Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2017/0121

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2017/0121

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

                                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т.П,

Хариуцагч: Б О А Ж Я Т Н Б Д,

Нэхэмжлэгчийн шаардлага: Б О А Ж Я Т Н Б Д ын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалинг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх, хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно." гэж зохицуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. гэсэн заалтыг тус тус зөрчин урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гаргахад оролцуулаагүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж, мэргэжлийн дагуу өөр ажилд шилжүүлэн ажиллуулах талаар санал тавилгүй шууд чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,..." -аар зохицуулсан байдаг. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15-д Хуулийн 27.2.3-т засан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ гээд энэ хэсэгт заасан зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц \алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж\-ийг шинээр бий болгохыг ойлгоно. Мөн хэсэгт заасан төрийн албан хаагчийн албан тушаал \ажлын байр\-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн" гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсвэл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тодорхой зааж өгсөн. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоолын а-д Б о, а ж я:

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэстэй); байхаар хэвээр заасан ба орон тоо 116 байснаа 121 болж орон тоо нэмэгдсэн бөгөөд орон тоо хасагдаагүй. Миний ажлын байр \албан тушаал\-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг дээрх ажлын байр \албан тушаал\-ын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мэдлэг, туршлага бас тохирч байгаа юм. 2001-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын газарт Архив бичиг хэрэг, дотоод ажил, шагнал, захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, 2006-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын газарт салбарын статистик мэдээлэл, хүний нөөц, жуулчны аюулгүй байдал, дотоодын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, 2008-2013 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт сургалт сурталчилгаа, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, 2013-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Стратеги үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх 6 сарын сургалтад хамрагдсан. 2001 оны 10 дугаар сарын 26-нд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн.

Миний бие 2012, 2013, 2014 оны, 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээгээр төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 95-97 оноо буюу А үнэлгээ авч байсан.

Миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах ажлын байр байсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2.-Д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж заасанчлан надад тохирсон өөр ажлын байраар хангаж, шилжүүлж ажиллуулаагүй, сонголт хийх боломж олгоогүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай Б-13 тоот тушаалын өөрт холбогдох хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эсвэл цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт тохирсон өөр албан тушаалд намайг томилохгүй байгаа эс үйлдлийг илт хууль бус болохыг тус тус тогтоон хүчингүй болгох.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц цалин хөлс буурахгүй, мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт тохирсон өөр албан тушаалд намайг томилохыг хариуцагчид даалгах.

Ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар Засгийн газрын тухайн үеийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу нөхөн олгуулах.

Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийхийг мөн хариуцагчид даалгах

Т.Пд тэтгэлэг олгох тухай 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-35 тоот тушаалыг хүчингүй болгуулах болон Улсын тэмдэгтийн хураамжийг буруутай этгээдээр төлүүлэх гэсэн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргааны тохиолдолд оронд томилогдсон хүний эрх ашиг буюу гуравдагч этгээдийн эрх ашиг яригддаггүй. Учир нь нэхэмжлэгчийн эрх ашиг эхэнд тавигдаад ажилд нь буцааж томилж өгнө үү гэсэн бол тэр чигээр нь буцаан томилж өөр хүн ажиллаж байгаа бол чөлөөлөгдөнө. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар ч байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажил, албан тушаал нь байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлгэдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжпэгч иргэн Т.Пг анх Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "Төрийн албанаас чөлөөлөх тухай Б-57 тоот тушаалаар өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлж байсан байна. Төрийн албаны тухай
хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн. 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр

төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө гэж заасан. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Т.Пг гэрээт ажилтнаас чөлөөлж, ахлах мэргэжилтнээр томилох тухай Б/77 тоот тушаал гаргаж Нэг цэгийн үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Т.Пг албан тушаалд томилох тухай Б/141 тоот тушаал гаргасан байна.

Уг тушаалуудын хууль тогтоомж, эрх зүйн актын үндэслэх хэсэгт Төрийн албаны зөвлөлөөс Т.Пг төрийн жинхэнэ албан тушаалд тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн бол түүнийг нэр дэвшүүлсэн шийдвэрийг заавал тусгах ёстой байсан ч тусгаагүй байгаа нь хууль зүйн алдаатай тушаал гэж үзэхээр байна. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын 1995 оны өөрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай 73 дугаар тогтоолыг зааж зэрэг дэв, нэмэгдэл авсан нь тус тогтоолын хавсралтын 3-д Монгол Улсын яам, тусгай газар, түүнчлэн эрхлэх ажиллагааных нь хүрээнд хамаарах болон тэргүүлэн удирдаж буй яам, газрынх нь шууд харьяа төрийн байгууллагуудад ажиллаж буй ахлах түшмэл, түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд олгоно гэж заасныг зөрчсөн байна. Т.П нь төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн эсэх нь тодорхойгүй, Төрийн албаны зөвлөлийн төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэргүй байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээт ажилтан гэж үзэх энэхүү хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэхээр байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 03/33 тоот албан бичгээр ээлжийн амралттай байгаа албан хаагчдыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлын байрандаа хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн. Түүнчлэн 2-3 удаа яамны 2 давхрын Хаан танхим-д Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц хурал зарлан нийт албан хаагчдад нөөцийн өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх болсныг мэдэгдэж байсан.

 

3. Харин 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газар яамдын бүтэц, орон тоог шинээр баталсан. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Яамдын

зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тоот тогтоолоор манай яамны нэр, чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт орсон. Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/13 тоот тушаал гаргаж нэр бүхий албан хаагчдыг чөлөөлсөн. Мөн сарын 04-ний өдөр шинэ бүтэц, чиг үүрэг, орон тоонд үндэслэн Орон тоо батлах тухай А/04 тоот тушаал гаргасан ба уг тушаалаар Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн орон тооноос уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж батлагдсан ба уг тушаалаар Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн орон тооноос уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдаж батлагдсан. Т.Пгийн хариуцаж байсан ахлах мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг 100 хувь стратегийн үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг рүү нэмэгдэн шилжиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний хариуцаж байсан чиг үүрэг шилжиж ажлын байранд тавигдах мэргэжил, туршлага зэрэг шаардлагууд бүрэн өөрчлөгдсөн. Эдгээр нөхцөл байдлын улмаас Т.Пгийн хариуцан ажиллаж байсан ажлын байрны нэр байгаа хэдий ч хариуцан ажиллах чиг үүрэг нь байхгүй болсон учраас 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тэтгэлэг олгох тухай Б/35 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж тэтгэлэг олгосон болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Т.Пгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б-13 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 03 дугаар тогтоолоор Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны бүтэц орон тоо батлагдсантай холбогдуулан тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар яамны бүх албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, бүтцийн өөрчлөлт хийсний дотор нэхэмжлэгч Т.Пг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Дээрх тушаалаар чөлөөлөгдсөн албан тушаалтнуудыг шинээр байгуулагдсан

бүтэц, орон тооны дагуу дахин томилсон боловч нэхэмжлэгч Т.Пг томилох шийдвэрийг гаргаагүйгээс эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн.

Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна гэсэн чиг үүргийн хүрээнд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар яамны хуучин бүтцээр ажиллаж байсан бүх ажилтан, албан тушаалтыг чөлөөлж, шинэ бүтцийн дагуу томилсон нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар бий болгоогүй, уг тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй тул уг тушаалыг хүчингүй болгууулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчаас Т.Пг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээт ажилтан гэж үзэх тул энэхүү хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэсэн тайлбарыг гарган маргаж байгаа боловч Т.П Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамын төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/77, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/141 дүгээр тушаалын дагуу тус тус Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн буюу ТЗ-8-3 шатлалд хамаарах төрийн жинхэнэ албан тушаалд томилогдож,  уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байжээ.

Мөн хариуцагчаас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн орон тооноос уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний орон тоо хасагдаж батлагдсан. Т.Пгийн хариуцаж байсан ахлах мэргэжилтэний ажлын байрны чиг үүрэг стратегийн үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэний ажлын байрны чиг үүрэг рүү нэмэгдэн шилжиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний ажлын байранд уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэний хариуцаж байсан чиг үүрэг шилжиж ажлын байранд тавигдах мэргэжил, туршлага зэрэг шаардлагууд бүрэн өөрчлөгдсөн. гэж тайлбарлах боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний 2 орон тоо тус яамны 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дугаар тушаалаар хасагдалгүйгээр батлагдсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Пгийн урьд эрхэлж байсан орон тоо, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна,  

            Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заажээ.

 

Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал болох Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо, албан тушаалын ажлын байрны чиг үүрэг хэвээр үлдсэн байтал түүнийг урьд эрхэлж байсан албан

тушаалд эсхүл уг албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилоогүй нь нэхэмжлэгч Т.Пгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Т.Пг урьд эрхэлж байсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэний албан тушаалтай дүйцэх албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Т.Пгийн ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 5 сар 7  хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Т.Пгийн ажилгүй байсан хугацааны цалинд ногдох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/35 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Пг яамны зохион байгуулалт бүтэц өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэн нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд түүнтэй зөвшилцөлгүйгээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, тэтгэмжийн мөнгийг Т.Пгийн дансанд хийсэн бөгөөд түүнийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцуулан зөрүүг авах боломжтой талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Т.Пгийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б-13 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин,

олговор нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамын Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тэтгэлэг олгох тухай Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын тэмдэгтийн хураамжийг буруутай этгээдээр төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Пгийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б-13 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоон, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Пгийн ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 5 сар 7  хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр

зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН