Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0650

 

 

    

 

 

 

2022        09          08                                128/ШШ2022/0650

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М**** ХХК /РД:*****/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: Ө**** ХХК /РД:******/,

Гуравдагч этгээд: О*** ХХК /РД:******/,

Гуравдагч этгээд: З************* ХХК /РД:******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Урт цагаан гозгорын хяр нэртэй М******* ХХК-ийн эзэмшиж байсан XV***** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З***** ХХК, М********* ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******, гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн төлөөлөгч Б.С**** гуравдагч этгээд О****** ХХК-ийн өмгөөлөгч Ч.Д**, гуравдагч этгээд З******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М****** ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компанид Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан ********* нэртэй газарт орших 1162 га талбайг тус аймгийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн **** дүгээр саналыг үндэслэн олгосон байдаг. Уг шийдвэрийн дагуу манай компанийн зүгээс 2003, 2004, 2005 онуудын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүрд нь төлж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах гэсэн боловч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шалтгаанаар хайгуул хийх боломжгүй болж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгосон байдаг. Манай компанийн зүгээс орон нутагтай 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзан өмнө нь эзэмших эрхтэй байсан тусгай зөвшөөрлийн талбай орон нутгийн тусгай хэрэгцээний газраас гарсан эсэхийг лавлахад дээрх талбайг 2015 онд тусгай хэрэгцээнээс гаргасан гэх мэдээллийг олж мэдсэн билээ. Хэрэв үнэхээр орон нутгийн тусгай хэрэгцээнээс өмнө эзэмшиж байсан талбай хамааралгүй болсон бол энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газраас хуулийн дагуу мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй, өөрсдөө энэ тухай олж мэдсэн бөгөөд нэгэнт тусгай хэрэгцээний газартай давхцалгүй болсон учир Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д "Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ" гэж зааснаар тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй тул олгож өгнө үү гэх хүсэлтийг Ашигт малтмалын газрын тосны газарт хандан гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэх хариу өгч татгалзсаныг хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаас үзэхэд тусгай хэрэгцээнд байлгах хугацаа өнгөрсөн тохиолдолд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдэд мэдээлэх, хэрэв үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл хүсэлтээ гарган тэргүүн ээлжинд давуу эрхээр авах боломжийг хуулиар олгосон байхад хариуцагч байгууллагын зүгээс уг үүргээ хэрэгжүүлээгүй, нэгэнт давуу эрх бий болсон байхад тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан компанийн хувьд эрхээ сэргээлгэх хуульд заасан давуу эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компанийн хувьд анх тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Төв аймгийн Засаг даргаас дэмжиж байна гэх саналыг ирүүлсэн байдаг боловч тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд, 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд тус тус авсан нь өөрөө манай компанийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, хуулиар хориглосон нөхцөл байдлыг бий болгосон байдаг. Гэхдээ энэхүү нөхцөл байдал 2015 онд арилсан нь Ашигт малтмалын газраас өгсөн хариу болон манай компанийн зүгээс биечлэн орон нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөлтэй уулзсан мэдээллээр тодорхой нотлогдож байгаа бөгөөд хариуцагч хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй дээрх нөхцөл байдал манай компанийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас хамааралгүй байдлыг анхаарч үзээгүй гэж үзэж байна. Иймд манай компанийн өмнө эзэмшиж байсан Төв аймгийн Эрдэнэ сумын *************** нэртэй газарт орших 1162 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, давуу эрхээр дээрх тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч М***** ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж: “М***** ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ****************** нэртэй талбай бүхий ХV-****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад манай компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангаж давуу эрхээр З**** ХХК, М***** ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй хэсэг, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаагүй хэсгийг олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр давхцалгүй хэсгээр нь олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэжээ.

3. Хариуцагч анх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ***************** нэртэй М**** ХХК-ийн эзэмшлийн талбай бүхий XV-***** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжоор хангаж, давуу эрхээр олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ***************** нэртэй 1162 га талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаар шийдвэрээр М***** ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын хайгуулын 0**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэнт газрын зориулалтаар, Төв аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ***дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд тус тус авсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлд 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл дээрх 2 тогтоолыг гарсан даруйд нь бүртгүүлэлгүй хугацаа хэтрүүлж 8 жилийн дараа бүртгүүлж байгаа нь орон нутгийн буруутай үйл ажиллагаа юм. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ***, *** дугаар тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан "тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа” шаардлагыг хангаагүй байна. Мөн 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болсонтой холбогдуулан орон нутгаас тусгай хэрэгцээний газрыг дахин баталгаажуулахад дээрх талбайг тусгай хэрэгцээнд аваагүй, нөгөө талаар хуулийн шаардлага хангаагүй тогтоол байсан тул орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргаж Кадастрын бүртгэлд бүртгэсэн байна.  

М**** ХХК нь ашигт малтмалын хайгуулын 0*** дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул 2006 онд дуусгавар болсон байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба М**** ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасан ба М ХХК нь ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар Кадастрын бүртгэлийн системд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын***** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд М**** ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ********************** нэртэй талбай бүхий ****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид үйл ажиллагaaraa үргэлжлүүлэх боломжоор хангаж, давуу эрхээр олгох тухай шийдвэр гаргахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. М**** ХХК нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авч, 2006 онд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл өгөөгүй. Тухайн үеийн мэдээлэл бүртгэлээс шүүж үзэхэд тус компаниас “манай газар тусгай хэрэгцээнд авагдсан үүний улмаас хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл сунгуулах боломжгүй, дуусгавар болж байгаа” гэж ямар ч баримт хүсэлт гаргаж өгөөгүй. Сүүлд тусгай хэрэгцээнээс гарснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан нь давуу эрхтэй гэдэг байдлаар шүүхэд хандсан гэж үзэж байгаа. Хэдийгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь аливаа газрыг тусгай хэрэгцээнд байлгахаар болсон улс орон нутгийн шийдвэрийг өөрийн цахим системдээ бүртгэж мэдээлдэг. М*** ХХК-ийн нийтэд мэдээлээгүй гэдэг нь үндэслэлгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Гуравдагч этгээд О*** ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна. 1/ Маргаан бүхий талбай буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Урт гозгор нэртэй талбайг 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар тогтоолоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгалийн үзэсгэлэнт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд, 2002 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 97 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд тус тус авч тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй хуулиар хориглосон нөхцөл байдалтай байжээ. 2002 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авахад мөрдөгдөж байсан хуульд буюу 1996 оны Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд хайгуулын лиценз авахад тавигдах шаардлагад нөөцөд авсан болон тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх, мөн хуулийн 14 дүгээр зүйлд “Геологи, уул уурхайн кадастрын алба хайгуулын лиценз хүссэн өргөдөлд анхан шатны шүүлт хийж дууссан даруйдаа хүсэлт гаргасан хайгуулын талбай нь нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, түүнчлэн хайгуулын лиценз нэгэнт олгогдсон болон лиценз авахаар хэлэлцэгдэх шатанд байгаа өргөдөлд тусгасан талбайтай давхцаж буй эсэхийг тогтооно”, “тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох” гэж хуульчилсан байснаас үзэхэд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй байжээ. Гэтэл М**** ХХК нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас 1 жилийн дараа 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 926 дугаар шийдвэрээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь "*************" нэртэй XV-0*****0 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь дээрх хуулийн заалтыг зөрчин хориглосон хязгаарласан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь хууль зөрчиж олгогдсон гэж үзэхээр байна.

2/ Нэхэмжлэгч “маргаан бүхий талбай 2015 онд тусгай хэрэгцээнээс гарсан Ашигт малтмал, газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуулийн 14.8 “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн авах давуу эрх эдэлнэ” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч тэргүүн ээлжинд авах ёстой байсан” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан байна. Ашигт малтмал, газрын тосны газар тухайн талбайг https://mrpam.gov.mn/ сайд дээр тусгай хэрэгцээний газраас хасаж хайгуулын талбай олгох боломжтойгоор байршуулсан байсан учраас О**** ХХК нь нийтэд мэдээлснээс хойш 4 жилийн дараа буюу 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байдаг. Улмаар Төв аймгийн Засаг дарга 2018 оны 11 дүгээр сарын 07-нд маргаан бүхий талбайд ХY-****** дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг О*** ХХК-д олгосон бөгөөд өнөөдрийг хүртэл уг тусгай зөвшөөрлөөр хууль журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Иймд 1996 онд мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль зөрчиж хайгуулын зөвшөөрөл олгогдсон, нийтэд мэдээлэгдээд 5 жил өнгөрсний дараа давуу эрхээр авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төв аймгийн тусгай хэрэгцээнд авагдсан газар нь Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд  2010 онд бүртгэл хийгдсэн байсан. М**** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2006 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар хүчингүй болсон. Тусгай хэрэгцээнд авагдсан гэх үндэслэлээр М**** ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “тусгай хэрэгцээнээс гарснаас хойш 1 сарын дотор олон нийтэд мэдээлсний дараа өргөдлөө өгвөл түрүүлж тусгай зөвшөөрөл эзэмших эрх нээгдэнэ” гэсэн агуулгатай хуулийн зохицуулалт байдаг. Энэ хуулийн зохицуулалт М ХХК-д хамаарах боломжгүй байгаа юм. 2006 онд  хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байхад аймгийн тусгай хэрэгцээнд бүртгэгдээгүй байсан. Энэ үед хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бүрэн эрхтэй байсан. О*** ХХК нь 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрөл Төв аймгийн Засаг даргаас олгогдсон. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар нэгэн өөр маргаан байхгүй. Тиймээс давхцуулан зөвшөөрөл олгох боломжгүй. Нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч маань 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн. Энэ хугацаанд Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор хайгуулын талбайг бүхэлд нь зарласан. Энэ зарласан талбайд энэ маргаан бүхий зөвшөөрөлд хамаарах талбай орж олон нийтэд зарласан. Энэ нөхцөл байдлыг М**** ХХК мэдэх боломжтой байсан.

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 14 хоногийн хугацаа тогтоосон. Энэ хугацаанд бүрдүүлбэрээ хангаж шүүхэд ирүүлээгүй тул 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүх нэхэмжлэлийг нь буцаасан. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр М ХХК дахин нэхэмжлэл гаргахдаа дахин бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй. Шүүгчийн захирамж биелэгдээгүй байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой. Ингэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа өгсөн байгаа юм. Шүүгч захирамжаараа М**** ХХК-ийн төлсөн “улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосугай” гэсэн байгаа.  Тэгэхээр энэ хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй хэргийг хянан хэлэлцэж байгаа гэсэн үг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

6. Гуравдагч этгээд Ө**** ХХК-иас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нийтэд нээлттэй зураг зүйн мэдээллийн системийн мэдээлэлд тулгуурлан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшихдээ цахимаар тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлж, улмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшин геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмал ашиглалтын MV***** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшин, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг хууль тогтоомжийн дагуу бүрэн биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сард манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-2**** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхцалтайг болохыг бидэнд мэдэгдсэн. Учир нь М ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0913 дугаартай шийдвэрээ 3 жилийн дараа биелүүлж өгөхийг хүссэн өргөдлийг гаргаснаар манай тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгчлэн давхцалтай талаар анх мэдсэн. Ийнхүү бидний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 8/5138 дугаартай албан бичгээр лавлагаа авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 дэх заалтаар "гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн” үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0913 дугаартай шийдвэрийг хянуулахаар гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/2022/0023 тогтоол гарснаар шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ дагуу Ө*** ХХК-ийн зүгээс М*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. М*** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тухайд: М ХХК нь 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр анх ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Ингээд 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй учир цуцлагдсан. Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулахаар хуульчилсан бөгөөд анх 2003 онд олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах дээд хугацаа бол 12 жил буюу 2015 онд тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь бүр мөсөн дуусгавар болсон байна.

Хоёр. М**** ХХК-ийн тус талбайг тусгай хэрэгцээнд оруулсан боломжгүй талаар: М*** ХХК-д 2003 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр XV-0*****дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосны дараа 2002 онд 73 болон 97 дугаар тогтоолуудаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тусгай хэрэгцээнд авсан мэтээр дүгнэсэн байдаг. Гэтэл он цагийн дэс дарааллаас үзэхэд тусгай зөвшөөрлийг олгохоос 1 жилийн өмнө буюу 2002 онд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тусгай хэрэгцээний газарт авсан. Мөн түүнчлэн М ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Төв аймгийн Засаг даргаас "дэмжих" саналыг 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 119 дүгээр тоотоор хууль бусаар гаргуулан авсан.

Гурав. М**** ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайг тэргүүн ээлжинд авах давуу эрхгүй талаар: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийг “Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд урьд нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд эзэмшиж байсан газар нь тусгай хэрэгцээнээс гарсан тохиолдолд тэргүүн ээлжинд авах давуу эрхтэйгээр эзэмшихээр тодорхой хуульчилсан байна" гэж илтэд буруу тайлбарласан байдаг. Учир нь төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээний газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дуусгавар болсон бол нийтэд зарласнаас хойш 1 сарын дотор тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдийг хүсэлт гаргасан бол давуу эрх олгоно гэж заасныг хуульд заасан хугацаанд М**** ХХК нь ямар ч хүсэлт гаргаж байгаагүй. Учир нь тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлнэ гэсний дагуу кадастрын асуудал хариуцсан нэгж нь олон нийтэд нээлттэй цахим хуудсан дээр байршуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д "Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно" гэж заасан ба тус заалтын тайлбарт "Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно" гэж хуульчилсан. Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "цахим хуудас гэж нийтэд нээлттэй байдлаар интернэт сүлжээнд барлуулсан цахим баримт бичиг, мэдээллийг" гэж тодорхойлсон байдаг.

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны mpram.gov.mn вэб хуудас нь олон нийтэд мэдээлэх үүргийг тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд байршуулж, тэгш мэдээлэл авах эрхийг нь хэрэгжүүлснээр тус талбайд 2015 оноос 2019 оны хооронд олгосон З ХХК нь ашигт малтмал ашиглалтын MV-0***** тоот тусгай зөвшөөрөл, М*** ХХК нь ашигт малтмал хайгуулын XV-1**** тоот тусгай зөвшөөрөл, Ө*** орд ХХК нь ашигт малтмал ашиглалтын MV-***** тоот тусгай зөвшөөрөл, О ХХК нь ХV-4***** дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу дээрх компаниуд өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниуд нийтэд нээлттэй Ашигт малтмал, газрын тосны газрын вэб хуудас болон Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн системээс авсан мэдээллийн үндсэн дээр тусгай зөвшөөрлүүдээ авсан болох нь тодорхой байна.

Мөн М**** ХХК-ийн эзэмшилд байсан XV****** дугаартай тусгай зөвшөөрөл нь 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр 3 жилийн хугацаа дуусгавар болсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс мэдээллийн санд бүртгэснээс хойш 4 жилийн дараа буюу 2010 онд дээрх Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 73 болон 97 дугаар тогтоолуудыг Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэсэн байна. Эндээс үзэхэд тогтоолоор тусгай хэрэгцээний газрыг авсантай холбоотой үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэх нэхэмжлэгч М ХХК-ийн тайлбар ямар ч үндэслэлгүй байна. Түүнчлэн 2006 онд тус компанийн тусгай зөвшөөрөл дуусгавар болсноос хойш 4 жилийн хугацаанд Кадастрын хэлтсээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 73 болон 97 дугаар тогтоолуудыг бүртгэх хугацаанд тус газрууд нь чөлөөтэй байсан. Мөн М*** ХХК-ийн XV-0****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад төрийн ямар байгууллага, албан тушаалтнаас тусгай хэрэгцээний газарт авсантай холбогдуулан хориглосон, зогсоосон талаар ямар ч нотлох баримт /мэдэгдэл, шаардлага, албан бичиг гэх мэт/ байдаггүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж заасны дагуу М**** ХХК нь нөхөн олговор авах талаар захиргааны хэрэг үүсгэх хүртэлх 13 жилийн хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ямар нэгэн хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж байсан талаар шалгах, хянах ажиллагаа огт хийгдээгүй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Нөхөх олговрыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн дуулах эрхтэй" гэж заасны дагуу М ХХК нь XV-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тухайн үед тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гарган шийдвэрлүүлж шаардлагатай хүсэлт, өргөдлөө гарган үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бүрэн боломжтой байсан байна.

Дахин тодруулахад М ХХК-ийн XV-****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2006 онд дуусгавар болсноос хойш 4 жилийн дараа буюу 2010 онд л Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 73 болон 97 дугаар тогтоолуудыг бүртгэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй. Хугацаа нь дуусгавар болсноос хойш 4 жилийн дараа бүртгэгдсэн тогтоолууд М ХХК-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх ямар ч үндэслэлгүй. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д тодорхой хуульчилсан бөгөөд Кадастрын хэлтсээс цуцлаагүй, үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэр гаргаагүй зөвхөн сунгуулах өргөдлөө гаргаагүй тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон М ХХК-ийн үйлдлийг л бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч М**** ХХК-ийн XV-0***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан давуу эрх эдлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч төрийн захиргааны байгууллагад хууль журмын дагуу хуулийн хугацаанд ямар ч өргөдөл гаргаагүй. Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай хэрэгцээний газар чөлөөлөгдсөн болохыг нийтэд зарласнаар 4 компани уг газарт тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж, 2 ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон ажиллаж байгаагаас үзэхэд нийтэд зарлаагүй гэх үндэслэлгүй. Хууль тогтоогчийн баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийг буруу тайлбарласан. Шүүх хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа болон хөндөгдөж болзошгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан газартай талбайтай ямар нэг хэлбэрээр давхцаагүй байх" гэсэн шаардлагыг хангаагүй, 2017 оны 03 дугаар тогтоолоор авагдсан тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай байхад М**** ХХК-д давуу эрхээр тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан зэрэг ноцтой алдаануудыг гаргасан.

2016 онд манай компанийг тусгай зөвшөөрөл авч байхад М*** ХХК гэх ямар ч компани цахимаар өргөдөл гаргаж оролцоогүй, тусгай зөвшөөрөлтэй байгаагүй. Бид 2016 оноос эхлүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл болон ашиглалтын лиценз авч үйл ажиллагаа явуулж байхад гэнэт тусгай зөвшөөрлөөс хэсэгчилж авна гэж байгаа нь байж боломгүй зүйл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээд З ХХК-иас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*** ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт манай компаниас гаргасан хүсэлтийн дагуу “гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай" Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШЗ2022/6580 дугаартай захирамж гарсан бөгөөд нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1/ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.", 14.6-д "Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй." гэж заасан байна. М**** ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмалын хайгуулын 6470Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулсан байна. Тус компани нь өөрийн тусгай зөвшөөрлийн талбайг хүчин төгөлдөр байхад нь орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авч үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь маргаан бүхий орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авсан Төв аймгийн иргэдийн Төтөөлөгчдийн Хурлын 2002 оны 73 болон 97 тоот тогтоол нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөс өмнө авагдсан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээний газарт аваагүй, өмнө нь авсан болох нь нотлогдож байна.

2/ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д "Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ." гэж заасан байхад М**** ХХК нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдээлэх үүрэгтэй байсан хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татуулан маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Манай компани болон нэр бүхий гуравдагч этгээдээр татагдсан компаниудын зүгээс нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаa бодит нөхцөл байдлыг М ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нийтэд нээлттэй мэдээллээ тавьсан гэдэг нөхцөл байдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс зохих нотлох баримтуудад үндэслэн няцаалт өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал манай компанийн хувьд тусгай зөвшөөрлөө авахдаа онлайнаар хүсэлтээ илгээж авсан. Хүсэлт хүлээж авч байгаа талбайг Ашигт малтмал, газрын тосны газраас нийтэд нээлттэй зарласан болно, М**** ХХК-ийн зүгээс дээрх хуулийн заалтын “тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх” гэдэг зохицуулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусад нь мэдээлэх үүрэгтэй гэж хуулийг буруу тайлбарлан маргаж байгаад шүүх анхааралтай дүгнэлт хийж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

3/ Нэхэмжлэгч М**** ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн асуудал ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.6-д "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шуугч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно.", 54 дүгээр зүйлийн 54.1.8-д " энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана" гэж заасан байхад дээрх хуулийг зөрчин М ХХК нь 2003 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмал хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрлийг авч 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болгосноос хойш 13 жилийн дараа 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүй, хугацааг сэргээсэн ямар ч ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хууль зөрчин захиргааны хэрэг үүсгэсэн төдийгүй Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс ч энэ асуудалд маш ноцтой хууль зөрчсөн үйлдлийг гарган, шүүхэд мэтгэлцэх зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлэхгүй, харин ч дэмжих байр суурь илэрхийлэн ажиллаж ирсэнд маш их гомдолтой байна. Энэ асуудал хэрхэн шийдвэрлэх байдлыг компанийн зүгээс маш анхааралтай хандаж байгаа бөгөөд хууль бус үйлдлийг таслан зогсоох ажиллагаанд тууштай байр суурьтай байгаа болно.

М ХХК-д анх 2003 оны 09 дүгээр сарын 12-нд олгогдсон ***** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болох үед Кадастрын хэлтсийн  зураг зүйн болон мэдээллийн системд тухайн талбайтай ямар нэгэн байдлаар давхцалтай орон нутгийн тусгай хэрэгцээний газар давхацсан байдлаар бүртгэлгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Мөн тус компанийн зүгээс 6****Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байх үед Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 73 болон 97 тоот орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авсан тогтоолын үйлчлэлээс шалтгаалан тухайн цаг үед нь Ашигт малтмалын газраас болон орон нутгийн зүгээс ямар ч мэдэгдэл, шаардлага хүргуулж үйл ажиллагааг нь зогсоох оролдлого гаргаж байгаагүй, зөвхөн М*** ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргалгүй дуусгавар болгосон нөхцөл байдал тогтоогдож байхад, тус компанийн зүгээс ямар нэгэн хууль бус арга замаар тусгай зөвшөөрлийг дахин сэргээх оролдлого хийж байна гэж хардахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2002 онд тусгай хэрэгцээнд авагдаж энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдэж байсан баримт авагдсан байгаа юм. Тухайн цаг хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байсан ч зөвшөөрөл олгогдож 2006 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байгаа юм. Нэгэнт тусгай хэрэгцээнд авагдсан, бусдад олгогдсон газарт дахин тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч М**** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М**** ХХК нь “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Урт цагаан гозгорын хяр нэртэй тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын **** тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З ХХК, М ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

а. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг *************** нэртэй 1162 га талбайд ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 926 дугаар шийдвэрээр М*** ХХК-д олгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй[1] үндэслэлээр 2006 оны 10 дугаар сарын 27-нд тусгай зөвшөөрөл дуусгавар болсон нь кадастрын системд бүртгэгдсэн[2] байна.

б. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 73 дугаар тогтоолоор[3] байгалийн үзэсгэлэнт газрын зориулалтаар тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, мөн оны 97 дугаар тогтоолоор[4]  зарим сумдын тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд нэхэмжлэгч М**** ХХК-д 2003 онд Эрдэнэ сумын нутаг *************** нэртэй 1162 га талбайд ******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авсан дээрх талбайнуудад бүхэлд нь давхцуулжээ[5]

г. Орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авсан 2002 оны дээрх тогтоолуудын үйлчлэл 2015 онд дуусгавар болсон гэх[6] бөгөөд дахин тодорхой газар нутгийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[7] орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авсан нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан XV****** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай[8] байна.

д. Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр 332.02 гектар талбайг М ХХК-д ашигт малтмал хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлөөр[9] /2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөж М**** ХХК болж өөрчлөгдсөнөөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгосон/, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр 243.4 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын XV-0*****дугаартай тусгай зөвшөөрлөөр[10],  уг талбайг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-***** дугаартай тусгай зөвшөөрлөөр[11] З ХХК-д, мөн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр 253.93 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлөөр[12], 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлөөр[13] З ХХК-д олгож, уг талбайгаас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглалтын MV-0***** дугаартай тусгай зөвшөөрлөөр 194.12 гектар талбайг Ө*** ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн[14], Төв аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/653 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ***** /тусгай зөвшөөрөл хүссэн бүртгэлийн дугаар ХY-4******/ дугаартай тусгай зөвшөөрлөөр[15] 86 гектар талбайг О ХХК-д тус тус олгосон нь хүчин төгөлдөр байна.

Эдгээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан XV-****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 1162 гектар талбайтай хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай[16] байна.

3. Дээрх үйл баримтуудад дүгнэлт хийж, дараах үндэслэлүүдээр М ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь ************** нэртэй М*** ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З*** ХХК, М*** ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

а. М**** ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрөл 2006 оны 10 дугаар сарын 27-нд дуусгавар болсон нь кадастрын системд  бүртгэгдсэн, М*** ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 03/219 тоотоор гаргасан “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шалтгаанаар тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгосон, тусгай хэрэгцээнээс гарснаар давуу эрхээр тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” гэх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1/3783 тоот албан бичгээр хариу өгөхдөө энэ талаар мэдэгдсэн байх ч тусгай зөвшөөрөл дуусгавар болоход захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гарахгүй бөгөөд мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл хүргүүлэх зохицуулалтгүй, ийнхүү тусгай зөвшөөрөл энэ үндэслэлээр дуусгавар болсныг  тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэж байх ёстой байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч “орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар хайгуул хийх боломжгүй болж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон” гэх ойлголттой байх учиргүй юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр хийсэн байх болон дараа жил нь хийх ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэгжүүлэн хуульчилсан, тухайлбал тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх, тухайн жилд хийх болон дараа жилд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлуулах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан батлуулж, хүргүүлэх зэрэг ажлуудаас гадна хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар тогтоосон хугацаанд, хуулиар тогтоосон баримтуудыг хавсарган гаргасан хүсэлтээр 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгахаар заасан, хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд, хуульд заасан баримтуудыг хавсарган гаргаагүйгээс үүсэх үр дагавар нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох юм.

б. Тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаар ямар ч баримт авагдаагүй байх бөгөөд тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэх үед буюу 2006 онд Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны шийдвэрүүд солбицлоор бүртгэгдээгүй байсан тул энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэв орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “тусгай зөвшөөрлийг цуцлах” шийдвэрийг Кадастрын хэлтсийн дарга гаргах бөгөөд энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байна. Ийм шийдвэр гаргаагүй байгаагаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх нөхцөл байдал уг тусгай зөвшөөрөл дуусгавар болсон үндэслэлд хамаарахгүй байна.

в. Дээр дүгнэгдсэн үйл баримтаар 2002 онд орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авсан талбайг нэхэмжлэгч М ХХК-д бүхэлд нь давхцуулан 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хугацаа дууссан бол нийтэд мэдээлснээр урьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд хүсэлт гаргаж тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдлэх” зохицуулалтад хамаарахгүй.

г. Орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авсан нутгийн өөрөө удирдах байгууллагын 2002 оны шийдвэрийг тэр даруй орон нутгаас ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байхад төрийн захиргааны байгууллага кадастрын системд бүртгээгүй байх тул хариуцагчийн “орон нутаг 2002 онд тусгай хэрэгцээнд авчихаад 8 жилийн дараа 2010 онд кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн нь буруу” гэх тайлбар няцаагдаж байна.

Тодруулбал маргаанд хамаарах талбайг бүхэлд нь оруулан тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар тогтоолыг Төв аймгийн Байгаль орчны газраас 2002 оны 7 дугаар сарын  25-ны өдрийн 03/2023 тоот албан бичгээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлснийг[17] тус газар бүртгэл хяналтын картаар 4 хуудсаар /албан бичиг 1 хуудас, тогтоол 1 хуудас, хавсралт 2 хуудас/ хүлээн авсан нь бүртгэлийн 1031 дугаараар, хяналтын картын 276 дугаараар бүртгэгдсэн[18], бүртгэл хяналтын картад “АМТХ-д нийцэж буй бол бүртгэлд оруулах, нийцэхгүй бол хариу өгөх” удирдлагын заалттайгаар 8 дугаар сарын 10-нд хариу өгөх огноотойгоор Геологи, уул уурхайн кадастрын албанд 7 дугаар сарын 30-нд шилжүүлсэн, улмаар “бүртгэх” цохолт хийгдсэн, мөн маргаанд хамаарах талбайг бүхэлд нь оруулан зарим сумдын тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 97  дугаар тогтоолыг тус аймгийн Байгаль орчны газраас 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 07/2481 тоот албан бичгээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлснийг[19] тус газар 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэл хяналтын картаар /албан бичиг 1 хуудас, тогтоол 1 хуудас, хавсралт 10 хуудас/ бүртгэлийн 1539 дугаараар хүлээн авсан нь бүртгэгдсэн[20], бүртгэл хяналтын картад “АМТХ-ийн дагуу бүртгэлд авах”, “ТХ-нд авсан газар нутгийн бүртгэлд авах” гэсэн 11 дүгээр сарын 13-ны өдрийн цохолттой Геологи, уул уурхайн кадастрын албанд шилжүүлсэн нь тус тус тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд дээрх шийдвэрүүд 2010 оны 2 дугаар сарын 09-нд бүртгэгджээ.

Ийнхүү орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг тухай бүр нь ирүүлснийг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авсан ч кадастрын бүртгэлийн системд 2010 оны 2 дугаар сарын 09-нд бүртгэсэн нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан үндэслэл нь тусгай зөвшөөрөл дуусгавар болсон үндэслэлд хамаарахгүй, тиймээс ч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан давуу эрхээр тусгай зөвшөөрлийг авах зохицуулалтад мөн хамаарахгүй. Өөрөөр хэлбэл уг зохицуулалтаарх эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

д. Нөгөө талаас хэрвээ тусгай зөвшөөрлийг олгосны дараа хүчин төгөлдөр байх үед нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр кадастрын системд бүртгэгдсэн байсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасан нөхөн олговор төлөх, нөхөн олговрын талаар тохиролцох асуудал яригдах бөгөөд нөхөн олговор шийдвэрлэгдээгүй тохиолдолд 14.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрхийг хэн ч хязгаарлах боломжгүй, мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болох зохицуулалт хуульд байхгүй, харин тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговрыг бүрэн төлж байж тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т байна. Тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт болон энэ хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “талбайг тусгай хэрэгцээнд авсан талаар, энэ үндэслэлээр нөхөн олговрын асуудал яригдсан гэх, энэ үндэслэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан гэх, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон гэх” үйл баримт 2003-2006 онд болоогүй, ийм баримт байхгүй тул нэхэмжлэгч нь “орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шалтгаанаар хайгуул хийх боломжгүй болж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгосон” гэж маргах үндэслэлдээ тайлбарлаж буй нь үгүйсгэгдэж байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох баримт ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хэргийн бусад оролцогчдын хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэгээ, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.    

5. Нэхэмжлэгчээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаахдаа 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 4621 дүгээр захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байх тул шүүхийн зардлыг буюу улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин улсын тэмдэгтийн хураамжийг урдчилан төлөөгүй үндэслэл нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд тус тус хамаарахгүйг мөн дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг баримтлан М**** ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ************************ нэртэй тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан шалтгаан арилсан байхад тус компанид давуу эрхээр олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, З*** ХХК, М**** ХХК-ийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайтай, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгосон шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 166 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 69 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 82-84 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 87-97 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 98 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 9 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 120-123 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 144 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 124-128, 2 дугаар хавтсын 47-51  дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 135-137 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 52-57 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 172-173 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 43-44 дүгээр хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 183-185, 213-214, 2 дугаар хавтсын 138-140 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 236-237,  2 дугаар хавтсын 75-105 дугаар хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 144, 187-188, 2 дугаар хавтсын 58, 133-134 дугаар хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 81 дүгээр хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 80 дугаар хуудас

[19] Хэргийн 1 дүгээр хавтсын 86 дугаар хуудас

[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 85 дугаар хуудас