| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/326 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Эрдэмбилэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/326
2024 03 27 2024/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Ц.У
улсын яллагч Н.Эрдэмбилэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан эрүүгийн 2309000002*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн … дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах иргэн Ч.Г-ын эзэмшлийн дарханы байшингийн цонхыг хагалж орон 1,890,000 (нэг сая найман зуун ерэн мянга) төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн … дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод согтуурсан үедээ иргэн Ч.Т-г түүний ойр дотны хүн буюу төрсөн эгч Ч.Д-ын дэргэд олон тооны шарх гэмтэл учруулж буюу цээжний зүүн урд дээд хэсэгт 2.1x0.5 сантиметр, өвчүүний баруун доод хэсэгт 2,3x0.6 сантиметр, аюулхайн мөгөөрсний доор 2.5x0.6 сантиметр, зүүн өгзөгний гадна хэсэгт 2x0.5 сантиметр, 1x0.4 сантиметр, 1.3x0.4 сантиметр, 1.5x0.4 сантиметр газарт тус тус хутгалж алсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Б-н дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, гэрч Ч.Д, С.Э, Б.Б, Б.А, Ш.Д нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №2945 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №3812 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №5526, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5524, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны 5525 тоот дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №30809, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №5529 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг тайлбар зэргээр Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод согтуурсан үедээ иргэн Ч.Тг түүний ойр дотнын хүн буюу төрсөн эгч Ч.Дын дэргэд олон тооны шарх гэмтэл учруулж буюу цээжний зүүн урд дээд хэсэгт 2.1x0.5 сантиметр, өвчүүний баруун доод хэсэгт 2,3x0.6 сантиметр, аюулхайн мөгөөрсний доор 2.5x0.6 сантиметр, зүүн өгзөгний гадна хэсэгт 2x0.5 сантиметр, 1x0.4 сантиметр, 1.3x0.4 сантиметр, 1.5x0.4 сантиметр газарт тус тус хутгалж алсан үйл баримт,
мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ч.Г, гэрч Д.А нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлан, Б.Бы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Ч дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах иргэн Ч.Г-ын эзэмшлийн дарханы байшингийн цонхыг хагалж орон 1,890,000 (нэг сая найман зуун ерэн мянга) төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт баримт нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ы мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед ” гэх,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр … дээр байх хөдөлмөрийн бирж дээр очиж өдөр нь цалингаа өгдөг барилгын засал чимэглэлийн ажил хийгээд 16 цаг өнгөрөөд тарж тухайн барилга дээр анх уулзаад хамт ажиллаж танилцсан Б, О нарын хамт өдрийн цалин болох 89.000 төгрөгийг бэлнээр аваад тухайн хоёр залуутай хамт 2 шил архи уугаад салцгаасан. Би … автобусанд суугаад нэг мэдсэн "х" дэлгүүр дээр буусан, тэндээс үсчин рүү ороод үсээ засуулах гэсэн чинь тухайн үсчин нь согтуу хүнд үйлчлэхгүй гэхээр нь би цүнхтэй хувцсаа өргөж авч дийлэхгүй байна, маргааш ирээд үсээ засуулахдаа авъя гэж хэлээд явсан. Тэгээд цүнхээ үлдээж, гарч яваад автобусанд суугаад … дээр бууж … юм уу өөр дэлгүүрээс 1 шил 0.7 литрийн хараа архи, 1 том хиам, 1 бэлэн хоол авсан. Би яг аль дэлгүүр орсноо санахгүй байна. Юмнуудаа аваад өөрийн амьдардаг … дүүргийн ...од байх хашааны хаалгаар ороход гэгээ дөнгөж тасарч байсан. Хашаагаар ороход гадаа байшингийн хажууд байх буйдан дээр Т унтаж байсан. Намайг хашаагаар ороод ирэхэд Т буйдан дээрээс босож ирээд “юу байна ... ... ажил нь гайгүй юу? Үхлээ 100 гр өгчих” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би өвөрт байсан архиа гаргаж өгөөд байшин руу ороход Д байсан араас Т орж ирээд намайг хиам зүсэж байхад Т нь надад архи хийж өгөөд би уусан. Тэгээд тэрнээс хойш би юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 8-9/,
мөн сэжигтнээр өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр болов уу гэж бодож байна. … тоотод байрлах үргэлжээрээ 3 ширхэг байшин байсны хамгийн захынхад нь орж дотроос нь модон тагш, мөн бүсний хэв гэмээр зэсээр хийсэн зүйлсийг хулгайлсан байсан. Би тухайн байшинд хашааг нь давж ороод жижиг цонхыг нь чулуугаар хагалж орсон болов уу гэж бодож байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тухайн эд зүйлс манай гэрт байгаа. Би тухайн айлаас том модон тагш 12 ширхэг, жижиг модон тагш 6 ширхэг, бүсний зэс хэв том 6 ширхэг, дунд 17 ширхэг, жижиг 12 ширхэг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 52-53/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М: “...Маш их гомдолтой байна...”
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аав Т бид хоёр эгч Д-ын гэрт амьдардаг байсан. Бид хоёр ажил хийхээр хөдөө явж ажил хийдэг байсан. Би аавтайгаа сүүлд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Тэгэхэд аав … аймагт ажиллаж байгаад ирлээ гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш аавтай би уулзаагүй. Утсаар ярьдаг байсан. Д эгчтэй амьдраад 2 жил орчим болж байна. Намайг Д эгчийн гэрт ирэхэд заримдаа байдаг байсан тэр залууг ... гэж дууддаг байсан. Аав маань зан байдлын хувьд нэлээд дуугүй хүн учир нэг их олон зүйл ярьдаггүй байсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 86/,
хохирогч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг болсон газар нь манай охины нэр дээр байдаг дарханы цех байгаа юм аа. Тэр өдөр манай охиных "ХМ" гэх газарт зуслан дээрээ байсан юм. 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 15:00 цагийн орчимд манай хажуу айлын залуу болох Г.М хойд үйлдвэрийн цонхыг нь хагалсан байна шүү. Хулгай орсон шинжтэй байна гэхээр нь би шууд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Дуудлага өгөөд ирэхэд цонх хагарсан, хаалга цоожтой байсан. Бид нар шууд камерын бичлэгээ шүүж үзэхэд 2 хулгайч хашаа давж орж ирээд 1 нь буцаж гаран 1 нь байшин луу ороод удалгүй шар тортой зүйл авч гараад явж байсан. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн...Зэсээр хийсэн бүс хийдэг эрэгтэй бүсний 3 ширхэг ком оргинал хэв, эмэгтэй 2 ширхэг оргинал хэв алдагдсан. Мөн цонх хагалж орохдоо ксиройдийн дээд талын даралт хэмжигчийг хугалсан байсан. Анх дуудлага өгөхөд нотебүүк алга болсон гэж дуудлага өгсөн чинь алга болоогүй манай охины гэрт байж байсан байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, /2хх-ийн 20-21/,
гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ажлаасаа 16 цаг өнгөрч байхад тараад гэртээ орсон хашаа руу ортол манай дүү буюу төрсөн дүү Ч овогтой Т хашаанд байдаг буйдан дээр гэрийн гадаа сууж байсан. Тэгэхээр нь би түүнийг “чи хонхор явна гэсэн яваагүй юм уу” гэж асуусан. Өглөө намайг гэрээс гарахад Хонхор явна гэж хэлээд үлдсэн юм. Миний зүрх өвдөөд байхаар нь явсангүй таныг хүлээгээд сууж байна гэж хэлсэн. ...тэгээд гэртээ ороод байж байтал миний хамтран амьдрагч Б 86608899 гэсэн дугаараас залгаад “хайр нь очиж болох уу би нэг хиам авчихсан, хүний утсаар ярьж байна" гэж хэлсэн тэгэхээр нь би салгасан. Гэтэл дахин 00000000 гэсэн дугаараас залгаад “би очиж болох юм уу” гэж асуусан. Тэгээд удаагүй гэртээ орж ирсэн, орж ирэхдээ бэлэн гоймон, хиам хоёр барьсан орж ирээд тэгээд 17 цаг 03 минутад манай нөхөр миний утсаар ах Мэндээ рүүгээ ярина тамхины мөнгө авна гэж хэлээд ... гэсэн дугаар луу залгахад ах нь аваагүй. Өлсөөд байна энэ бэлэн гоймонг болгоод өг гэж хэлэхээр нь би бэлэн гоймон болгох гээд утсаар хүн рүү залгаад бэлэн гоймонд буцалсан ус хийж байсан. Гэтэл манай дүү Т гаднаас орж ирээд гэрийн үүдэнд хогийн савны хажууд байдаг сандал дээр суугаад гадуур хүрмээ тайлсан. Б авчирсан архинаасаа нэг хийж өгсөн тэгэхээр нь дүүгээ “чи Бтай цуг нийлж архи ууж болохгүй шүү" гэж хэлсэн. Уг хийж өгсөн архийг нь аваад буцаагаад өгч байсан, уусан эсэхийг бол би мэдэхгүй. Гоймонд ус хийгээд сэрээ аваад гоймонгийн амыг дарах гэж байтал Б манай ширээн дээр байсан өөрөө хиам зүсэж байсан хутгаа аваад түүнийг шууд дүрсэн. Тэгэхээр нь би хүүе яаж байна гэх завдалгүй талийгаач газар луу унасан очиж амжаагүй байхад хутгаа сугалж аваад “гүйцээгээд хаячихъя" гэж хэлээд талийгаачийн хөл рүү дүрчих шиг болсон. Би сайн харж чадаагүй хутгыг нь гараас нь булаагаад зуухны орчим шидээд өөрийг нь тайвшир гэж хэлээд татаад сандал дээр суулгасан. Гэтэл Б гараад явах гэсэн. Тэгэхээр нь би ... түргэн дуудъя амьд байна шүү дээ гэж хэлсэн. Гэтэл буцаж сандал дээр суусан тэгээд надад Б өөрөө наадах чинь амьд байна. Чи түргэн дуудаад цагдаа дууд гэж хэлсэн Тэгээд би эхлээд цагдаа дуудаад тэгээд түргэн дуудсан тэгээд түргэн эхэлж орж ирээд үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд араас нь цагдаа орж ирээд Бг аваад гарсан ийм асуудал болсон...Тэр хоёр огт муудалцаж маргалдсан зүйл байхгүй зүгээр орж ирээд л суусан. Манай гэрт байдаг хар иштэй нэлээд урт төмс арилгадаг хутга түүгээр хиам зүсэж байсан ирний хувьд бол тийм их эртэй хутга биш...Өглөө эрүүл гэрээсээ гарсан орж ирэхдээ согтуу байсан. Гэхдээ хэр согтуу байгааг нь анзаараагүй. Нэг шил 0.75 граммын архи барьсан орж ирсэн Тэгээд хиам зүсээд гадаа буйдан дээр сууж байсан манай дүүг гарч дуудаад мөн ороод ир гэж хэлээд татаад байсан. Гэтэл манай дүү босоод 00-руу яваад өгсөн Б орж ирээд дахиж нэг архи хийж уугаад тэгээд хиам зүсэж байсан тэр үед манай дүү орж ирээд суусан юм. Цээж хавьд нь л хутгалсан байх би сайн анзаарч харж чадаагүй ямар ч байсан баруун гараараа хутгалсан, түүнээс хойш би талийгаачид огт гар хүрээгүй эмч орж ирээд цээж хэсэгт нь хоёр газар марал тавьсан байсан Би бол эхлээд цээжинд нь хутгалаад дараа нь хөл рүү нь хутгалчихлаа гэж харсан. Нэг удаа хутгалахыг бол харсан харин эмч орж ирээд хоёр газар марал тавьсныг харсан. Тэгээд хоёр удаа хутгалсан байх гэж бодож байна харин хөл рүү буюу гуя хэсэгт дахин хутгалахыг бол харсан. Хөл рүү нь хутгалахдаа би түүнийг салгаад хутгыг нь аваад шидсэн байсан. Гэтэл дахин хутгаа аваад гүйцээчихье гэж хэлээд талийгаачийн гуя руу хутгалсан.
Миний дүү Ч-ийн Т нь 1970 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... Ч гэдэг айлын 5 дахь хүүхэд нь болж төрсөн бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөд сургууль цэцэрлэгээр хүмүүжсэн дээрээ 3 эгч нэг ахтай дороо 3 дүү нь байгаа. Манайх аав, ээжээс 10-уулаа. Миний дүү 1993 онд Б гэдэг хүнтэй хамт амьдарч байгаад 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Мцацал нь төрсөн. Одоо 25 нас хүрэх гэж байна. Хүүг нь 6 сартай байхад эхнэр Болорцэцэг нь өвчний улмаас нас барсан Түүнээс хойш хүү Мцацалтайгаа хамт надтай цуг амьдарч байгаа. 2018 онд намайг ... аймгаас … хотод ирж амьдрахад … хуурай ах С гэдэг хүний гэрт амьдраад ажил хийгээд манайхаар ирж очоод амьдраад явж байгаад сая … ажлаасаа 10 дугаар сарын 10-ны орчим буугаад ... аймагт байж байгаад манай гэрт өчигдөр ирсэн юм. Миний дүү архи уух дуртай өөр ямар нэгэн элдэв зан гаргаад байдаггүй дуу цөөтэй хүнтэй дуугараад байдаггүй хүн байгаа юм. 2022 онд манай дүү манай гэрт ирж байж байгаад усны тэрэг түрээд усанд яваад усны тэргээ гадаа орхиод дэлгүүр ороод гараад иртэл уг тэрэг нь алга болсон гээд түүнээс хойш Б манай дүүг усны тэрэг хулгай хийсэн гээд байдаг өөр энэ хоёрын хооронд ямар нэгэн маргаан байхгүй...Манай бид гурваас өөр хэн нэгэн байгаагүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91/,
гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д гэх 50 орчим насны эмэгтэй, хамтран амьдрагч ... 30 орчим насны эрэгтэйтэй хамт амьдардаг. Өөр хэн амьдардаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94/,
гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 11 сарын 03-ны өдөр 18 цагийн үед байх манай эмэгтэй дүү Болорцэцэг над руу залгаад манай ээж Дын дүү Т нь өөд болчихсон байна гээд хэлсэн. Тэгээд би шууд … дүүргийн … дугаар хороо… гудамжны …тоотод байх ээжийн гэрт ирээд орсон чинь өөдөөс цагдаа энд байж болохгүй гараад байж бай гээд гаргасан. Намайг харахад гал тогооны өрөөний газар ширээний цаана нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би ширээний цаана байсан болохоор сайн харж чадаагүй. тэгээд л гараад ирсэн. ...Т гэх хүн нь манай ээж Дын төрсөн дүү байгаа юм. Эхээс 6 уулаа 3 эгч хоёр дүүтэй. Талийгаач нь ер нь бол манайхаар байдаг яагаад гэвэл хүү М нь багаасаа манайд өссөн юм. Тэгээд талийгаачийн эхнэр нь хүүхдээ бага байхад нь нас барсан юм ...талийгаач нь сүүлийн 20 гаран жил архи ууж байгаа юм. Тогтсон ажил хийдэггүй нэг … суманд нэг найзындаа бас байдаг юм харин хотод ирэхээрээ манай ээжийнд байдаг. Гэхдээ архи уусан үедээ бол бараг л ирдэггүй. ...манай ээж Дын хамтран амьдрагч байгаа юм. Сүүлийн 3 билүү 4 жилийн өмнө байх манай ээж дээр ирээд байдаг байсан юм Тэгээд сүүлдээ байнга хамт байдаг болсон. Хааяа нэг ээжийнд ирэхээр байнга согтуу байдаг юм архи уучихаараа ганцаараа үглээд суугаад байдаг хүн байсан харин эрүүлдээ бол гарч ажил хийлээ гээд гараад явчихдаг. Манай ээжийг өмнө 2 удаа зодож байсан гэж ярьж байсан. 2023 оны 10 сарын 22-ны өдөр ээж дээр ирэхэд зүүн нүд нь хөхөрсөн байсан яасан талаар асуусан чинь зүгээрээ хавагнаад гээд байсан. Б ар гэрийнх нь талаар бол мэдэхгүй байна. Нэг удаа ээж нь гээд эмэгтэй гэрт ирсэн байсан. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 97/,
гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цээжиндээ 2 удаа хутгалуулсан гэсэн дуудлага, мэдээлэл ирсний дагуу тус өдрийн 17 цаг 32 минутад тэр айлд очсон. ...тэгээд тэр ... руу жолооч Д-гийн хамт ороход хутгалуулсан 50 орчим насны эрэгтэй хүн тэр байшингийн гал тогооны том өрөөнд ширээний цаад талд зүүн хажуугаараа хагас доошоо харсан байдалтай ухаангүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би тэр тавь орчим настай эрэгтэй хүнд тусламж үзүүлэхээр хажууд нь очоод би эргүүлээд дээш нь харуулаад ухаангүй хөдөлгөөнгүй байсан. Би хүүхэн харааг үзэхэд хүүхэн хараа нь өргөссөн, гэрлийн урвалгүй, тэгээд зүрхийг нь чагнахад зогссон амьсгалахгүй байсан. Гүрээний судас болон шууны судсыг дарахад лугшилтгүй царай нь цайж цус болчихсон байдалтай байсан. Тэр 50 орчим настай эрэгтэй хүний цээж аюулхай орчим 1 сантиметр орчим зүсэгдсэн шарх түүнээс доош1-2 сантиметр орчим зайд 1 сантиметр орчим зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай өмсөж байсан хувцас майк нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Тухайн 50 орчим насны эрэгтэй хүн нь нас барсан байсан. ...эгч гэх 50 орчим настай эмэгтэй нь уйлсан, орилсон сандарсан байдалтай, тэр нас барсан байгаа эрэгтэй хүний хажууд зогсож байсан Цаад талд нь хутгалсан гэсэн 30 орчим насны согтуу эрэгтэй сандал дээр сууж байсан ба “наадах чинь үхээгүй, бос” гээд тэр нас барсан хүн руу орилж байсан. ...Намайг очиход тэр 50 орчим настай эрэгтэй нь ухаангүй хөдөлгөөнгүй байсан ба үзлэг хийхэд нас барсан байсан. ...Тухайн үед нас барсан хүний эгч нь гэх 50 орчим настай эмэгтэй болон 30 орчим настай эрэгтэй хүн байсан. ...Тэр нас барсан хүний эгч нь гэх 50 орчим насны эмэгтэй нь хэлэхдээ “...Дүү орж ирээд сандал дээр сууж байсан чинь энэ шууд хоёр удаа цээжинд нь хутгалсан" гэж нөгөө 30 орчим настай хүн рүү хараад хэлж байсан. Харин тэр 30 орчим настай эрэгтэй нь хэлэхдээ “Наадах чинь үхэхгүй, бос” гэж хэлээд орилоод байсан' гэх мэдүүлэг /1хх-ийн 100-102/,
гэрч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг тэр хаяг дээр ороход 53 орчим насны эрэгтэй газарт хэвтсэн, доошоо харсан байдалтай футболк нь нэлээн цус болсон байдалтай байсан А эмч үзлэг хийх гээд футболкийг нь дээш сөхөхөд өрцний хэсэгт 2 ширхэг зүсэгдсэн шарх харагдсан. Тухайн үед тэр айлд нас барсан хүний эгч нь гэсэн нэг эмэгтэй хүн болон хутгалсан гэсэн эрэгтэй хүн байсан. ...53 орчим насны эрэгтэй шалан дээр зүүн талаараа хагас доошоо хэвтсэн байдалтай байсан ба хажууд нь түүний эгч гэх эмэгтэй зогсчихсон орилж бахираад байсан ба “Чи хүн алчихлаа ш дээ хүүхдүүдэд нь юу гэж хэлэх юм бэ” гээд уйлаад байсан. Харин хутгалсан гэх эрэгтэй нь арай залуу 30 орчим настай ширээний хажууд түшлэгтэй сандал дээр суусан байсан ба “Наадах чинь үхэхгүй ээ” гээд байсан. Нэлээн согтуу байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105/,
гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний шөнө шил лааз цуглуулаад өглөөний 8 цагийн орчимд дайвар бүтээгдэхүүн авдаг төвд савнуудаа тушаачхаад шинэ зам руу явж байтал "Ө" гэж дууддаг зүс таних залуу таарахаар нь бид 2 архи уухаар тохиролцоод "" гэх дэлгүүрээс би орж 1 шил архи аваад хоёулаа шинэ замын хажууд хувааж уусан. Дараа нь 32-н тойрог дээр ирээд "Ө"-д 5000 төгрөг өгөөд сандал дээр сууж хүлээгээд нөгөө залууг архинд явуулсан. Удалгүй нөгөө залуу маань архи аваад ирсэн, хаанаас авсныг нь би мэдэхгүй. Тэгээд доошоо буутал нэг үл таних нохойтой залуу ирээд бид 3 авсан архиа 32-н тойргийг хажууханд "- н хажууханд уусан. Архи уусны дараа нохойтой залуу манайд очиж хоол идэцгээе гээд дагуулаад явсан. Тэгээд хэсэг явж байгаад замын хажууд нөгөө үл таних залуутайгаа маргалдаад салаад … гудамж руу алхаад явсан. Гэтэл нөгөө "Ө" гэх залуу нэг ногоон төмөр хашааны гадаа ирээд энэ хашаа руу орцгооё гээд хашааг нь аваад хаалгыг нь онгойлгоод намайг дагуулаад орсон. Тэгээд бид 2 хашаанд орж сууж байгаад "Нөгөө нохойтой залууг явтал хүлээе гэж надад хэлсэн" тэгэхээр нь би шөнөжин лааз түүгээд нуруу гар өвдөөд байна би явлаа гэж хэлээд хашаанаас гараад явсан. Тэр залуу хашаанд хоцроод үлдсэн. Би тар хашаанаас гараад 32-н тойрог руу ганцаараа алхаад явсан. ...би өөрийнхөө юу хийж байгааг мэдэж байсан. Ө дагаад ороод хэсэг суусан. Эзэнгүй айлын хашаанд байгаа болохоор айгаад ах нь гарлаа, явлаа гээд шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-24/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-24/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 5-6, 9-13/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 25-27/,
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.А гаргаж өгсөн хэргийн газарт анх очиж хийсэн дуу-дүрсний бичлэг
Сүхбаатар дүүргийн … дугаар хороо … тоот хашаанд байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг /1хх-ийн 45-51/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2945 дугаартай “Талийгаач С.Тын цогцост өвчүүний доод ирмэг, аюулхай мөгөөрс орчимд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган, цааш өрцөөр дамжин хэвлий хөндий рүү нэвтэрч элэг нэвт хатган гол судас хүрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн талд 4-5 хавирганы төвшинд эгэмний дунд шугамаар зүүн уушги хатгасан шарх, өвчүүний өмнөд гадаргууд 4-5 хавирганы төвшинд нэвт хатгаж цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн өгзөгний дөрвөн ширхэг хатгагдсан шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хатгагдсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн долоон удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлийн үрэх механизмаар үүснэ. Дээрх өвчүүний доод ирмэг, аюулхай мөгөөрс орчимд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган, цааш өрцөөр дамжин хэвлий хөндий рүү нэвтэрч элэг нэвт хатган гол судас хүрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн талд 4-5 хавирганы төвшинд эгэмний дунд шугамаар зүүн уушги хатгасан шарх нь үхэлд хүргэсэн байна. 3. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шархнууд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, өгзөгний шархнууд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүрх чихэлдэж, шархнаас цус алдаж нас баржээ. 6, Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Нас барах үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байжээ. 8. Талийгаач нь АВО системээр В /II/ бүлгийн цустай байна. 9. Талийгаачийн цогцос 170 см урт, 68 кг жинтэй байна. 10. Талийгаач нь 2023.11,03-ны өдрийн 2348 минутын цогцсын үзлэгээр нас бараад 8-10 цаг орчим болсон байна” гэх дүгнэлт, /1хх-ийн 121-134/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3812 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцанд үүссэн 20x15x10 мм хэмжээтэй гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар өнгийн цамцанд үүссэн 16мм, 16мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, шар футболконд үүссэн 16мм, 19мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар өмдөнд үүссэн 20мм, 20мм, 25мм, 15мм, 25мм, ЗОмм, 16мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, саарал өмдөнд үүссэн 16мм, 19мм, 21мм, 10мм, ЗОмм, 10мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, цагаан саарал өмдөнд үүссэн 15мм, 17мм, 20мм,10мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, ногоон дотоожинд үүссэн 15мм, 16мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар хантаазанд үүссэн 8х5мм, 20х10мм хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, хар хантаазанд үүссэн 10х8мм, саарал эрээн даавуунд үүссэн 35х35мм, 40х35мм хэмжээтэй гэмтлүүд нь гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хар хантааз, саарал эрээн даавуунд үүссэн түлэгдэлт, гогодолтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. 4 Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна. 5. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт, /1хх-ийн 164-175/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5526 дугаартай “1 .Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны мөр илэрсэн. Уг цусны мөр нь хүний цус байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна" гэх дүгнэлт /1хх-ийн 178-180/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5524 дугаартай “1 .Шинжилгээнд ирүүлсэн шар футболк, дотоож, саарал өмд, нимгэн өмд, хар цамц, хар өмд, даавуу, бинт дээр цусны ул мөр илэрсэн, бусад объектууд дээр цусны ул мөр илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн дотоож,нимгэн өмд, хар өмд дээр илэрсэн цусны ул мөр шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн шар футболк, саарал өмд, хар цамц, хар өмд, даавуу, бинт дээр илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна. Эдгээрээс илэрсэн цус нь В(111) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт, /1хх-ийн 184-187/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5525 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн цамц, гутал дээр цусны ул мөр илэрсэн, бусад хувцаснууд дээр цусны ул мөр илрээгүй. Цамцны ханцуй хэсгээс авсан дээжид шүлсний ул мөр илэрсэн. 2.Шинжилгээнд ирүүлсэн цамц, гутал дээр илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна. З.Шинжилгээнд ирүүлсэн цамц, гутал дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн цамцны ханцуй хэсгээс илэрсэн шүлсний бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ хийх боломжгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 191-193/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30809 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3, 6, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 18 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ Шинжилгээнд ирүүлсэн № 4, 5, 7, 11, 15 дугаартай мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэж буй №2 дугаартай гарын мөр нь Б Бы баруун гарын дунд хурууны дардастай, №3 дугаартай гарын мөр нь Б Бы баруун гарын ядам хурууны дардастай, №6 дугаартай гарын мөрүүд Б Бы баруун гарын эрхий хурууны дардастай, №9, 13 дугаартай гарын мөрүүд нь Б Бы зүүн гарын долоовор хурууны дардастай, №10 дугаартай гарын мөр нь Б Бы зүүн гарын эрхий хурууны дардастай, №16 дугаартай гарын мөр нь бүртгэгдсэн Б Б-ы баруун гарын долоовор хурууны дардастай, №17 дугаартай гарын мөр нь Ч-ийн Т2ын зүүн гарын долоовор хурууны дардастай тус тус тохирно. 3. Шинжилгээнд тэнцэж буй №1, 8, 12, 14, 18 дугаартай гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөр, дардаснуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 199-226/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5529 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн арчдас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн арчдаснаас цус илэрсэн. 3. Шинжилгээний үр дүнгээр арчдаснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн” гэх дүгнэлт /1хх-ийн 235-237/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ... ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-23-483 дугаартай “бүс цутгадаг зэс оргинал хэв 1,000,000 төгрөг, кисройдын даралт хэмжигч багажийн толгой 13,125 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /2хх-ийн 40-41/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын ... ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЧД2-23-673 дугаартай “60x100 сантиметр хэмжээтэй вакум цонхны шил 72,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /2хх-ийн 44-45/,
Б.Бы мэдүүлгийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 54- 55/,
Б.Баас эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /2хх-ийн 56-57/,
хохирогч Ч.Г эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, /2хх-ийн 58/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод согтуурсан үедээ иргэн Ч.Тг түүний ойр дотны хүн буюу төрсөн эгч Ч.Д ын дэргэд олон тооны шарх гэмтэл учруулж буюу цээжний зүүн урд дээд хэсэгт 2.1x0.5 сантиметр, өвчүүний баруун доод хэсэгт 2,3x0.6 сантиметр, аюулхайн мөгөөрсний доор 2.5x0.6 сантиметр, зүүн өгзөгний гадна хэсэгт 2x0.5 сантиметр, 1x0.4 сантиметр, 1.3x0.4 сантиметр, 1.5x0.4 сантиметр газарт тус тус хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан буюу “хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэмт хэргийн шинжийг,
мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах иргэн Ч.Гын эзэмшлийн дарханы байшингийн цонхыг хагалж орон 1,890,000 (нэг сая найман зуун ерэн мянга) төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Мөн тус шүух хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ц.У “шүүгдэгч Б.Быг дээрх гэмт хэргүүдийш үйлдсэн гэм буруутай.” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон болно.
Мөн шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 7.751.449 төгрөгийн хохирол учирсан байх тул Б.Баас 7.751.449 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М 7.666.324 төгрөг, хохирогч Ч.Г 85.125 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон 141 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 14 сантиметр, иш хэсэг хэсэг 13 сантиметрийн урттай хутга 1 ширхэг, шар өнгийн арчуур 1 ширхэг, цайвар даавуу 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн үслэг даавуу 1 ширхэг, хар өнгийн ханцуйгүй нимгэн куртик 1 ширхэг, талаас доогуур шингэн зүйлтэй 0.75 литрийн Ерөөл гэх нэртэй шил 1 ширхэг, “BORTE” гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн төмөр савлагаатай, дотроо шингэнтэй шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ... овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон 141 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 7.751.449 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-д 7.666.324 төгрөг, хохирогч Ц.Г 85.125 төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 14 сантиметр, иш хэсэг хэсэг 13 сантиметрийн урттай хутга 1 ширхэг, шар өнгийн арчуур 1 ширхэг, цайвар даавуу 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн үслэг даавуу 1 ширхэг, хар өнгийн ханцуйгүй нимгэн куртик 1 ширхэг, талаас доогуур шингэн зүйлтэй 0.75 литрийн Ерөөл гэх нэртэй шил 1 ширхэг, “BORTE” гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн төмөр савлагаатай, дотроо шингэнтэй шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Д.ДАРЬСҮРЭН