| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0325/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/318 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/318
2024 03 26 2024/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч А.Оргилбаяр,
хохирогч Б.Ч,
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан эрүүгийн 2309011962*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
А.О нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах а1 дүгээр байрны гадаа хувийн амьдралд оролцсон гэх шалтгаанаар хохирогч Б.Чийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж улмаар түүний биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Ч, гэрч Э.Д, Т.Б нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, шүүгдэгч А.О-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээр шүүгдэгч А.О нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах а1 дүгээр байрны гадаа хувийн амьдралд оролцсон гэх шалтгаанаар хохирогч Б.Чийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж улмаар түүний биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.О-ын хохирогч Б.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед би өөрийн … тухай 00-00 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Т. Приус-30 маркийн машинтайгаа ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц-ийн зүүн талын саарал 5 давхрын гадна зогсож байгаад тухайн үед машин дотор найз охин …/-тай муудалцаж Б нь миний гарыг хазаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд аймар чангаар орилчихсон юм. Тэгсэн чинь тэрүүгээр явж өнгөрсөн үл таних 3 эрэгтэй хүн ирээд шууд манай найз охиныг машинаас буу гэсэн. Тэгэхээр нь би тэдэнд хандаж энэ манай найз охин байгаа юм аа бид хоёр сая маргалдаад орилчихлоо гэж хэлсэн чинь хөгшин ах нь энэ бол гэр бүлийн хүчирхийлэл цагдаа дуудна гээд гар утсаараа цагдаа дуудаад байсан. Тэгээд би буцаад шууд машиндаа суучихсан юм. Тухайн үед миний машин байрлуулж тавьсан газрын хажуугийн хогийн пункер руу барилгын ажил хийж байгаа бололтой хэдэн хүмүүс ирээд шуудайтай хогнууд хаяад байсан. Тэгэхээр нь би тэндээс машинаа холдуулах санаатай жоохон ухарсан чинь 2 залуугийн хэн нэгэн нь миний машин цохиод байсан. Тэр хоёртой хамт ирсэн хөгшин ах нь машины хажууханд утсаар яриад зогсоод цагдаад дуудлага өгөөд байсан. Би болохоор өндөр залуу нь ухрах үед машин руу цохисон гэж бодож байна. Жижиг залуу нь анхнаасаа дуугүй зогсоод байсан. Тэгээд би машинаас буугаад яагаад байгаа юм гэсэн тэгсэн чинь өндөр залуу нь өөдөөс орилоод байсан. Тэгээд би чамд асуудал байгаа юм уу цохичих гээд нүүрээ тулгаад өгсөн тэгсэн чинь яагаач үгүй. Тэгээд би машиндаа буцаад суучихсан юм. Тэгээд би машины рулиэ бүтэн дарж урагшлаад хөдөлсөн чинь нөгөө жижиг залуу нь миний хажуу талын цонхыг цохичихсон. Тэгээд би шууд буугаад чи яагаад байгаа юм бэ гэж уурлаад урд нь очсон, тэгсэн чинь нөгөө өндөр найз нь намайг хажуу талаас түлхэнгээ аядсан, би буцаагаад түлхсэн чинь намайг өндөр залуу баруун талаас тэвэрчихсэн. Тэр үед нөгөө жижиг залуу нь над руу ойртоод байхаар нь тэр жижиг залууг нь би хавираад унагаачихсан юм. Тэгээд би өндөр залуутай нь барьцалдаж ноцолдоод машины нөгөө талд гарсан. Тэгээд өндөр залуутай нь би ноцолдоод байх үед жижиг залуу нь өөрөө дундуур ороод ирчихсэн. Өндөр залуугийнх нь доор нь би боолгуулчихсан байж байхдаа жижиг залууг нь тэвэрч аваад доороо оруулаад тэвэрчихсэн юм. Тэгж байхад намайг дээрээс өндөр залуу нь гар руу дэвсээд дээрээс цохих болгонд нь би доор байгаа жижиг залууг цохиж байсан. Тэгэхэд нөгөө хог хаяад юм зөөгөөд байсан ах нар ирээд бид нарыг салгасан. Тэгээд би машиндаа найз охинтойгоо хамт сууж байсан чинь нөгөө хоёр залуугийн найз гээд бас нэг залуу ирээд намайг машинаас буугаад ир гээд байсан. Тэгээд би лай лай 3 хүнтэй ноцолдож чадахгүй гэж хэлээд машины цонхоо хаачихсан, тэгээд цагдаа ирсэн. Миний алга болсон гар утсанд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,
хохирогч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би Д гэх найзтайгаа хамт явж байгаад эмэгтэй хүн орилохыг сонссон. Тэр эмэгтэй “аллаа” гээд орилоод байхаар нь машинд нь очоод тэр эмэгтэйг гаргасан. Эхлээд шүүгдэгч “хаалгаа хаачихъя машинаа хөдөлгөхгүй” гэсэн. Бид хэд машины гадаа нь зогсож байсан. Би хөдлөөд явчихаар нь машины хаалга рүү нь өшиглөсөн. Тэгээд энэ залуу гэнэт бууж ирээд хамар руу цохисон. Шүүгдэгч өөрөө бас цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа ирээд С дүүргийн цагдаагийн 000 дүгээр хэлтэс рүү явсан. Тухайн өдөртөө мэдүүлгээ өгчхөөд гэмтлийн эмнэлэг ороод хамрынхаа зургийг авхуулсан. Одоо 4.270.000 төгрөгийг нэхэмжилж байна. 390.000 төгрөг хамрын эмчилгээний зардал. 180.000 төгрөг гар утас эвдэрсэн зардаг, 70.000 төгрөг нь шүдний аппарат эвдэрсэн зардал. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Өмнө нь над руу тохиролцоод мөнгө шилжүүлье гэсэн дараа нь тохиролцохоо болилоо гэхээр нь тухайн мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед би гэрээсээ буюу ... дүүргийн ... хороо … тоотоос найз Д хамт гараад явж байсан чинь 1а байрны урд талд … улсын дугаартай суудлын машин дотор эмэгтэй хүн орилоод байсан. Тэгэхээр нь би найз Д хамт очсон, тэр үед тэрүүгээр явж өнгөрсөн бас нэг танихгүй залуу бид хоёртой хамт очсон. Тэгээд машин дээр очиж эмэгтэйг нь гаргаж аваад эрэгтэй нь түүнээс холдуулсан. Эрэгтэй нь болохоор манай найз руу дайрч цохичих гээд байсан. Түүнээс хойш тэр 2 нам жим болсон. Тэр эрэгтэй нь өөрөө цагдаа дуудсан цагдаа хүлээж байна гэж хэлсэн, бид нар харин тэрэнд нь итгээгүй болохоор өөрсдөө бас давхар цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа иртэл хөдлөөд явуулчихгүйн тулд бид нар машины жолоочийн хажуу талын хаалганы харалдаа зогсож байсан. Жолооч эрэгтэй нь хаалгаа хаачих би угаасаа эндээс хөдлөхгүй гээд байсан. Тэр эмэгтэй нь машины хажууд бид нартай хамт байж байсан. Тэгтэл нөгөө залуу машины хөдөлгөж эхлэхээр нь зогсоох гэж оролдсон. Тэгсэн чинь тэр залуу машинаасаа бууж ирээд гараараа миний хамар руу 1 удаа цохиод намайг доош нь дарж унагаасан. Тэгээд миний хамраас цус гарсан. одоо харвал хамар далийсан байна... Би эмнэлэгт 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр чих хамар хоолойн анхан шатны үзлэгт хамруулж 40.000 төгрөгийн зарлаг гарсан. Цаашид хамрын хугарал, салаавчны мурийлт засах эмчилгээний гарах зардал 3.899.400 төгрөг, болон тухайн үед нь шаардлагатай үзүүлэх шинжилгээний төлбөр нэмэгдэх байх. Мөн найз Д эвдэрсэн шүдний аппаратыг засахад 70.000 төгрөг болж байсан...Ингээд нийт 4.009.400 төгрөгийг нэхэмжилж байна...Миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй..." мэдүүлэг /хх-ийн 61, 131/,
гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед манай найз Ч болон цуг ирсэн ах 2 цагдаагийн байгууллагат мэдэгдсэн би тухайн үл таних залууг явуулахгүйн тулд хаалгыг нь түлхээд зогсож байсан тэр үед тухайн үл таних залуу хальт машинаа ухраасан тэгэхээр нь би чи явахгүй гэж хэлэхэд би явахгүй гэж хэлсэн. тэгээд жоохон байж байгаад дахиад машинаа асаагаад ухрах гэж байхад машиныг нь араас нь түлхсэн тэгэхэд үл таних залуу би явахгүй машинаа эвтэйхэн байрлуулаадахъя гэж хэлсэн. Тухайн үед би эмэгтэйг нь өмөөрч байх үед үл таних залуу нь надтай заамдалцаад чаддаг юм бол намайг цохь гэж хэлээд байсан тэр үед нь манай найз Чинзориг нь машины гүүпэрийг өшиглөсөн машины гүүпэр зүгээр байсан тэгээд тухайн залуу нь уурлаад ер нь та нар юу юм гэж хэлээд манай найз Ч руу очоод хамар хэсэгт нь баруун нэг удаа цохиод шууд барьцалдаад авсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 75-76/,
гэрч Т.Б “...О дахиад машинаа урагшаа хөдөлгөсөн чинь гадаа байсан намхан хүүхэд Оын машины урд хаалганы шилийг цохисон тэгээд л О цонхоо онгойлгоод яагаад байгаа юм гэж уурлахад нөгөө жижигхэн хүүхэд яасан ч яадаг юм буугаад ир гээд хэлсэн чинь О машинаасаа буусан тэгээд тэр 2-ын голд хэрүүл маргаан үүсэхэд өндөр залуу нь жижиг залуудаа хандан түрүүлж битгий цохиорой гэж хэлсэн тэгээд өндөр залуу нь О-ыг түлхсэн чинь буцаагаад О буцаагаад түлхсэн чинь өндөр залуу Оыг тэврээд авахад О жижиг биетэй хүүхдийг дэгээдээд унагаасан тэгээд өндөр залуу болон О нар машины цаашаа гарсан тэгээд би машины цаана гараад харсан чинь О болон өндөр залуу бас жижиг залуу 3 газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 84-85/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “...Б.Ч-н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 88-89/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.О нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах а1 дүгээр байрны гадаа хувийн амьдралд оролцсон гэх шалтгаанаар хохирогч Б.Ч-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж улмаар түүний биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.О-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнхцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.О-д 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч А.О нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч Б.Ч нь хохирол төлбөрт 4.270.000 төгрөг нэхэмжилснээс шүүх хамрын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.900.000 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин гар утас болон шүдний аппаратны зардалд нэхэмжилсэн нийт 250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Ч-т олгохоор шийдвэрлэсэн боловч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ч-т дээрх 250.000 төгрөгийн нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Ч нь хамрын эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ... овогт А.О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо эмчлүүлэхэд гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР