Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1085

 

  2020          8              25                                            2020/ШЦТ/1085                                        

 

А.Аад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005 01937 1028 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төлек овгийн  А.А, 1996 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ................ оршин суух хаягтай, /РД:................/;

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

А.А нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа Х.Ж “яасан том юм бэ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Аад мэдэгдэж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Аад нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Х.Жийн нүүрэн тус хэсгээр цохиж, түүний биед хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн. Миний бие байнгын эмчийн хяналтад байдаг, нэг нүдгүй, хараа муутай, халамжаас групп авдаг тул нийтэд тустай ажил хийлгэх ял хийх боломжгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.А нь иргэн Х.Жийг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу дээрээ маргадаггүй. Гэвч анхан шатны шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. А.А нүдний хараа муу, хөдөлмөрийн чадвар алдалттай гэх баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд энэ баримтыг гаргаж өгөөгүй. Мөн ялын санал гаргахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн, 2 удаагийн ял шийтгэлтэй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд оногдуулахгүй” гэж заасан. А.А нь нүдний хараа муу, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан байгааг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

А.А нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны гадаа, хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Жийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Жийн “... Би ийм их тооцоо гарах ёсгүй, өмнө нь захиалсан пивоны тооцоо болох 32.000 төгрөгийг төлсөн гэж хэлээд А.Атай маргалдаж эхэлсэн. Тэгтэл маргаан дунд миний эрүүний хэсэгт гараараа цохиод авсан. ...А.А хүрч ирээд түлхүүр өгснөө баруун гараараа зүүн нүдний хэсэгт нэг удаа цохьсон. ...Дахиад зод гэтэл нүүр хэсэгт дахиад 3-4 удаа цохьсон. ...” /хх 14/,

гэрч Н.Ер-ийн “...Жантөрегийн өөдөөс явж очоод баруун гараараа зүүн нүдний хэсэгт 1 удаа цохьсон. ...Жантөрег зодвол зодолдоо гэж хэлсэн чинь нүүр хэсэгт дахиад 3-4 удаа цохьсон. Ингээд би очоод салгасан. ...” /хх 7/,

шүүгдэгч А.Аын “...явж очоод баруун гараараа зүүн нүд хэсэгт нь нэг удаа цохиод, тонгойхоор нь 3-4 удаа цохьсон. ...Еркетэй ирээд салгасан. ...” /хх 9/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Жийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 18/ гэсэн шинжээийн дүгнэлт,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, эргүүлийн офицерийн тэмдэглэл /хх 5/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч А.Аын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Аад анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял түүний хөдөлмөр эрхлэхэд нөлөөлсөн, байнгын эмчийн хяналтанд байдаг, нийтэд тустай ажил хийлгэх ял биечлэн эдлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж тодруулан заажээ.

Шүүгдэгч А.Аийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Жийн нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд “0329273 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” гэх нэг хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн боловч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. 

Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирлоо төлсөн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ