Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1086

 

 

 

 

 

 

 

  2020         8              25                                            2020/ДШМ/1086

 

Б.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/431 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011004530208 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

Бо овгийн  Б.Д, 1995 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эх, дүү нарын хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Б..Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 4-ний шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-29 тоотод хохирогч Г.Пыг гэрээсээ хөөлөө гэх шалтгааны маргалдаж, улмаар зүүн гарын долоовор хурууг нь хазаж зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун бугуйнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Даас 487.330 /дөрвөн зуун наян долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Ганбаатарын Пүрэвжаргал /РД:УК96100300/-д олгож, хохирогч Г.П нь цаашид хийгдэх эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирогчид учирсан хохирол болох 487.330 төгрөгийг төлж, хохиролгүй болгосон. Харин анхан шатны шүүхээс надад 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж, цаашид ажил хөдөлмөр эрхэлж амьдрахад хүнд байдалд оруулж байна. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөлж, торгуулийн ялаар сольж өгнө үү. Шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг миний бие ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулах болно. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учраас хохирол төлбөрийг төлж амжаагүй байсан. 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Пын дансанд хохирол болох 487.330 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Мөн Б.Д нь “seno sunrise” гэх байгууллагад сайт хөгжүүлэгчээр ажиллаж эхэлсэн, хөдөлмөрийн гэрээ болон тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгч байна. Б.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ялаасаа болж цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан ам бүл 6, ээж болон дүү нарын хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буюу шийтгэх тогтоол гарснаас 80 гаруй хоногийн дараа хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч Б.Д нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Иймээс анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 4-ний шөнийн 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-29 тоотод хохирогч Г.Пыг гэрээсээ хөөлөө гэх шалтгааны маргалдаж улмаар зүүн гарын долоовор хурууг нь хазаж, зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун бугуйнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Пын “...тэгээд нэг мэдсэн миний гарнаас барьж байгаад зүүн гарын долоовор хурууг хазчихаад тавихгүй зуугаад байсан ба 5-10 орчим минут миний хурууг хазаж мэрсэн. ...” /хх 24/,

гэрч Б.Б-мын “...Пүрэвжаргал нь чи болохгүй бол явахгүй юу гээд хаалга руугаа хуруугаараа заагаад байсан чинь нөгөө охин нь гэнэт хуруунаас нь хазчихсан. Тэгээд бил нар салгах гэтэл улам чанга зуугаад байсан учраас бид нар ойртож чадаагүй юм. ...” /хх 34/,

гэрч Д.Д-ны “...тэгж байхдаа Б.Д нь П-ын хурууг нь хазчихсан. ...” /хх 36/,

шүүгдэгч Б.Дын “...тэгээд П-тай бид 2 маргалдсан бөгөөд зодолдоод миний нүүрийг маажсан ба тэр үед хуруу нь миний аманд ороод ирэхээр нь би хурууг нь хазчихсан. ...” /хх 49/ гэх мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Пын биед зүүн гарын долоовор хуруунд шарх, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун бугуйнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 42/ гэх шинжээчийн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Дыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Пд хүч хэрэглэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Дд тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч Б.Д “...анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.” гэж заасан тул торгуулийн ялыг ямар хугацаанд биелүүлэхийг зааж өгөх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Б.Дын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/431 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж, 

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.” гэж,     

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

3. Шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Пын ХААН банкны 5035509534 тоот дансанд хохирлын 487.330 төгрөгийг шилжүүлсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

     ШҮҮГЧ                                                                      Б.ЗОРИГ

 

     ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ