| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0117/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/111 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Ч.С-, Б.Ж-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С-, Б.Ж- нарт холбогдох эрүүгийн 201722000057 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.С-,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ж-,
Шүүгдэгч Ч.С-, Б.Ж- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газраас иргэн Г.Ц-ийн 1 тооны үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.С- нь ганцаараа машин механизм хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газраас иргэн Б.Л-ы 1 тооны үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.С-, Б.Ж- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газраас иргэн Г.Ц-ийн 1 тооны үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.С- нь ганцаараа машин механизм хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газраас иргэн Б.Л-ы 1 тооны үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.С-гийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Би чононд явах гэж гэрээсээ гараад шуургатай байхаар нь айлын хашаанд сууж байсан. Тэгсэн үхэр таарсан тэгэхээр нь буудчихсан юм…Би хийсэн хэрэгтээ гэжмшиж байна…" гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Ж-ы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Ч.С- бид хоёр Хөх давааны аманд байдаг хашаан дээр очиход хашаан дотор 10 гаруй тооны үхэр байсан. Ч.С- хоёулаа энэ үхрийг алчихъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний буугаар Ч.С- бор тарлан зүсмийн үхрийг буудсан. Тэгээд хүн дуугарах чимээ гарахаар нь бид хоёр алсан үхрээ орхиод явсан…Би хийсэн хэрэгтээ гэжмшиж байна…" гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Дүү Ж- надруу залгаад Нумт гуугийн хаваржаан дээр танай нэг үхрийг морьтой 2 хүн алаад зугтсан байна. Үхрийг алчихаад бүтнээр хаячихаад явсан байна гэсэн. Манай хулгайд алдагдаж үхсэн үхэр нь бор халзан зүсмийн үнээ байсан. Б.Ж- нь миний хохирлыг барагдууласан тул одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Л-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2016 он 12 дугаар сарын 14-ний өглөө манай хүргэн У- буюу Б- утсаар өнөө өглөө Хөх даваа өөд малд явж байхад модны хаяанд шувуу эргэлдээд байхаар нь очсон чинь танай хар халтар үхрийг цохиод махыг нь аваад арьсыг нь үлдээчихсэн байна гэж хэлсэн... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Г- надад хаваржааны хашаан дотор бор үхэр үхчихсэн байна гэж хэлсэн. Би малд явж байгаад очиж үзэхэд хаваржааны хашаан дотор бор үхэр үхчихсэн байсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ууганаа ярихдаа Г-р үхрээ услаад буцаад мод руу шахаж байхад Нумт гуугийн хаваржааны хашаан дотроос бүдэг гэрэл тусаад байхаар нь очиж үзэх гээд явж байтал хоёр хүн морин дээрээ мордоод зугтаасан гэсэн. Маргааш нь би хашаан дотор очиж үзэхэд Г- ахын халзан үнээг цохиж алаад бүтнээр нь хаячихсан байсан. Н- ах Э-н хашааны үүдэнд гурван мотоцикль байсан. Таньдагаас Ч.С-гийн мотоцикль байсан гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26,47 дугаар хуудас/,
Гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Ч.С- надаас мотоциклио өгчих найз нь хөдөө явчихаад ирье гэж хэлээд миний улаан өнгийн Вений маркийн мотоциклийг аваад явсан. Хөдөө явж ирснийхээ дараа мотоциклио найздаа зарчих гээд байхаар нь 250.000 төгрөгөөр зарсан…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 35-37 дугаар хуудас/,
Хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 9-12 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
Галт зэвсэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 16, 19 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 64 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.С-, Б.Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201722000057 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Г.Ц-, Б.Л- нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 128,134 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Ж- Ч.С- ... зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн 201722000057 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тоз-8 маркийн гол төмрийн ... дугаартай, замагны ... дугаартай, модон хуйтай, хөх өнгийн реминэн оосортой буу 1 ширхэгийг, 99 см урттай, улаан өнгийн үүргэвч, мөрөвч хэсэгт нарийн суран оосортой гар аргаар карвины бөгсөнд залгаж хийсэн буу 1 ширхэгийг тус тус Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хүрэн бор өнгийн шаргал бариултай хутгыг устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Ч.С-гийн өмчлөлийн им тамгагүй, дэлтэй хүрэн цайвар зүсмийн морийг /450000 төгрөгийн үнэ бүхий/, Венни маркийн, улаан өнгийн, моторын ... дугаартай, арлын .... дугаартай, улсын дугааргүй мотоциклийг /250000 төгрөгийн үнэ бүхий/ тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.С-, Б.Ж- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.С-г эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ж-г эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Ч.С-, Б.Ж- нарын тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.С-гийн өмчлөлийн им тамгагүй, дэлтэй хүрэн цайвар зүсмийн морийг /450000 төгрөгийн үнэ бүхий/, Венни маркийн, улаан өнгийн, моторын ... дугаартай, арлын ... дугаартай, улсын дугааргүй мотоциклийг /250000 төгрөгийн үнэ бүхий/ тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тоз-8 маркийн гол төмрийн .. дугаартай, замагны ... дугаартай, модон хуйтай, хөх өнгийн реминэн оосортой буу 1 ширхэг, 99 см урттай, улаан өнгийн үүргэвч, мөрөвч хэсэгт нарийн суран оосортой гар аргаар карвины бөгсөнд залгаж хийсэн буу 1 ширхэгийг тус тус Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хүрэн бор өнгийн шаргал бариултай хутгыг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-, Б.Ж- нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР