| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2021/00378/И |
| Дугаар | 131/ШШ2021/00452 |
| Огноо | 2021-08-27 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2021/00452
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжпэгч: ВМ97110612 регистрийн дугаартай, Бошоо овогт Батбаатарын Оргилболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвд холбогдох
Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн "Хөгжмийн багш Б.Оргилболдод сахилгын шийтгэл оногдуулах тухай "2021 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн Б/01 тоот, 2021 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн Б/03 тоот, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оргилболд, өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оргилболд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1997 оны 11 дүгээр сарын 06 нд Жаргалант суманд төрсөн одоо 23 настай ам бүл 4 аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Би 2005 онд Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2013 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж өөрийн сонирхлын дагуу 2013-2016 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлагын политехник коллежид орж суралцан ардын хөгжимчин мэргэжлээр төгссөн. 2019 оноос "Соёл урлагын их сургуулийн хөгжмийн урлагын ангид элсэн орж эчнээгээр суралцаж байна. Би өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу 2019 онд Жаргалант сумын Соёлын төвд хөгжмийн багшийн ажилд орж өнөөг хүртэл ажиллаж байна. Би өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2021 оны эхнээс манай Соёлын төвийн эрхлэгч Туул намайг ажлаа өг өргөдлөө өг гэж шахаж улмаар ямар ч шалтгаангүйгээр удаа дараа тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан талаар тухайн үед нь мэдээгүй хамгийн сүүлд 6 дугаар сарын 24 нд цалингийн 20 хувийг цалингаас суутгах үед нь арга хэмжээ авсан талаар мэдсэн. Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа мэдэгдээгүй, тушаалыг гардуулж өгөөгүй учраас огт мэдээгүй. Гэтэл 3 удаа сахилгын шийтгэл ногдуулсныг 2021 оны 6 дугаар сарын 25 ны үед мэдээд энэхүү гомдлыг гаргаж байна. Миний хувьд эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байдаг, бусадтай зүй бус харьцах бусдын өмнөөс хэрэлдэх, зохисгүй харьцах зэрэг ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажилдаа хайнга хандаад байгууллагад хохирол учруулсан зүйл огт байхгүй. Миний хувьд үнэхээр их ажлын байрны дарамтанд байдаг. Эрүүл мэндийн шалтгаанаар албан ёсны эмнэлгийн бичиг авч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд ажлаас түр чөлөөлсөн \акт\ өгсөн эмчтэй ярьж дарамталсан байсан. Мөн эхнэр лүү залгаж байнгын сэтгэл санааны дарамт үзүүлж байгууллагын дотоод асуудлыг бусад албан байгууллага гэр бүлд тараадаг 2019 оноос одоог хүртэл ажлын хөтөлбөр төлөвлөгөө баталж өгөөгүй, цар тахлын нөхцөлд тохируулан цахим уралдаан тэмцээн зохион байгуулахаар удирдамж хөтөлбөр боловсруулаад өгөхөөр баталж өгдөггүй төсөв байхгүй гэдэг хийх гэж байгаа ажлыг огт дэмждэггүй.
Томилолтоор аймгийн ХДТ ын сургалтанд суугаад ирэхэд цалин хассан Өрөөндөө дуудан ирүүлж ажлаас гарах өргөдлөө өг гэж байнга дарамталдаг Олон нийтийг хамарсан арга хэмжээн дээр нэр хүндийг гутаан доромжилдог зэрэг маш их ажлын байрны дарамт их байна. Би залуу хүний хувьд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах хүсэл сонирхолтой байдаг. 2020 сүүлч 2021 оны эхнээс Ковид -19 цар тахлын тархалттай холбоотойгоор соёлын төвийн урлаг соёлын арга хэмжээ зогссон тул бид ЗДТГ аас гаргасан хуваарийн дагуу хяналтын постонд гарч байгаа. Би эрхлэгчийн надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн Хөгжмийн багш Б.Оргилболдод сахилгын шийтгэл оногдуулах тухай 2021 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн Б\01, 2021 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн Б\03, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү..гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд миний бие нь 2019 оны 05 сарын 06-ны өдрийн Б/03 дугаар сахилгын арга хэмжээ авсан тушаалыг 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаал гэж андууран, тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул энэ шаардлагаасаа татгалзаж байна. Миний 2021 оны 6, 7 дугаар сарын цалинг 20 хувиар хассан байсан энэ талаараа ямар нэг байдлаар надад мэдэгдээгүй. 6 дугаар сарын цалин дутуу орсон болохоор нь нягтлангаас асуухад 2 сарын цалинг 20 хувиар хассан шийдвэр гарсан байна гэж анх мэдсэн..гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн зарим хэсэг буюу Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тушаалын огноог андууран бичсэн байна. Харин үлдэх 2 тушаал буюу Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн Хөгжмийн багш Б.Оргилболдод сахилгын шийтгэл оногдуулах тухай 2021 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн Б\01, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Баянхонгор аймгийн Жаргалант сумын соёлын төвийн эрхлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 тушаал, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.2-д зааснаар, Хөдөлмөрийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, удирдах удирдуулах зарчмыг алдагдуулсан гэсэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Эрх зүйн зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл нь яг алийг нь ёс зүйн зөрчил, аль нь сахилгын зөрчил бэ гэсэн асуудлыг шалгаж тогтоогоогүй энэ шалгаж тогтоогоогүй талаараа өөрөө хэлсэн. Тушаалд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн байсан хариуцагч үүрэг даалгаврын дэвтэр гэсэн нэг хуудас цаас авч ирсэн байсан энэ баримт нь яг тэр үүрэг даалгаврын дэвтрийн нэг хэсэг нь мөн эсэх нь эргэлзээтэй нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж үзэж байгаа. Тушаалыг гаргахдаа Б.Оргилболд нь ийм ийм үүрэг даалгавраас эдгээрийг биелүүлээгүй гэж тухайлсан шалгасан баримт байхгүй. Мөн тушаал шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулинд заасан ерөнхий шаардлагыг хангах ёстой бөгөөд уг тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа явагдаагүй, сонсох ажиллагааны тэмдэглэл, тайлбар байхгүй мөн тушаал гарсны дараа Б.Оргилболдод гардуулагдсан байх ёстой гардуулсан талаар хэрэгт баримт байдаггүй. Хуулийн дагуу гардуулсан тохиолдолд дээд шатны байгууллагад гомдлоо гаргах эрх нь байсан. Б.Оргилболдыг Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.2-т дахь заалтыг зөрчсөн гэдэг энэ заалт дээр олон зөрчлийг тусгасан байх бөгөөд эдгээрийн яг аль заалтыг зөрчсөн нь тодорхой биш шалгаж бүрэн тогтоосон зүйл байхгүй. Иймд Баянхонгор аймгийн Жаргалант сумын соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/01, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай Хөгжмийн багш Б.Оргилболдод сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Туул шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.Туул нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 03 сарын 16 нд БСУГ аас манай байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийсэн ба тус мониторингоор хөгжмийн багш Б.Оргилболд нь өөрийн ажилдаа хайнга ханддагаа харуулж улмаар бичиг баримтын бүрэн гүйцэт боловсруулалт тал дээр удаа дараа хэлж ярьсаар байхад анхааралдаа авахгүй байсаар мэргэжилтэн Ц.Амгаланг бичиг баримттай нь танилцахад 2017 оны нүүртэй 2019 оны 6 хүүхдийн нэртэй багшийн журналыг үзүүлж зохисгүй үйлдэл гаргасан бөгөөд энэ байдал нь тус мониторингоор манай байгууллага хангалтгүй үнэлгээ авахад тодорхой хэмжээгээр муугаар нөлөөлсөн гэж удирдлагын хувьд үзэж ажилчдын хурлыг 2021 оны 03 сарын 23 ны өдөр хийж байгууллагын дотоод журмын 7.1, 7.5 д заасан өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 дэх хэсгийг удирдлага болгон сануулах арга хэмжээ авч байгаагаа уншиж танилцуулсан. Тус арга хэмжээг ажлын үр дүн болон сахилга хариуцлагыг сайжруулахын тулд Б.Оргилболдод авсан. 2021 оны 06 сарын 24 ний өдөр ажилчдын хурлыг дахин хийсэн бөгөөд тухайн хурлыг хийхээс өмнө буюу 05 сарын 19 нд бүжгийн багш, хөгжмийн багш, номын санч нарыг жилийн ажлын хуучин загвараар хийгдэж батлуулсан төлөвлөгөөгөө гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөний загвараар гаргаж батлуулах, хагас жилийн тайлангаа хугацаанд нь гаргаж дүгнүүлэх тал дээр хугацаа зааж үүрэг даалгаврын дэвтэр дээр тус бүр гарын үсэг зуруулсан боловч Оргилболд хугацаа хэтрүүлж Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1 а, 3.1.7 и-д заагдсан заалт байгууллагын дотоод журмын 14.1.2 д заагдсан ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ шаардлагын өндөр түвшинд биелүүлээгүй, үүрэгт ажлаа өгөөж муутай гүйцэтгэж байгаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, тайланг хугацаанаас хожимдуулсан, холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй, ажилд хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалтыг үндэслэн үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах арга хэмжээг авч байгаагаа хурал дээр мэдэгдэж танилцуулсан ба тухайн 2 удаагийн хуралд Оргилболд нь өөрөө байсныг тухайн хурал хийсэн өдрүүдийн байгууллагын хурлын тэмдэглэл болон тухайн хурлуудад суусан Соёлын төвийн алба хаагчид мэдэж байгаа бөгөөд 2021 онд Оргилболдод 3 удаа арга хэмжээ авсан удаа байхгүй болно. Эрхлэгчийн 2021.03.26 ны өдрийн Б.1, 2021.06.24 ний өдрийн Б.2 тоот сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалуудыг хууль зүйн үндэслэлтэй хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд бичигдсэн зарим зүйлийг харахад Б.Оргилболд нь 2019 онд ажилд ороогүй, 2018 оны 09 сарын 17 нд ажилд орсон. Ажилд орохдоо үйлдвэр урлалын коллежийн ардын хөгжимчин биш хөгжимчин гэсэн бүрэн дунд мэргэжлийн үнэмлэхтэй байсан болно 2019, 2020 оны төлөвлөгөөнүүдийг өөрөө хийж өгөөгүй, нэхээд ч өгдөггүй, хүндрэлийг байнга учруулдаг. Хугацаандаа ажлаа явуулахын тулд миний бие 2 удаа дээрх онуудын Оргилболдын жилийн ажлын төлөвлөгөөг гурвалсан гэрээ болон үндэсний хөтөлбөрүүд байгууллагын жилийн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөгөөг нь хийж баталж өгч байсан. Төлөвлөгөөг нь хийхдээ төлөвлөгөөндөө оруулах шинэлэг ажил санаа оноог өөрөөс нь олон удаа асуудаг боловч юу ч хэлдэггүй. 2021 оны төлөвлөгөөг Оргилболдыг шахаж шаардаж байж 03 дугаар сард мониторинг ирэхийн өмнө хуучин загвараар хийлгүүлсэн. Хийж ирэхдээ урьд онуудын төлөвлөгөөнд орсон байсан хуучин ажлуудаас төлөвлөсөн байсан ч хийгдээгүй. Тасарсан байсан ажлуудаа дахин төлөвлөж болно харин шинээр ажил санаачилж төлөвлөгөөндөө нэмж оруул гэж хэлсэн. Улмаар зааварлаж, засварлаж байгаад баталж өгсөн. Мөн шинэчилсэн загвараар гүйцэтгэлийн төлөвлөгөөг хийлгүүлэхдээ гар бичмэлээр ноорог хийж өгч 03 сард батлуулсан. Хуучин төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа оруулаад хорио цээрийн дэглэм үргэлжлэх хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цахим ажлуудыг өөрөө санаачилаад нэмэлтээр төлөвлөгөөнд оруулаад шинэчилж батлуулаарай, 2021 оны хагас жилийн тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөрэй гэдгийг хэлээд гаргасан боловч хугацаа хэтрүүлснээр тогтохгүй өнөөг хүртэл байгууллагын архивт хүлээлгэж өгөх ёстой өмнөх онуудын бичиг баримтууд өгөгдөөгүй явсаар байна. Тухайн жилүүдийн жилийн ажлын төлөвлөгөө, сар, хагас, бүтэн жилийн тайлан, биелэлтүүдийг тухай бүрд нь нэхсээр ирсэн боловч бэлэн байгаа, хийсэн байсан чинь алга болчихсон, олдохгүй байна гэсэн хариулт өгдөг. Энэ оны 6 сарын хурал дээр энэ талаар ярихад 2018 оныхоос бусад нь бүгд байгаа гэж хэлсэн. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу Оргилболдыг үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэх гэж шаардлага тавьж байснаас ажлын байрны дарамтанд оруулж байсан удаа байхгүй болно..гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага дээр Б.Оргилболдод 2021 онд сахилгын 3 удаагийн арга хэмжээ авсан талаар бичсэн байсан. Миний хувьд Б.Оргилболдод 2021 онд 2 удаа арга хэмжээ авсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/01, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тушаалаар арга хэмжээ авсан тушаал байдаг. 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн арга хэмжээ авсан тушаалыг би гаргаагүй тул энэ тушаал хаанаас гарч ирснийг гайхаж байна. Б.Оргилболд нь манай байгууллагад 2018 оны 9 дүгээр сард ажилд орсон бөгөөд бүрэн дунд боловсролтой залуу байсан манайд хөгжмийн багшийн орон тоон дээр ажилд орсон. Мөн 2019 он, 2020 он, 2021 онуудын батлагдаагүй гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж байхгүй энэ төлөвлөгөөг жил болгон баталж өгөх ёстой байдаг. Тэр ч байтугай 2018 он, 2019 он, 2020 оны төлөвлөгөөг би өөрөө Б.Оргилболдод хийж өгсөн. Үүрэг даалгаврын дэвтэрт гарын үсэг зурсан байдаг. Манай байгууллага дээр 2021 оны 3 дугаар сард шалгалт ирж үнэхээр хэцүү байна гэсэн тул Б.Оргилболдод сануулга болгох үүднээс 2021 оны 3 дугаар сарын 26-нд арга хэмжээ авсан байдаг. Энэ арга хэмжээг авахдаа хурлаар орж, танилцуулж өөрөө ч хуралд орсон байдаг. Эмнэлгийн магадалгааны тухайд Баянхонгор аймгийн эмчид үзүүлсэн гэсэн баримтыг надад үзүүлсэн удаа байхгүй. Шаардлагатай үед өрөө утсаа авахгүй үе байдаг тул арга буюу эхнэр лүү нь залгах тохиолдол байсан. Төлөвлөгөөгөө алга болгосон гэсэн асуудлыг байнга хэлдэг. Пост дээр гарах тухайд би нэг удаа Улаанбаатар хот руу ажил гарсан тул чөлөө авч иргээд нөхөж гарах хуваарьтай явсан байдаг . Пост дээр гарсан мөнгийг цаг тухайд нь өгсөн. Цар тахалтай холбоотой цахим үйл ажиллагаанд шилжсэн үед манай байгууллага цахимаар групп дээр хийх ёстой ажлуудаа цаг тухай бүр өөр өөрсдийн ажлынхаа чиг үүргүүдийн дагуу хийж гүйцэтгэх ёстой байдаг. Б.Оргилболд нь энэ чиг үүргийн дагуу хийх ажлуудаа хийж гүйцэтгээгүй тул арга хэмжээ авсан. Ажлаа хийгээч гэж амаар олон удаа сануулж, шаардлага тавьсан боловч ажлаа хийдэггүй байсан. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор Гүйцэтгэлийн тайланг гаргаж өгөх ёстой байсан, Б.Оргилболд энэ хугацаанд багтаж тайлангаа өгөөгүй над руу 6 дугаар сарын 3,4-ний үед явуулсан файл нь байгаа. Бүрэн гүйцэт хийгээд, шаардлага хангасан тохиолдолд баталж өгөхгүй гэх шалтаан надад байхгүй. Дутуу хийгдсэн учраас баталж өгөөгүй байгаа..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оргилболд нь Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн Б\01, 2021 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн Б\03, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот Б.Оргилболдод сахилгын арга хэмжээ тооцсон тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн Б\03 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагаасаа татгалзсан байна.
Б.Оргилболд нь 2018 оны 09 сарын 17-ны өдрөөс Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн хөгжмийн багшийн ажилд томилогдон, мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.
Улмаар Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн Б\01, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалуудаар Б.Оргилболдод сахилгын арга хэмжээ тооцжээ.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн дээрх тушаалуудтай танилцан өөрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Шүүх зохигчдоос хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 03 сарын 26 ны өдрийн Б/01 дугаар тушаалаар өөрт нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гомдлоо шүүхэд гаргасан ч тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т / Ажилтан ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн/ зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.. гэснийг зөрчин гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гаргасан байна.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг ажил олгогчоос албажин гарсан гэдгийг тухайн цаг хугацаанд мэдээгүй, танилцаагүй гэх боловч энэ байдал бичмэл нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд Жаргалант сумын Соёлын төвийн 2021 оны 03 сарын 23 ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд авагдсанаар уг хурлаар Б.Оргилболдод сахилгын арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн, тушаалын төслийг ажил олгогчоос уншиж танилцуулсан, хуралд Б.Оргилболд өөрийн биеэр оролцсон гэжээ.
Иймд Б.Оргилболд нь дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаарх гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх энэ тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах боломжгүй гэж үзэв.
Харин Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгаж, тушаалын үндэслэл болгосон хуулийн зүйл, заалтуудыг ажилтны гаргасан зөрчил, дутагдалтай холбон шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.
Ажил олгогчийн Б/02 дугаар тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь нотлогдоогүй байна гэж үзэв.
Тодруулбал: Тушаалын тодорхойлох хэсэгт Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1а, 3.1.7и гэх заалтуудыг үндэслэснийг шалгахад Засгийн газрын 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 3.1.7.и. удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.. гэсэн заалтууд байх бөгөөд уг дүрмийн 5 дугаар зүйлд дээрх ёс зүйн зөрчлийг шалгаж, шийдвэрлэх процессыг тодорхойлсон байна.
Үүнд: Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна.
5.2.1-д гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх, 5.2.2-д шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах, 5.2.3-д харьяалах нэгжийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, 5.4-д Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ..гэжээ.
Үйл баримтаар ажил олгогч нь ажилтан Б.Оргилболдыг ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж тогтоосон эсэх нь тодорхойгүй, зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан болохыг хамт олны хурал дээр танилцуулж, арга хэмжээ авах болсон тухайгаа танилцуулсан болох нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна.
Түүнчлэн ажил олгогч нь Б/02 дугаар тушаалын тодорхойлох хэсэгт байгууллагын дотоод журмын 14.1.2-дахь заалтыг удирдлага болгосон байх ба уг заалтыг шалгавал тухайн байгууллагын хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж юу болохыг тодорхойлон, ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ шаардлагын түвшинд биелүүлээгүй дутуу гүйцэтгэсэн, ажил үйлчилгээний үр дүнг бууруулсан, ажилд хайхрамжгүй хандсан, цагийг удаа дараа хийдүүлсэн, өмч хөрөнгө үрэгдүүлсэн, үүрэгт ажлаа өгөөж муутай гүйцэтгэсэн, ажил тасалсан, дугуйлан суралцагчдад анхаарал сул тавьсан, ёс зүйн зөрчил гаргасан, мэргэжил боловсрол, ур чадвараа ахиулах талаар санаачилгагүй хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан...зэрэг зөрчлүүдийг нэр заан тодорхойлсон байна.
Гэтэл тушаалд дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийн чухам алийг ажилтан зөрчсөн, энэ нь шалгаж тогтоогдсон эсэх нь тодорхойгүй, тушаал хуульд нийцээгүй, ойлгомжгүй болжээ.
Иймд дээрх тушаал нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож тушаалаар хассан цалинг буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн хувьд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ...гэсний дагуу энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Жаргалант сумын Соёлын төвөөс гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн Хөгжмийн багш Б.Оргилболдод сахилгын шийтгэл оногдуулах тухай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, цалингийн суутгалыг Жаргалант сумын Соёлын төвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Оргилболдод олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн Хөгжмийн багш Б.Оргилболдод сахилгын шийтгэл оногдуулах тухай 2021 оны 03 дугаар сарын 26 ны өдрийн Б\01 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1, 7.1.2-д тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ