ажилласан, нэр хүндтэй хүн. Тэр мэдээллийг 150 000 хүн үзсэн байдаг. Энэ байдлаас болж нэхэмжлэгч нойр, хоолноос гарч, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон тул сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг нэхэмжилнэ.
Мөн хууль зүйн туслалцаа авахаар Алисон энд Кейт Партнерс ХХК-д хандаж, үйлчилгээ авсаны хөлсөнд 1 200 000 төгрөг төлсөн. Энэ үйлчилгээг авахын тулд манай байгууллагатай уулзаж, 1 өдрийн ажлаа хийгээгүй тул ажлын хөлсөөр хохирсон 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг нэхэмжилнэ.
Иймд хариуцагчид мэдээлэл тараасан арга хэрэгслэлээр залруулга гаргуулахыг мөн даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Чулуун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий удирдлагууд болон харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 2020 оны 5 дугаар сарын 01-нд ажлын цагаар албаны машин хөлөглөн Тэрэлж рүү зугаалга зохион байгуулсан бол ахин 2020 оны 5 дугаар сарын 15-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурамын амралтын газар, ажлын цагаар, албаны машин хөлөглөн зугаалж байсан тухай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ТВ4 телевиз, Paparazzi.mn, Оlloo.mn зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд хүрсэн. Энэ мэдээнд би ямар ч хамаагүй гэдгийг мэдэгдэж байна.
Дээрх ёс зүйггүй дарга нарын үйлдсэн хүндлэг бус үйлдлүүдийн талаар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 21.30 цагт NTV телевиз, 3 дугаар сарын 16-ны өдөр Өрөг.мн link сайтаар Хөгжлийн бэрхшээлтэй төр гэсэн нэртэй нэвтрүүлэг тус тус гарсан.
Үүний дараа өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэсэн хуулийн заалтыг үндэслэн NTV телевиз, Өрөг.мн сайтаар гарсан мэдээлэл бол үнэн бодит зүйл юм. Төрийн албаны нэр хүндийг удаа дараа гутааж байгаа хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцуулах тухай хүсэлтээ ХНХЯ-ны сайд А.Ариунзаяад 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргасан болно.
Би ганцхан ажлын цагаар архидсан зугаалсан үйл ажиллагааг яриагүй бөгөөд маш олон хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгсөн болно.
Р.Галбадрах нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр надтай утсаар ярихдаа би чамайг шүүхэд өгнө гэж заналхийлж, ярьсан болохоос би яваагүй, миний нэрийг хасаарай гэж хэлээгүй болно.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТВ4 телевизээр гарсан бичлэгт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилдэг Hyundai starex маркийн УБГ 02-33 улсын дугаартай автомашин явж байгаа нь тус бичлэг дээр тодорхой гардаг. Тус автомашин нь тус төвийн дарга Р.Галбадрахын зөвшөөрлөөр явсан гэдэг нь тодорхой. Тиймээс би Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан Р.Галбадрах тус бичлэгт байсан гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй Хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий 6 даргыг эрх мэдэл, албан тушаалтаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан хэргээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа бөгөөд мөн Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах ч бас шалгагдаж байгаа, намайг шударга үнэний төлөө дуугарсаны төлөө бүгд үгсэн хуйвалдаж нийлж шүүхэд өгч айлган сүрдүүлж дарамталж байна.
2020 оны 5 дугаар сарын 15-нд ТВ4 телевизээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын нэр бүхий удирдах албан тушаалтнууд ажлын цагаар амралтын газар архидаж байгаа тухай мэдээлэл гарсан, тэр хүмүүсийн дотор ХБХЗСХТ-ийн дарга Р.Галбадрахын нэр дурдагдаж байсан.
Уг газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллах ёстой ч тус байгууллагыг удирдаж байгаа нэр бүхий удирдах албан тушаалтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, төслийг өөрсдийн хамаарал бүхий байгууллагуудад олгосон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд очих ивээн тэтгэгч байгууллагын шагнал болох өнгөт принтер, нөтбүүкийг өгөөгүй, төсвийн мөнгөөр өндөр үнэтэй хуучин автомашин худалдаж авсан зэрэг байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан тул би хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд ийм увайгүй үйлдлийг тэвчилгүй олон нийтэд хандсан юм. Би энэ мэдээлэлдээ 2020 оны 5 дугаар сарын 15-нд гарсан бичлэгийн талаар дурдсан болохоос онцгойлж Р.Галбадрахын талаар дурдаагүй болно.
Р.Галбадрах надаас сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Яг яаж сэтгэл санаа нь хохирсон гэж үзэж байгаан, сэтгэл санаа нь хохирсныг хэн тогтоосныг, Монголд сэтгэл санааны хохирлыг тогтоодог хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна.
Мөн өмгөөллийн хөлс 1 200 000 төгрөг, нэг өдрийн цалин 50 000 төгрөг зэрэг байж боломжгүй, надад ямарч хамааралгүй мөнгө надаас нэхэмжилж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамтанд оруулж байна. Үүнийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. ТВ4 телевиз, www.zarig.mn, www.mass.mn, www.paparazzi.mn, www.zuv.mn сайтуудаар цацагдсан мэдээллийн хариуцагч М.Чулуун-Эрдэнэ яагаад болчихов, яаж холбогдов. Энэ мэдээллийг М.Чулуун-Эрдэнэ цацаагүй учир нэхэмжлэгчийг хэрхэн яаж хохироосон юм. Иргэний хуулийн 227.3, 497-514 дүгээр зүйлүүдэд зааснаар гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд эргэлзээтэй, нотлох баримтаас хасагдсан байгаа.
Мөн М.Чулуун-Эрдэнэ нэхэмжлэгчийн талаар ямар нэгэн мэдээлэл, лайв, видео хийгээгүй байж бусдын цацсан мэдээллийг яагаад хариуцах болов. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3.3.1-т зааснаар мэдээллийн хэрэгслээр дамжигдсан зүйлийн хариуцлагыг М.Чулуун-Эрдэнэ хариуцах учиргүй. М.Чулуун-Эрдэнэ яагаад 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ХНХЯ-ны гадаа суусан гэхээр Р.Галбадрах дарамталсан учир суулт зарласан байгаа. Иймд дээрх мэдээ, мэдээллийг М.Чулуун-Эрдэнэ тараасан эсэхийг нотлоогүй, хариуцагч мөн эсэхийг мөн нотлоогүй тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Галбадрах нь хариуцагч М.Чулуун-Эрдэнэд холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч М.Чулуун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нар нь эс зөвшөөрч, тухайн мэдээ, мэдээллийг тараасан этгээд нь биш тул хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбарыг гарган маргажээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Г.Мөнхтогтоход хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд нар нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно....гэж заасныг үндэслэн хангаж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Мөн хариуцагч М.Чулуун-Эрдэнийн хариу тайлбартаа бичсэн сэтгэл санааны хохиролд 7 000 000 төгрөг гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргах тухай хүсэлтээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь татгалзсан тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Р.Галбадрах нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төвийн даргаар ажилладаг ба 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагын ажилтнууд ажлын цагаар албаны автомашин хөлөглөн амралтын газар архидан согтуурч байна гэх мэдээлэлийг ТВ4 телевизээр мэдээлснийг www.zarig.mn, www.mass.mn, www.paparazzi.mn, www.zuv.mn сайтуудаар цацагдаж, улмаар хариуцагч М.Чулуун-Эрдэнэ уг мэдээллийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 10-11-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнө суулт зарлахдаа энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагуудын дарга нар ажлын цагаар албаны машин хөлөглөн баруун салаан дахь амралтын газар архидан согтуурч байна гэсэн мэдээллийг хариуцагч М.Чулуун-Эрдэнэ ТВ4 телевизэд гарган өгч цацуулсан бөгөөд нэхэмжлэгч уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн худал мэдээлэл тараасан. Р.Галбадрах уг мэдээнд дурьдагдсан үйл ажиллагаанд огт оролцоогүйн дээр энэ үеэр шууд мэдээ цацагдсан 19.30-20.00 цагийн үед гэртээ байсан бөгөөд уг үйл явдлаас болж хохирсон тул сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсан төлбөрт 1 200 000 төгрөг, уг үйлчилгээг авахын тулд ажлаасаа чөлөө авч, өмгөөлөгчтэй уулзсан тул ажиллаагүй цагийн хөлс 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг, мөн уг мэдээллийг тараасан хэрэгслэлээр залруулга гаргуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.
Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хохироож болохгүй буюу бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй болохыг Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3, Арван долдугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан байдаг.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХБХХЕГ-ын харьяа байгууллагуудын дарга нар ажлын цагаар албаны машин хөлөглөн баруун салаан дахь амралтын газар архидан согтуурч байна гэсэн мэдээллийг болон нэхэмжлэгч Р.Галбадрах уг үйл ажиллагаанд оролцсон хэмээн худал мэдээлэлийг хариуцагч М.Чулуун-Эрдэнэ ТВ4 телевизэд гарган өгч цацуулсан, тараасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй билээ. Харин зохигч нь өөрөө олж авах боломжгүй, өөр орон нутагт байгаа болон байгууллага, хувь хүн, төрийн нууцтай холбоотой баримтыг, мөн гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах замаар буюу шүүхийн журмаар нотлох баримтаа бүрдүүлэх эрхтэй байдаг.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн хавтас хэргийн 9-20 дугаар талд авагдсан баримтуудыг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/00159 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх журмын дагуу бэхжүүлэгдээгүй баримт гэж үзэн хэргийн нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, мөн уг баримтыг бэхжүүлэх талаарх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргаагүй тул дээрх баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэнгисболд нь нэхэмжлэлд хавсаргасан СД бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад ч гаргаагүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүйг дурьдах нь зүйтэй. Учир нь шүүх эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллага бөгөөд эс тэгвээс шүүхийн хөндлөнгийн, хараат бус байр суурь алдагдахад хүрэх бөгөөд талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй нь холбоотой юм.
Иймд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч М.Чулуун-Эрдэнэ нь нэхэмжлэгч Р.Галбадрахын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь нотлогдохгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслэлээр няцаах үүрэгтэй гэх боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Р.Галбадрахын сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсан төлбөрт 1 200 000 төгрөг, уг үйлчилгээг авахын тулд ажлаасаа чөлөө авч, өмгөөлөгчтэй уулзсан тул ажиллаагүй цагийн хөлс 50 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг, мөн уг мэдээллийг тараасан хэрэгслэлээр залруулга гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.
Хавтас хэрэгт нэхэмжлэгч Р.Галбадрахын Алисон энд Кейт Партнерс ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2102 дугаартай Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хууль зүйн үйлчилгээ авсан төлбөрт 1 200 000 төгрөгийг төлсөн гэх боловч 840 000 төгрөгийг төлсөн Бэлэн мөнгөний орлогын баримт байх бөгөөд мөн тэрээр уг гэрээг байгуулж, хууль зүйн үйлчилгээ авахын тулд 2021 оны 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд үдээс хойш ажлын цагийн чөлөөтэй байсан талаарх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дэд дарга Ц.Сарантуяагийн гаргасан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2/159 дугаартай тодорхойлолтыг үндэслэл болгож, ажиллаагүй цагийн хөлс 50 000 төгрөгийг хохирол гэж мөн нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахад уг гэм хорыг учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон, уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай юм. Гэтэл ийм нөхцөл байдал мөн хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаар төлүүлэхээр шаардаж байх бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
Түүнчлэн гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардана. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэх нь тогтоогдсон байх учиртай бөгөөд иймд нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч Р.Галбадрахын хариуцагч М.Чулуун-Эрдэнэд холбогдох ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Р.Галбадрахын хариуцагч М.Чулуун-Эрдэнэд холбогдох ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, залруулга гаргахыг даалгах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ
Ч.НЯМСҮРЭН