Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 001/хт2024/00260

 

С.Ч-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01271 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01286 дугаар магадлалтай,

С.Ч-ы нэхэмжлэлтэй,

Г.М-д холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Г.М-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01271 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “....С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн...” гэх малгай гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн Үнэн сонин, М гэх өөрийн фэйсбүүк хаяг, www.arslan.mn сайт, www.vnen.mn сайт, www.isee.mn сайт, www.polit.mn сайт, www.24tsag.mn, www.urug.mn сайт, www.ikon.mn, www.news.mn, www.eguur.mn сайт, www.livetv.mn сайтуудад тараасан хэлбэрээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагч Г.М-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ч-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01286 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.М-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Ч-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан С.Ч-ы нэхэмжлэлтэй, Г.М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд гарсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.21-ний өдрийн 210/МА202/01286 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт (8 нүүр, 29-35 мөр) хэрэгт авагдсан 2019.10.29-ний өдрийн С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх гарчиг бүхий ярилцлагыг Пийк.мн сайтаар 2022.09.09-ний өдрийн Үнэн сонины 4 дэх талд Г.М-д “Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ үнэн” гэх гарчигтайгаар “...Тухайлбал Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж авсан С.Ч гэгч хүний жишээ байна...” гэх эхлэлтэй ярилцлага, М гэх фэйсбүүк хаягаараа дамжуулан ... гэх агуулгаар 33 постыг өөрийн фэйсбүүк хаягаар цацжээ. Г.Мөнх-Эрдэнийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан дээрх мэдээллүүд нь бодит баримтад үндэслээгүй, нэхэмжлэгч С.Ч-ы нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай болжээ гэж дүгнэсэн. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалын хянавал хэсэгт (5 нүүүр, 24-29 мөр, 36-39 мөр) үзлэгийн тэмдэглэлд хариуцагчийн М гэсэн фэйсбүүк хаягт хэргийн 55, 57-59, 61-63, 65-97, 69, 70, 72, 74-78, 80, 81 дэх талд авагдсан постууд байхгүй, хариуцагч нь уг постуудыг бичсэн талаар санахгүй, мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн, 71 дэх талд авагдсан пост бичигдсэн, 73 дахь талд авагдсан постын агуулга өөрчлөгдсөн, хариуцагч 60, 64, 68, 79 дэх талд авагдсан постуудыг маргахгүй гэсэн тул судлаагүй гэж тусгасан байна, ... нэхэмжлэлд дурдагдсан 2022.01.08, 08 дугаар сарын 11, 31, 09 дүгээр сарын 07, 14, 20-ны өдрүүдийн фэйсбүүкийн нийтлэлүүд шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдоогүй байна. Иймээс нотлох баримтын шаардлага хангаагүй тухайн нийтлэлүүдийг үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн.

Бодит үйл баримтын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүйцээгүй ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч нь 2019-2022 он хүртэл нэхэмжлэгчийг оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх агуулгаар нийгмийн сүлжээнд постуудыг удаа дараа оруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллээ тараасаар ирсэн. Талууд энэ үйл баримт дээр маргадаггүй буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг оюуны хулгай хийж академич цол авсан гэх мэдээллийг цацаагүй гэж маргадаггүй, зөвхөн хариу тайлбар, татгалзлаа өөрийн тараасан мэдээллийг үнэн зөв гэж түүнийгээ нотлох байр суурьтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүх С.Ч-ы талаар мэдээлэл тараасан талаараа хариуцагч маргахгүй байгааг үндэслэн харин цацсан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаж буй эсэхэд дүгнэлт хийх байдлаар шийдвэрээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс маргаагүй үйл баримтад дүгнэлт хийж, “...нэхэмжлэлд дурдагдсан 2022.01.08, 08 дугаар сарын 11, 31, 09 дүгээр сарын 07, 14, 20-ны өдрүүдийн фэйсбүүкийн нийтлэлүүд шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдоогүй байна. Иймээс нотлох баримтын шаардлага хангаагүй тухайн нийтлэлүүдийг үнэлэх боломжгүй” гэж хариуцагчийн мэдээлэл цацсан талаараа маргаагүйг үл хайхран уг мэдээллүүд цацагдсан эсэхийг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэсэн үндэслэл зааж шийдвэрлэж буй нь үндэслэлгүй болжээ. Хариуцагчийн байр суурийг үл харгалзан нэхэмжлэгч талаас хариуцагчийг фэйсбүүк хаягаараа дамжуулан мэдээлэл цацсан гэдгийг нотолж чадсан. Тодруулбал, шүүхийн үзлэгийн тэмдэглэлийн 71, 60, 64, 68, 79 дэх талд авагдсан постуудыг хариуцагч өөрөө бичсэнээ хүлээн зөвшөөрч, үлдсэн фэйсбүүк дэх постуудаа устгаснаа анхан шатны шүүх хуралдааны явцад (2 хавтас 87-90 нүүр, түүний 88 нүүр, 23-24 мөр) “шүүгч Н.Г: Та өөрийн оруулсан постыг устгасан юм уу гэхэд хариуцагч: тийм” гэж хариулснаас харагдана. Эндээс фэйсбүүк дээрх мэдээлэл цацагдсан, түүнийгээ устгасан гэдэгт талуудын байр суурь нэгдсэн буюу талуудын маргаагүй үйл баримт болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг мэдээлэл цацагдаагүй түүнийг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

4.2 Анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаахгүй байх, олон нийтэд үндэслэл бүхий мэдээлэл түгээх, мэдээлж, нийтэлж байгаа зүйлийнхээ үнэн зөвийг хариуцах үүрэгтэй юм. Гэтэл Г.Мөнх-Эрдэнийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан дээрх мэдээллүүд нь бодит баримтад үндэслээгүй, нэхэмжлэгч С.Ч-ы нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай болжээ. ... цахим мэдээллийн сайт болон өөрийн фэйсбүүк хаяг сониноор дамжуулан тараасан байх бөгөөд тэрээр уг мэдээллийн үнэн зөв, эх сурвалжийг нотолж чадахгүй байх тул бодит байдалтай нийцэхгүй гэж дүгнэсэн. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хээлийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч С.Ч-ы нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан буюу бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэх байдалд хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. 

Бодит байдалд хариуцагч нь 2019.10.29-ний өдөр С.Ч-ы оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх гарчиг бүхий мэдээллийг Пийк.мн сайтаар, 2022.09.09-ний өдөр Үнэн сонинд “...Тухайлбал, Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Ч гэгч хүний жишээ байна...” гэх ярилцлага, өдөр тутамдаа буюу өөрийн олон нийтийн сүлжээгээр 33 удаагийн пост оруулж С.Ч-ы талаарх мэдээллийг цацсан, энэ талаараа хариуцагч маргаагүй. Харин өөрийн татгалзлаа худал мэдээлэл тараагаагүй гэж маргадаг. Гэтэл Оюуны өмчийн газраас оюуны өмчийн бүтээлийн эзэд өөрсдөө гомдол гаргасан тохиолдолд шалгах боломжтой гэх хариу, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн 2019.11.01-ний өдрийн А/149 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “С.Ч бүтээлийн жагсаалтаа ашиглан академич хэргэмийг хууран мэхэлж авсан байж болзошгүй байна гэсэн нь үндэслэлгүй гэх” дүгнэлтүүд хэрэгт авагдсан. Оюуны өмчийн хулгай хийсэн гэх мэдээллийг тараахын тулд оюуны өмчийн хулгай хийсэн эсэхийг мэдээлэл тараагч нотолсон байх ёстой. Гэтэл энэ талаар эрх бүхий байгууллагаас шалгаад оюуны өмчийн хулгай хийсэн гэх нэг ч баримт байхгүй.

Хэн нэгэн бусдын талаар үнэн зөвийг нь нотолж чадахгүй, үндэслэлгүй мэдээлэл тарааж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаачихаад түүнийгээ устгаад хариуцлагаас зайлсхийдэг байж болохгүй. Энэ практик тогтох аваас хэн нэгэн этгээд бусдын талаар худал мэдээлэл тараагаад түүнийгээ устгаж, нэр төрд халддаг байдал улам даамжрах болно.

Үнэн сонинд хариуцагч Г.М-д “... Тухайлбал, Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Ч гэгч хүний жишээ байна...” гэж шууд зааж нэр төрд халдсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс... хариуцагч Г.М-д судлаачийн хувиар байр сууриа илэрхийлсэн, тухайн асуудалд шүүмжлэлтэй хандсан... гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэйг баталгаажуулсан боловч хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ч мөн хуульчилсан.

Гэтэл “...Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Ч гэгч хүний жишээ байна...” гэж нэр төрд шууд халдсаныг үзэл бодлоо илэрхийлсэн, асуудалд шүүмжлэлтэй хандсан гэж давж заалдах шатны шүүхээс үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж, харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж байдаг.

Хариуцагч нь 2019-2022 он хүртэл нэхэмжлэгчийг оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх агуулгаар нийгмийн сүлжээнд постуудыг удаа дараа оруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллээ тараасаар ирсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг оюуны хулгай хийж академич цол авсан гэх мэдээллийг цацаагүй гэж маргадаггүй, зөвхөн хариу тайлбар, татгалзлаа өөрийн тараасан мэдээллийг үнэн зөв мэтээр тайлбарлаж, түүнийгээ нотолж чадаагүй, нийтэлж байгаа зүйлийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй. Магадлалд (6 нүүр, сүүлийн мөр, 7 нүүр 1-2 мөрд) “хариуцагч нь нэхэмжлэгч С.Ч-ы нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан буюу бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна...” гэжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэгчийг оюуны хулгай хийсэн гэж тайлбарлаж маргадаг ч оюуны хулгай гэж нотолсон нэг ч баримт байхгүй. Шинжлэх ухааны академиас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр С.Ч оюуны өмчийн хулгай хийсэн үйл баримт тогтоогдоогүй, оюуны өмчөө хулгайлуулсан бол тухайн зохиолч нар ч үүнтэй холбогдуулан гомдол гаргасан зүйл байхгүй.

Хариуцагч нэхэмжлэгчийг оюуны өмчийн хулгай хийсэн гэх мэдээллийг тараахын тулд оюуны өмчийн хулгай хийсэн талаар нотлох ёстой гэтэл түүнийг бүрэн дүүрэн нотлоогүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.21-ний өдрийн 210/МА2024/01286 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.01-ний өдрийн 001/ШХТ2024/01267 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Г.М-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Г.М-д нь Пийк.мн сайтаар дамжуулан 2019.10.29-ний өдөр “С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн”, “Үнэн” сонин болон өөрийн фэйсбүүк хуудсаараа 2019 оноос 2022 он хүртэл дээрх агуулгаар пост нийтлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Ч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг удаа дараа түгээсээр ирсэн. Г.М-д нь гүтгэлгийн шинжтэй, үнэнд нийцээгүй худал мэдээллийг нийтэлж, олон нийтэд цацсанаар С.Ч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, сэтгэл санааны хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх мэдээлэл нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн агуулгагүй бөгөөд хувь этгээд рүү илт чиглэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч Г.М-д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…миний хувьд С.Ч-ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, халдсан үйлдэл гаргаагүй. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт академик эрх чөлөөнд халдах, академик дарамт үзүүлэх, оюуны өмч, зохиогчийн эрхэд хүндэтгэлгүй хандах байдал газар авч, нийгмийн асуудал болсныг С.Ч-ы жишээгээр хөндөж, баримт нотолгоотойгоор гаргаж тавихдаа дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн. Энэхүү үйлдэлтэй холбоотойгоор, 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасан. Үүнээс үзвэл, миний бие нь энэхүү хэргийн хариуцагч дангаар болох ёсгүй. Миний өгсөн ярилцлагыг уншвал, бусдын зохиогчийн эрхийг зөрчих, оюуны бүтээлийн эрхтэй холбоотой асуудалд С.Ч гэх хүн хутгалдсанд шүүмжлэлтэй хандсан, ...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэгт заасан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй  байх эрхээ эдэлсэн иргэн миний бие мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхгүй. Учир нь би түүний нэр төрийг гутаагаагүй.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...хариуцагч Г.М-д нэхэмжлэгч С.Ч-ыг оюуны өмч, зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж, хууран мэхэлж, оюуны өмчийг хулгайлж, шинжлэх ухааны академич цолыг авсан, уг мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй, уг агуулга бүхий мэдээллийг нийтэд түгээж, нийтэлсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасныг зөрчжээ.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хариуцагч нь нэхэмжлэгч С.Ч-ы нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан буюу бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.  

11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй болохыг анхаараагүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд энэ талаарх зохигчийн мэтгэлцэх боломжийг шүүхээс тэгш хангаснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцнэ.

13. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Энд зааснаас үзэхэд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгаа эсэхийг болон үнэн зөвийг нотлох үүрэгтэй байна.

14. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж нотолгооны үүргийн талаар заасан.

15. Нотолгооны үүрэг ёсоор хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан мэдээллийн агуулга нь бодит байдалд нийцнэ гэж маргаж үгүйсгэж байгаа тохиолдолд энэ талаарх тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр өөрийн мэдээллийн үнэн зөвийг нотлох зорилгоор нэхэмжлэгчийг бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсэх талаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийг “академич” цол авахад үйлдсэн бүтээлийн жагсаалтаас таван бүтээлийг сонгож оюуны өмчийн эрх болон зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2023.07.20-ны өдрийн 183/ШТ2023/00450 дугаартай шүүхийн тогтоолоор “... нэхэмжлэлийн шаардлагыг няцаах зорилготой гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, нотолгооны үүргээ зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д нийцээгүй.

16. Давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалдаа анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан журмыг зөрчсөн.

17. Дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01286 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч С.Ч-ы хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                         Н.БАЯРМАА

Д.ЦОЛМОН