| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/04231/И |
| Дугаар | 001/хт2024/00272 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 001/хт2024/00272
Ч.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01916 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01366 дугаар магадлалтай,
НШ-нд холбогдох,
Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Ч-нд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч НШ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч НШ-нд холбогдуулан Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Ч-нд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01916 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2012.05.03-ны өдрийн 2012/02/30 дугаар тогтоол буюу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Ч-нд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01366 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01916 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч НШ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэн Ч.С-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.09-ний өдрийн 181/ШШ2024/01916 дугаар шийдвэрээр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Ч-нд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.03-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А дугаартай шийтгэх тогтоолоор С.Э, Ц.Б нараас 486,901,858 төгрөг гаргуулж “Б” хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолд худалдан борлуулж хохирогч нарын хохирол тооцуулахаар шийдвэрлэсэн Ч-д байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбай бүхий зуслангийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар (Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна) тухайн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт албадан дуудлага худалдааны ялагч О.А худалдан авсан.
Нэхэмжлэгч Ч.С-ийн О.А-ад холбогдуулан Ч гудамж, нэгж талбарын 0000 тоот дугаар бүхий 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 128/ШШ2022/0209 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ч.С-т 2005.11.15-ны өдрийн 0000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005.11.07-ны өдрийн 237 дугаартай захирамжийг үндэслэн олгосон боловч уг захирамжийн хавсралтад Ч.С-ийн нэр бүртгэгдээгүй талаар хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020.03.11-ний өдрийн 15/142 тоот “... Иргэн Ч.С-т 2005.11.07-ны өдрийн 237 дугаар захирамжаар 0000 дугаартай гэрчилгээ байгаа боловч захирамжид нэр байхгүй, хувийн хэрэг үүсээгүй байна” гэсэн албан бичгийг үндэслэн Ч.С- нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримтаар тогтоогдож байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу Ч.С-т газар эзэмших эрх олгох шийдвэр гараагүй байна гэж дүгнэн, Ч.С-т олгогдсон 0000 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна.
Мөн нэхэмжлэгч Ч.С-ийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шаардах эрхгүй байх тул эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Ч.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч НШ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.24-ний өдрийн 001/ШХТ2024/01162 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч НШ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч НШ-нд холбогдуулан Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан Ч-нд байрлах 2 давхар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А дугаар шийдвэрээр Ц.Б-ээс 44,221,223 төгрөг, С.Э-гаас 442,680,627 төгрөгийг тус тус гаргуулж “Б” хадгаламж зээлийн хоршооны нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Ч-д байрлах 97.5 хувийн гүйцэтгэлтэй зуслангийн сууцыг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна. Тус зуслангийн сууцын тухайн үеийн бодит хэмжээ 84 м.кв байсан ба иргэн Ч.С миний эзэмшлийн 700 м.кв газрын зах хэсэг рүү орж баригдсан байхад Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Ч.С надад хэлж мэдэгдэлгүйгээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. ... Гэтэл иргэн Ч.С миний эзэмшилд бүртгэлтэй, 0000 нэгж талбарын дугаартай, 0000 тоот гэрчилгээтэй, 700 м.кв газрыг “шүүхээс хурааж битүүмжилсэн тогтоол байхгүй, газар эзэмшигч намайг албадан дуудлага худалдаанд дуудаж оролцуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр” бусдад хууль бусаар шилжүүлсэн. ... хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй... ” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч НШ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А дугаартай шийтгэх тогтоолоор С.Э, Ц.Б нараас 486,901,858 төгрөг гаргуулж “Б” хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэж, шийтгэх тогтоолд худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн Ч байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбай бүхий зуслангийн сууц, газрын хамт 2012.05.18-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Нэхэмжлэгч Ч.С нь дуудлага худалдааны ялагч О.А-ад холбогдуулан Ч гудамж, 0000 тоот нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2020.04.13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор түүний эзэмших эрх бүхий газрыг худалдан борлуулж, бусдад шилжүүлсэн нь түүний эрхийг зөрчсөн” гэж тодорхойлсон боловч энэхүү үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал, 2012.05.03-ны өдрийн 2012/02/30 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, хурлын тэмдэглэл, Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл дуудлага худалдаагаар нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгөтэй холбоотой дуудлага худалдаа явагдаагүй, зөвхөн Шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан амины орон сууцтай холбоотой дуудлага худалдаа явагдсан байна. Иймд 2012.05.18-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Ч.С-ийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 128/ШШ2022/0209 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ч.С-т ... хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаагүй байна гэж дүгнэн, түүнд олгогдсон 0000 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд Ч.С-ийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шаардах эрхгүй.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А тоот шийтгэх тогтоолоор С.Э, Ц.Б нараас 486,901,858 төгрөг гаргуулж “Б” хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нарт олгохоор шийдвэрлэсний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн Ч-д байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбайтай хувийн сууцыг 2012.05.18-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар О.А-ад худалдан борлуулжээ. Гэтэл Ч.С, Ц.О, О.А, О.А нар Ч гудамж, 0000 тоот хаягт байрлах Ү-0000 тоот улсын бүртгэлийн дугаартай 84 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг талаарх баримт авагдсан байхад анхан шатны шүүх үүнийг тодруулаагүй, ... мөн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн бусад өмчлөгч нарыг төлөөлж Ч.С нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, эдгээр хүмүүс хэзээ, хэрхэн өмчлөгч болсон, одоо өмчлөх эрх нь хэвээр, аль эсхүл дуусгавар болсон гэх зэргийг тодруулах шаардлагатай. ...Нэхэмжлэгч Ч.С нь тухайн газрын эзэмшигч байсны хувьд дээрх үйлдлийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан нэгж талбарын 0000 тоот дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх үүнийг шийдвэрлээгүй орхигдуулсан ... нэхэмжлэгч нь хариуцагчийн тус газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг мэдэгдсэн үйлдлийг хууль бус гэж маргасан байхад нэхэмжлэлийн уг шаардлагыг тодруулаагүй, улмаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна. ... 2012.05.18-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар тухайн газар эзэмших эрхийг худалдаагүй боловч хариуцагч нь ямар үндэслэлээр газрын эзэмших эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх үйл ажиллагаа явуулсан нь зохигчдын маргааны зүйл болсон байхад шийдвэрлээгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шийдвэрийг хүчингүй болгосон дээрх үндэслэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах боломжгүй гэж үзэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
12. Хэрэгт цугларсан баримтаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.07.23-ны өдрийн 117-А тоот шийтгэх тогтоолыг үндэслэн явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авч албадан дуудлага худалдаагаар О.А-ад худалдсан маргаан бүхий Ч байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай 97 м.кв талбайтай хувийн сууц нь нэхэмжлэгч Ч.С болон Ц.О, О.А, О.А нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн Ч гудамж, 0000 тоот байршилд хаяглагдсан Ү-0000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө мөн болох талаар зохигч маргаагүй, 2006.05.12-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан.
Гэтэл давж заалдах шатны шүүх уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг нэхэмжлэгч төлөөлөх эрхтэй эсэх, дуудлага худалдаа явагдах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн байсныг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг мэдэгдсэн үйлдлийг хууль бус гэсэн шаардлагыг тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй гэсэн нь ойлгомжгүй болжээ.
Хэдийгээр анхан шатны шүүх уг шаардлагыг иргэний хэрэг үүсгэх захирамжид дурдаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шаардлага, үндэслэлээс үзэхэд маргаан бүхий Ү-0000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа газар эзэмших эрхийг зөрчсөн гэсэн агуулгатай буюу тусдаа бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн 128/ШШ2022/0209 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн 389 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.09.27-ны өдрийн 325 дугаар тогтоолоор тус тус Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005.11.15-ны өдөр нэхэмжлэгч Ч.С-т олгосон 0000 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаарх шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдсан байна.
14. Иймээс хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01366 дугаар дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хариуцагч НШ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар Ш-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.15-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН