Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2021/01015

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                   

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух, Д.У /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух, Э.Э /Регистрийн дугаар: /-т холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Э-тай 2016 онд танилцан гэр бүл болж, 2017 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2017 онд том хүү, 2020 онд бага охин тус тус төрсөн. Сүүлийн үед бид таарч тохирохгүй болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Э, охин Э.Н нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэмж тогтоолгоно, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.  

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.У-тэй 2016 онд гэр бүл болж 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2017 онд том хүү, 2020 онд бага охин төрсөн. Миний буруугаас болж эхнэрээ гомдоож байсан. Одоо буруугаа ойлгож байна. Эхнэр хүүхдээсээ салах хүсэлгүй 2 хүүхдээ өнчин өсгөхийг хүсэхгүй байна. Иймд миний өргөдлийг харгалзан үзэж эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Э.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

            Гэрлэгчид нь 2016 онд танилцаж улмаар хамтран амьдарсан байх бөгөөд, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Э, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин Э.Н нар төрсөн, одоо эрүүл өсөн бойжиж байгаа болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, Мэндцэцэн ӨЭМТ-ийн тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Шүүхээс гэрлэгчдэд 3 сарын эвлэрлийн хугацаа олгож, тус шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч Д.У, Э.Э нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, зохигчид хоорондын тааламжгүй харилцаанаас болж улмаар тусдаа амьдрах болсон, хариуцагч гэрлэлтээ үргэлжүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.  

Хүү Э.Э, охин Э.Н нар нь эхийн хамт амьдарч байгаа гэж тайлбарласан ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн насны байдлыг харгалзан насанд хүрээгүй хүү Э.Э, охин Э.Н нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Э.Э-гаас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.   

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт тохирох тэмдэгтийн хураамжинд 70,674 төгрөг тооцож гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.      

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Д.У /Регистрийн дугаар:/, Э.Э /Регистрийн дугаар:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Э, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Н нарыг эх Д.Уийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Э, охин Э.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Э /Регистрийн дугаар:/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

5. Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.     

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.О-д даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ут олгож, 70,674 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.       

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН